Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/789

 

 

 

 

 

 

     2025           06           26                                         2025/ДШМ/789

  А.А-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баярмаа,

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Ж.Ганболд, Ц.Мягмарсүрэн,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1217 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Ж.Ганболд, Ц.Мягмарсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.А-д холбогдох эрүүгийн 2502001000099 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.   

 ...... овгийн ....-гийн А, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр ....... төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, .... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:............../;

Шүүгдэгч А.А нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн .. дүгээр гудамжны ...тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ агууламжтай ургамал мэт нийт 25,2441 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: А.А-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А.А-г “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй эд мөрийн баримт болох шар өнгийн тагтай хажуу хэсэгт нүхэлсэн хуванцар сав 1 ширхэг, “Coca cola” гэсэн бичиглэлтэй, хажуу хэсэгтээ 2 ширхэг нүхтэй (дотор хэсэгт шар өнгийн шингэн зүйлтэй) хуванцар сав 1 ширхэг, цэнхэр өнгийн 20,5 грамм жинтэй гялгар уут (дотор хэсэгт шаргал өнгийн ургамал мэт зүйлтэй) цэвэр жин 1,5206 грамм, өнгөгүй 26,7 грамм жинтэй (дотор хэсэгт шаргал өнгийн ургамал мэт зүйл) цэвэр жин 23,7235 грамм нийт 25,2441 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, "Дибазол" гэсэн бичиглэлтэй дотроо 10 ширхэг цагаан өнгийн эмт мэт зүйл 220 ширхэг зэрэг эд зүйлийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт, AR3228647 дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хэрэгцээний дагуу Монгол банканд шилжүүлж өгөхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, шүүгдэгч А.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, үнэн зөвөөр мэдүүлж, шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй. Ээж Алтантуяа болон дүү нар болох Ариунгэрэл, Ариунтунгалаг, Ариунболд нарын хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 15-ын 1 дүгээр байрны 5 тоотод оршин суудаг бөгөөд ээж Алтантуяа нь хорт хавдарын онош, эмчилгээний улмаас байнгын химийн болон уламжлалт эмчилгээнүүдийг хийлгэх, эмчлүүлэх шаардлагатай байдаг бөгөөд би гэр бүлийнхээ нас биед хүрсэн эр хүний хувьд ээж, дүү нараа асран халамжилж, эмчлүүлж, эрүүл мэнд, сэтгэл санаагаар дэмжих үүрэг хариуцлагаа биелүүлэх хүсэлтэй байна.

Миний бие Монгол Улсын хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлан биелүүлж гэм буруугаа ойлгон цаашид гэр бүлийнхээ төлөө сурч, хөдөлмөрлөн, асран хамгаалж, халамжилж, улс эх орондоо сайн иргэн нь байж хуулийн дагуу шудрагаар хөдөлмөрлөн амьдрахыг хүсч байна. Надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг гэр бүлийн минь байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.А-ы өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэхтэй холбоотой эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Мөн түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ түүний биеэс 2 төрлийн сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илэрснийг харгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм, хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх хэдий ч анхан шатны шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тухайн төрлийн гэмт хэргийг анх удаа үйлдсэн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохироогүй байна.

Тодруулбал, А.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтын талаар үнэн зөв мэдүүлдэг, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, дахин хэрэг, зөрчилд холбогдохгүй байхаа шүүхэд илэрхийлж байгаа, түүнийг мансуурах дон эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тогтоогдоогүй болохыг шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоосон, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисын хамааралтай этгээдийн бүртгэлд авагдаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт заасан 21 насанд хүрээгүй буюу 19 настай өсвөр насны хүний нас биед тохирсон хөнгөн ялыг сонгон хэрэглэх боломжтой байна. Шүүгдэгчид дээрх нөхцөл байдлуудыг харгалзан нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих, зан үйлээ засах, зүй зохистой, зөв амьдралд нь туслах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлхлэх боломж олгох нь гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгыг агуулдаг тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь шүүгдэгчид гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирно гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг үндэслэн А.А-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэх эсхүл хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.А-ы өмгөөлөгч Ж.Ганболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ”, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.”, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хррэг үйлдсэн”; 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.”, 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэсэн зохицуулалтуудын хүрээнд А.А-гийн хувийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чинь санаанаас гэмшиж буй байдал, ээж болон 3 дүүгийн хамт амьдардаг, ээж нь өндгөвчний уйланхай, умай хүзүүний хорт хавдартай тул ээжийг асрах, дүү нарыгаа тэжээн тэтгэх үүрэг айлын том хүү А.А-д үүсэж байна.

А.А-ы 19 настай нь өсвөр насны ангилалд хамаарна. Нийгмийн амьдралд анх удаа хөл тавьж байгаа буй нөхцөл байдал, анх удаа сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн, түүний үе тэнгийн найзын хамтаар, шохоорхож хэрэглэсэн, хадгалсан үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн боловч сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн бусад хүүхдүүд нь зөрчил хэргээр шийтгэгдэж, хадгалсан А.А-гийн үйлдэлд холбогдуулан ял халдаахдаа тухай зүйл ангийн хамгийн хүнд шийтгэлийг сонгон хэрэглэсэн нь бодит байдал, шударга ёсны зарчимд үл нийцнэ.

Иймд А.А-гийн үйлдлийн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, бусад нөхцөл байдлуудыг харгалзан түүнд хөнгөн ялыг сонгож, шударга ёсны зарим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн зорчих эрхийг хязгаарлах ялаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь нийгмийн хор аюул ихтэй. Прокуророос шүүгдэгчид хорих ял оногдуулах болсон шалтгааныг анхан шатны шүүх дээр тайлбарласан. Шүүгдэгч А.А-гийн тухайд, Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байгаа хэдий ч эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, хорих ял оногдуулах саналыг гаргасан. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд оршдог. Шүүгдэгчийн тухайд 2 төрлийн бодис хэрэглэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Тухайн бодисоос өөр бусад хүмүүс хэрэглэсэн нөхцөл байдалтай холбогдуулан зөрчлийн хариуцлага тооцсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Ж.Ганболд, Ц.Мягмарсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.   

Шүүгдэгч А.А нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн .. дүгээр гудамжны ... тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ агууламжтай нийт 25,2441 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн ..-... тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-15/,

хүний биеэс биологийн дээж буюу шээс авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 47/,

гэрч Ж.Т-ийн “...Тэр үед А нь халааснаасаа өвс гаргаад ирсэн, тэр өвснөөс нь Д, Б, Б бид нар хэрэглэсэн, тэгээд буцаад унтах гээд байж байсан чинь цагдаа нар ирсэн ... А тэр өвсийг өөрөө л авч ирсэн, хэнээс яаж авсныг мэдэхгүй байна. Өвс байхаар нь л бид нар бөөндөө сорж үзье гээд л сорсон. ...” /хх 76-77/,

гэрч О.Д-гийн “...өчигдөр гэртээ байхдаа А-гийн авч ирсэн өвснөөс татсан ... энэ өвсийг А манай гэрт авч ирсэн. ...” /хх 84-86/,

гэрч А.Б-ийн “...З, А, Т, Б, Э бид 6 нэг саванд ус хийгээд 2 нүх гаргаж цоолоод мөнгө ороож байгаад нэг нүх рүү нь хийгээд, өглөөний А-ы авч ирсэн өвсийг тугалган цаасанд ороож нөгөө ороосон руугаа хийгээд өвсөө шатааж байгаад амаараа сорж хэрэглэсэн. ...тэр өдөр А бид нартай уулзахдаа авч ирсэн байсан. ...” /хх 91-92/,

гэрч Н.Э-ын “...Б, А-ы кармаанаас цэнхэр ууттай өвс олсон. Тэгээд Б манайхан А-д битгий хэлээрэй энэ өвснөөс нь жаахан хэрэглэж үзье гээд чимх өвс аваад үлдсэн өвсийг бор өнгийн хувцасны шүүгээн дээр тавьсан. Тэгээд бөөндөө гал тогоо руу ороод тасалж авсан өвсөө татсан. ...” /хх 95-96/,

гэрч Д.Б-ын “...би явчихаад буцаж ирсэн чинь тэр хэд өвс татаж байхаар нь би дунд нь ороод хамт өвс татсан. ...” /хх 131-132/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ЕГ0325/1178 дугаар “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “А.А (УЖ05252730) 80809015” гэж хаягласан хуванцар шээсний савтай дээжээс шээснээс тетрагидроканнабинол (Tethrahydrocannabinol), Метамфетамин (Methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис тус бүр нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. ...” /хх 171-172/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ЕГ0325/1184 дугаар “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн гялгар ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйл, өнгөгүй зиплокууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйл, “Coca Cola” гэсэн шошготой хажуу хэсэгтэй 2 нүхэлсэн, хуванцар савтай бор шаргал өнгийн шингэн зүйл, хажуу хэсэгтэй 2 нүхэлсэн бараан өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар сав, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон Монгол улсын AR3228647 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол (delta-9- Tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн "Coca Cola" гэсэн шошготой хажуу хэсэгтэй 2 нүхэлсэн, хуванцар савтай бор шаргал өнгийн шингэн зүйл нь 200 мл орчим, цэнхэр өнгийн гялгар ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 1.5206 грамм, өнгөгүй зиплок ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 23.7235 грамм байна. ...” /хх 201-205/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 240-243/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.А-г “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар ... хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх А.А-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч А.А “...гэр бүлийн минь байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...”, түүний өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн “...А.А-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх эсхүл хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...”, өмгөөлөгч Ж.Ганболд “...А.А-г зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог бөгөөд тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэнд тооцох учиртай.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын жагсаалт, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” конвенцын жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан идэвхтэй үйлдлийг хамааруулдаг.

          Мөн “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгодог ба энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг “хууль бус” гэж үздэг.

          Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж ойлгоно.

Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч А.А-д шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс хорих ялыг сонгон оногдуулсан нь үндэслэл бүхий, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанарт тохирсон байна гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд заасан заалтын агуулгаас үзэхэд, тухайн зүйл хэсгүүдэд заасан шаардлагыг бүрэн хангасан шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх эрхийг шүүхэд олгосон.

Дээрх хуулийн заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй, заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш юм. 

Тодруулбал, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон үзэхээр хуульчилсан бөгөөд оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялыг биечлэн эдлүүлэх, биечлэн эдлүүлэх дэглэм зэргийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Ж.Ганболд, Ц.Мягмарсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч А.А нь шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 45 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1217 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Ж.Ганболд, Ц.Мягмарсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ы 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 45 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР