Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2017/01939

 

 

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2017/01939

 

 

Э.Төгөлдөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/01454 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Төгөлдөрийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч "Эм Жи Эл Кей Ар" ХХК холбогдох

 

Гэрээний үүрэгт 38 450 000 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Төгөлдөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Төгөлдөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: "Эм Жи Эл Кэй Ар" ХХК-ийн захирал Б.Алтангэрэл миний мэдлийн Стэзер маркийн өөрөө буулгагч 06-39 УБТ, 06-35 УБТ дугаарын машинуудыг 2015 оны 11 дүгээр сарын 24-нөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 2 cap 8 хоногийн хугацаанд 1 машиныг 1 сарын 8 000 000 төгрөг буюу нийт 2 машины ажлын хөлс 36 000 000 төгрөг, машиныг 2016 оны 02 дугаар сарын 15-наас 2016 оны 02 дугаар сарын 19-нийг хүртэл З хоног саатуулсан төлбөр 1 600 000 төгрөгийг Э.Төгөлдөр надад төлөх. Мөн "Багануур" ХК-ийн технологийн автомашин ашиглалтын хэсэгт 2 машин 2 cap 8 хоног ажилласан ба 2016 оны 01 дүгээр сарын 15-наас 2016 оны 02 дугаар сарын 15-ныг дуустал 06-35 УБТ улсын дугаартай машиныг Багануур дулааны станц ТӨК-д тус тус нүүрс тээвэрлүүлэхээр давхар ажиллуулсан байна. Үүний 15 хоногийн машин ажиллуулсан төлбөр болох 4 000 000 төгрөг, нийт 41 600 000 төгрөгийг өгөх ёстойгоос өнөөдрийг хүртэл тус компанийн захирал Б.Алтангэрэл нь 1 900 000 төгрөг, 1 240 000 төгрөгийн сэлбэгийн тооцооноос өөр тооцоо хийлгүй хохирсоор байна.

Би өөрийн 2 машинаа холбогдох бичиг баримтад тулгуурлан уурхайн захиргаанаас 2016 оны 02 дугаар сарын 19-нд авсан. Иймд хариуцагч "Эм Жи Эл Кэй Ар" ХХК-иас 38 450 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Эм Жи Эл Кэй Ар" ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Э.Төгөлдөрийг танихгүй, бидний хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Э.Төгөлдөр нь н.Шинэбаяр гэдэг хүнтэй хийсэн гэрээ хэлцэл огт байхгүй. н.Болдбаатар гэдэг хүн надтай гэрээ хийсэн. Эдгээр зардлууд нь н.Болдбаатар мөнгө байхгүй машины эвдрэлийг чи хариуцаад дараа нь манай тооцооноос хасчих гэж бид тохиролцож байсан. Манай ажил дууссан байхад нэхэмжлэгч нь нэг өдөр залгаж гэрээ хиймээр байна гэж хэлэхэд би манай ажил дууссан учраас манайх ямар нэгэн гэрээ хийхгүй гэж хариулсан. Би н.Болдбаатартай өдөрт 25 рейс хийхээр тохиролцож гэрээ хийсэн. Энэ Э.Төгөлдөр гэдэг хүн надтай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Эм Жи Эл Кей Ар" ХХК-иас 28 374 400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Төгөлдөрт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 10 075 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358 000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч "Эм Жи Эл Кей Ар" ХХК-иас 299 822 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Төгөлдөрт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоогийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Э.Төгөлдөр нь М.Болдбаатарт 2 автомашиныг хариуцуулан өгч Багануур дүурэгт ажиллуулахаар явуулсан гэсэн тайлбар өгснөөс үзэхэд хариуцагч Эм Жи Эл Кэй Ар ХХК-тай Э.Төгөлдөр бус Э.Болдбаатар амаар хэлцэл хийж хэлцлийн гол нөхцөлийн талаар тохиролцож ажил гүйцэтгэсэн болох нь зохигчдын тайлбар, гэрч Э.Болдбаатарын мэдүүлэг, зэргээр тогтоогдсон байдаг. Нэхэмжлэгч Э.Төгөлдөр нь 2 автомашиныг Б.Болдбаатарт хариуцуулан өгч ажил гүйцэтгүүлэхээр явуулсан нь нэхэмжлэгч эд хөрөнгө хөлслөх хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийсэн байна гэж үзэх үндэсгүй юм. Учир нь Иргэний хуулийн 62.3-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг. Тэгвэл Э.Төгөлдөр, М.Болдбаатарт ямар нэгэн итгэмжлэл олгоогүй зөвхөн автомашиныг түүнд хариуцуулан өгсөн бөгөөд Б.Болдбаатар уг автомашинаар ажил гүйцэтгэхээр хэлцэл хийх боломж олгосон болохоос хуулийн дагуу буюу итгэмжлэлээр төлөөлөөгүй байна. Ийм ч учраас хариуцагч компанитай М.Болдбаатар нь ажил гүйцэтгэхээр гэрээний гол нөхцөлийг амаар хэлэлцэн тохиролцож ажилласан байдаг. Өөрөөр хэлбэл, компанитай Э.Төгөлдөр биш автомашиныг хариуцан авсан М.Болдбаатар амаар хэлцэл хийсэн гэж үзэх үндэстэй байхад шүүх нэхэмжлэгч нь Э.Төгөлдөр гэж үзэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй болжээ. 2017.04.03-ны өдөр нэхэмжлэгч Э.Төгөлдөрт шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгосон байхад /х.х-85/ 2016.12.19-ний өдөр Э.Төгөлдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Эндээс үзэхэд нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байхад ИХШХШТХ-ийн 65.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байсан. Нэгэнт иргэний хэрэг үүсгэсний дараа энэ нөхцөл байдал тогтоогдсон бол шүүх ИХШХШТХ-ийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх байтал шүүх хууль буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт зөвхөн хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэн хэлцлийн дагуу ажилласан хоногийг 106 гэж тооцсон нь үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч талаас гаргаж өгсөн Эм Жи Эл Кэй Ар ХХК-ийн 2015-2016 оны гүйцэтгэлийн тайланд М.Болдбаатарын авч очиж ажил гүйцэтгэсэн 2 автомашины ажилласан хоногийг нийт 55, 53 хоног ажилласан гэсэн нотлох баримт авагдсан байхад /х.х-86,87/ энэ нотлох баримтыг огт үнэлээгүй байгаа нь ойлгомжгүй байна. Шүүх талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнээд нэг сарын 8 000 000 төгрөгөөр автомашиныг хөлслөх гэрээний нөхцлийн дагуу хөлсөө шаардах эрхтэй гэж дүгнэсэн атлаа хариуцагчийн гаргасан нотлох баримтад тулгуурлан нийт гүйцэтгэсэн ажлыг рейсийн тоонд хувааж байгаа нь дээрх дүгнэлтээ үгүйсгэсэн, нэг үйл баримтыг хоёр өөрөөр тайлбарлаж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч 55, 53 хоног хөлсөөр ажиласан гэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд энэ нотлох баримтад үндэслэн тооцоход 14 770 980 төгрөгийн хөлс олгох тооцоо гарч байна. Үүнээс нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон сэлбэгийн зардал 3 265 600 төгрөг, бэлнээр авсан 1 900 000 төгрөг, хоолны мөнгө 1 360 000 төгрөг, буудлын хөлс 50 000 төгрөг, бүгд 6 5 75 000 төгрөгийг хасаж тооцвол 8 195 980 төгрөг гарч байгаа бөгөөд зардлын тооцоог М.Болдбаатар шүүхэд мэдүүлэг өгөхдөө 21.0 төгрөг гэж хүлээн зөвшөөрсөн байхад хасаж тооцоогүй нь ойлгомжгүй байна. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, үнэн зөв эргэлзээгүй байдлаар үнэлж дүгнэлт хийж чадаагүй, тооцоог бодитой зөв хийж чадаагүй учраас 28 374 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нзхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.20-ны өдрийн 184/ШШ2017/01454 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан, нотлох баримтыг хуульд зааснаар үнэлэн шийдвэрлэсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул зөвтгөж өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Э.Төгөлдөр нь хариуцагч "Эм Жи Эл Кей Ар" ХХК холбогдуулан гэрээний үүрэгт 38 450 000 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй гэж маргажээ.

 

"Эм Жи Эл Кэй Ар" ХХК болон захирал Б.Алтангэрэл нь Э.Төгөлдөрийн эзэмшил, мэдлийн Стэзер маркийн өөрөө буулгагч 06-39 УБТ, 06-35 УБТ дугаарын автомашинуудыг 2015 оны 11 дүгээр сарын 24-нөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 2 cap 8 хоногийн хугацаанд 1 машиныг, 1 сарын 8 000 000 төгрөг төлөхөөр тохирч өөрийн эзэмшилд авсан. Хариуцагч уг автомашинуудыг ашиглан 2015 оны 11 дүгээр сарын 24-нөөс 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл "Багануур" ХК-ийн технологийн автомашин ашиглалтын хэсэгт, мөн 2016 оны 01 дүгээр сарын 15-наас 2016 оны 02 дугаар сарын 15-ныг дуустал 06-35 УБТ улсын дугаартай машиныг Багануур дулааны станц ТӨК-д давхар нүүрс тээвэрлүүлэн ажиллуулсан боловч тохирсон төлбөрийг төлөөгүй үйл баримт тогтоогдсон байна.

 

Э.Төгөлдөр нь 06-39УБТ, 06-35УБТ улсын дугаартай автомашиныг жолооч М.Болдбаатарт хариуцуулан өгч, Багануур дүүрэгт ажиллуулахаар явуулснаар Э.Төгөлдөрийн зөвшөөрлөөр "Эм Жи Эл Кей Ар" ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу "Эм Жи Эл Кей Ар" ХХК-ийн нэрийн өмнөөс "Багануур" ХК, "Багануур дулааны станц" ТӨХК-д ачаа тээврийн ажил гүйцэтгэжээ.

 

Дээрх тохиролцоо, үйл баримтаас дүгнэвэл гэрээний нэг тал нь аж ахуйн үйл ажиллагаа явуулж, ашиг олох зорилгоо биелүүлэхэд нь зориулж 2 автотехникийг шилжүүлсэн, нөгөө тал нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөхөөр тохиролцсон байгаагаас үзэхэд тухайн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ гэж үзэхээр байхад анхан шатны шүүх хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэл муутай бөгөөд буруу болжээ.

 

Талууд уг гэрээг амаар тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугааар зүйлийн 318.3 дах хэсэгт заасан түрээсийн гэрээг бичгээр байгуулах шаардлагыг зөрчсөн тул Иргэний хуулийн 318 дугаар зүлйийн 318.4 дэх хэсэгт зааснаар тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй. Иймээс нэхэмжлэгч гэрээний үүргээр 38 450 000 төгрөгийг шаардах эрхгүй юм.

 

Харин хариуцагч "Эм Жи Эл Кей Ар" ХХК нь бусдын эзэмшлийн хөрөнгийг буюу 2 авто өөрөө буулгагчийг ашиглан тодорхой хэмжээний орлого олсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох "Багануур дулааны станц" ТӨХК-ийн борлуулатын нябо Ө.Удвалын тодорхойлолт, "Багануур" ХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02/1117 дугаар албан бичиг, тооцооны баримт, гэрч М.Болдбаатарын мэдүүлэг болон зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээд болох хариуцагч "Эм Жи Эл Кей Ар" ХХК-иас буцаан шаардах эрхтэй гэж үзнэ./хх-8, 9-12/

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө 492.1.1 дэх хэсгийн дагуу буюу хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж зохицуулсан.

 

Шүүх хариуцагчийн төлөх төлбөрийн үүргийг тооцон тодорхойлж, "Эм Жи Эл Кей Ар" ХХК-иас 28 374 400 төгрөг гаргуулан Э.Төгөлдөрт олгож, нэхэмжлэлийн шаардлагын 10 075 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, түүний үндэслэлээ нотлохоор бүрдүүлэн цуглуулж, гаргаж өгсөн нотлох баримтуудыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлэн, маргааны үйл баримт, нөхцөл байдалтай харьцуулан дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Ийнхүү дүгнэхдээ "Эм Жи Эл Кей Ар" ХХК-иас урьдчилан төлсөн сэлбэгийн зардлын үлдэгдэл 115 600 төгрөг, жолооч нарын зочид буудлын зардал 50 000 төгрөг, бэлнээр М.Болдбаатарын зарцуулсан 550 000 төгрөг, жолооч нарын хоолны зардал 1 360 000 төгрөг, сул зогсолтын /30 хоног/ 8 000 000 төгрөг зэргийг хасч, хариуцагч төлөх үүрэггүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.3 дах хэсгийг зөрчөөгүй болно.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хууль хэрэглээний алдааг залруулах боломжтой байна.

 

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч Э.Төгөлдөрт "Мотор сервис" ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хоёр жилийн хугацаатай, дээрх Стэер /STYER/ маркийн өөрөө буулгагч 06-39УБТ, 06-35УБТ улсын дугаартай автомашиныг хариуцаж, ашиглалтын зардлаа бүрэн хариуцаж, захиран зарцуулах, бусдад түрээслүүлэх, олсон орлогыг захиран зарцуулах зөвшөөрлийг итгэмжлэлээр олгосон, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр "Мотор сервис" ХХК-иас өмнөх итгэмжлэлээр олгогдсон орлого олох, орлогоо захиран зарцуулах эрхээ зөрчигдсөн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тодорхойлсон байх тул түүнийг уг нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхгүй этгээд гэж үзэхгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсонгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй юм./хх-7, 85/ Э.Төгөлдөр 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргаснаар Мотор сервис ХХК-ийн эрх ашиг хөндөгдөх боловч уг этгээд ийм байдал дурдаагүй, харин ч нэхэмжлэл гаргасныг зөвшөөрсөн болохоо илэрхийлжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/01454 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтын Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 ... гэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 ... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299 830 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Б.НАРМАНДАХ