| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2409031482266 |
| Дугаар | 2025/ДШМ/788 |
| Огноо | 2025-06-26 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | С.Болорзул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2025/ДШМ/788
2025 06 26 2025/ДШМ/788
М.Н-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Болорзул,
шүүгдэгч М.Н-ын өмгөөлөгч Т.Эрдэнэбат,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/1210 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.Ж-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.Н-т холбогдох эрүүгийн 2409031482266 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
... овгийн ...-ын Н, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. төрсөн, .. настай, э..эгтэй, ............ тоотод оршин суух, /РД: .............../,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;
Шүүгдэгч М.Н нь 2024 оны 09 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 02 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нью Ворлд” зочид буудлын гадна талбайд хохирогч А.Ж-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, газарт унагаасны улмаас биед нь “суман заадаснаас урагш дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, эрүү, зүүн гуянд цус хуралт, баруун хацар, хоёр сарвуунд зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал” бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч М.Н-т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, шүүгдэгч М.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг сиди-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, хохирогч А.Ж-гийн нэхэмжилсэн сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, “Эм Би Жи мед” эмнэлэгт эмчүүлсэн төлбөр, Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан зардал зэргийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч 1.475.000 төгрөгийг хохирогчид төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч М.Н-т урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч А.Ж гаргасан давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн ерөнхий 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байхад шүүгч нь хүндрүүлэх нөхцлийг харгалзаж үзээгүй 2 дахь удаагаа бусдын биед санаатай халдаж буй этгээдэд торгуулийн ял өгсөн байна.
Яллагдагч энэ төрлийн гэмт үйлдлийг бусдын даалгавраар эсвэл өөрөө 2 удаа үйлдсэн төдийгүй өмнө үйлдээд торгуулийн ял авсан ч засраагүй байхад нь 2 дахиа хүндрүүлэх нөхцлийг харгалзаж үзэлгүй гэмт этгээдэд дахин торгуулийн ял оногдуулсан. 3 жилийн хугацаанд 12.000.000 төгрөг төлөхөөр торгоно гэдэг бол жилд 365 хоног, 3 жилд 1095 хоногийг 12.000.000 төгрөгт хуваахад өдөрт 10.958 төгрөг болно. Энэ нь тухайн яллагдагчид ял завших боломжийг олгож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал”, 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэж хуульд маш тодорхой заасан байхад бусдад давуу байдал бий болгосонд гомдолтой байна.
Миний биед хүнд зэргийн гэмтэл учирсан байхад (Гавлын ясны хугарал) Шүүх шинжилгээний байгууллага хөнгөн зэргийн сэтгэл санааны хохирол тогтоосон буюу албан бичигтээ шүүх эрх бүхий байгууллагаар бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж болно гэсэн байдаг. Шүүгчид уг албан тоотыг болон өөрийн хүсэл зоригоо илэрхийлж бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж хоёрдугаар зэргийн сэтгэл санааны хохиролыг 4 дүгээр зэрэг рүү шилжүүлж дахин бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэх хүсэлт өгөхөд хүсэлтийг хангаагүй байгаа нь илтэд яллагдагч талд ажиллаж байгаа харагдана.
Мөн яллагдагчийн өмгөөлөгч өвчтэй, яллагдагчийн хүү өвчтэй гэж шүүх хурлыг зориудаар хойшлуулах үед баримт материал нь нотлох баримтын шаардлага хангаагүй сканердсан, эмчийн бичвэр биш байна гэж тул шалгуулахаар хүсэл зоригоо илэрхийлэхэд шүүгч нь шүүх хурлыг хойшлуулсан.
Олон удаа хойшлуулаад байгаа шүүгчээс татгалзахад, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хурал дээр миний сэтгэл санааны хохиролд шүүх шинжилгээний байгууллагын гаргасан дүгнэлтэд бүрэлдэхүүнтэй шинжээч томилох хүсэлтийг харгалзан үзэлгүй шүүх хурлыг шууд явуулж шийдвэрлэсэн болов ч хохирлыг иргэний журмаараа шийдүүлж аваарай гэж дахиад л хохирогчид хохирлыг нь үлдээсэн байна.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эрх хэсэг, 1.9 дэх заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжпэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” гэж заасан байхад миний хүсэлтийг огт харгалзаж үзээгүй.
Шүүгч хохирогчийг хохирлоо өөрөө тооцоод ир гэсэн бөгөөд миний бие мэргэжлийн үнэлгээний компаниаар хохирлын үнэлгээг хийлгэхэд 30.000.000 төгрөг болсон байна. Энэ тухай материалыг хавсаргахад шүүгч нь энэ яаж 1 өдрийн өвдсөн зардлыг гаргаад байгаа юм гэх үед нийт эмнэлэгт хэвтсэн зардлыг нийт эмнэлэгт хэвтсэн хоногт хуваахад 1 өдрийн өвчин шаналалын дүн гарч байна гэхэд чи зарагч уу? тийм эсвэл үгүйгээ хэлээч гэх мэтчилэн Шүүхийн тухай хуульд заасан тэгш эрхтэй байх зарчмыг алдагдуулан ажилласан харамсалтай байна.
Мөн М.Н нь чи Ж батланд байсан шигээ байгаарай гэх заналхийлсэн үгийг хэлсэн нь гэм буруугаа ухаараагүй, цаашид бусдын амь, нас эрүүл мэндэд халдах нь тодорхой байна. Тэр гавлын ясны хугарал гэсэн хүнд гэмт үйлдэл хийчихээд эмчилгээний зардлыг дутуу төлсөн. Гэм буруугүйн шүүх хурлын өмнөх өдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 1.470.000 төгрөг шилжүүлсэн байдал нь гэм буруугаа ухаараагүйг илтгэж байна.
Бусдын биед санаатай хүнд гэмтэл учруулчихаад ухаангүй байхад нь орхиод явсан асуудал нь эмнэлэг дуудаагүй, амь эрсдэх эрсдэлтэй байсныг илтгэж байх тул санаатай гэмт үйлдэлд нь 3 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Мөн М.Н-ын учруулсан сэтгэл санаа, эм тариа, эмчилгээ, ажилгүй байсан хугацааны зардал нийт 30.000.000 төгрөгөөс 1.470.000 төгрөгийг хасаж үлдсэн 29.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Ж надад олгож өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч М.Н-ын өмгөөлөгч Т.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс М.Н-ыг торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон. Дээрх ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан анхаарах зүйлүүдийг нэг бүрчлэн тусгаж, ял оногдуулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч М.Н болон өмгөөлөгчийн зүгээс түүний гэм буруутай үйлдэлд маргадаггүй. Хэрэгт шалгавал зохих зүйлүүд байгаа эсэх асуудлыг шүүх хуралдаан даргалагчид хандаж тавьсан. Шүүхээс дээрх асуудлыг шалгах шаардлагагүй. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Анхан шатны шийтгэх тогтоолд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргаагүй. Шүүгдэгч М.Н-ын тухайд, хохирогч А.Ж-д гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан хохирлыг бүрэн барагдуулсан. Иймд хохирогч А.Ж-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч М.Н нь өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, дээрх ялыг бүрэн эдэлсэн. Энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргасан. Хохирогчийн зүгээс нэхэмжилсэн эмчилгээний болох “Эм Би Жи мед” эмнэлгийн нэхэмжлэх байдаг. Уг хохирлыг төлсөн талаарх баримт хэрэгт байхгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Болорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Н-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан. Шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар, нөхцөл байдлыг харгалзан үзэж прокурорын зүгээс 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргасан боловч шүүхээс торгуулийн ял оногдуулсан. Шүүх хэрэгт авагдсан баримтууд, дотоод итгэл үнэмшилдээ үндэслэн дээрх ялыг оногдуулсан. Уг шийдвэрийг прокурорын зүгээс үндэслэлгүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Ж-гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Прокуророос М.Н-ыг 2024 оны 09 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 02 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Ж-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохиж, газарт унагааж биед нь “суман заадаснаас урагш дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, эрүү, зүүн гуянд цус хуралт, баруун хацар, хоёр сарвуунд зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал” бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд, шүүгдэгч М.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Хэдийгээр анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулж шийдвэрлэсэн байгаа нь шүүхийн эрх хэмжээний асуудал мэт боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан шүүгдэгчийн хувийн байдалд нь тохируулан ялыг зохистой сонгох, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой оногдуулах ёстой.
Тодруулбал, шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэгт тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэлбэр, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тохирсон байх учиртай.
Шүүх хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ эрүүгийн хуулийн зорилго, нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг илэрхийлж чадахуйц дүгнэлтийг хийсний үндсэн дээр ялын төрөл хэмжээг сонгон оногдуулах нь шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.
Иймд хохирогч А.Ж-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хохирогч А.Ж-гийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/1210 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч М.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР