| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0588/Э |
| Дугаар | 598 |
| Огноо | 2018-08-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Ганбаатар, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 598
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга В.Бадмаагарав,
Улсын яллагч П.Ганбаатар,
Гэрч Ц.Маналсүрэн,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Гангантөгс,
Шүүгдэгч М.Түмэннаст түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Мангалсүрэнгийн Түмэннастад холбогдох эрүүгийн 1709022200337 дугаартай хэргийг хянан шийдвэрлүүлэхээр 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ирүүлснийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун урт суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, жижиг дунд үйлдвэрлэлийн менежер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ "Айвико" дуслын шингэний үйлдвэрт оптик хяналт ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 1 дүгээр гудамж 05 тоотод оршин суух албан ёсны хаягтай, одоо Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Хадатын 1 дүгээр гудамж 4в тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Чонос овогт Мангалсүрэнгийн Түмэннаст, /РД: ХК78040805/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч М.Түмэннаст нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээнэ 01-23 тоотод гэр бүлийн хамааралтай хохирогч Ч.Доржнамжилийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Түмэннаст нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 21 цагийн үед ажлаа тараад гэртээ ирсэн. Манай нөхөр “аавынх хонь гаргасан ирж хонины шөл уучихаад мах ав” гэсэн. “Хамт аавынд очих уу?” гэхээр би “очихгүй” гэж хэлсэн. Гэтэл манай нөхөр “чамайг заавал ирээрэй” гэсэн гээд нөхөр бид хоёр аавынд очихоор болсон. Аавынд очиход Ч.Доржнамжил ууртай сууж байсан. Аав “орой болсон юм чинь хоноод яв” гэсэн. Ч.Доржнамжил бид хоёр жаахан маргалдсан. Тэгээд Ч.Доржнамжил намайг “ална” гээд дайрсныг аав болиулсан. Хохирогч намайг зодох гээд дайраад байхаар нь би хойш нь түлхсэн. Хохирогчийг цохиж зодсон асуудал гараагүй…” гэв.
Гэрч Ц.Маналсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Намайг гаднаас орж ирэхэд М.Түмэннаст, Ч.Доржнамжил хоёр үснээсээ зулгаалцаж, нэгнийгээ өшиглөж байсан. Би дундуур нь орж болиулсан. Ч.Доржнамжил М.Түмэннастад зодуулсны улмаас биеийн байдал муу эмчилгээ хийлгэж байгаа…” гэв.
Эрүүгийн 1709022200337 дугаартай хэргээс:
Шүүгдэгч М.Түмэннаст нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Магнай ах, Насанжаргал, Доржнамжил аав бид нар сууж байхад Доржнамжил өөрөө л хэрүүл маргаан дэгдээгээд байсан. Тэгээд бид нар нэг гайгүй болоод сууж байгаад нөгөө хэд түрүүлээд яваад өгсөн. Намайг “Доржнамжил аав 2 хоноод яв” гэхээр нь би аавын гэрт нь үлдсэн юм. Тэгээд ширээний наана цаана сууж байсан чинь Доржнамжилын хүү нь орж ирээд манай ээжийг дандаа дарамталдаг гээд хашгичиж байгаад үгийн зөрүүгүй улаан нүүр рүү гараараа цохиод эмгэн босч ирээд миний үснээс зулгаагаад цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Хохирогч Ч.Доржнамжил мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би 2001 оноос хойш Мангалсүрэнтэй хамт амьдрах болсон. 2017 оны 11 сарын 15-ны шөнө манай нөхөр Мангалсүрэнгийн охин Түмэннаст гэж 39 настай эмийн үйлдвэрт ажилладаг гэсэн би тэрийг нь сайн мэдэхгүй тэр охин нь яагаад намайг зодсон учрыг нь олоогүй, намайг зодож нүүр нүд хүн харахын аргагүй танигдахгүй болтол зодсон. Түмэннаст тухайн үед согтуу байсан. Туяацэцэгийн нөхөр Магнайтай хамт архи уусан байсан гаднаас ирэхдээ л согтуу байсан. Тэгээд манайд байхдаа надаас 0.33 л-ийн экс архи авч уусан. Намайг зодох үед манай нөхөр Мангалсүрэн, Түмэннаст бид гурав л хамт байсан Мангалсүрэн салгаж хорьж дийлэхгүй байсан. Миний цээж бие гээд зодоогүй газар байхгүй. Миний нүүр ам, гар, цээж маажсан, нуруун дээрээс цохиод, өшиглөөд байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Маналсүрэн нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг ойлгосон мэдүүлэг өгнө. Тэгээд хэдүүлээ шуугилдаж байж байгаад явахаар болоод Магнайбаяр, Туяацэцэг, Насанжаргал нар гараад явцгаасан. Түмэннаст манайд ганцаараа үлдсэн байсан. Тэгээд хөгшинтэй гэнэт хоорондоо үсдэлцээд зууралдаад өшиглөлцөөд авахаар нь очоод салгах хооронд хөгшин хүү Батсаруулыг дуудсан байсан. Тэгээд Батсаруул гаднаас орж ирээд “чи яахаараа энэ хоёр хөгшинийг доромжилж байдаг юм” гээд гарнаас нь бариад аваад гарахаар нь араас нь гарсан чинь Батсаруул Түмэннастын нүүр рүү цас цацаж байсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Манай хөгшний чээж, гарыг нь самардсан байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Гэрч Б.Батсаруул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...манай ээж Доржнамжил залгаад энд хэрүүл маргаан болоод байна гэхээр нь ээжийндээ очиход Маналаа ах охин Түмээг барьчихсан орон дээрээ сууж байсан. Ээжийн нүүр ам, гар нь маажуулсан, цамц нь урагдсан, үс нь сэгсийчихсэн сууж байсан...” /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹14526 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Эд зүйл баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 22/, М.Түмэннастын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 25 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 27/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Түмэннаст нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээнэ 01-23 тоотод хохирогч Ч.Доржнамжилтай зүй бус харьцаж маргалдан улмаар бие махбодид нь хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь “цээжний хэнхэрцэгийн зөөлөн эдийн няцрал, цээжний баруун дээд хэсэг, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, баруун мөр, зүүн шуу, зүүн сарвуу, баруун сарвуу, зүүн бугалганд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ч.Доржнамжилын “..., намайг зодож нүүр нүд хүн харахын аргагүй танигдахгүй болтол зодсон. Миний нүүр ам, гар, цээж маажсан, нуруун дээрээс цохиод, өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Мангалсүрэнгийн “...Түмэннаст хөгшинтэй гэнэт хоорондоо үсдэлцээд зууралдаад өшиглөлцөөд авахаар нь очоод салгах хооронд хөгшин хүү Батсаруулыг дуудсан байсан. Тэгээд Батсаруул гаднаас орж ирээд “чи яахаараа энэ хоёр хөгшинийг доромжилж байдаг юм” гээд гарнаас нь бариад авсан. Манай хөгшиний цээж, гарыг нь самардсан байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Батсаруулын “...манай ээж Доржнамжил залгаад “энд хэрүүл маргаан болоод байна” гэхээр нь ээжийндээ очиход Маналаа ах охин Түмээг барьчихсан орон дээрээ сууж байсан. Ээжийн нүүр ам, гар нь маажуулсан, цамц нь урагдсан, үс нь сэгсийчихсэн сууж байсан..” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн “...Дүгнэлт: 1. Ч.Доржнамжилын биед цээжний хэнхэрцэгийн зөөлөн эдийн няцрал, цээжний баруун дээд хэсэг, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, баруун мөр, зүүн шуу, зүүн сарвуу, баруун сарвуу, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн №14526 дугаартай дүгнэлт,
Эд зүйл баримтыг хүлээн авсан тэмдэглэлд тусгагдсан 11 ширхэг зураг бүхий баримт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчээс хохирогчтой маргалдаж биед нь хүч хэрэглэн түлхсэн талаар, хохирогч, гэрч Ц.Мангалсүрэн, Б.Батсаруул нараас маргаан зодоон болж, шүүгдэгчийн хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас биед нь гэмтэл учирсан болон хэрэг болсон газрын нөхцөл байдлын талаар тус тус мэдүүлж, хохирогчид хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтойг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч М.Түмэннастыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Прокуророос М.Түмэннастыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь зөвхөн гэр бүлийн харилцаатай этгээдийн хооронд үүссэнээр ойлгох ба шүүгдэгч М.Түмэннаст хохирогч Ч.Доржнамжил нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд биш болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хохирогч сахарын өвчтэйн улмаас биед нь хөхрөлт үүсдэг эсэхийг дахин шинжээч томилж тогтоох, санаатайгаар хөнгөн хохирол учруулсан үйлдэл гаргаагүй байгааг анхаарч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь хохирогч Ч.Доржнамжил нь М.Түмэннастыг өөрт нь гэмтэл учруулсан талаар удаа дараа тогтвортой мэдүүлж, уг үйлдлийг харсан болохыг гэрч Ц.Мангалсүрэн мэдүүлж, тухайн хэрэг явдал болсны дараах агшинг Б.Батсаруул мэдүүлж хохирогчийн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдсоноос гадна Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14526 дугаартай дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтлийг тухайн цаг хугацаанд, мохоо зүйлийн гадны хүч үйлчилсний улмаас үүссэнийг тогтоосон зэрэг баримтуудаар өмгөөлөгчийн санал үгүйсгэгдсэн гэж шүүх үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдэх боловч шүүгдэгчийн хувьд хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд тэрээр өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдэн, хохирогчид хохирол, хор уршиг зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзсэн болохыг тэмдэглэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, ахмад настай хүнтэй зүй зохистой харьцаагүй, зан харьцааны хувьд зөв зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал нөлөөлжээ.
Шүүгдэгч М.Түмэннастад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд М.Түмэннастыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Хохирогч Ч.Доржнамжилаас шинжээчид үзүүлэх үзлэгийн төлбөрт 8000 төгрөг тушаасан баримтаас өөр нэхэмжилсэн баримт гаргаагүй ба үүнийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй ба хохирогчоос гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди, 11 ширхэг гэрэл зургуудийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тогтов.