Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/761

 

 

 

 

      2025           06            18                                      2025/ДШМ/761

 

Э.Ц-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Билгүүтэй,

хохирогч Ж.Э,

шүүгдэгч Э.Ц,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/1046 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ж.Э, шүүгдэгч Э.Ц нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.Ц-д холбогдох эрүүгийн 2503000000147 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

........ овгийн ...-ийн Ц, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ... төрсөн, 37 настай, ......................, /РД: ................/,

Шүүгдэгч Э.Ц нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 23 цаг 25 минутын орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж Сөүлийн бизнес төвийн зүүн талын авто замд “Toyota Aqua” маркийн ..-.. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 15.7 “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Э-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Тээврийн прокурорын газраас: Э.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Э.Ц-ийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Ц-оос 468.448 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Э-т олгож, хохирогч Ж.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Э.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Ж.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Миний бие хууль зүйн мэдлэг байхгүйн улмаас өөрт учирсан сэтгэл санааны хохирлын дүгнэлт гаргуулаагүй байсан юм. Иймд шүүхээс гэм буруутай шүүгдэгч Э.Ц-оос сэтгэл санааны хохирлын мөнгийг гаргуулаагүй, зөвхөн эмчилгээний мөнгө 468.448 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Тус хэргийг шалгаж байсан цагдаагийн ажилтан нь надад хандаж “Та сэтгэл санааны хохирол тогтоолгох дүгнэлт гаргуулж болно” гэж хэлсэн боловч хохирогч би сайн ойлгоогүй бөгоөд тухайн үед миний бие өвдөж байсан тул нэгэнт хүндэвтэр гэмтэл гэж дүгнэлт гарсан болохоор дахин дүгнэлт гаргуулж ажил удаад яах гэж бодоод сэтгэл санааны хохирлын дүгнэлт гаргуулаагүй. Би тус ослоос болж нуруу өвддөг, удаан зогсох болон удаан алхаж явахад овддог, хүндхэн юм өргөж чадахгүй болсон ... зэргээр их хохирч байна. Машинд мөргүүлж гэмтсэний дараа биеийн эрүүл мэнд муудаж зовиур ихтэй байсан.

Иргэн миний хуулийн мэдлэг байхгүйн улмаас болж сэтгэл санааны хохирлын дүгнэлт гаргуулж чадаагүй байдлыг минь ойлгон харгалзан үзэж хохирогч надад шүүгдэгч Э.Ц-оос сэтгэл санааны хохирлын мөнгийг гаргуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй бөгөөд бусдад гэм хор учруулахгүй байх зарчмыг баримталж амьдарч ирсэн.

Би Ж.Э-ын ажлын хүмүүс гарч ирэх зуур ослын зураг авсан байдаг. Сүүлд ослын үеийн зургийг үзэж байхад миний хувьд тухай ослын үйл явцыг санаж байсан шиг яг явган хүний гарц дээр хохирогчийг мөргөөгүйг мэдсэн. Тухайн үеийн зургаас харахад миний машины арын дугуй явган хүний зорчих хэсгийг өнгөрч зогссон байх бөгөөд хүчтэй тоормозлосныг харуулах дугуйн хээ үлдээгүй, зам халтиргаагүй мөн би өөрөө хэвийн хурдтай явсанаа санадаг.

Миний хувьд ослын үеийн зургийг сайтар анзаарч харалгүй, хэргийн материалд хавсаргаагүй анзаарахгүй өдий хүрсэн байна. Би тухайн үед согтуурсан эсвэл хэвийн бус байдалтай жолоо бариагүй бөгөөд явган хүний гарц нэвтрэхээс өмнө гарц дээр хүн явж үзэгдээгүй тул гарцыг нэвтэрсэн, гэвч машины гэрлийн гялбаанд орох үед хохирогч нь гэнэт гараад ирсэн тул хохирогчийг мөргөж тоормозлож зогссон.

Яллагдагч Э.Ц намайг яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйл нь зөвшөөрөгдсөн гарцаар, ногоон гэрлээр гарч яваа явган зорчигчийг гарц дээр мөргөвөл үйлчлэх заалт гэж ойлгож байгаа ба миний яллагдагчаар татагдсан хэргийн тухайд хохирогч Ж.Э нь явган хүний гарцны хажуугаар гарч байсан гэж үзэх үндэслэл байна гэж үзэж байна. Тиймээс зурган болон гаргасан тайлбаруудыг тулган шалгаж, хэргийн газрын үзлэгийг дахин хийж өгнө үү.

Зураг 1-ийг харахад машин явган хүний гарцыг бүрэн өнгөрсөн байгаа ба машины дүгнэлт хэвийн гэж гарсан, зураг 1-т зам дээр машин халтирахаар халтиргаа үзэгдэхгүй байх нь машин хэвийн хурдаар гарцыг нэвтэрсэн, тоормозлоод хол зам туулаагүйг илтгэнэ. /Тухайн зураг нь миний өөрийн утсан дээр тухайн өдрийн огноогоор, байршлаар хадгалагдаж байх тул нарийн шалгах боломжтой./

Дээрхээс “Тоёота акуа” машины урт дундажаар 390 см-400 см, явган зорчигчийн гарцыг бүрэн өнгөрч, машин тоормозлоод зогссон, миний хувьд согтууруулах ундаа хэрэглээгүй, машины гэрэлтүүлэг хэвийн байхад илт гарцаар гарч явсан бол харах боломжтой байсан. Явган зорчигч нь гэрлэн дохионд амжих зорилгоор гарцнаас хойгуур гарахыг завдсан үедээ гарц өнгөрч явсан машинд мөргүүлсэн гэж үзэж байна. Мөн ослын процессийн дараа зам дээр унасан зорчигч дээр очоод явган хүний дохио харахад улаан ассан байв. /Энэхүү процессийг камерийн бичлэг шүүж үзэх хэрэгтэй болов уу./

Миний зүгээс Ж.Э-т зарим шаардлагатай зардал мөнгийг төлж 1,000,000 төгрөгийг зарцуулсан байдаг. ...” гэв.

Прокурор М.Билгүүтэй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах агуулгаар гомдол гаргасан. Анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн учир гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруу дээрээ маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцсон. Хавтас хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болохыг хөтөлбөргүйгээр нотолж тогтоосон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Э, шүүгдэгч Э.Ц нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Э.Ц нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 23 цаг 25 минутын орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж Сөүлийн бизнес төвийн зүүн талын авто замд “Toyota Aqua” маркийн ..-.. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 15.7 “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Э-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 1-2/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 4-5/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/,

жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 10/,

хохирогч Ж.Э-ын “...Би 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 19 цаг өнгөрөөд ажлынхаа автомашиныг Сансарын эвтэй дөрвөн амьтаны хөшөөний хажууд байрлах гараашинд байрлуулаад “И март” худалдааны төвийн дотор байрлах оффис руугаа явж байгаад “И март” худалдааны төвийн дотор хойд талын авто замын уулзварын хойд талын явган хүний гарцаар зүүнээсээ баруун тийш явган хүнийг явахыг зөвшөөрсөн ногоон өнгийн гэрэл дохиогоор зам хөндлөн гарч байхад уулзвараар баруунаас хойш чиглэлд эргэж байсан “Aqua” маркийн авто машин ирээд намайг мөргөөд газарт унагаасан. ...” /хх 22-23/ гэсэн мэдүүлэг,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1736 дугаар шинжээчийн “...Ж.Э-ын ахар сүүлний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. ...” /хх 26-27/ гэсэн дүгнэлт,

“Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/52 дугаар албан тоот, түүний хавсралт /хх 32-33/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Адьяатөмөрийн “...Явган зорчигч Жигжидсүрэнгийн Э /РД:М370080810/ нь Замын хөдөлгөөний дүрмийн зүйл, заалтыг зөрчөөгүй байх үндэслэлтэй гэж үзэж байна.  “Toyota Aqua” маркийн ..-.. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Эрдэнэчимэгийн Ц /РД:СО880Ю916/ нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 15.7 “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэхдээ үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна. ...” /хх 35-36/ гэсэн магадлагаа,

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-н Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 41083837 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 53-57/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Ц-ийг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хохирогч Ж.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч Э.Ц-ийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 15.7-д заасныг тус тус зөрчиж явган зорчигчийг мөргөсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч Э.Ц-ийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ц-ийн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Э.Ц “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл, заалт нь зөвшөөрөгдсөн гарцаар, ногоон гэрлээр гарч яваа явган зорчигчийг гарц дээр мөргөвөл үйлчлэх заалт гэж ойлгож байгаа ба миний яллагдагчаар татагдсан хэргийн тухайд хохирогч Ж.Э нь явган хүний гарцны хажуугаар гарч байсан гэж үзэх үндэслэл байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүйгээс гадна анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Тодруулбал, анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл заалтад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял ононгдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутгах дүгнэх үндэслэл тогтоохгүй байна.

Хохирогч Ж.Э “...Сэтгэл санааны хохирлын мөнгийг гаргуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хохирол төлбөртэй холбоотой зохицуулалтуудаас үзэхэд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хохирогчид төлөхөөр заасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцон шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогчийн гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон, шүүгдэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар 468.448 төгрөг гаргуулан хохирогч Ж.Э-т хохирогч нь Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар олох ёстой байсан орлого, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, болон цаашид гарах эмчилгээний зардал зэрэг бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

Харин анхан шатны шүүх нь хохирогчийн  гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг орхигдуулж, хязгаарласан байх тул зөвтгөх үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, харин хохирогч Ж.Э, шүүгдэгч Э.Ц нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/1046 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 7 дахь заалтад “...Хохирогч Ж.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. ...” гэснийг “...Хохирогч Ж.Э нь гэмт хэргийн улмаас өөр учирсан сэтгэцийн гэм хор болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. ... гэсэн нэмэлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Ж.Э, шүүгдэгч Э.Ц нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                        ДАРГАЛАГЧ,

                                                 ШҮҮГЧ                                              Г.ГАНБААТАР

 

                 ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ

 

                 ШҮҮГЧ                                              Т.ШИНЭБАЯР