Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 76

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 207/МА2018/00076

 

 

Л.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.Чойжамцад холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00372 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Л.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Чойжамцад холбогдох,

Зээлийн төлбөр 32.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч Д.Чойжамц, хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Сарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний хуучин танил Д.Чойжамц 2017.08.10-ны өдөр өөрийн 99037828 дугаартай утсаараа над руу залгаад Эрдэнэт үйлдвэр ХХК-иас барилгын засварын ажлын тендер гаргуулж өгье. 597.000.000 сая төгрөгийн ажил байна. 10 хувийг надад өгөөрэй эхний ээлжинд 25.0 сая төгрөг өгчих гээд дахин дахин утасдаад байхаар нь би итгээд 2017.08.18-ны өдөр түүний өгсөн Вандансүрэнгийн Баттулга гэдэг хүний ХААН банкан дахь 5090335706 дугаартай дансанд 20.000.000 төгрөгийг шилжүүлээд дахиад 2017-08-21-ний өдөр дээрх дансанд 5.000.000 төгрөг нийт 25.0 сая төгрөгийг дээрх дансанд шилжүүлсэн. Д.Чойжамцын надад амласан ёсоор бол 2017.08.25 гэхэд тендерийн хурал хуралдаж таван өдрийн дотор асуудал бүрэн шийдэгдэнэ гэсэн учир би өндөр хүүтэй мөнгийг богино хугацаанд төлөхөөр тохиролцож хүнээс зээлдэж аваад Д.Чойжамцын өгсөн дансанд хийсэн. Би дээрх 25.0 сая төгрөгийг зээлдэж авсанаар 15.0 сая төгрөгийн хүү, алдангийн алдагдалд орж өөрөө 7.500.000 төгрөгийн хохирол хариуцахаар болсон тул 7.500.000 төгрөгийг хариуцагч нараар төлүүлнэ. 2017 оны 8-р сараас хойш өнөөдрийг хүртэл тендер ч байхгүй мөнгө ч байхгүй хүний хүүтэй мөнгөнд ороогдож төлбөрт ороод хохирч байна. Мөн энэ ажлыг бүтнэ гэж харсаар байгаад ажилгүй шахам намрыг өнгөрүүллээ. Би Д.Чойжамцтай эрх зүйн харилцаанд орсон. Харин В.Баттулгатай огт харьцаж үзээгүй боловч энэ хүнээс мөнгөө гаргуулан ав гэж Д.Чойжамцын хэлсэнээр л би хамтран хариуцагчаар оролцуулж байгаа бөгөөд түүний хувийн дансанд 25.0 сая төгрөгөө хийсэн учир В.Баттулга хамтран хариуцагч байх учиртай. Иймд Д.Чойжамц, В.Баттулга нараас үндсэн төлбөрт 25.000.000 төгрөг, хүүнд 7.500.000 нийт 32.500.000 төгрөг гаргуулан Л.Сарангэрэл надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Д.Чойжамц нэхэмжлэгч Л.Сарангэрэлтэй уулзах, утсаар ярих, мөнгөний дүн дээр тохирох, мөнгө хийлгэх дансны дугаар, буцааж мөнгийг шилжүүлэх зэрэг асуудлуудыг хийж байсан учир авсан мөнгөө өөрөө дангаараа хариуцах учиртай гэж үзэж хамтран хариуцагч В.Баттулгаас татгалзаж байна. Иймд 32.500.000 төгрөгийг Д.Чойжамцаас гаргуулж Сарангэрэлд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Чойжамц шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие нь Л.Сарангэрэлээс 25.000.000 төгрөгийг В.Баттулгад зуучлан зээлдүүлсэн нь үнэн. В.Баттулга нь Орхон аймгийн БОЭТ-ийн хажуу талд 2 орцтой орон сууц бариулж байсан. Урд нь би энэ В.Баттулгыг таньдаг, мэддэг байсан тул В.Баттулгад итгэсэн. В.Баттулгыг энэ хүний мөнгийг хурдан олж өг гэж би маш их шахаж шаардаж байгаа бөгөөд би энэ хүний өмнөөс маш хэцүү байдалд ороод байна. Үнэхээр би Л.Сарангэрэлд хэлээд В.Баттулгад мөнгө өгүүлсэн болохоор надад ч гэсэн их хэцүү байна. Нэхэмжлэгч Л.Сарангэрэлийн мөнгийг би аваагүй харин зуучлан хэлж В. Баттулгад зээлдүүлсэн нь үнэн. Эцсийн үр дүндээ ийм юм болно гэж бодсонгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 25.000.000 сая төгрөгийг хариуцагч В.Баттулга хариуцаж төлөх ёстой байх гэж бодож байна. Л.Сарангэрэл нь В.Баттулгыг танихгүй, миний утсаар В.Баттулга Л.Сарангэрэлтэй ярьсан. Миний утас 99037828 дугаарын утас мөн би Л.Сарангэрэл эгчид мессеж бичиж байсан нь үнэн... гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00372 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5-д заасныг баримтлан Б.Чойжамцаас 25.000.000 төгрөг гаргуулан Л.Сарангэрэлд олгож, нэхэмжлэлээс үлдэх 7.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь хариуцагч В.Баттулгыг хариуцагчаар татсанаасаа татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 320.450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 282.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-т заасан зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад хөрөнгө шилжүүлэх зээлдэгч шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ гэсний дагуу зээлдүүлэгч Л.Сарангэрэл мөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргийнхээ дагуу зээлдэгч В.Баттулгад шилжүүлэн өгсөн нь В.Баттулгын 5090335706 тоот Хаан банкны дансны хуулгаар нотлогдсон ба уг баримтад мөн В.Баттулгад зээлдүүлэв гэсэн баримт хэрэгт авагдсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дурдсан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн барилга засварын тендер гаргуулж өгье гэж хувь хүнээс мөнгө авсан гэснийг үгүйсгэсэн дээрх баримтыг шүүх үнэлэхдээ анхаараагүй. В.Баттулга гэх иргэн мөнгө зээлэх хүн хэлээд өгөөч гэсний дагуу Л.Сарангэрэлд хэлж, Л.Сарангэрэл нь В.Баттулгад мөнгө зээлж шилжүүлснийг мэдэх хүн Б.Чойжамц мөн бөгөөд энэ нь гэрээний үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэл биш юм. Б.Чойжамцыг мөнгө өгөөгүй гэдгийг нэхэмжлэгч өөрөө ч хүлээн зөвшөөрсөн шаардлага, тайлбар гаргадаг. Харин Б.Чойжамцад итгэж би мөнгөө В.Баттулга руу шилжүүлсэн гэх тайлбарыг шүүх анхаарч үзээгүй. Б.Чойжамц мөнгө аваагүй болох нь хэрэгт нотлогдож байхад уг асуудлыг шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5 заалтыг баримтлан Б.Чойжамц, Л.Сарангэрэл нарын хооронд үүргийн харилцаа үүссэн гэж үзэж В.Баттулгад өгсөн мөнгийг Б.Чойжамцаас гаргуулах болсон нь үндэслэлгүй хууль буруу тайлбарлан хэрэглэсэн. Л.Сарангэрэл , В.Баттулга нарын хоорондоо зээлийн гэрээний үүрэг харилцаа үүсч, хүүгийн хамт буцаан өгч авахаар тохиролцсон тохиролцоонд В.Батттулга нь мөнгийг буцаан өгөхгүй тохиолдолд зуучилсан Б.Чойжамц төлөх үүргийг хүлээхээр тохиролцоо байгаагүй байдлыг шүүх анхаараагүй байна. В.Баттулга уг дансаар шилжүүлсэн мөнгөө буцаан өгсөн эсэх, өгөх үүрэгтэй эсэх, Л.Сарангэрэл, В.Баттулга нарын хооронд ямар эрх зүйн харилцаа үр дагавар үүссэн эсэхийг дүгнээгүй атал Б.Чойжамцад үүрэг хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна. Л.Сарангэрэл, В.Баттулга Б.Чойжамц нарын хооронд ямар үүргийн харилцаа бий болсон эсэхийг шүүх дүгнээгүй В.Баттулгаас татгалзсан, үүргийн харилцаа үүсээгүй гэх үндэслэлээр үүргийг В.Баттулгад хариуцуулж шийдвэр гаргасныг хууль бус гэж үзэж байх тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.10-ны өдрийн 142/ШШ2018/00372 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Л.Сарангэрэл нь хариуцагч Д.Чойжамц, В.Баттулга нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 25.000.000 төгрөг, хүү 7.500.000 төгрөг нийт 32.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5-д заасныг баримтлан Б.Чойжамцаас 25.000.000 төгрөг гаргуулан Л.Сарангэрэлд олгож, нэхэмжлэлээс үлдэх 7.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь хариуцагч В.Баттулгыг хариуцагчаар татсанаасаа татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Чойжамц нь Эрдэнэт үйлдвэр ХХК-иас барилгын засварын ажлын тендер гаргуулж өгье 597.000.000 сая төгрөгийн ажил байна. 10 хувийг нь надад өгөөрэй эхний ээлжинд 25.000.000 сая төгрөг өгчих гэж харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгч Л.Сарангэрэл нь хоёр удаагийн үйлдлээр В.Баттулгын ХААН банкны 5090335706 дугаартай дансанд 25.000.000 төгрөг шилжүүлжээ.

Нэхэмжлэгч Л.Сарангэрэл болон хариуцагч Б.Чойжамц нарын хооронд иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй ба иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан байна.

Анхан шатны шүүх ...мөнгө шилжүүлсэн баримтан дээр В.Баттулгад зээлдүүлэв гэсэн утга байгаа боловч Л.Сарангэрэл В.Баттулга нарын хооронд үүргийн харилцаа үүсээгүй тул мөнгө шилжүүлсэн баримтыг үндэслэн В.Баттулгад 25.000.000 сая төгрөгийг зээлдүүлсэн гэж үзэх боломжгүй. Л.Сарангэрэл Б.Чойжамц нарын хооронд бий болсон дээрх эрх зүйн харилцаа нь нэрлэгдээгүй гэрээний шинжийг агуулсан гэж үзэхээр байх ба, Б.Чойжамцын хүсэлтийн дагуу нэхэмжлэгч, В.Баттулгын данс руу 25.0 сая төгрөгийг шилжүүлсэн нь нотлогдож байх тул гэсэн дүгнэлтийг хийж, Б.Чойжамцаас 25.000.000 төгрөг гаргуулан Л.Сарангэрэлд олгож, нэхэмжлэлээс шаардлагаас үлдэх 7.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй зөв болжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүдээс зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч В.Баттулгаас татгалзсаныг буруутгах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагч В.Баттулгыг хариуцагчаар татсанаасаа татгалзсан болохыг баталж,түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Д.Чойжамцын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.950 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00372 дугаар шийдвэрийн 2 дугаар заалтыг ...Нэхэмжлэгч нь хариуцагч В.Баттулгыг хариуцагчаар татсанаасаа татгалзсан болохыг дурдаж... гэснийг ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нь хариуцагч В.Баттулгыг хариуцагчаар татсанаасаа татгалзсан болохыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай ... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Д.Чойжамцын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.950 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

 

Б.БАТТӨР