Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 563

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг ,

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,  

Иргэний нэхэмжлэгч, иргэний харицагч Д.Цэндсүрэн,

Шүүгдэгч Д.Амгаланбаатар түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал

Шүүгдэгч О.Мөнхням түүний өмгөөлөгч Д.Рэнцэнбямба нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Дашзэвэгийн Амгаланбаатар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хандсүрэн овгийн Очгэрэлийн Мөнхням нарт холбогдох эрүүгийн 1803000010053 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Түргэн тусламжийн төвд жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 8 дугаар гудамжны 2 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй Боржигин овгийн Дашзэвэгийн Амгаланбаатар, /РД: НБ77121119

Монгол Улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуягт танкны ашиглалтын инженер мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Түргэн тусламжийн төвд шалгах механикчаар ажиллаж байсан, одоо Орхон их сургуульд багшаар ажиллаж байгаа гэх, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Чингүнжавын гудамж 57 дугаар байрны 114 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Хандсүрэн овгийн Очгэрэлийн Мөнхням, /РД:ЕП66121410/

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Амгаланбаатар нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 25 минутын үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо 7 буудлын замд Түргэн тусламжийн төвийн эзэмшлийн Хьюндай Старекс маркийн 03-52 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэт түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэт түрүүлж болно” гэсэн заалтыг зөрчсөнөөс Автотерминал трейд компанийн эзэмшлийн Хьюндай Аеро сити маркийн 42-29 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс, уг тээврийн хэрэгсэлд 370.000 төгрөгний шууд, 490.400 төгрөгийн нийт хохирол, Түргэн тусламжийн төвийн эзэмшлийн Хьюндай Старекс маркийн 03-52 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 9.654.300 төгрөгийн шууд, 10.614.300 төгрөгийн нийт хохирол, зорчигч Б.Батбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

 

Шүүгдэгч О.Мөнхням нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Түргэн тусламжийн төвд шалгах механикаар ажиллаж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 3.а-д заасан бүрэн бус тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулснаас Автотерминал трейд компанийн Хьюндай Аэро сити маркийн 42-29 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 370.000 төгрөгний шууд, 490.400 төгрөгийн нийт хохирол, Түргэн тусламжийн төвийн эзэмшлийн Хьюндай Старекс маркийн 03-52 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 9.654.300 төгрөгийн шууд, 10.614.300 төгрөгийн нийт хохирол, зорчигч Б.Батбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Амгаланбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хэрэг гардаг өдөр би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооноос яаралтай дуудлага хүлээн авсан. Тухайн үед би эгнээндээ яваад эгнээ байраа солиогүй 45 км/цаг-ийн хурдтай явж байсан. Миний урд том миксер машин явж байсан. Нэгдүгээр эгнээ рүү орох гэтэл урд автобус байж харагдсан миний хувьд өөрийн хийж чадах бүх зүйлээ хийсэн боловч тормоз бариагүй…” гэв.

Шүүгдэгч О.Мөнхням нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 3 сарын 18-ны өдөр өөрийн ажил мэргэжлийн үүргийн дагуу өглөөний 07 цагаас 09 цагийн хооронд Улаанбаатар хотын хэмжээнд Нийслэлийн ард иргэдийн эмнэлэг үйлчилгээнд зориулж 03-52 УНТ улсын дугаартай Hyundai starex маркийн автомашиныг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалтайгаар үйлчилгээнд гаргасан. Өөр хэлэх зүйл байхгүй…” гэв.

Иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч Д.Цэндсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ээлжийн жолооч Д.Амгаланбаатар нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн. Өөр маркийн дугуйнууд авто машинд тавьж явсны улмаас зам тээврийн осол гаргасан гэм буруутай гэж шинжээч нар дүгнэсэн. Шинжээчийн энэ дүгнэлтийг иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна....” гэв.

Шинжээч В.Балжинням шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”… Замын хөдөлгөөний дүрмийн 23 бүлэг 3 хавсралт байдаг. Үүнээс 7-22 бүлэг нь тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулж, рүль залах болон цэвэр жолоочтой холбоотой заалтууд байдаг. Энэ журмын заалтаар зөрчсөн үйлдэл харагддаг. Тээврийн хэрэгслийн зүүн гар талаар түрүүлж явах ёстой. Эргэх дохио өгсөн тээврийн хэрэгслийг баруун гар талаар түрүүлж болно. Ингэхдээ баруун гар талаар түрүүлэхдээ автобустай тулгараад, тээврийн хэрэгслийг зогсоох цаг хугацаа, орон зай байхгүй байсан учир автобусны араас очиж мөргөсөн байдаг. Иймд Замын хөдөлгөөний дүрмийн 13 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байсан. Замын хөдөлгөөний заалтад иргэн, албан байгууллага нь албан тушаалтнуудыг үүрэгжүүлэх гэсэн заалт байдаг. Замын хөдөлгөөний 3 дугаар хавсралтын 3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг ашиглагч байгууллагын мэргэжлийн хүнээр болон шалгах механик байлцуулах шаардлагатай байдаг. Тухайн осол болсон тээврийн хэрэгсэл нь нэг тэнхлэгт өөр өөр маркийн хээтэй дугуйнууд тавигдсан байсан. Газарт тулах хэсгээрээ дүрмэнд зааснаас элэгдсэн дугуйн хээтэй хөдөлгөөнд оролцож явсан. Уг осол болоход дээрээс өрөөлдөх байдлаар нөлөө үзүүлсэн гэх байдлаар үүрэг хүлээлгэх заалтыг тавьсан байдаг…” гэв.

Шинжээч Э.Энхболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Уг дүгнэлтийг гурван шинжээч санал нэгтэйгээр гаргасан. Үүн дээр нэмж хэлэхэд зам тээврийн осол дөрвөн хүчин зүйлээс болж үүсдэг. Энэ нь хүн, авто машин, зам, орчин гэсэн зүйлүүдээс нөлөөлж байдаг. Тухайн ослын хувьд 10.3 дугаар заалт гэж юу байдаг талаар онолын хувьд тайлбарлахад зүүн гартаа жолооны хүрдтэй автомашины жолооч миксер маркийн автомашинтай ойрхон зайтай явж байсан нөхцөл байдал хэргийн газрын үзлэгээс харагддаг. Тухайн үед жолооч автобус байсныг харсан. Жолооч нь эгнээ байраа эзлэх гэж байсан гэж тайлбарладаг. Жолооч хурдаа хасаад, эгнээ байраа эзлэсэн тухайн зам тээврийн осол гарахгүй байх боломж байсан. Байгууллагын тухайд үзэхэд дугуйны хээ зөрүүтэй байгаа болон бүрэн бүтэн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оруулсан үйлдлийг нь хараад, дараа дахин ийм үйлдэл гаргахгүй гэсэн үүднээс зөрчлийн шинжтэй гэж үзэж шинжээчийн дүгнэлтэнд оруулсан. Харин авто техникийн шинжээчийн дүгнэлтээр АВС тормозын нэг утсыг хүний гараар салгаж, доор нь боож бэхлэсэн байна гэсэн шинжээчийн дүгнэлт дурдагдсан байна. Нэг автомашины  АВС тормоз ажиллахгүй байна гэдэг нь тухайн осол өрнөж байх явцад хохирлын хэмжээг нэмэгдүүлэх эрсдэл гарч байна. Ослын хувьд жолоочийн замын хөдөлгөөний заалтыг зөрчсөнөөс болж осол гарсан. Тухайн осол гарч байхад бага хохиролтой машиныг зогсоож болох байсан боловч тормозны систем өөрөө муу ажиллагаатай байсан учир эвдрэлийн хэмжээ илүү нэмэгдэж автомашин зогссон байна гэж дүгнэлт гаргасан. Тэгэхээр уг осол тээврийн хэрэгслээс болон жолоочоос хамаарсан осол байна. тээврийн хэрэгслээс шалтгаалсан гэдэг нь тухайн машиныг хариуцсан албан байгууллага бүрэн бүтэн техникээр хангах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна…” гэв.   

Шинжээч Б.Эрдэнэхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Замын хөдөлгөөн зөрчсөн асуудлаар замын цагдаагийн техникийн шинжээч нарын эрх үүргийнхээ хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээс харах боломжтой. Авто техникийн шинжээчийн дүгнэлтээр тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг харах боломжтой…” гэв.

Эрүүгийн 1803000010053 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Д.Амгаланбаатар нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 7 дугаар сарын 18-ны өглөө би эмч Батбаяр, дагалдан эмч Баярлах нарын хамт Нийслэлийн түргэн тусламжийн төв дээрээс дуудлагад гарсан. 12 цаг 15 минутын орчим ээлжийн ахлагч Наранжаргал дуудлага өгсөн. Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо 7 буудлын замаар өөрийн байгууллагын эзэмшлийн “Хьюндай Старекс” маркийн 03-52 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ертөнцийн зүгээр урдаас хойд зүг рүү 45 км цагийн хурдтай 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү шилжиж орох үед 1 дүгээр эгнээнд автобусны буудал дээр “Хьюндай Аэро сити” маркийн 42-29 УНҮ улсын дугаартай автобус хүн буулгаж байхыг би 7-8 метрийн зайнаас хараад тормос гишгэсэн боловч машин зогсолгүй уг зогсож байсан автобусны хойд талаас нь мөргөсөн. Машинаас буугаад хажууд сууж явсан эмч Батбаярыг “зүгээр үү” гэж асуухад “гар эвгүй болчихлоо” гэсэн. Дагалдан эмч Баярлах зүгээр гэж хэлсэн. Тэгээд ээлжийн ахлагч Наранжаргалд мэдэгдэж тусламж дуудсан. Батбаяр эмч бид хоёр гэмтлийн эмнэлэг очиж үзүүлсэн. Батбаяр эмчийн баруун гарын чөмөг хэсэг хугарсан гэж байсан. Батбаяр эмчийн эмчилгээнд миний зүгээс зарцуулсан зүйл байхгүй байна. Өөрөөс нь асуухад одоогоор хэрэггүй гэж хэлж байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 131-132 дугаар хуудас/

Шүүгдэгч О.Мөнхням нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр би Нийслэлийн түргэн тусламжийн төвийн авто бааз дээр 06 цагт ажил дээрээ очоод албан үүргийн дагуу автомашинуудыг ажилд гарахад хөтлөгдөх бичиг баримтуудыг боловсруулан шалгалтыг хийж ажилд гаргасан. Шалгалтаар жолоочийн бичиг баримт болон жолооны үнэмлэхийн хүчинтэй эсэхийг автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, согтуурсан эсэх, биеийн байдлыг шалгах, тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэл, тусгай дуут дохиог шалгах, тоормосны ажиллагааг, жолооны удирдлагын механизм, тусгай шингэнүүдийн хэмжээ, машины өнгө үзэмжийг шалгах, шил болон харах хэрэгсэл, эмнэлгийн тусгай тоноглол байгаа эсэх зэргийг шалгаж тээврийн хэрэгслийг ажилд гаргах замын хуудсыг бөглөж ажилд гаргасан. Хьюндай Старэкс маркийн 03-52 УНТ улсын дугаартай автомашины жолооч Амгаланбаатарын автомашиныг шалгахдаа дээрх үзүүлэлтүүд бүгд хангагдаж байсан тул ажилд гарсан. Амгаланбаатар 12 цаг 25 минутын орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо 7 буудлын замд автобусны араас мөргөж осол гаргасан байсан. Би тухайн осол дээр очиход замын цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн үзлэг хийж байсан. Амгаланбаатарын жолоодож явсан автомашин журмын хашаа руу явсан. Гэмтсэн хүмүүс нь гэмтлийн эмнэлэг явсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 138 дугаар хуудас/

Хохирогч Б.Батбаяр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 12 цаг өнгөрч байхад 3 дахь төрөлт ус гараад байна гэсэн дуудлага аваад жолооч Амгаланбаатар мөн дагалдах эмч Баярлах нарын  хамт дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн 24-р хороо руу гарсан. Тэгээд дуут дохиогоо асаагаад, дугаргаад ойролцоогоор 60 орчим км/цагийн хурдтай явж байхад урд нэг цемент ачдаг зуурдаг машин явж байсан ба жолооч нөгөө машины хажуугаар гартал өмнө нэг автобус тулаад ирсэн. Тэгээд жолооч машинаа зогсоож чадалгүй нөгөө автобусны араас шууд очоод мөргөчихсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

Гэрч Н.Ганзориг нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Нисэхээс гараад Зунжин чиглэлийн автобус жолоодоод 7-н буудлийн замаар урдаасаа хойшоо чиглэлтэй нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 40 гаран км цагийн хурдтай явж байгаад замын цагдаагийн постны хажуу талын буудал дээр хүнээ буулгачихаад дөнгөж хөдлөөд явж байхад араас тас хийх чимээ гараад хүмүүс орилолдоод явчихаар нь буугаад хартал нэг түргэний машин мөргөсөн байсан. Машин дотор явсан эмч, сувилагч, жолооч нар гэмтсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86 дугаар хуудас/,

Гэрч М.Баярлах нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “..2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 12 цаг 25 минутын орчим Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Жаргалантын дуудлага дээр очоод тэндээсээ Сүхбаатар дүүргийн 14 хороо Хангай дуудлага руу жолооч Амгаланбаатар, их эмч Батбаяр нарын хамт Амгаланбаатарын жолоодож явсан машины жолоочийн хажуугийн суудал дээр би өөрөө харин миний баруун гар талд Батбаяр сууж явсан. Бид нар ертөнцийн зүгээр урдаас хойд зүг рүү 7 буудлын автобусны буудал өнгөрөөд 2 дугаар эгнээгээр явж байгаад 1 дүгээр эгнээ рүү шилжиж ороод 7 буудлын цагдаагийн хэсгийн наад талын автобусны буудал руу дөхөж яваад автобусны буудлын нэгдүгээр эгнээнд зогсож байсан автобусны хойд талаас тоормос гишгэсэн боловч автобусны араас мөргөсөн. Ингэж мөргөх үедээ жолооч жолооны хүрдээ мөргөсөн, Батбаяр “амьсгалж чадахгүй байна” гэж хэлсэн. Би машинаас буугаад ээлжийн ахлагч руу мэдэгдсэн. Араас машин ирж Батбаяр, Амгаланбаатар бид 3 гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн. Батбаярын гар хугарсан, Амгаланбаатар толгой доргилттой, миний хөл зөөлөн эдийн гэмтэл авсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 93 дугаар хуудас/

Иргэний хариуцагч Д.Цэндсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Манай төвийн Х.Старекс маркийн 03-52 УНТ Улсын дугаартай автомашины жолооч Д.Амгаланбаатар нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 25 минутын орчим Хандгайт руу яаралтай дуудлаганд явж байх үедээ Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 7-н буудлын замд Х.Аэро сити маркийн 42-29 УНҮ Улсын дугаартай автобусыг мөргөж дуудлаганд хамт явсан эмч  Батбаярын биед хүндэвтэр гэмтэл учруулсан байна. Жолооч Д.Амгаланбаатар манай байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилдаг, осол болсон өдрөөс хойш ажлаа хийхгүй байгаа болно. Хохирогч Батбаярын эмчилгээнд гарсан хохирлыг зардлыг хуулийн дагуу шийдвэрлэх болно…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

Иргэний хариуцагч Д.Цэндсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...манай төвийн жолооч Д.Амгаланбаатар нь өөрийн байгууллагын эзэмшлийн Х.Старекс маркийн 03-5 УНТ улсын дугаартай автомашиныг жолоодон осол гаргаж автомашинд нийт 10.614.300 төгрөгийн хохирол, шууд хохирол 9.654.300 төгрөгийн хохирол учруулсан болно. ... “Монгол Хьюндай Автомотив” ХХК-аас үнийн санал авсан. Энэ байгууллагаар засвар, үйлчилгээ хийлгэх болно. Сэлбэгийн үнэ 12.140.000 төгрөг, ажлын хөлс 1.230.000 төгрөг кузов засварын хөлс 970.000 төгрөг нийт 14.340.000 төгрөгийн үний санал байгаа болно. Буруутай жолоочоос энэ хохирлыг гаргуулж авах болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч П.Очирпүрэв мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад манай байгууллагын эзэмшлийн “Хьюндай Аэро сити” маркийн 42-29 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас Түргэн тусламжийн төвийн  “Хьюндай Старекс” маркийн 03-52 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөсөн болохыг тухайн өдөр нь мэдэж байсан. Би тухайн үед зорчигч болон жолоочид гэмтэл учирсан талаар асууж байхад гэмтэл учраагүй гэж байсан. Манай байгууллагын Хьюндай Аэро сити маркийн 42-29 УНҮ улсын дугаартай автобусанд 370.000 төгрөгийн шууд, 490.400 төгрөгийн нийт хохирол учирсан нь Вендо үнэлгээний газраас гаргасан байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “…Зам Тээврийн осол, хэрэг болсон гэх газар нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо 7 буудлаас  хойшоо зуслан явдаг зам буюу Дамбадаржаа руу салдаг уулзварын урд замд үйлдэгдсэн. Уг зорчих хэсгийн өргөн 7.30 метр, үзэгдэх орчин чөлөөтэй суурингийн  доторх, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 4 эгнээтэй, явган хүний гарцгүй, явган хүний замтай, автобусны зогсоол бүхий, хуурай, шулуун тэгш хатуу хучилттай асфальтан, хайсгүй, хашлагатай зорчих хэсэгтэй байна …” гэжээ /хх-ийн16-21 дүгээр хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10768 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт:

  1. Б.Батбаярын биед баруун атгаал ясны хугарал, тархи доргилт, цээж, зүүн шилбэ, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна…” гэжээ. /хх-ийн 95 дугаар хуудас/,

 

Вендо компанийн №07954570 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайланд “...шууд зардал 370.000 төгрөг, нийт 490.400 төгрөг...” гэжээ /хх-ийн 79-80 дугаар хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн №1322 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайланд “...шууд бус зардлын дүн 9.654.300 төгрөг, нийт 10.614.300 төгрөг...” гэжээ /хх-ийн 59 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн техникийн шинжээчийн ¹4297 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн Hyundai Starex маркийн 03-52 УНТ улсын дугаартай тусгай зориулалтын автомашин нь урд талаар их эвдрэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдал хангахгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн автомашинд капот хойш чигт нугарч, зурагдаж, хар мөрүүд үүссэн, баруун урд далбааны урд үзүүр хэсэгт 9Х2,5 см хэмжээтэй будаг ховхорч унасан, зүүн урд далбаа 36Х40 см хэмжээтэй урдаас хойш чигт нугарч гулзайсан, зүүн их гэрэл 40Х34 см хэмжээтэй хугарч бутарсан, хол, ойрын гэрлийн чийдэн бүтэн, ороомог утас тасарсан, баруун их гэрлийн бүрхүүл цуурч хугарсан, урд бамбай хоёр үзүүрээр салж дэрвийж, үрэгдэж, зурагдаж, хагарч, хар мөрүүд үүссэн, хөргөлтийн системийн радиатор гулзайж, битүүмжлэл алдсан, жолооны хүрдний голд байрлах аюулгүйн хийн дэр задарсан эвдрэл гэмтэлтэй байна.

            3. Дээрх эвдрэл гэмтэд ослын үед үүсэх үндэслэлтэй тул осолд нөлөөлөхгүй.

            4. Нөлөөлөхгүй.

            5. Тоормос шингэн дамжуулагатай, ABS  системээр тоноглогдсон.

            6. ABS системийн мэдрэгч утас салгасан тул ажиллахгүй. Ашиглалтын явцад үүссэн байна.

7. Автомашин өөрөө явах боломжгүй тул мөр үүсэх эсэхийг тодорхойлох боломжгүй.

8. Шинжилгээнд ирүүлсэн Hyundai Starex маркийн тусгай зориулалтын бага оврын микробусны дугуйн хээ элэгдлийн хязгаарт хүрсэн, хээний гүн газарт тулах хэсгээр 1,6 мм-ээс 1,9мм хэмжээтэй байгаа нь MNS4598-2011 стандартын 5.14.3-д заасан “2.0 мм-ээс багагүй байх” зэрэг шаардлагууд хангахгүй байна…” гэжээ /хх 101-103 дугаар хуудас/,

 

            Замын цагдаагийн албаны техникийн №685 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Хариулт:

            1. Жолооч Д.Амгаланбаатар нь Хьюндай Старекс маркийн 0352 УНТ улсын дугаартай автомашиныг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 10.3. “Тээврийн хэрэгслийн зөвхөн зүүн талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байх бөгөөд Түргэн тусламжийн төвийн шалгах механик Очгэрэлийн Мөнхням нь Замын Хөдөлгөөний Дүрмийн 3 дугаар хавсралт 3.3 Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, албан тушаалтан дараах үүргийг хүлээнэ: а/ стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй, мөн тогтоосон журмын дагуу техникийн улсын үзлэг, тооллогод ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэснийг зөрчиж техникийн стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан нь 3 дугаар хавсралтын 3.3 дахь заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Хьюндай Аеро сити маркийн 4229 УНҮ улсын дугаартай автомашины жолооч Н.Ганзориг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй үндэслэлтэй байна…” гэжээ /хх-ийн 123-124 дүгээр хуудас/

 

Замын цагдаагийн албаны техникийн №324 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд: “...Хариулт:

1. H.Starex маркийн 03-52 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Д.Амгаланбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 “тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Н.Aerocity маркийн 42-29 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Н.Ганзориг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Түргэн тусламжийн төвд шалгах мехникаар ажиллаж байгаа О.Мөнхням нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 3. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг  хангах талаар иргэн, албан тушаалтан дараах үүргийг хүлээнэ:

а/ стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй, мөн тогтоосон журмын дагуу техникийн улсын үзлэг, тооллогод ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгсэлийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт 3. Дугуй 3.1. Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ачааны автомашинд 1мм, автобус, троллейбусанд 2 мм, мотоцикл, мопедод 0.8 мм-ээс бага болсон: Монгол Улсын стандарт MNS 4598:2011-ийн 5.4.13-т мөн адил заасан байна/

4. Замын цагдаагийн албаны 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ¹685 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэх талаар Шүүхийн шинжилгээний тухай уулийн 17 дугаар зүйлийн 17.4. “шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна” гэж заасан учир уг асуултанд хариулах боломжтой болно.

5. Шинжилгээний явцад уг зам тээврийн осолтой холбоотой шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно…” гэжээ /хх-ийн 2хх 38  дугаар хуудас/

 

Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 22 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн  техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 23-24/, жолоочийн үнэмлэх түр хураасан тэмдэглэл /хх-ийн 25 дугаар хуудас/, Д.Амгаланбаатарын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 149/, засвар үйлчилгээний үнийн санал /хх-ийн 64-69/, Д.Амгаланбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 150/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 153/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 154/, О.Мөнхнямын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 155/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 156/, бакалаврын дипломны хуулбар /хх-ийн 158/, магистрын дипломын хуулбар /хх-ийн 159/, О.Мөнхнямын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /161-164 дүгээр хуудас/, авто тээврийн хэрэгслийн хувийн хэрэг /хх-ийн 190-211 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Прокуророос О.Мөнхнямыг 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Түргэн тусламжийн төвд шалгах механикаар ажиллаж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 3.а-д заасан бүрэн бус тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулснаас Автотерминал трейд компанийн Хьюндай Аэро сити маркийн 42-29 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 370.000 төгрөгний шууд, 490.400 төгрөгийн нийт хохирол, Түргэн тусламжийн төвийн эзэмшлийн Хьюндай Старекс маркийн 03-52 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 9.654.300 төгрөгийн шууд, 10.614.300 төгрөгийн нийт хохирол, зорчигч Б.Батбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхүй болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Амгаланбаатар нь Хьюндай Старекс маркийн 03-52 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэт түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэт түрүүлж болно” гэсэн заалтыг зөрчсөн үйлдлийн улмаас хохирогч Б.Батбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, тээврийн хэрэгслүүдэд гэмтэл учруулсан Д.Амгаланбаатарын хэт болгоомжгүй үйлдэл, үйл ажиллагаанаас шууд шалтгаант холбоотой үүссэн нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Замын хөдөлгөөнд оролцогч жолооч Д.Амгаланбаатар нь ажлын шаардлагаар түргэн явах зорилгоор урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдлийг Замын хөдөлгөөний дүрэмд зааснаас зөвшөөрөөгүй байдлаар үйлдэл гаргасан нь шалгах механикаар ажиллаж байсан О.Мөнхнямын үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй ба тэрээр Эрүүгийн хуульд заасан эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж шүүх үзээгүй болно.

Харин хэрэг болсон өдөр О.Мөнхням нь Түргэн тусламжийн төвд шалгах механикаар ажиллаж байхдаа Хьюндай Старекс маркийн 03-52 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг стандартын шаардлага хангаагүй, техникийн гэмтэлтэй бүрэн бус тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг зөвшөөрсөн нь гэмт хэргийн шалтгаан нөхцөл болсоныг тэмдэглэх нь зүйтэй.        

Шүүгдэгч Д.Амгаланбаатар нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 25 минутын үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо 7 буудлын замд “Түргэн тусламжийн төв”-ийн эзэмшлийн “Хьюндай Старекс” маркийн 03-52 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэт түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэт түрүүлж болно” гэсэн заалтыг зөрчсөнөөс “Автотерминал трейд” компанийн эзэмшлийн “Хьюндай Аеро сити” маркийн 42-29 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс, уг тээврийн хэрэгсэлд 370.000 төгрөгийн шууд, 490.400 төгрөгийн нийт хохирол, “Түргэн тусламжийн төв”-ийн эзэмшлийн “Хьюндай Старекс” маркийн 03-52 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 9.654.300 төгрөгийн шууд, 10.614.300 төгрөгийн нийт хохирол, зорчигч Б.Батбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

- шүүгдэгч Д.Амгаланбаатарын “...эмч Батбаяр, дагалдан эмч Баярлах нарын хамт Нийслэлийн түргэн тусламжийн төв дээрээс дуудлагад гарсан. Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо 7 буудлын замаар өөрийн байгууллагын эзэмшлийн “Хьюндай Старекс” маркийн 03-52 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ертөнцийн зүгээр урдаас хойд зүг рүү 45 км цагийн хурдтай 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү шилжиж орох үед 1 дүгээр эгнээнд автобусны буудал дээр “Хьюндай Аэро сити” маркийн 42-29 УНҮ улсын дугаартай автобус хүн буулгаж байхыг би 7-8 метрийн зайнаас хараад тормос гишгэсэн боловч машин зогсолгүй уг зогсож байсан автобусны хойд талаас нь мөргөсөн....” гэсэн мэдүүлэг,  

- хохирогч Б.Батбаярын “...дуудлага аваад жолооч Амгаланбаатар мөн дагалдах эмч Баярлах нарын хамт дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн 24-р хороо руу гарсан. ...ойролцоогоор 60 орчим км/цагийн хурдтай явж байхад урд нэг цемент ачдаг зуурдаг машин явж байсан ба жолооч нөгөө машины хажуугаар гартал өмнө нэг автобус тулаад ирсэн. Тэгээд жолооч машинаа зогсоож чадалгүй нөгөө автобусны араас шууд очоод мөргөчихсөн...” гэсэн мэдүүлэг,

- гэрч Н.Ганзоригийн “...хүнээ буулгачихаад дөнгөж хөдлөөд явж байхад араас тас хийх чимээ гараад хүмүүс орилолдоод явчихаар нь буугаад хартал нэг түргэний машин мөргөсөн байсан....” гэсэн мэдүүлэг, 

- гэрч М.Баярлахын “...дуудлага руу жолооч Амгаланбаатар, их эмч Батбаяр нарын хамт Амгаланбаатарын жолоодож явсан машины жолоочийн хажуугийн суудал дээр би өөрөө харин миний баруун гар талд Батбаяр сууж явсан. Бид нар ертөнцийн зүгээр урдаас хойд зүг рүү 7 буудлын автобусны буудал өнгөрөөд 2 дугаар эгнээгээр явж байгаад 1 дүгээр эгнээ рүү шилжиж ороод 7 буудлын цагдаагийн хэсгийн наад талын автобусны буудал руу дөхөж яваад автобусны буудлын нэгдүгээр эгнээнд зогсож байсан автобусны хойд талаас тоормос гишгэсэн боловч автобусны араас мөргөсөн...” гэсэн мэдүүлэг,

- шинжээч В.Балжиннямын “...Тээврийн хэрэгслийн зүүн гар талаар түрүүлж явах ёстой. Эргэх дохио өгсөн тээврийн хэрэгслийг баруун гар талаар түрүүлж болно. Ингэхдээ баруун гар талаар түрүүлэхдээ автобустай тулгараад, тээврийн хэрэгслийг зогсоох цаг хугацаа, орон зай байхгүй байсан учир автобусны араас очиж мөргөсөн байдаг...” гэсэн мэдүүлэг,

- шинжээч Э.Энхболдын “...ослын хувьд зүүн гартаа жолооны хүрдтэй автомашины жолооч миксер маркийн автомашинтай ойрхон зайтай явж байсан нөхцөл байдал хэргийн газрын үзлэгээс харагддаг. Хэргийн материалд авагдсан баримтуудаар бодит байдал дээр урд явж байгаа автомашиныг гүйцэж, урд орж цааш чөлөөтэй хурдаа хадгалаад явах гэсэн нөхцөл байдал байсан...” гэсэн мэдүүлэг,

- шинжээч Б.Эрдэнэхуягын мэдүүлэг,

- иргэний нэхэмжлэгч П.Очирпүрэвын мэдүүлэг,

- иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч Д.Цэндсүрэнгийн мэдүүлэг,

-Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10768 дугаартай дүгнэлт,

- Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн ¹685, №324 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд,

- “Вендо” компанийн №07954570 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан,

“Ашид билгүүн” ХХК-ийн №1322 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн техникийн шинжээчийн ¹4297 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчээс тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн осол гаргасан талаар мэдүүлж, хохирогч, гэрч нараас хэргийн үйл явдал, нөхцөл байдал, үүнээс үүссэн хохирол, хор уршиг болон хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйлүүдийг тодорхой мэдүүлж, гэмт хэрэг гарсан газар, зам орчны нөхцөл байдал нь Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд тусгагдаж, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Б.Батбаярт хүндэвтэр хохирол, тээврийн хэрэгслүүдэд эвдрэл гэмтэл учирсан болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, техникийн шинжээчийн дүгнэлт, автомашины техникийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогдож, шүүгдэгч Д.Амгаланбаатар нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн болохыг Замын цагдаагийн албаны техникийн шинжээч, шинжээчдийн удаа дараагийн гаргасан шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчдийн мэдүүлэг болон хэрэг цугларсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Амгаланбаатарын үйлдэл нь “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих ” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүх шүүгдэгч Д.Амгаланбаатарыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол /Хьюндай Аеро сити” маркийн 42-29 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 370.000 төгрөгийн шууд, 490.400 төгрөгийн нийт хохирол, “Хьюндай Старекс” маркийн 03-52 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 9.654.300 төгрөгийн шууд, 10.614.300 төгрөгийн нийт хохирол/ учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Амгаланбаатарын өмгөөлөгчөөс “... Д.Амгаланбаатар тухайн үед шаардлагатай арга хэмжээ авсан үйлдэл нь хэргийн газрын хэмжилтийн үзүүлэлтээр тогтоогдсон. Ямар нэгэн үйлдэл хийхгүйгээр шууд автобусны араас очиж мөргөсөн бол шүүгдэгч Д.Амгаланбаатарын буруу болох байсан. Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэдэг хуулиар тогтоосон шаардлагатай арга хэмжээг авсан уу гэдэг асуудал дээр дүгнэлт хийж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна. Иймд Д.Амгаланбаатарын үйлдэл гэмт хэргийн шинжгүй учир гэм буруугүйд тооцож өгнө үү...” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хэрэг гарсан өдөр “Түргэн тусламжийн төв”-ийн жолоочоор ажиллаж байсан Д.Амгаланбаатар нь тус байгууллагын “Хьюндай Старекс” маркийн 03-52 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ажил үүргийнхээ хүрээнд яаралтай дуудлагын дагуу жолоодон явахдаа маш яаравчлан тээврийн хэрэгслийг баруун гар талаар түрүүлэх зорилготой байсан болох нь шүүгдэгч Амгаланбаатар, хохирогч Б.Батбаяр, гэрч М.Баярлах нарын мэдүүлгээр, “Хьюндай Старекс” маркийн 03-52 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй 2 зорчих хэсэг эгнээтэй замын 1 дүгээр эгнээнд “Хьюндай Аеро сити” маркийн 42-29 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн байдалтай зогсож байгаа нь Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тогтоогдох ба энэ үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, тээврийн хэрэгслүүд эвдэрч гэмтсэн ба хэргийн нөхцөл байдлуудыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан буюу “гүйцэж түрүүлэх” үйлдлийг тухайн дүрэмд заасныг зөрчиж үйлдсэн талаар удаа дараагийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй, нотлох баримтын ач холбогдол бүхий гэж үзэх хуульзүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Амгаланбаатар нь ажлын шаардлагаар тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа урдаа байгаа саад буюу тээврийн хэрэгслээс түрүүлж явахын тулд цаг хугацаа, орон зай, зам орчин, тээврийн хэрэгслийн хурд /бүрэн бүтэн байдал/ зэргийг тооцоолоогүй, аюулгүй байдлыг хангахгүйгээр боломжгүй нөхцөл байдалд гүйцэж түрүүлэх үйлдлийг Замын хөдөлгөөний дүрэмд заасныг зөрчиж үйлдсэнээс уг гэмт хэрэг үйлдэгдсэн байна.  

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар “Хьюндай Старекс” маркийн 03-52 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бүрэн бус байсан нөхцөл байдал байх боловч энэ нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гэж үзэх хангалттай баримтаар нотлогдоогүй гэж шүүх үзсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Д.Амгаланбаатарын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, түүнд холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар зөв дадал хэвшээгүй байдал нөгөө талаас ажил олгогч буюу байгууллагаас тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон ажилчидийн үйл ажиллагаанд зохих хяналт тавьж, холбогдох арга хэмжээ авдаггүй зэрэг нөхцөл байдлууд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч Д.Амгаланбаатар нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хамаарч тухайн гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн байх тул “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Батбаяр нь 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...жолооч Д.Амгаланбаатараас эмчилгээ, сувилгаа, эм тариа, эмийн хэрэгсэлд гаргасан зардлаа, цалингийн зөрүүний хамт /нийгмийн даатгалын дэвтрээс тооцож болох тул хуулбарлаж нотариатаар батлуулан хүргүүлсэн ба миний цалингийн тодорхойлолт хавтаст хэргийн 45 дугаар хуудсанд байгаа/ нэхэмжилж байна...” гэсэн байх ба гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээ, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ авсан зардал, тээврийн зардал, хүнсний зардал зэргийг нэхэмжилсэн баримтанд тулгуурлаж 1.267.402 төгрөгийг Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвөөс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн ба харин цалингийн зөрүүтэй холбоотой төлбөрийг хэлэлцэхгүй орхисон болно.

 

Шүүгдэгч Д.Амгаланбаатар нь Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвд хөдөлмөрийн гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэх явцад бусдад учруулсан хохирлыг түүнийг ажилуулж байсан байгууллага хариуцах талаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т заасныг баримтлан шийдвэрлэв. 

 

Хавтаст хэргийн 45 дугаар хуудсанд Нийслэлийн түргэн тусламжийн төвийн тодорхойлолт байх ба үүнд Б.Батбаярын сарын дундаж цалинг 1.021.800 төгрөг гэсэн байх ба хохирогчийн хүсэлтэд үндсэн цалин 800.000 төгрөг гэж зөрүүтэй байдлаар тодорхойлсон, түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзвэл хохирогч Б.Батбаярын цалингийн хэмжээ өссөн буурсан зэргээр харилцан адилгүй байгаа талаар баримтуудад үндэслэн шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

 

Хохирогч Б.Батбаяр нь сард тогтмол авдаг цалин хөлсний хэмжээг тодорхойлсон эрх бүхий албан тушаалтны шийдвэр, /ажилладаг байгууллагаас тодорхойлсон бус/, хэзээнээс хэдий хугацаагаар ажил хөдөлмөр эрхлээгүй буюу хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг тодорхойлсон лист олгосон баримт байхгүй тул шүүх энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, баримтаа бүрдүүлэн мөн цаашид гарах гэм хорын хохирлоо гэм буруутай этгээд болох Д.Амгаланбаатараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээв.

 

Харин мөрдөн байцаалтын явцад хохирогч Б.Батбаяраас гаргасан гэмт хэргийн явцад хохирогч Б.Батбаярын гар утас гэмтсэн талаар нотлох баримт байхгүйгээс гадна, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар хохирогч буюу үйлчлүүлэгчээс өмгөөлөгчтэй харилцан тохиролцсон өмгөөллийн хөлс зэргийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй болохыг тэмдэглэв.    

 

  Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Амгаланбаатараас 10.614.300 /арван сая зургаан зуун арван дөрвөн мянга гурван зуун/ төгрөгийг гаргуулж Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Очирпүрэвтэй шүүгчийн туслах удаа дараа холбогдоход “хохирол төлөгдсөн, гомдол саналгүй” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх тул “Авто терминал трейд” ХХК-нд шүүгдэгч Д.Амгаланбаатар, иргэний хариуцагчаас төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.Мөнхням, Д.Амгаланбаатар нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн ВС ангилалын ¹317776 дугаартай жолоочийн үнэмлэхийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох зүйтэй байна.