| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 191/2025/05707/И |
| Дугаар | 191/ШШ2026/00152 |
| Огноо | 2025-12-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2026/00152
| 2025 12 25 | 191/ШШ2026/00152 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: хаягт байрлах, ******* ******* ******* БСБ/РД: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-д холбогдох,
350,259,876.4 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ТБАГУТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 оноос эхлэн "******* ******* ХХК нь манай ******* ******* *******ийн баруун талд ******* молл худалдааны төв болон орон сууцны барилга барьж эхэлсэн.
Энэ явцдаа 2010 онд манай сургуулийн баруун талын хэсгийн газар дээр цахилгааны дэд станц ХТП-г барихаар тухайн үеийн удирдлага болон сургуулийн захирал асан Б.той Хамтран ажиллах тухай №10/09 дугаартай гэрээ байгуулсан байсан.
Тухайн гэрээгээр манай сургуулийн баруун талын газар дээр ******* ******* ХХК нь дэд станц ХТП барина, харин түүний төлбөрт биеийн тамирын талбайг барих, тохижуулах, мөн сургуулийн шинэ болон хуучин барилгыг холбосон тунелийг хийж өгөхөөр тохиролцож, түүний барьцаанд 10,000,000 төгрөгийг Төрийн сангийн тоот дансанд шилжүүлнэ гэж талууд үүрэг хүлээсэн байсан.
Харин "******* *******" ХХК нь гэрээнд заасан дээрх ажлаа хийгээгүй өнөөдрийг болтол нуун дарагдуулсан байж, төрийн санд шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг буцаан авсан гэдгийг сүүлд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2025.03.06-ны өдрийн 61 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гардан авах үед мэдлээ.
Биеийн тамирын талбай /спорт талбай/-г барих, тохижуулах болон сургуулийн шинэ болон хуучин барилгыг холбосон тунель /хүзүүүвч өргөтгөлийн барилга/-ийг барих ажлын хөлс 350,259,876.4 төгрөг, барьцаа 10,000,000 төгрөгөөр хохироод байна.
Иймд "******* *******" ХХК нь 2010 оны №10/09 дугаартай гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 360,259,876.4 төгрөгийг ******* ******* ХХК-аас гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж нийт 350,259,876.4 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэв.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* *******ийн биеийн тамирын талбайг барьж хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн, чанарын шарадлага хангасан барилгын материалаар хангах. 2010 оны гэрээ. ******* Групп ХХК 10,000,000 төгрөгийг барьцаа төлбөрийг Төрийн сангийн дансанд шилжүүлсэн. 1 сарын дараа 10,000,000 төгрөгийг ******* Групп ХХК-ийн дансанд буцаан шилжүүлсэн. 2009, 2010 оны баримт компанийн хэмжээнд байхгүй. Төрийн сангаас 10,000,000 төгрөгийг буцаан шижлүүлсэн байгаа учраас ******* Групп ХХК нь биеийн тамирын талбайг барьсан, барилгын материалыг шижлүүлж өгсөн гэж үзэж байгаа. Тухайн үед гэрээ байгуулсан захирал маань нас барсан. Бидний тухайд бие тамирын талбайг тохижуулах, барилгын материал нийлүүлэх үүрэг хүлээсэн бидний зүгээс барилгын материалыг нийлүүлнэ гэсэн. Тэр шинжээчийн дүгнэлт гээд байгаа нэхэмжлэгч өөрсдөө гаргаж өгсөн дүгнэлтийн тухайд шүүхээс шинжээч томилоогүй. гэв.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч Д.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан гэрээ дээр маш ойлгомжтой знэг зүйл байдаг. Барьцаа төлбөрийг өөрийн хүсэлтээр буцаагаад авчихсан гээд байна. Сангийн яамнаас өгсөн баримтыг харахаар барилгын *******ны данснаас 10 сая төгрөгийн барьцаа төлбөр гарсан байдаг. Данснаас мөнгө гаргах эрх бүхий этгээд нь ******* ******* л байгаа. Тэгэхээр барилгын ******* гэрээний 2.3-т заасан гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсний дараа барьцаа болгон байршуулсан мөнгийг бүрэн олгоно гэсэн байна. Тэгэхээр хөлбөмбөгийн талбайг тохижуулаад бараа материалыг хүлээлгэн өгсөн гэж үзээд өөрийнхөө данснаас барилгын ******* гаргаж өгсөн үйл баримт тогтоогдож байна. Мөн биеийн тамирын талбайг тохижуулмаар байна гэж байна. Манай зүгээс хөлбөмбөгийн талбайг тохижуулаад өгсөн, үүнийг өөрсдөө нураагаад хөлбөмбөгийн талбайд нь барилга барьчихсан байж ямар биеийн тамирын талбайг хаана бариулах гээд байгаа юм бэ? Үйл баримтаа өөрсдөө устгачихаад биеийн тамирын талбайг барьж өгөөгүй гэж хэлж болохгүй.
Дараагийн асуудал нь өргөтгөлийн барилгыг барьж өгөх ёстой байсан гээд байна. Талуудын гэрээг харахаар ******* ******* ХХК-ийн зүгээс барилгын материал хүлэээлгэж өгөх үүрэгтэй байсан. Бидний зүгээс барилгын материал хүлээлгэж өгсөн гэдгээ яаж нотолж байгаа вэ гэхээр барьцаа төлбөрийг нэхэмжлэгч зөвшөөрч өөрийн данснаас гаргасан нь нотолж байна гэж үзэж байна. Харин тухайн барилгыг барих үүрэг нь барилгын *******ид байсан. Ман хөөн хэлэлцэх хугацааг өөрөө тоолоод байна гэж тайлбарлалаа. Хуульд шаардах эрх үүссэнээр хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэсэн байдаг. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээтэй холбоотой харилцаа үүссэн учраас хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. 2009 оноос хойш 16 жилийн дараа гэрээний үүргийн биелэлт шаардаад байна уу, хохирол шаардаж байна уу гэдэг нь ч ойлгомжгүй байна. Хамтран ажиллах гэрээний нэршил байгаагүй ч хамтран гэрээний хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Тэгэхээр нэрлэгдээгүй гэрээний төрлүүдэд гэрээг оруулж шаардах эрх үүсэх байх. Хэрвээ нэрлэгдээгүй гэрээ гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн асуудал яригдаж эхэлнэ. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж байна. Тэгэхээр гарсан зардлыг шаардах буюу бусад этгээдээр гүйцэтгүүлээд учирсан хохирлыг шаардах эрхтэй. Гэтэл барилгын *******оос ямар ч гарсан зардал, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн байдал тогтоогдохгүй төсөв гэсэн зүйл яриад байж болохгүй, иймд нэхэмжлэлийн шаардлдагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү." гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан ******* ******* ******* ТБАГУТҮГ-ын дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Барилга байгууламжийн төсөвт өртгийн зардлын нэгдсэн товчоо/хх-5, 21/, Ажилтны хөдөлмөр зарцуулалт, хөдөлмөрийн хөлсний тооцоо/хх-6-9, 22-23/, Материал болон тээврийн зардлын тооцоо/хх-10-12, 24/, Нийт машин механизмын зардлын тооцоо/хх-13, 25/, Нийслэлийн Прокурорын газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 61 дугаар прокурорын тогтоолын хуулбар, Хамтран ажиллах №10/09 дугаар гэрээний хуулбар, план зургийн хуулбар/хх-38/, Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2/2428 дугаар албан бичиг, ******* ******* ******* ТБАГУТҮГ-т 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүргүүлсэн тайлан/хх-132-157/,
Нэхэмлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бзрдүүлсэн Нийслэлийн Прокурорын газраас Авлигатай тэмцэх газарт 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан гомдлын хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгааны хуулбар, Д.ийн гэрчийн мэдүүлгийн хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгааны хуулбар, Б.ын гэрчийн мэдүүлгийн хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгааны хуулбар, Б.гийн гэрчийн мэдүүлгийн хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгааны хуулбар, Г.*******ын гэрчийн мэдүүлгийн хуулбар, Мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэлийн хуулбар, Мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 21 дугаар тогтоолын хуулбар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 500 дугаар тогтоолын хуулбар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн шинээр бүртгэх хөрөнгийн жагсаалтын хуулбар/хх-ийн 125-126х/, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/325 дугаар тушаалын хуулбар, Монгол Улсын сангийн яамнаас 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 02/9229 дугаар албан бичиг, ******* ******* ХХК нь Төрийн сангийн тоот дансанд 10,000,000 төгрөгийг 2009-2011 онд байршуулсан болон буцаан авсан эсэх, мөн буцааж авсан дансны дугаар бүхий лавлагаа шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* БСБ хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 350,259,876.4/гурван зуун тавин сая хоёр зуун тавин есөн мянга найман зуун жаран долоон төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 360,259,876.4/гурван зуун жаран сая хоёр зуун тавин есөн мянга найман зуун жаран долоон төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулахаар шаардсан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж хариуцагчаас 350,259,876.4/гурван зуун тавин сая хоёр зуун тавин есөн мянга найман зуун жаран долоон төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч ******* ******* ХХК нь бүхэл бүтэн 15 жилийн хугацаанд ямар ч шаардлага ******* ******* *******, түүний эрх бүхий этгээд шаардаж байгаагүй Үндэсний аудитын газрын шалгалтаар тогтоосон гэж шаардаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2010 оны 10 дугаар сарын 09-ний өдөр № 10/09 Хамтран ажиллах гэрээ байгуулсан болох нь 2010 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн № 10/09 Хамтран ажиллах гэрээ болон хавсралтын хуулбараар тогтоогдож байна.
2010 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн № 10/09 Хамтран ажиллах гэрээ-ий 2-ын 2.1, 2.2, 2.4, 3-ын 3.1, 3.4-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн биеийн тамирын талбайг өөрийн хөрөнгөөр хавсралтад үзүүлсэн зургийн дагуу барьж тохижуулах, ******* *******ийн шинэ барилгыг хуучин барилгатай холбосон тунелийг 2 давхар болгоход шаардагдах барилгын материалыг өөрсдийн зардлаар ханган нийлүүлэх, Төв Төрийн Сан Банкны дансанд 10,000,000/арван сая/ төгрөгийг барьцаа болгон биеийн тамирын гадна талбайн ажлыг хүлээлгэн өгөх хүртэл байршуулах, нэхэмжлэгч нь цахилгааны ХТП-ны өөрийн талбайд оногдож байгаа хэсэгт барилгын ажил хэвийн явагдах нөхцөлөөр хангах үүргийг тус тус хүлээсэн болох нь гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ ..., мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна., 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Хариуцагч нь биеийн тамирын талбайг өөрийн хөрөнгөөр хавсралтад үзүүлсэн зургийн дагуу барьж тохижуулах, тунелийг 2 давхар болгоход шаардагдах барилгын материалыг өөрсдийн зардлаар ханган нийлүүлэх, нэхэмжлэгч нь ХТП-ны өөрийн талбайд оногдож байгаа хэсэгт барилгын ажил хэвийн явагдах нөхцөлөөр хангах үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт, мөн 198 дугаар зүйлийн 198.5, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар Холимог гэрээ-ий шинжийг агуулсан байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчид хөлс төлөх үүрэг хүлээгээгүй байх тул тус гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар Нэрлэгдээгүй гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.
Түүнчлэн, Гэрээнд зааснаар хариуцагч нь барьцаа гэх 10,000,000/арван сая/ төгрөгийг 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Төрийн сангийн УБ барилгын ******* нэртэй дансанд байршуулж, 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Барьцаа мөнгийг буцаалаа гэсэн утгатай 10,000,000/арван сая/ төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн болох нь Монгол Улсын Сангийн Яамны 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн № 02/9229 Албан бичиг болон түүний хавсралт болох Дансны хуулгаар тогтоогдож байна.
Зохигчид ******* ******* болон ******* ******* ******* нь нэг боловсролын байгууллага болох талаар маргахгүй байна.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нэхэмжлэгч нь 2005 оны 12 дугаар сараас үйл ажиллагаа явуулж байгаа болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2005 оноос үйл ажиллагаа явуулж, 2010 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчтай Гэрээг байгуулжээ.
Гэрээнд заасан барьцаа мөнгө 10,000,000/арван сая/ төгрөгийг буцаасан байх боловч хариуцагч нь Гэрээнд заасан биеийн тамирын талбайг өөрийн хөрөнгөөр хавсралтад үзүүлсэн зургийн дагуу барьж тохижуулах, ******* *******ийн шинэ барилгыг хуучин барилгатай холбосон тунелийг 2 давхар болгоход шаардагдах барилгын материалыг өөрсдийн зардлаар ханган нийлүүлэх үүргийг гүйцэтгэсэн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ******* ******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гаргуулж өгнө үү гэжээ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ:, 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол ... учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан.
Хариуцагч нь Гэрээнд заасан үүргээ гүйцэтгэсэн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх боловч нэхэмжлэгч нь 2005 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн хувьд 2010 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс хойш хариуцагчаас Гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас Гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардаж байсан болохоо баримтаар нотлоогүй болно.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас Гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардаж байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өнгөрөөсөн байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр учирсан хохиролд нийт 350,259,876.4/гурван зуун тавин сая хоёр зуун тавин есөн мянга найман зуун жаран долоон төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг шаардах эрхгүй байна.
Шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* БСБ-ын хариуцагч ******* ******* ХХК-иас нийт 350,259,876.4/гурван зуун тавин сая хоёр зуун тавин есөн мянга найман зуун жаран долоон төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* БСБ-ын хариуцагч ******* ******* ХХК-иас нийт 350,259,876.4/гурван зуун тавин сая хоёр зуун тавин есөн мянга найман зуун жаран долоон төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* БСБ-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ