2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2025/09718

 

2025         11          11                                     191/ШШ2025/09718

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС      

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч- ******* дүүрэг, 26 дугаар хороо, ******* ******* ******* r******* хотхон 116 Б байр, 502 тоотод оршин суух, Хүрэлбаатар-н Г-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* 33 тоотод байрлах "******* " ХХК-д холбогдох,

7,021,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б //,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Г //,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Марал-Эрдэнэ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1а. Нэхэмжлэгч Х.Г нь 2023 оны 11-р сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр "******* сүрвэй" ХХК-д хандаж, Төв аймаг, Сэргэлэн сум, 3 дугаар багт байрлах өөрийн эзэмшлийн 3 айлын газарт хашаа хийлгэх зорилгоор эргэлтийн цэг тогтоолгохоор харилцан тохиролцож, эргэлтийн цэгийг тогтоолгосон. Тухайн үед манай хашааг хийх хүмүүс байлцаж тус компанийн ажилтны тогтоож өгсөн эргэлтийн цэгийн дагуу 3 айлын газрын захын 4 цэгийг тэмдэглэж, улмаар хашаа барих ажил эхэлсэн. 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр эргэлтийн цэг тогтоолгосон гэх дүгнэлт буюу тодорхойлолтоо авсан. Ийнхүү 3 айлын хашааны материал авч өгсөн боловч дахин нэг айлын хашаа хийх материал дутсан гэсэн тул дахин 1 айлын хашааны материал 37 ширхэг хашаа, хашаа нэг бүрийн үнэ 99,000 төгрөгөөр худалдан авч нийт 3,663,000 төгрөгөөр хашаа авч өгсөн. Мөн нэмэлтээр хийгдсэн 1 айлын хашааны ажлын хөлс болох 2,500,000 төгрөгийг төлж байсан. Үүнээс гадна элс, цемент, хайрга, хашаа будах будаг гэх мэт төгрөгийг төлсөн. Гэтэл "******* сүрвэй ХХК-ийн тодорхойлж өгсөн эргэлтийн цэг нь 3 айл бус 4 айлын газраар эргэлтийн цэг тодорхойлогдож надад 1 айлын хашааны материалын зардал болон ажлын хөлс болох нийт 6,163,000 төгрөгийн хохирол учруулсан байсан. Энэ талаар тус компанийн ажилтан Мэтэй холбогдож хэлэхэд тэрээр санаа зоволтгүй, манайх асуудлыг чинь шийдэж өгнө, эргэлтийн цэг тогтоосон хүн хөдөө явсан байна, ирээд дахин хэмжиж үзье гээд удаа дараа хүлээлгэсээр байгаа нэрийдлээр нилээдгүй цаг хугацаа авсан.

Үүний дараа танай илүү барьсан хашааг бид өөрсдийн хүн хүчээр буулгаад хураая, тэгээд 1 айлын газрын хэмжилт хийлгэсэн хүмүүст санал болгоё гэсэн боловч сүүлдээ утсаа авахгүй, манай асуудал биш гэх мэт тайлбарыг өгдөг болсон. Миний хувьд өөрийн эзэмшлийн 3 айлын газрын эргэлтийн цэгийг тогтоолгохоор "******* сүрвэй" ХХК-тай холбогдож, тодорхой ажил үүргийг тус компанийн мэргэжлийн багаж тоног төхөөрөмж, ажилтнаар хийлгүүлэхээр аман байдлаар харилцан тохиролцож, улмаар тэдний буруутай, ажилдаа хариуцлагагүй хандсан үйлдлийн улмаас илүү нэг айлын хашааг барьж, материалын болон ажлын хөлсний зардал болох 6,163,000 төгрөгөөр хохироод байна. Иймд "******* сүрвэй ХХК-иас 6,163,000 төгрөгийг гаргуулан өгч надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ /хх-1-2/.

 

1б. Нэхэмжлэгч Х.Г нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан тодруулсан шаардлагадаа: ...Тухайн үед бидэнтэй хамт хашаа барьж өгөх хөлсний хүмүүс хамт байсан бөгөөд Мийн олж өгсөн цэгт шууд гадас хатгаад улаан утсаар тойруулан хашаагаа тэмдэглээд тэр өдөртөө хашаагаа барьж дууссан юм.  Би 2022 оны 9-р сарын 7-ны өдөр тус компанийн оффис дээр очиж нэгж талбарын хил, хязгаарын газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актыг М.Х гэдэг ажилтанаас авсан. М.Х нь манай газар дээр очиж байгаагүй бөгөөд эргэлтийн цэг тогтоогоогүй мөртлөө миний кадастрын зургийг харж байгаад акт бичиж өгсөн. Тэрээр танай цэг өөр газарт хатгагдсан байна гэж хэлсэн. Мөн өөр сайн хэмждэг хүн явуулж шалгуулна гэж хэлсэн. Захирал болох Ганзаяа гэдэг хүндээ ч мэдэгдсэн. Тус компаниас 2 өөр хүн ирж дахин хэмжилт хийж буруу тогтоосон байна гэж хэлсэн. Мэ өөрөө бас ирж дахин хэмжилт хийгээд буруу байна гэдгээ мэдсэн. Мэ 3 айлын газраар эргэлтийн цэг тогтоох ёстой байсан боловч 4 айлын газраар эргэлтийн цэг тогтоож өгсөн байсан. Энэ талаар түүнтэй холбогдож утсаар хэлэхэд санаа зоволтгүй, манайх асуудлыг чинь шийдэж өгнө гэж хэлдэг байсан. Мөн танай илүү барьсан хашааг манай компани өөрсдийн хүчээр буулгаад хураагаад өгье гэсэн боловч сүүлдээ утсаа авахгүй өнөөдрийг хүрсэн юм. Энэ буруутай хэмжилтийн улмаас бидэнд дахин нэг айлын хашааны материал болох 37 ширхэг хашаа нэг бүр 99,000 төгрөг, нийт 3,663,000 төгрөг, нэг айлын хашааны ажлын хөлс 2,500,000 төгрөг, нийт 6,163,000 төгрөгний хохирол учраад байна. Иймд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Нэг айлын газар 28 метрх25 метр=700 м.кв, нэг хашааны урт 2 метр, 1 айлын газарт 700/2=35 ширхэг хашаа ордог. Нэг айлын хашааны материал болох 37 ширхэг хашаа нэг бүрийн үнэ 99,000 төгрөг, нийт 3,663,000 төгрөг, нэг айлын хашаа барих ажлын хөлс 2,500,000 төгрөг, нийт 6,163,000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ /хх-106/.

 

1в.Нэхэмжлэгч Х.Г нь 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1 айлын хашааны материалд тус бүр нь 99,000 төгрөгийн үнэтэй 37 ширхэг хашаа нийт 3,663,000 төгрөг, ажлын хөлс 2,500,000 төгрөг, нийт 6,163,000 төгрөгийг нэхэмжилсэн юм. Гэвч 1 айлын хашааны материал болох тус бүр нь 99,000 төгрөгийн үнэтэй 41 ширхэг хашааг нийт 4,059,000 төгрөг, тус бүр нь 11,000 төгрөгийн үнэтэй хашааны 42 шонг нийт 462,000 төгрөг бүгд 4,521,000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 41 ширхэг хашаа болон 42 ширхэг хашааны шонгийн үнэ 4,521,000 төгрөг дээр хашаа барьсан ажлын хөлс 2,500,000 төгрөг, нийт 7,021,000 төгрөг болгон нэмэгдүүлж нэхэмжилж байна. Мөн ажиллагааны явцад Газар зохион байгууллалт, геодизи зураг зүйн ерөнхий газрын шинжээчийн хөлсөнд би 766,776 төгрөгийг төлсөн. Иймд мөн шинжээчийн зардлыг нэмж нэхэмжилнэ. Нэхэмжлэлийн шаардлагаа 1,624,776 төгрөгөөр нэмэгдүүлж, 1айлын хашааны материал болох тус бүр нь 99,000 төгрөгийн үнэтэй 41 ширхэг хашаа нийт 4,059,000 төгрөг, тус бүр нь 11,000 төгрөгийн үнэтэй хашааны 42 шонг нийт 462,000 төгрөг, бүгд 4,521,000 төгрөг, хашаа барьсан ажлын зардал 2,500,000 төгрөг, шинжээчийн зардал 766,776 төгрөг, нийт 7,787,776 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ /хх-173-174/.

 

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үүргийг хүлээхээр заасан. Мөн Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийн чанарыг ердийн байдлаар хангах ёстой. ******* сүрвэй ХХК-ийн зүгээс Төв аймгийн Сэргэлэн сум дахь Х.Ггийн эзэмшлийн 3 айлын газрын эргэлтийн цэгийг тогтоохдоо нэг айлын газрын эргэлтийн цэгийг илүү тогтоосон нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлт, холбогдох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т зааснаар үр дүнгийн до*******долтой ажил хийж өгсөн гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 7,787,776 төгрөгийг хариуцагчаас гаргахаар шийдвэрлэж өгнө үү гэв. 

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Би 2022 оны 6-р сард н.Г гэдэг хүнтэй холбогдон очиж эргэлтийн цэгүүдийг нь олж өгсөн юм. Очиход тухайн цэгүүдээ утаснаасаа харуулан цэгүүдээ олуулсан. Цэгүүдийг олоход өмнө нь тэмдэглэж байсан гадаснууд байсан ба цэгүүдийг нь олж өгөхөд өөрөө болон хашаа барих хүнтэйгээ хамт явсан. Хашаа барьдаг хүмүүс нэг айлд хэдэн метр хашаа ордог вэ гэдгийг сайн мэднэ. Тэгэхээр 3-н айл гээд бариулж байхад урт өргөнөөр нь тооцоод шууд л материалын тооцоогоо гаргаад өгнө. 4-н айл гэдэг бол илүү их материал орох тул шууд анзаараад гайхах нь тодорхой хоорондоо мэдээж ярилцана. Цэгүүдийг нь олж өгөхөд 2 хүн дагаад явж байсан тэмдэглэсэн. Кадастрын уртраг, өргөрөгийн цэгүүд нь нийлж байж нэг цэг олддог. Жишээ нь Х=635425.76 ба У=53162736.67 гэх энэхүү 2 тоо нь байж гэмээ нь нэг цэг олдоно. Зууны нарийвчлалтай тогтоож өгнө гэхээр зөрүү бол 5 см дотор л яригдана. Тэгэхээр буруу бол 5 см зөрүү л гарна. Дээрх хоёр олон оронтойг эргэлтийн цэгүүдээ олуулах гэж буй хүн бидэнд өгөхгүй бол хэн энэ олон оронтой тоог тааж мэдээд багаж дээрээ шивээд хайж чадах билээ. Үүнийг сайн бод. 

3-н айлын яг тэгш өнцөгт хэлбэртэй захын цэгүүдийг олоод өгсөн байхад үүнийг бас сайн бодох хэрэгтэй шүү, олоод өгсөн байхад яг тэгш өнцөгт хэлбэртэй 4-н айлын хашаа барьдаг нь ямар учиртай юм бэ. Үүнийг хэн ч бодож үзэх хэрэгтэй. Дахин хэлье 3н айлын тэгш өнцөгт цэгүүдээ олуулсан, энэ зураг шиг, харин барихдааа урд энэ зурагны захын 4н цэг нь хөдлөөгүй мөртлөө яг хойшоогоо нэг айлын газар сунгаад хашаа барьсан байна. Үүнийг л гайхаад байна. Тэр 4 дэх айлын координат гэдэг бол харж байж л шивэхгүй бол хэн ч таагаад шивж чадахгүй. 

Биднийг дахин дуудсан тухайн үедээ амжаагүй ч гэлээ хэдэн сарын дараа очсон. Гэхдээ Б.Т очсон, очоод олоход яг гурван айлын цэгүүд нь байсан хашаа нь нэг айлаар сунгаад л барьсан байсан, анхнаасаа цэг олж чадахааргүй байсан бол 3-н айлын цэг нь ч худлаа байх байсан шүү дээ. Гэтэл яг тэр зөв гурван айлын цэг байсан ба нэг айлаар дээрх зураг шиг сунгаад татсан байсан. Багаж бол яг шивсэн координатыг л хайна. 

Бид өөрсдийнх нь өгсөн цэгээр хүмүүст яг энд байна л гэж олдог. Баталгаа нь бол акт гэдэг бичиг. Бидний акт ч гурван айлаар байгаа хэдийд ч очоод хөндлөнгийн хүнтэй өөр эргэлтийн цэг тодорхойлох байгууллагуудтай хамт очоод олж өгч болно. Бид нэг айлын газар гээд эргэлтийн цэгүүдийг нь олоод өглөө гэж бодий тэгэхэд 10-н айлын хашаа барьчаад биднийг буруутгах гэвэл акт гэдэг зүйл л бидэнд баталгаа болно. Учир нь газар дээр нь цэгийг олсон гэдгийг гэрчилнэ. Акт нь та бүхэнд байгаа гэж ойлгосон. Бид биш нөгөө айл маань та авч хадгалж буй учир та бүхэнд өгсөн. Энэ л бидний баталгаа юм гэжээ /хх-32-33/.

 

3а. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Тус шүүхэд өмнө гаргасан тайлбараа дэмжиж байгаа бөгөөд дараахь тайлбарыг нэмж гаргаж байна. Нэхэмжлэгч Г нэхэмжлэлийн шаардлагаа тодрлуусан гэх бичигт бодит байдалд нийцэхгүй худал тайлбар гаргасан байна. Иргэн Ггийн хүсэлтийн дагуу 2022 оны 6-р сард ямар нэгэн Мэ биш миний бие Төв аймгийн Эрдэнэ сумын 3-р багийн нутагт байрлах түүний утсан дээрээсээ харуулсан кадастрын зурагт заасан солбилцлын дагуу 0,07 га талбай бүхий 3 хашааны газрын эргэлтийн цэгийг тусгай багажаар тодорхойлж өгсөн ба үүнийг өөрөөр тодорхойлно гэх нь утгагүй. Учир нь уг багаж бол зөвхөн шивж оруулсан координатыг л хайдаг ба тааж оруулах боломжгүй. 

Мөнх ийнхүү оруулсан координат нь зууны нарийвчлалтай тул зөрүү гарвал 5 см дотор л яригдана. Миний бие тухайн үед эргэлтийн цэг олуулах захиалга өгсөн иргэн Ггийн утсан дээрээс харуулсан кадастрын зургийн координатын дагуу эргэлтийн цэгийг зориулалтын багажийн тусламжтайгаар олж өгсөн ба би өөрөө тэр олон оронтой тоог санаанаасаа тааж хийгээд өөрөөр тодорхойлж чадахгүй юм. Бас 3 ба 4 айлын хашаа барих материал илт зөрүүтэй тул тухайн үед дагаж явсан хашаа барих хүмүүс шууд мэдээд хэлэх байсан гэж үзэж байна. Мөн өмнө болсон шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас 4 хашааны материалын зардал гараагүй болох нь баримтаар тогтоогдож байсан болно. Дээрх үндэслэлүүдийг харгалзан иргэн Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв /хх-110/.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч 3 газрыг хамарсан цэгүүдийг олсон. 4 дэх асуудал яагаад яригдаж байгаа вэ гэхээр Х.Г өөрөө хойшоо чиглэлд хашаагаа сунгаж барьсан асуудал байга. Үүнтэй холбоотой асуудлаар шүүхэд хандаад байгаа гэж ойлгосон. Гэтэл хариуцагч бол нэхэмжлэгчийн өгсөн координатын цэгийн дагуу тухайн үед 3 айлын газрын хэмжээний газар дээр цэгийг нь олж өгсөн. Хашаа хатгасан асуудлыг хариуцагч хариуцах үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулаад тайлбар хэлэхэд нэхэмжлэлийн үнийн дүн зөрөөтэй буюу 198,000 төгрөгөөр зөрчихсөн байгааг шүүх анхаарахыг хүсье.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйл заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Энэ гэрээнд заасан ажлыг ******* сүрвэй ХХК гүйцэтгэж үр дүнг нь хүлээлгэж өгсөн. Энэ нь иргэдийн газарт тогтоогдож байгаа. Энэ гэрээний зүйл нь тухайн гүйцэтгэсэн ажлын үр дүн. Гүйцэтгэсэн ажлын үр дүнд алдаа гаргасан эсэх асуудлаар шинжээчийн дүгнэлт гарсан. ******* сүрвэй ХХК-н хийсэн ажлын үр дүн нэгж талбайн дугаартай 3 газарт хийсэн шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Харин шинжээчийн дүгнэлтээс сунгаж, 4 дэх хашааны газрыг хамруулж хатгасан эсэх нь тодорхойгүй, тогтоогдохгүй байна гэж гарсан. Үүнд ******* сүрвэй ХХК буруу байхгүй. Захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүргийг хүлээдэг. Уг гэрээний харилцаа нь тус хэрэгт авагдсан байна. Түүнийг шүүх анхаарахыг хүсье. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Нотлох баримтын тухайд

 

5а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Х.Г-н иргэний үнэмлэх хуулбар /хх-4/, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт /хх-5-7/, Х.Г-н газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-8-10/, Төв аймаг, Сэргэлэн сум Х.Г-н нэр дээрорх кадастрын зураг /хх-11-13/, Х.Г-н Хаан банкны дансны хуулга /хх-14-15/, Х.Г-н төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-38/, өмгөөлөгч М.Цтэй байгуулсан өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-41-42/, зарлагын баримт /хх-44-45/, Х.Г-н Хаан банкны дансны хуулга /хх-46/, өмгөөлөгч Г.Бтой байгуулсан өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-93-94/, нэхэмжлэгчийн тодруулсан шаардлага /хх-106/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-173-174/, шинжээчийн зардал төлсөн 2025-7-23-ны өдрийн Хаан банкны шилжүүлэг баримт /хх-182/ зэрэг баримтуудыг гаргасан. 

 

5б. Хариуцагчийн төлөөлөгч томилсон 2023-11-23-ны өдрийн итгэмжлэл /хх-25/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-26/, хариу тайлбар /хх-32-33/, төлөөлөгч томилсон 2024-03-29-ний өдрийн итгэмжлэл /хх-39/, өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт /хх-40/, хариу тайлбар /хх-110/, 2025-10-16-ны өдрийн төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-175/, өмгөөлөгчөөр Б.Гыг оролцуулах тухай хүсэлт /хх-180/ зэрэг баримтыг шүүхэд гаргасан.

 

5в. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын шинжээчийн  зардал төлүүлэх тухай албан бичиг /хх-134-137/, тус газрын шинжээчийн дүгнэлт /хх-142-147/, Х.Г-н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-193-198/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч “******* сүрвэй” ХХК-нд холбогдуулан 7,021,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ ...2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр "******* сүрвэй" ХХК-д хандаж, Төв аймаг, Сэргэлэн сум, 3 дугаар багт байрлах өөрийн эзэмшлийн 3 айлын газарт эргэлтийн цэг тогтоолгохоор тохиролцсон боловч 3 биш 4 айлын газраар эргэлтийн цэг тогтоосноор нэмэлтээр нэг айлын хашааны материал, ажлын хөлсний зардал гарч хохирсон, тухайн үед хашаа барьж өгөх хөлсний хүмүүс хамт очсон бөгөөд хариуцагчийн тогтоосон эргэлтийн цэгт шууд гадас хатгаж, утсаар тойруулан тэмдэглээд тэр өдөртөө хашаагаа барьж дууссан боловч 2022 оны 9-р сарын 7-ны өдөр нэгж талбарын хил, хязгаарын газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актыг хүлээн авсан. Илүү тогтоосон цэгт нэг айлын хашааны материалд нэг бүр нь 99,000 төгрөгийн үнэтэй 41 ширхэг хашаа, нийт 4,059,000 төгрөг, нэг бүр нь 11,000 төгрөгийн үнэтэй 42 ширхэг шон, нийт 462,000 төгрөг, ажлын хөлсний зардал 2,500,000 төгрөг, шинжээчийн зардал 766,776 төгрөг, нийт 7,787,776 төгрөгийн хохирол учирсан гэж тодорхойлсон.

 

2а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр томилогдсон шинжээчийн ажлын хөлс нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар шүүхийн нөхөн төлүүлэх зардалд хамаарна. Уг зардлыг нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнд оруулан нэхэмжилсэн нь үндэслэлгүй ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн 41 ширхэг хашааны үнэ 4,059,000 төгрөг, 42 ширхэг шонгийн үнэ 462,000 төгрөг, ажлын хөлсний зардал 2,500,000 төгрөг, нийт 7,021,000 төгрөг гэж үзэхээр байна.

 

3. Хариуцагч тал 2022 оны 6-р сарын 02-ны өдөр эргэлтийн цэгийг тогтоохдоо нэхэмжлэгчийн гар утсан дээрх кадастрын зургийн уртраг, өргөрөгийн цэгүүдийг багажинд шивж оруулснаар цэгийг олж тогтоосон, зууны нарийвчлалтай тогтооход зөрүү 5 см дотор л гарна, кадастрын зурган дээрх олон оронтой тоог эргэлтийн цэгээ тогтоолгох гэж буй хүн бидэнд өгөхгүй бол тэр олон оронтой тоог тааж мэдээд багажинд шивж оруулах боломжгүй, 3н айлын тэгш өнцөгт цэгүүдээ олуулсан, харин хашаа барихдаа 3-н айлын газрын тэгш өнцөгт цэг нь хөдлөөгүй мөртлөө яг хойшоогоо нэг айлын газар сунгаад хашаа барьсан байгааг гайхаж байгаа, 4 дэх айлын координатын тоог харж байж л шивэхгүй бол хэн ч таагаад багажинд шивж оруулах боломжгүй, дараа нь манай байгууллагын ажилтан тухайн газар дээр очоод эргэлтийн цэгийг олоход яг л гурван айлын цэгүүд нь таарсан байсан, хашаагаа нэг айлын газар оруулж сунгаад л барьсан байсан. Бид анхнаасаа эргэлтийн цэгийг олж чадахааргүй байсан бол одоо хашаа хатгасан байгаа 3-н айлын цэг ч гэсэн худлаа л байх байсан. Багаж яг л шивсэн тоогоор координатыг л хайна. Бид өөрсдийнх нь өгсөн цэгээр хүмүүст эргэлтийн цэгийг олж тогтоосноор акт бичиг өгдөг, энэ л бидний баталгаа болдог. Акт нь тухайн иргэний газар дээр эргэлтийн цэгийг олсон гэдгийг гэрчилдэг. Нэхэмжлэгчийн өгсөн солбилцлын дагуу 0,07 га талбай бүхий 3 хашааны газрын эргэлтийн цэгийг тусгай багажаар тодорхойлж өгсөн гэж татгалзсан тайлбар маргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. Төв аймгийн Сэргэлэн сумын 3-р баг Шаварт гэх газарт, нэгж талбарын дугаартай, 700 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн 0000040827 дугаартай гэрчилгээ, мөн хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, 700 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн дугаартай гэрчилгээ, мөн хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, 700 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газрыг 15 жилийн хугацаатай, эзэмших эрхийн дугаартай гэрчилгээ тус тус нэхэмжлэгч Х.Г-н нэрээр гарсан байна /хх-8-10/.

 

4б. Хариуцагч “******* сүрвэй” ХХК нь нэхэмжлэгч Х.Г-н гаргасан хүсэлтийн дагуу түүний эзэмшлийн Төв аймгийн Сэргэлэн сумын 3-р баг Шаварт гэх газарт байрлах, нэгж талбарын дугаартай, нэгж талбарын дугаартай, нэгж талбарын дугаартай газарт 2022 оны 6-р сарын 02-ны өдөр эргэлтийн цэгийг тогтоож, бэхжүүлэн нэхэмжлэгч Х.Г болон тухайн газарт хашаа барихаар очсон хүмүүст хүлээлгэн өгснөөр Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актыг хариуцагч нь 2022 оны 9-р сарын 7-ны өдөр үйлдэж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байна /хх-5-7/.

 

4в. Нэхэмжлэгч Х.Г-н Хаан банкинд эзэмшдэг дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар 2022 оны 6-р сарын 02-ны өдөр 500,000 төгрөг нь “хашаа ажлын хөлс” гэх, 2022 оны 6-р сарын 4-ний өдрийн 585,000 төгрөг нь “хашаа” гэх, 2022 оны 6-р сарын 5-ны өдрийн  500,000 төгрөг нь “хашаа хийлгэсэн үлдэгдэл төлбөр баярлалаа” гэх гүйлгээний утгаар тус тус зарлагын гүйлгээ хийгдэсэн /хх-46/ байх бөгөөд 2021 оны 10-р сарын 21-ний огноотой зарлагын баримтад хашаа 115ш, шон 116ш, хаалга өргөн+жижиг 1 ком, нийт дүн 24,661,000 төгрөг бичигдсэн, эд хариуцагчийн гарын үсэг зурсан /хх-44/, 2022 оны 6-р сарын 02-ны өдрийн огноотой зарлагын баримтад хашаа 41ш, шон 42ш, нийт дүн 4,521,000 төгрөг гэж тус тус бичигдсэн байна /хх-45/.

 

4г. Нэхэмжлэгч Х.Ггийн эзэмшдэг айпон 16 промакс загварын утсанд хадгалагдаж байгаа 80073669 дугаарт илгээсэн мессеж, зурвас захианд хийгдсэн үзлэгээр илэрсэн нь тухайн дугаарыг “эргэлтийн цэг” гэсэн нэрээр хадгалсан байх бөгөөд эхний зурвас нь 20 may 2023, 18:31 гэсэн огноо, цагтай /хх-193-194/, мөн нэхэмжлэгчийн эзэмшдэг айпон 16 промакс загварын утсанд хадгалагдаж байгаа түүний эзэмшлийн дугаараас “Munk” гэх нэрээр хадгалсан дугаартай харилцсан вайбэр чат бүхий зурвас захиа нь 20 May 2023, 21:41 гэсэн огноо цагаар эхэлсэн мөн өдрийн 23:13-т сүүлийн зурвас захиа илгээсэн /хх-195-196/, нэхэмжлэгч Х.Ггийн эзэмшдэг айпон 16 промакс загварын утсанд хадгалагдаж байгаа бичлэгт хийсэн үзлэгээр нэгэн эрэгтэй хүн нэг гартаа босоо төмөр, нөгөө гартаа дөрвөлжин хар төхөөрөмж цаасны хамт барьсан, төмөр хар хашааны наад талаар алхаж байгаа бичлэг хийгдсэн байна /хх-197-198/.

 

5. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

5а. Зохигчдын хооронд 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ амаар байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч ******* сүрвэй ХХК нь нэхэмжлэгч Х.Г-н эзэмшлийн Төв аймаг, Сэргэлэн сум, 3-р баг Шаварт гэх газарт байрлах, нэгж талбарын дугаартай, нэгж талбарын дугаартай, нэгж талбарын дугаартай гурван газарт газрын эргэлтийн цэгийг тогтоож гүйцэтгэх, нэхэмжлэгч Х.Г нь ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн болохыг талууд тайлбарласан.

 

5б. Хариуцагч “******* сүрвэй” ХХК нь нэхэмжлэгч Х.Г-н үзүүлсэн кадастрын зурган дээрх координатын цэг бүхий тоог тусгай багажинд шивж оруулснаар нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын эргэлтийн цэгийг тогтоож, хүлээлгэн өгсөн, Х.Г ажлын хөлс төлсөн үйл баримтад талууд маргаагүй.

 

5в. Гагцхүү нэхэмжлэгч нь 3-н айлын газарт эргэлтийн цэг тогтоохоор байхад 4-н айлын газраар газрын эргэлтийн цэгийг тогтоосноор илүү нэг айлын хашаа хатгаж хохирол учирсан гэж, хариуцагч тал нэхэмжлэгчийн гар утсан дээрээсээ үзүүлсэн кадастрын зургийн координатын цэгийг тусгай багажинд шивж оруулснаар 3-н айлын газрын эргэлтийн цэгийг тогтоож, акт үйлдэж хүлээлгэн өгсөн гэж талууд маргасан. 

 

6. Талууд нэхэмжлэгч Х.Ггийн эзэмшлийн газарт газрын эргэлтийн цэгийг тогтоох ажлын гэрээг бичгээр байгуулаагүй байх бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээг заавал бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагагүй тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар хэлцлийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

 

7. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 343.2 дахь хэсэгт “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж тус тус зохицуулсан.

 

8. Ажил гүйцэтгэгч “******* сүрвэй” ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн до*******долгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй бөгөөд талууд ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулаагүй буюу ажлын үр дүн, чанар байдлыг тусгайлан тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийн тогтоосон эргэлтийн цэг нь кадастрын зурагт заагдсан цэгтэй тохирч байгаа эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг гаргаснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШЗ2025/09896 дугаар захирамжаар шинжээч томилж, гүйцэтгэгч ******* сүрвэй ХХК-ний гүйцэтгэсэн эргэлтийн цэг тогтоосон актад дурдсан газруудын эргэлтийн цэгийг холбогдох журмын дагуу гаргасан эсэх, уг газруудын эргэлтийн цэгийг зөрүүтэй тогтоосон эсэх, зөрүүтэй тогтоосон бол аль газарт ямар хэмжээгээр зөрүүтэй тогтоосон болохыг дэлгэрэнгүй дүгнэлт гаргахыг даалгасан.

 

8а. Шинжээчээр томилогдсон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн дүгнэлтэд шүүгчийн захирамжид дурдсан Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутагт байршилтэй, нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай газар, нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай газар, нэгж талбарын дугаартай 700 м.кю талбайтай газар нь газрын кадастрын мэдээллийн санд иргэн Х.Г /РД:МЮ/-н нэр дээр тус тус бүртгэлтэй байна. 

Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 121 дугаар тушаалын дагуу нэгж талбарын хилийн шугамын эргэлтийн цэгийг газарт суулгаж бэхэлсний дараа тушаалын Нэгдүгээр хавсралтаар баталсан “Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт”-ыг үйлдэн иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэн өгөх ба хадгалалт, хамгаалалтын талаар зааварчилгаа өгнө гэж заасан байдаг. Хавтаст хэрэгт “******* сүрвэй” ХХК-ын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр үйлдсэн иргэн Х.Ггийн эзэмшлийн 3 газрын “Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт” тус тус авагдсан байна. Тус актыг Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 121 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын дагуу үйлдсэн байх боловч солбицол тодорхойлсон аргыг бичиж тэмдэглээгүй байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах маргаан бүхий газар дээр очиж хэмжилт зураглалын ажлыг хийж гүйцэтгэсэн. Хэмжилтийн үр дүнгээр иргэн Х.Г нь 2806.66 м.кв талбайтай газрыг хашаалсан байна. Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй иргэн Х.Ггийн эзэмшлийн нэгж талбарын дугаартай 700 м.кв, нэгж талбарын дугаартай 700 м.кв, нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай газруудыг хэмжилтийн үр дүнтэй давхцуулан үзэхэд хойд талаас 695.9 м.кв талбайгаар илүү хашаалсан байна.

“******* сүрвэй” ХХК-ийн үйлдсэн “Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акг”-д солбицлын утгыг тэмдэглэсэн байх бөгөөд эдгээр цэгүүд нь иргэн Х.Ггийн эзэмшлийн нэгж талбарын , , дугаартай газрын эргэлтийн цэгүүдтэй таарч байна. Гэвч ******* сүрвэй ХХК нь нэгж талбарын , , дугаартай газруудын эргэлтийн цэгийг тогтоохдоо чухам яг хаана тэмдэглэж өгсөн болон тогтоосон цэгийг өөрчилж хашаа барьсан эсэхийг тогтоох боломжгүй байна гэжээ /хх-142-146/. 

 

8б. Дээрх шинжээчийн дүгнэлтээс үзэхэд гүйцэтгэгч “******* сүрвэй” ХХК-ний үйлдсэн “Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт”-д тэмдэглэсэн солбилцлын утга бүхий цэгүүд нь иргэн Х.Ггийн эзэмшлийн нэгж талбарын , , дугаартай газрын эргэлтийн цэгүүдтэй таарч, тухайн газруудын эргэлтийн цэгийг тогтоохдоо чухам яг хаана тэмдэглэж өгсөн болон тогтоосон цэгийг өөрчилж хашаа барьсан эсэхийг тогтоох боломжгүй болох нь тогтоогдож байна.

 

9. Иймд гүйцэтгэгч “******* сүрвэй” ХХК нь гэрээний зүйл болох газрын хил заагийн эргэлтийн цэг тогтоож, бэхлэх ажлыг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой буюу *******аас доошгүй чанар бүхий ердийн шаардлагад нийцсэн, ажлын үр дүнг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна. 

 

10. Харин нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...тухайн үед хашаа барих хүмүүс байлцсан, ...ажилчид эргэлтийн цэгийн дагуу 3 айлын газрын захын 4 цэгийг тэмдэглэж, ...шууд гадас хатгаад улаан утсаар тойруулан хашаагаа тэмдэглээд тэр өдөртөө хашаагаа барьж дууссан талаар дурдсан байх тул гүйцэтгэгч нь анхнаасаа эргэлтийн цэгийг тогтоохдоо илүү тогтоосон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. 

 

11. Хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Х.Г-н Хаан банкны тоот дансны хуулгаар 2022 оны 6-р сарын 02-ны өдөр 500,000 төгрөг нь “хашаа ажлын хөлс” гэх, 2022 оны 6-р сарын 4-ний өдрийн 585,000 төгрөг нь “хашаа” гэх, 2022 оны 6-р сарын 5-ны өдрийн  500,000 төгрөг нь “хашаа хийлгэсэн үлдэгдэл төлбөр баярлалаа” гэх гүйлгээний утгаар зарлага гарсан, 

2021 оны 10-р сарын 21-ний зарлагын баримтад хашаа 115ш, шон 116ш, хаалга өргөн+жижиг 1 ком, нийт дүн 24,661,000 төгрөг бичигдсэн, 2022 оны 6-р сарын 02-ны өдрийн огноотой зарлагын баримтад хашаа 41ш, шон 42ш, нийт дүн 4,521,000 төгрөг гэж тус тус бичигдсэн эдгээр баримтаас үзэхэд материал худалдан авагч нь хэн болох нь тодорхойгүй, материалын зардал нэхэмжлэгч Х.Г-с бодитоор гарсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

12. Нэхэмжлэгчээс дээрх нэмэлт зардал гарсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т тус тус зааснаар нотлох, нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба маргааны үйл баримт, хариуцагчийн татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

13. Түүнчлэн, Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт “ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг до*******дол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж зохицуулсан. 

 

13а. Нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон өөрчлөн тодруулсан, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа ...2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн газарт эргэлтийн цэг тогтоолгосон, ...тухайн үед хашаа барих хөлсний хүмүүс хамт байлцаж, хариуцагчийн тогтоосон эргэлтийн цэгт шууд гадас хатгаж, улаан утсаар тойруулан хашаагаа тэр өдөртөө барьж дууссан, ...эргэлтийн цэг тогтоосон актыг 2022 оны 9-р сарын 7-ны өдөр хүлээн авсан талаараа дурдсан.

 

13б. Дээрх нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч “******* сүрвэй” ХХК-ний гүйцэтгэсэн ажлын үр дүн до*******долтой буюу 4 айлын газраар эргэлтийн цэг тогтоосон болохыг хашаагаа барьж дуусгасан 2022 оны 6-р сарын 02-ны өдрөө мэдэх боломжтой, мэдсэн гэж үзэхээр байх бөгөөд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар захиалагч болох Х.Г нь ажлын үр дүнгийн до*******дол байгааг мэдсэн өдрөөс хойш 6 сарын дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй байжээ.

 

13в. Нэхэмжлэгч нь ажлын үр дүн до*******долтой болохыг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр мэдсэн атлаа энэ талаар гомдлын шаардлага гаргахгүй явсаар 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч байгууллагын ажилтантай харилцсан зурвас захиа нь 20 may 2023 гэсэн огноотой, вайбэр чатаар харилцсан зурвас захиа нь мөн адил 20 may 2023 гэсэн огноотой, нэхэмжлэгчийн гар утсанд хадгалагдаж байгаа бичлэг нь 9 September 2022. 11:45 гэсэн огноотой байх тул дээрх хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

 

14. Иймд, нэхэмжлэгч Х.Г нь ажлын үр дүнгийн до*******длын талаар гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн, мөн до*******долтой ажлын улмаас нэмэлтээр зардал гарсан гэх шаардлага үндэслэлээ баримтаар нотлоогүй тул хариуцагч ******* сүрвэй ХХК-с 7,021,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж тус тус зохицуулсан.

 

15а. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2023 оны 11-р сарын 02-ны өдөр төлсөн 113,126 төгрөг /хх-3/, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 44,950 төгрөг /хх-172/-ийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. 

 

16. Нэхэмжлэгч Х.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд тэдгээрийн өмгөөлөгч нараас ирцийн талаар шүүхэд хүсэлт гаргаагүй тул тэдгээрийн оролцоогүйгээр нэхэмжлэл, бичгээр гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтууд өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* сүрвэй ХХК-нд холбогдох 7,021,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Г-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Г-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,076 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                          Д.ЯНЖИНДУЛАМ