Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 315/ШШ2026/00038

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

           Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19-р хороо, 1-р гудамжны 181 тоотод оршин суух, утасны дугаар , ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,

 

            “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

           Нэхэмжлэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд 1983 оны 01 сараас 1984 оны 06 сар хүртэл тракторчин, грушикээр ажиллаж байсан. 1984 оны 06 сараас 1987 оны 06 сарын 22 хүртэл Дорнод аймгийн Хилийн цэргийн 0132 дугаар ангид цэргийн алба хаасан. албанаас халагдаж ирээд 1987 оны 07 сараас 1992 он хүртэл Салхитын тэжээлийн аж ахуйд тракторчнаар ажилласан. 1992 оноос Салхитын тэжээлийн аж ахуй хувьчлагдаж, Ургац компанийн мэдэлд шилжих үед тус компанид 1992-1997 онуудад тракторчнаар үргэлжлүүлэн ажилласан. Иймд намайг 1983-1984, 1987-1997 онуудад Салхитын тэжээлийн аж ахуй, Ургац компанид ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

 2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 100, 101 дугаартай лавлагаа, Салхитын тэжээлийн аж ахуйн даргын 1983 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаартай “ажилд томилох” тухай тушаал, ******* 1991 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

             3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь 1983-1984, 1987-1997 онуудад Салхитын тэжээлийн аж ахуй болон Ургац компанид тракторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

           2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь 1983 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйн тэжээлийн үйлдвэрт грушикээр, 1988 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл  Салхитын тэжээлийн аж ахуйд тракторчнаар, 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ургац ХК-д тракторчнаар тус тус ажиллаж болох нь:

нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Миний бие Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд 1983 оны 01 сараас 1984 оны 06 сар хүртэл тракторчин, грушикээр ажиллаж байсан. 1984 оны 06 сараас 1987 оны 06 сарын 22 хүртэл Дорнод аймгийн Хилийн цэргийн 0132 дугаар ангид цэргийн алба хаасан. албанаас халагдаж ирээд 1987 оны 07 сараас 1992 он хүртэл Салхитын тэжээлийн аж ахуйд тракторчнаар ажилласан. 1992 оноос Салхитын тэжээлийн аж ахуй хувьчлагдаж, Ургац компанийн мэдэлд шилжих үед тус компанид 1992-1997 онуудад тракторчнаар үргэлжлүүлэн ажилласан.” гэх тайлбар,

Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 100 дугаартай ******* Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд тракторчнаар ажиллаж байхдаа 1983, 1988-1989 онуудад авч байсан цалингийн бичиглэл бүхий лавлагаа (хх-4х),

******* ажилд томилсон Салхитын тэжээлийн аж ахуйн даргын 1983 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаартай тушаал, (хх-5х),

******* ажилд томилсон, чөлөөлсөн тушаалын бичилт бүхий Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-6х),  

 

гэрч ******* шүүхэд өгсөн “******* нь аймгийн Батлан хамгаалах газрын тракторчны курс төгсөөд Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйн 1-р бригадын 1-р салаанд 1983 оны 01 сараас 1984 оны 06 сар хүртэл тракторчин, грушикээр ажиллаж байсан. Тракторчин нь улирлын чанартай ажил байсан юм. Гэхдээ тухайн үед тракторчид нь зун намар хадландаа гараад өвлийн цагт машинаа тавиад грушик, гачегар зэрэг ажлуудыг хийдэг байсан. ******* нь 1984-1987 онуудад цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Салхитын тэжээлийн аж ахуйд тракторчнаар дахин ажилд орж 1987-1997 оныг хүртэл тракторчнаар ажиллаж байсан. Салхитын тэжээлийн аж ахуй нь 1992 оноос нэр нь өөрчлөгдөж Ургац компани болсон. Бид Ургац компанид тракторчнаар үлдсэн. Би Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйн 1-р бригадын 1-р салаанд 1970 оны 01 сараас 1997 оныг хүртэл салааны ахлагчаар ажиллаж байсан. ******* нь миний удирдлага дор ажиллаж байсан болохоор ******* ажиллаж байсан талаар сайн мэднэ. ******* нь ажилд их сайн, дуулгавартай, сайн тракторчин байсан. Салхитын тэжээлийн аж ахуйн тухайн үеийн бичиг баримт архивт шилжээгүй байж байгаад Салхитын тэжээлийн аж ахуй шатахад устсан юм билээ” гэх мэдүүлэг,

 

 гэрч ******* шүүхэд өгсөн “.******* нь Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйн 1-р бригадын 1-р салаанд 1983-1984, 1987-1992 онуудад тракторчнаар, грушикээр, 1992-1997 оныг хүртэл Ургац ХК-д тракторчнаар тус тус ажиллаж байсан. ******* нь 1984-1987 онуудад цэргийн алба хаасан. Салхитын тэжээлийн аж ахуй нь 1992 оноос нэр нь өөрчлөгдөж Ургац компани болсон. Бид Ургац компанид тракторчнаар үлдсэн. Би 1982-1992 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд тракторчнаар, 1992-1995 оныг хүртэл Ургац ХК-д тракторчнаар тус тус ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан болохоор ******* ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

 5. Хөдөө аж ахуйн яамны харьяа Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйн даргын 1983 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаартай тушаалаар ******* Салхитын тэжээлийн аж ахуйн тэжээлийн үйлдвэрт тэжээл зөөх грушикээр ажилд томилсон байна.

 

6. Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйгаас 1991 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Давгадорж овогтой *******ын олгосон Хөдөлмөрийн дэвтэрт Салхитын тэжээлийн аж ахуйн даргын 1983 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаартай тушаалаар тэжээл зөөх грушикээр ажилд томилсон, 1988 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 63 тоот тушаалаар хадлангийн бригадад тракторчнаар ажилд томилсон, 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 46 тоот тушаалаар Салхитын тэжээлийн аж ахуй хувьчлагдсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлж Ургац ХК-ийн мэдэлд шилжүүлсэн, Ургац ХК-ийн захирлын 1992 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 07 тоот тушаалаар Ургац ХК-д тракторчнаар томилсон, Ургац ХК-ийн захирлын 1995 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 8 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаарх тус тус тэмдэглэгджээ.

 

Уг дэвтрийг 1991 онд шинээр олгохдоо ******* тухайн байгууллагад ажилласан өмнөх үеийн буюу 1983 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаартай тушаалаар тэжээл зөөх грушикээр, 1988 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 63 тоот тушаалаар хадлангийн бригадад тракторчнаар томилсон байдлыг тус тус тэмдэглэсэн хийгээд энэ нь холбогдох Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйн даргын 1983 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаартай тушаалаар давхар нотлогдох тул дээрх бичилтийг үндэслэлтэй гэж үзнэ.

 

7. Хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 100 тоот лавлагаанд ******* Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд 1983 оны 1-7 дугаар сар, 1988 оны 6-11 дүгээр сар, 1989 оны 2-9, 11 дүгээр саруудад тракторчнаар ажиллаж байхдаа авч байсан цалин гарчээ.

 

 8. Иймд шүүх хэргийн үйл баримтын нотолгоонд хамааралтай буюу Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 100 тоот лавлагаа, ******* ажилд томилсон Салхитын тэжээлийн аж ахуйн даргын 1983 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаартай тушаал, ******* ажилд томилсон, чөлөөлсөн тушаалын бичилт бүхий Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч ******* 1983 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйн тэжээлийн үйлдвэрт грушикээр, 1988 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл  Салхитын тэжээлийн аж ахуйд тракторчнаар, 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ургац ХК-д тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

11. Харин нэхэмжлэгч ******* 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Салхитын тэжээлийн аж ахуйд тракторчнаар, 1995 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1997 оныг хүртэл Ургац ХК-д тракторчнаар тус тус ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

             12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* *******ын 1983 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйн тэжээлийн үйлдвэрт грушикээр, 1988 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл  Салхитын тэжээлийн аж ахуйд тракторчнаар, 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ургац ХК-д тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

 

2. Нэхэмжлэгч ******* нь 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Салхитын тэжээлийн аж ахуйд тракторчнаар, 1995 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1997 оныг хүртэл Ургац ХК-д тракторчнаар ажилласан гэх бичгийн нотлох баримтыг бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН