Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2019/00705

 

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2019/00705

 

 

Х-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 104/ШШ2019/00066 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х-ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 21 329 260 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Т.Энхжаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Нэргүй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь хүнсний бөөний худалдааны үйл ажиллагаа явуулдаг. О- нь манай компаниас 2010 оны 10 дугаар сараас эхлэн хүнсний бараа зарж борлуулахаар зээлээр авч, эхний үед сар бүр тооцоогоо найдвартай хийж байсан. 2013 оны 4 дүгээр сард барааны тооцооны үлдэгдэл гаргахад нийт 21 329 260 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан ба тэрээр 2013 оны 5 дугаар сараас эхлэн тооцоо хийхээ больсон.

О- нь ...сүүлд авсан тамхины мөнгө болох 2 900 000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн мөнгийг хасаад өгөөч, би ойрын хугацаанд хашаа байшингаа зараад 2013 оны 12 дугаар сард багтаан төлбөрийг барагдуулна гэсэн учраас талууд эвлэрч, 2013 оны 7 дугаар сард хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэсэн боловч тэрээр бүрэн төлөөгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэнээр 6 443 000 төгрөгийг төлсөн байдаг.

Иймд хариуцагчаас үлдэгдэл 15 133 179 төгрөгийг нэхэмжилсэн. Өмнөх шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөг хассан тул 14 057 179 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х-ХХК-аас нэр бүхий бараа аваад, уурхай дээр зарж, тухай бүрт нь төлбөрийг нь төлдөг байсан. Өөрөөр хэлбэл, эхний барааныхаа өрийг төлөөд, дараагийнхаа барааг авдаг, ямар ч өр төлбөргүй. Гэтэл 2013 онд тооцооны үлдэгдэл гаргаж, 2013 оны 5 дугаар сараас О-ийг ямар ч тооцоо хийгээгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тухайн үед талуудын эвлэрлийг батлан шийдвэрлэсэн байдаг.

Улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж, төлбөрийг сар бүр төлж ирсэн. Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарахаас өмнө 2013 оны 5 дугаар сард тушаасан баримтуудыг гаргаж өгөх боломжгүй байсан бөгөөд уг баримтуудыг олж шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн. Иймд шинээр гарч ирсэн 11 100 000 төгрөгийн баримтыг нэхэмжлэлийн нийт үнийн дүнгээс хасагдах ёстой гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Боржигон Жадамбаагийн Одгэрэлээс 14 057 179 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х-ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264 596 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч О-ээс 228 236 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х-ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүх нэхэмжлэгчийн хууль бус, үндэслэлгүй хуурамч нотлох баримтуудад ач холбогдол өгч, шударга бодитой дүгнэлт ч хийгээгүй, нэхэмжлэгч талд илт давуу нөхцөл байдлыг бий болгон, илэрхий хариуцагчийн эрх ашгийг дордуулсанд гомдолтой байна.

Багахангай, Налайх дүүргийн анхан шатны шүүх 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохигчид эвлэрсэн гэж батлан О-ээс 20 329 260 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн ба уг шийдвэрт 146 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж дурьдсан. Худалдагчаар ажиллаж байсан н.Жаянагүльд 150 000 төгрөгийг бэлнээр өгч 4000 төгрөгийг харилцан авсан гэж хэлсээр байхад аваагүй гэж гүжирдсэн. Гэнэт олон сая төгрөгийн өр төлбөрт орсноос, О- эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд маш их хохирол амссан.

Тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн 21 329 260 төгрөгийн баримт засвартай, н.Жаянаагийн гараар бичигдсэн төлбөрийн дүн 2 янзаар бичиж, 1-ийг нь засварласан. О-ийн гарын үсгийг дуурайж зурсан байдаг. Мөн хариуцагч нэг ч удаа нотариатад очиж байгаагүй, нотариат засвартай баримтыг баталгаажуулдаггүй, баталгаа хийлгэсэн хуурамч баримтыг үндэслэн шүүх зохигчдыг эвлэрснээр баталсан байдаг.

Тамхины үнэ нэмэгдээгүй байхад нэмж төлбөр болгосон 3 000 000 төгрөгийг хасаж өгөхийг хүссэн О-ийн хүсэлтийг авч хэлэлцээгүй. Тамхи зарах эрхгүй, тамхи хууль бусаар зарсан, тамхины үнэ огт нэмэгдээгүй байхад үндэслэлгүйгээр өмнө нь аваад нөөцөлсөн тамхинд үнэ нэмж 3 000 000 төгрөгийн өрийг үүсгэсэн. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр энэ маргааны гол зүйлийг мэдэж байгаа н.Бямбасүрэн, н.Жаянагүль нарыг хуралд оролцуулах хүсэлт тавьсан боловч хүсэлтийг хангаагүй, Х-ХХК-ийн захирал гэдэг утгаар Т.Энхжаргалыг нэхэмжлэгчээр оролцуулсан нь шудрага мэтгэлцэх боломжгүй болгосон.

Х-ХХК-ийн О-ийн авсан гэх зээлийн тухай жагсаалтанд байгаа 2013 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5 487 500 төгрөг, 276 000 төгрөгийг 2 баримтад гарын үсэг зурагдаагүй, энэ баримтууд нийт төлбөрөөс хасагдах ёстой байсан. 2013 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн баримт засвартай дээд талд 8 027 500 төгрөг гээд балалсан доор нь 7 613 500 төгрөг гэж бичсэн байгаа. Энэ баримтыг О-ийн гарын үсэгтэй баримтууд дунд нэмж оруулсан нь тодорхой байна. Мөн канондсон хуудасны нугалсан сүүдэр нь дундаа гарсан байгаа нь үнэхээр менежер н.Бямбасүрэн, н.Жаянагүль нар хуурамч баримт бүрдүүлж зохиомол өр гаргаж байсныг шүүх тогтоосонгүй гэж үзэж байна. Хариуцагч нь 2013 оны 5 сараас хойш тасралтгүй төлбөрөө банкаар болон шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид төлж байсан.

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагч Ж Одгэрэлийн гаргасан 11 100 000 төгрөгийн З ширхэг баримтыг шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчдод мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт шинээр илэрсэн гэж үзэн шийдвэрлэсэн ба үүнийг нэхэмжлэлээс хасч тооцох нь зүйтэй.

Түүнчлэн О-ийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу төлсөн төлбөрийг зөв тооцон, О-ийн төлөх болон төлсөн үнийн дүнг Х-ХХК-ийн жагсаалтаар биш, албан ёсны зарлагын ордероор хариуцагч О-д өгсөн санхүүгийн баримтаар баталгаажуулан давж заалдаж шатны шүүх хэргийг дахин хянаж бодитой үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна

 

Нэхэмжлэгч Х-ХХК нь хариуцагч О-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 21 329 260 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 21 329 260 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ хариуцагчийн төлсөн 7 443 090 /6 443 090+1 000 000/ төгрөгөөр багасгаж, 15 057 179 төгрөгөөр тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Х-ХХК нь хариуцагч О-д 2010 оноос эхлэн хүнсний барааг хүлээлгэн өгөх, худалдан авагч нь хүлээж авсан барааг худалдан борлуулж үнийг төлдөг байсан үйл баримтын талаар талууд маргаагүй. Анхан шатны шүүх талуудын тайлбарыг хэрэгт авагдсан баримттай харьцуулан дүгнэж, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Нэхэмжлэгч нь 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар хариуцагч 10 767 130 төгрөгийн төлбөр төлөх байсан ба үүнээс хойш авсан бараа болон төлсөн төлбөрийг хасч тооцвол 21 329 260 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж тайлбарладаг. Харин хариуцагч нь барааны үнийг төлсөн бөгөөд 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1 000 000 төгрөг, мөн сарын 06-ны өдөр төлсөн 4 000 000 төгрөг, мөн сарын 08-ны өдөр төлсөн 6 100 000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцоогүй гэж маргажээ.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Тодруулбал, хэргийн 25, 30-34, 103-105 дахь талд авагдсан зарлагын баримт болон дэлгүүрээс О-д бараа хүлээлгэн өгсөн баримт /дэлгүүрийн барааны үнэ бичсэн билл/-ыг талуудын тайлбартай харьцуулан дүгнэвэл О- нь 2012 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд 38 012 700 /2.400.000 +4.202.500 +10.112.200 +4.399.000 +2.400.000 +1.120.000 +13.379.000/ төгрөгийн, 2013 оны 05 дугаар сарын 04-15-ны өдрүүдэд 21 179 740 /5.487.500 +276.000 +1.850.000 +10.702.240 +2.864.000/ төгрөгийн, бүгд 59 192 440 төгрөгийн барааг хүлээн авчээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбар /хх 92-93 дахь тал/-т хариуцагчийн 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс мөн оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд 37 367 130 /4.700.000 +1.900.000 +3.150.000 +1.017.130 +11.500.000 +3.000.000 +1.000.000 +1.000.000 +4.000.000 +6.100.000/ төгрөг төлсөн гэж тодорхойлсон боловч хэрэгт авагдсан баримтаар 38 166 220 төгрөг /нэхэмжлэгчийн тайлбарт дурдсанаар төлөгдсөн 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1 900 000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 3 150 000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1 017 130 төгрөг, баримтаар төлсөн 11 500 000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3 000 000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 4 000 000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 6 100 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэлд төлсөн 6 443 090 төгрөг/-ийг хасч тооцвол хариуцагчийн төлбөл зохих үүрэг 21 026 220 /59.192.440 -38.166.220 / төгрөгөөр тодорхойлогдож байна.

Иймд хариуцагчийн 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1 000 000 төгрөг, мөн сарын 06-ны өдөр төлсөн 4 000 000 төгрөг, мөн сарын 08-ны өдөр төлсөн 6 100 000 төгрөгийг нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хасч тооцсон байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг илүү үндэслэлтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн ба нэхэмжлэгч нэхэмжлэлээ 15 057 179 төгрөгөөр тодорхойлсон байх бөгөөд анхан шатны шүүх 14 057 179 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн шийдэлд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 104/ШШ2019/00066 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 228 236 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА