| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2303004330363 |
| Дугаар | 2025/ДШМ/686 |
| Огноо | 2025-06-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/686
2025 06 02 2025/ДШМ/686
Д.Ад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Билгүүтэй,
хохирогч С.У, түүний өмгөөлөгч Д.Буянзаяа,
шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, З.Бат-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1052 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, З.Бат-Эрдэнэ, хохирогчийн өмгөөлөгч Д.Буянзаяа нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Ад холбогдох эрүүгийн 2303004330363 дугаар хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
******** овгийн Д.А, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Төв аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “**********” ХХК-д борлуулалтын жолооч ажилтай, ам бүл *, эхнэр, хүүхдийн хамт ******* дүүргийн ** дүгээр хороо, **-** тоотод оршин суух, /РД:**00000000/,
- Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;
Д.А нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Оношилгооны төвийн зүүн уулзварт 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 08 цаг 10 минутын орчимд “Тоуоtа Aqua” маркийн 68-58 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх хэсэгт “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гом замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Мини кросс коёо” маркийн мотоцикльтой мөргөлдөж, уг мотоциклийн жолооч С.Уын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас Д.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Д.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 01 (нэг) жил 06 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглон зорчих эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ад мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, хэрэгт хавсаргагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.У нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гаргах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1052 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
1. Ослын газрын схем зураг, фото зургийн үзүүлэлтээр тухайн уулзварт Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-ийн гол зам гэсэн, мөн 3.3а-3.3в тэмдэгүүд байхгүй байдаг.
2. Хохирогчийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаагүй байсан. 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ДШМ/517 тоот магадлал зааснаар осол болсон уулзвар нь гарц, уулзвар аль нь болохыг тогтоох, дарааллын тэмдэг тэмдэглэл байгаа эсэхийг тогтоох, 2 жолооч ямар үүрэгтэй замын хөдөлгөөн оролцох, хохирогчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл буюу мотоцикль техникийн бүрэн бүтэн байгаа эсэхийг, зогсоох арга хэмжээ авсан эсэхийг тогтоолгохоор заасан.
Мөрдөн шалгах ажиллагаагаар тухайн осол болсон газар уулзвар гэж тогтоосон, уулзварт тэмдэг тэмдэглэгээ байхгүйг нотолсон, мотоцикль техникийн хувьд бүрэн бусыг шинжээчийн дүгнэлтээр дүгнэж, хурдны заалт байхгүйг тусгай зориулалтын замаар явдаг гэх мэтийг дүгнэсэн, хохирогч зогсоох арга хэмжээ аваагүй, 1 дүгээр эгнээгээр явж байгаад 2 дугаар эгнээнд зогсож байсан тээврийн хэрэгслийг очиж мөргөсөн, хамгаалах малгай өмсөөгүй явсан, шүүгч захирамж гаргаж Д.Аийн жолоодож явсан замын зорчих хэсэг шороо юу, хатуу хучилттай юу гэдгийг тогтоолгоход хатуу хучилттай байсан.
Уг замыг адил замын журмаар буюу баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэх заалтыг С.У зөрчсөн. Д.А давуу эрхтэй байсан. Магадлалд заасан ажиллагааг хийсэн нотлох баримтуудаар Д.Аийн буруутай үйлдлийг эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй тул тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй,” 1.2 “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр доорхи гомдлыг гаргаж байна.
…Шийтгэх тогтоолд Д.Аийг хэрэгт авагдсан Замын хөгжлийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/2886 дугаартай албан бичигт:
“...1. Хотын гудамж замын бүтэц нь ангилал, зэрэглэлээс хамаарч техникийн хүчин чадал нь өөр өөр байдаг. Сонсголонгийн зам нь хотын гол гудамж замын ангилалтай авто зам юм. Тус зам нь урд талаараа Наадамчдын гудамж, Төв аймаг, ОУ-ын нисэх буудлын чиглэлийн замуудтай тойрог уулзвар байдлаар нийлсэн байдаг. Хойд талаараа Товчооны замтай, дунд хэсгээрээ Эрчим хүчний гудамж замтай тус тус зохицуулалттай уулзвар холбогдсон гол зам юм.
2. Тус замын хөдөлгөөнийг хувиарлах үүднээс замын урд хэсэгт буцах эргэлт, нутаг дэвсгэрийн хөдөлгөөнийг хувиарлах үүднээс орох, гарах байдлаар зохицуулагдсан техникийн хэсэглэлтэй шийдэл төлөвлөгдсөн байна.
Монгол барагшун бичиглэлтэй байшингийн урд хэсэг нь хэд, хэдэн хэсгээс бүрдсэн техникийн хэсэглэлтэй байхаар байгуулагдсан байна.
- Сонсголонгийн замын эсрэг урсгалд шилжүүлэх буцах эргэлт хэсэг
- Тухайн нутаг дэвсгэрийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гол зам руу орох буюу гарах байдлаар зохицуулсан байна. Энэ тээврийн хэрэгсэл зөвхөн баруун эргэх байдлаар хөдөлгөөн оролцох үйлдэл хийнэ...” гэсэн албан бичиг болон Д.Аийн гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэн гэм буруутайд тооцсон.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм 1.2.8 “гол зам” гэж уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттай нь буюу энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 3.1 “гол зам” З.За-3.3в “туслах зам нийлнэ”. 5.1 “тууш зам” тэмдэг бүхий замыг ойлгохоор байна. Д.Аийн хөдөлгөөн үйлдсэн зам нь тухайн замын ажлыг хийж гүйцэтгэсэн “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК-ийн Нийслэлийн замын хөгжлийн газарт хүргүүлсэн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгээр уулзвар болох нь тогтоогддог.
Тухайн уулзвар нь уулзвар нэвтрэх дарааллын тэмдэггүй гэдэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нар хэн аль нь маргадаггүй.
Шүүх хуралд оролцсон шинжээч гол ба туслах замын талаар дэлгэрэнгүй тайлбарласан. Шинжээч уулзварт нийлсэн хэсгийн замын хучилт нь адил хатуу хучилттай байвал адил замын уулзварт орохоор мэдүүлсэн бөгөөд мөрдөгч Баяраагийн шүүх хурал хойшилсон хугацаанд 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэлээр Д.Аийн автомашин жолоодож яваад уулзварт нийлсэн замын хучилтын талаар хийсэн үзлэгээр замын хучилт нь адилхан хатуу буюу асфальтан хучилттай болох нь тогтоогддог.
Зохицуулдаггүй уулзвар хэрхэн нэвтрэх талаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.8-15.12 тусгасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8-д “дараахь мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй:” 8.3-д “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг.” гэж хуульчилсан байгаа нь Д.Аийн мэдүүлэг нь өөрийг нь яллах үндэслэл болохгүй юм.
Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж хуульчилсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн Д.Ад холбогдох үйлдлийг түүнд ашигтайгаар шийдвэрлэж, цагаатгаж өгнө үү. …” гэв.
Шүүгдэгч Д.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна.” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Буянзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Д.Аийг гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Харин шийтгэх тогтоолын 7 дугаар хуудасны хууль зүйн дүгнэлтэд шүүгдэгч Д.Аийн Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл нь гэмт хэрэг гарах үед болон одоо ч замын хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэгээ байршуулаагүй байгаа нөхцөл байдал, хохирогч С.Уын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7в заалтыг зөрчсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Д.Аийн хариуцвал зохих хохирлын хэмжээг Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар багасгах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ...” гэж дурдан хохирлыг Д.Аээс 70 хувиар бодож төлүүлэх шийтгэх тогтоолын энэ хэсэгт өөрчлөлт оруулж, хохирлыг бүрэн олгуулахаар гомдол гаргаж байна.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан “...тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол”-ийг бодитоор тооцож бүрэн төлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ” гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн С.Уын хувьд гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл хамаарахгүй, Зөрчлийн тухай хуулиар зөрчил гаргасан гэж торгуулийн арга хэмжээ авхуулсан болно.
Өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ болон Х.Даваахүү нарын гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. Уг гомдол нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөлд хамааралгүй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “…зам тээврийн осол гарах үед хохирогч С.У нь давуу эрхтэйгээр замын хөдөлгөөнд оролцож байсан, шүүгдэгч Д.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх хэсэгт заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл нь осол гарсан үндсэн шалтгаан болсон байна”, мөн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, эрх бүхий байгууллагаас гарсан замын тухай тодорхойлолт хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдол үндэслэлгүй гэж хариу тайлбар гаргаж байна.
…Эмчилгээтэй холбоотой гарсан бодит зардлыг шинжлэн судлуулахад 4.179.826 төгрөгийн зардал гарсан байдаг. Үүнээс Д.Аээр 2.925.800 төгрөг төлсөн. С.Уаас 30 хувийг гаргуулах биш, шүүгдэгч Д.Аээс 100 хувиар гаргуулах талаар давж заалдах шатны шүүхэд өөрчлөлт оруулах саналтай байна. Нийгмийн даатгалын сангийн иргэний нэхэмжлэлээр орж ирсэн 4.474.550 төгрөг төлөхөөс Д.А 3.132.187 төгрөг төлсэн байдаг. Үүнээс С.У шүүхийн шийтгэх тогтоолоор 1.342.367 төгрөг төлөхөөр байгаа. …” гэв.
Хохирогч С.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Миний бие ослоос болж эрүүл мэнд болон санхүүгийн асуудал үүсээд 1 жил болж байна. Ажил төрөл хийхгүй, орлогогүй байгаа. Эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Шүүгдэгчийг хохирол төлбөрийг барагдуулж өгөхийг хүсэж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх саналтай байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Прокурор М.Билгүүтэй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.11-т “давуу эрх” гэж бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх эрхийг” гэж, мөн 1.2.16-т “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг” гэж тус тус заасан байдаг. Тухайн туслах замын уулзвар хохирогч С.Уын давуу эрхтэй талаар анхан шатны шүүхээс дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Замын хөгжлийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаартай албан бичигт “тус авто зам урд талаараа наадамчдын зам, Төв аймаг, Олон улсын нисэх буудал чиглэлийн замууд, тойрог уулзвар байдлаар нийлсэн. Хойд талаараа товчооны зам, дунд хэсгээрээ эрчим хүчний гудамжтай тус тус зохицуулалтай, уулзвар холбогдсон гол зам болно” гэж замын нөхцөл байдлыг тайлбарласан. Товчооны замаас, Моносын уулзвар, Наадамчдын зам, Төв аймгийн Олон улсын нисэх буудал чиглэлийн замууд нийлсэн 5.54 км урттай хотын гол зам болох нь эргэлзээгүй тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, хохирогч нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Д.А нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Оношилгооны төвийн зүүн уулзварт 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 08 цаг 10 минутын орчимд “Тоуоtа Aqua” маркийн 68-58 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх хэсэгт “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гом замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Мини кросс коёо” маркийн мотоциклтой мөргөлдөж, уг мотоциклийн жолооч С.Уын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч С.Уын “…2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэрээсээ 08 цагийн үед гараад Каёо Кросс маркийн улсын дугааргүй мопед маягийн мотоциклийг унаад хуучин 22-ын товчоо орох гээд сонсголонгийн замаар урдаас хойд зүгт чиглэн явж байсан. Тэгээд Алтай барагшууны уулзвар орчимд ирэх үед миний баруун гар талаас туслах замаас нэг цагаан өнгийн машин төв зам руу нийлэх гээд зогсож байсан. Тэгээд намайг чигээрээ явж байх үед гэнэт хөдлөөд миний урдуур ороод ирсэн. Би тоормосоо гишгэх үед мотоциклийн тэнцвэр алдагдан 2 тийш савлаад би тэр машины хойд хаалга орчимд мөргөсөн. Тэгээд би ухаан алдсан байсан. … Би тухайн үед замын 1 дүгээр эгнээний голоор л явж байсан. Тэгээд миний урдуур ороод ирэхээр нь тоормослоход мотоцикл дайвалзаж ирээд л тас гээд мөргөлдсөн. Би 50 орчим км цагийн хурдтай явж байсан. …” /1хх 16/,
Д.Аийн гэрчээр өгсөн “...цагаан өнгийн Toyota Aqua маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Интер тээвэр зууч гэх нэртэй газраас буюу Сонсголонгийн зам дагуу байдаг газар Алтай барагшууны туслах замаас зүүн гар тийш эргэн ажил руугаа явах гэж байхдаа төв замаар явж шулуун явж байсан машинуудын хооронд зай гарсан чөлөөгөөр орж төв зам дээр зогсоод баруун талаас ирж байсан тээврийн хэрэгслүүдийг хараад зогсож байхад мотоциклтой хүн миний жолоодон явсан машины зүүн гар талын хойд хаалга хэсэгт мөргөөд унасан. ...” /1хх 30/,
шүүгдэгч Д.Аийн яллагдагчаар өгсөн “...тухайн үед би тэр мотоциклыг ирж байхыг нь харсан. ... би туслах замаас төв зам дагуу нийлж, уулзвараар зүүн гар тийш эргэх гэж байсан юм...” /1хх 64/ тус тус мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 8126 дугаартай “…С.Уын биед зүүн талын титэм заадаснаас зүүн чамархай, чамархайн суурь руу үргэлжилсэн шугаман хугарал, зулай зүүн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, зүүн мөр, хүзүү, зүүн шуунд цус хуралт, хүзүү, эрүүнд хүрэн өнгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /1хх 37-38/,
2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөгчийн ““...жолооч Д.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”. Мөн 10.3-т “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна...”” /1хх 54/ магадлагаа,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 383 дугаартай “...Жолооч С.Уын жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь хөдөлгүүрийн багтаамжаараа мотоциклийн ангилалд хамаарна...” /2хх 47-49/,
Техникийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 08/19 дугаартай “...Тухайн зам тээврийн осол нь “уулзвар” дээр гарсан байна. Тиймээс “гарц” гэсэн тодорхойлолтод хамаарагдахгүй.
Тухайн зам тээврийн осол нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гарсан байна. Хавтаст хэрэгт авагдсан фото зураг болон 2023 оны 9 дүгээр сард авсан “google street view” программын тухайн уулзварын зураг зэргээс үзэхэд “Тоyota Аqua” маркийн автомашин уулзварт орохоос өмнө шороон хучилттай замаар явж байсан байна. Тиймээс тухайн уулзварыг гол ба туслах замын уулзвар гэж үзэх бөгөөд “Тоуоtа Аquа” маркийн автомашин туслах замаас уулзвар руу нэвтэрч байна.
68-58 УНЭ улсын дугаартай “Тоуоtа Аqua” маркийн автомашины жолооч Д.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дүгээр заалт буюу “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.
Мотоциклийн жолооч С.У нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “в” заалт буюу “Жолоочид ... зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, ... түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй ... тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох ... -ыг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөнд оролцох гэрчилгээ, улсын дугаар авахад МNS 4598:2020 дугаар бүхий “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартын шаардлагыг бүрэн хангасан байх ёстой.
...Замын тэмдэг, тэмдэглэлгүй уулзварт гол замаар яваа тээврийн хэрэгсэл давуу эрхтэйгээр зорчино...” /2хх 213-215/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3284 дугаартай “…Шинжилгээнд ирүүлсэн KAYOBGJLAN1002322 арлын дугаартай, КАҮО ТТ-125 маркийн мотоцикль эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Урд дугуй, авцуулах холбооны болон тоормосны базуур, залуур эвдрэл гэмтэлтэй байна. Тоормосны базуурын гэмтэл хуучин бусад эд ангийн гэмтэл шинэ, ослын үед үүссэн байна. Урд, хойд дугуйн тоормос тус тусдаа үл хамаарсан ажиллагаатай, шингэн дамжуулгатай. Тоормосны хавчигч, аппарат ажиллаж байна. Урд дугуйн обуд гэмтэлтэй тул тоормосны мөр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй. Уг мотоцикль гэрэлтүүлэх хэрэгслээр тоноглогдоогүй байна. Уг шинжилгээнд ирүүлсэн KAYOBGJLAN1002322 арлын дугаартай, КАҮО ТТ-125 маркийн мотоцикль нь спорт уралдааны зориулалттай. Шинжилгээнд осол хэргийн материал ирүүлээгүй тул уг мотоциклийн гэмтэл Тоуоtа Аqua маркийн автомашинтай мөргөлдөх үед үүссэн эсэхийг тогтоох боломжгүй...” /2хх 221-234/ тус тус дүгнэлтүүд,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 3-9/, Замын хөгжлийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/2886 дугаартай тайлбар хүргүүлэх тухай албан бичиг /2хх 241/, Ай Си Ти Сайн Консалтинг ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн албан бичиг, хавсралт зураг /2хх 243-244/, хохирол төлбөр төлсөн баримт /3хх 100-101/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Д.Аийг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Д.Аийн “Тоуоtа Aqua” маркийн 68-58 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас “Мини кросс коёо” маркийн мотоциклтой мөргөлдөж, уг мотоциклийн жолооч С.Уын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү “...дарааллын тэмдэггүй, хатуу хучилттай замд осол болсон, уг замыг адил замын журмаар буюу баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэх заалтыг С.У зөрчсөн, Д.А давуу эрхтэй байсан, С.Уын жолоодож явсан мотоцикль хурдны замд унах зориулалттай, хурд хэмжилт байхгүй, гэрэл дохиогүй, хамгаалах малгай өмсөөгүй замын хөдөлгөөнд оролцсоныг тус тус нотлох баримтаар тогтоосон, туслах замаар явж байсан Д.Аийг гэм буруутайд тооцож ялласанд гомдолтой байна. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ “...замын хучилт нь адилхан хатуу буюу асфальтан хучилттай болох нь тогтоогддог, … 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгээр уулзвар болох нь тогтоогддог, … зохицуулдаггүй уулзвар хэрхэн нэвтрэх талаар Замын хөдөлгөөний дүрмийн 15.8-15.12 тусгасан, …03/2886 дугаартай албан бичиг болон Д.Аийн гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэн гэм буруутайд тооцсон, … Д.Аийн мэдүүлэг нь өөрийг нь яллах үндэслэл болохгүй, … иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Ад холбогдох үйлдлийг ашигтайгаар шийдвэрлэж, цагаатгаж өгнө үү…” гэсэн,
хохирогчийн өмгөөлөгч Д.Буянзаяа “…Эрүүл мэндийн даатгалын сангийн иргэний нэхэмжлэлээр орж ирсэн 4.474.550 төгрөг төлөхөөс Д.А 3.132.187 төгрөг төлүүлсэн байдаг. Үүнээс С.У шүүхийн шийтгэх тогтоолоор 1.342.367 төгрөг төлөхөөр байгаа, …С.Уаас 30 хувийг гаргуулах биш, шүүгдэгч Д.Аээс 100 хувиар гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү, ... шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдол үндэслэлгүй, гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү…” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн бүхий л шалтгаан нөхцөл, түүний дотор замын хөдөлгөөнд оролцогч нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл, заалтыг хэрхэн зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан болохыг мэргэжлийн шинжээчийн дүгнэлт болон тухайн хэрэгт хамааралтай бусад нотлох баримтуудад тулгуурлан хөдөлбөргүй тогтоож, осол гарахад буруутгагдаж буй этгээдийн гэм буруугийн хэр хэмжээг тогтоох нь энэ төрлийн хэргийг хянан шийдвэрлэхэд баримтлах нотолгооны стандарт юм.
Мөн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүгдийг шалгасан боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэх, түүнчлэн шүүхийн шийдэлд нөлөөлөхүйц эргэлзээ бий болсон тохиолдолд шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталдаг.
Хэрэгт 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөгчийн ““...жолооч Д.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”. Мөн 10.3-т “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна...”” /1хх 54/ магадлагаа,
2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 08/19 дугаартай техникийн шинжээчийн “... тухайн уулзварыг гол ба туслах замын уулзвар гэж үзэх бөгөөд “Toyota aqua” маркийн автомашин туслах замаас уулзвар руу нэвтэрч байна. 68-58 УНЭ улсын дугаартай “Тоуоtа Aqua” маркийн автомашины жолооч Д.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-р заалт буюу “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. … Замын тэмдэг, тэмдэглэлгүй уулзварт гол замаар яваа тээврийн хэрэгсэл давуу эрхтэйгээр зорчино...” гэсэн дүгнэлт /2хх 214/, Замын хөгжлийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/2886 дугаартай “…Сонсголонгийн зам нь хотын гол гудамж замын ангилалтай авто зам юм…” гэсэн албан бичиг /2хх 241/, “Ай Си Ти Сайн консалтинг” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “…манай байгууллагын 2014 оны 3 дугаар сард хийж гүйцэтгэсэн Моносын уулзвараас Яармаг-Нисэхийн уулзвар хүртлэх Сонсголонгийн 5.54 км авто замын нарийвчилсан зурагт 0.682 км байршил дээр замын зүүн талдаа 15 м өргөн зорчих хэсэг бүхий уулзварыг тусгасан болно. Шалтгаан нь 2012 онд “Дөрвөн тэнхлэг” ХХК нь ЕГ Шифр: 16/12 шифр бүхий “СХД, Улаанбаатар хотын IV цахилгаан станцаас Сонгинохайрхан уул хүртлэх 13 км авто замын ажлын зураг”-т үүнийг уулзвар хэлбэрээр төлөвлөсөн байсан. Иймд өмнө батлагдсан авто замын зургийн төлөвлөлттэй уялдуулсан болно” гэсэн албан бичиг /2хх 243/,
хохирогч С.Уын “... Тэгээд Алтай барагшууны уулзвар орчимд ирэх үед миний баруун гар талаас туслах замаас нэг цагаан өнгийн машин төв зам руу нийлэх гээд зогсож байсан. Тэгээд намайг чигээрээ явж байх үед гэнэт хөдлөөд миний урдуур ороод ирсэн. ...” болон шүүгдэгч Д.Аийн яллагдагчаар өгсөн “...тухайн үед би тэр мотоциклыг ирж байхыг нь харсан. ... би туслах замаас төв зам дагуу нийлж, уулзвараар зүүн гар тийш эргэх гэж байсан юм. ...” мэдүүлгүүд тус тус авагджээ.
Бүрэлдэхүүнтэй хийсэн техникийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Уыг Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “в”-р заалт буюу “Жолоочид ... зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, ...түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй ... тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох ... -ыг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.” гэсэн боловч энэ нь ослын шалтгаан болоогүй, харин Д.Аийн хувьд Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх нотлох баримт, үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Ад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын талаар шалгаж, хэргийн үйл баримтын талаар шүүхээс дүгнэлт хийж болохуйц хэмжээнд мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, прокурор яллах дүгнэлт үйлджээ.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч нарын гомдлоор хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулиар олгогдсон хэмжээ хязгаарын дотор шүүгдэгч Д.Аийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгч Д.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан төрөл хэмжээний дотор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь гэм бурууд нь тохирчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэхээр хуульчилсан байна.
Хавтаст хэрэгт 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч С.Сувд-Эрдэнэ “…дээрх гэмт хэргийн улмаас хохирогч С.Уын эрүүл мэндийн төвөөс эмчилгээ, үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 4.474.554 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг Д.Аээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлүүлж өгнө үү…” /1хх 23/ гэсэн мэдүүлэг өгч, холбогдох нотлох баримтыг гаргасан байхад анхан шатны шүүх “…Д.Аийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан нөхцөл болсон хэдий ч, тухайн замын уулзварт гэмт хэрэг гарах үед болон одоо ч замын хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэлээ байршуулаагүй байгаа нөхцөл байдал, хохирогчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэргийг харгалзан хохирлын хэмжээг багасгах нь шударга ёсны зарчимд нийцнэ” гэж дүгнээд шүүгдэгчээс 3.132.187 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1/Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ/ дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж заасан.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, нэхэмжилж буй эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг шүүхээс тооцож, хэмжиж болохуйц, эрх зүйн зөрчил болон үр дагаврын шалтгаант холбоотой тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хэргийн хамт хянан шийдвэрлэхдээ гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, эсхүл учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх замаар арилгадаг бөгөөд шүүхийн шийдвэр нь зөвхөн хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэсэн байх ёстой буюу шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх учиртай.
Иймд шүүгдэгч Д.А нь Эрүүл мэндийн даатгалын санд нийт 4.474.554 төгрөг төлөхөөс 3.132.187 төгрөг төлсөн, харин зөрүү 1.342.367 төгрөгийг төлөөгүй байх тул нэмж гаргуулахаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулав.
Хохирогч С.У нь гэмт хэргийн улмаас 2.249.826 төгрөгийн зардал гаргасан, түүний мотоцикльд 1.930.000 төгрөгийн хохирол учирсан, нийт хохирлын хэмжээ 4.179.826 төгрөг байх бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хохирлын хэмжээг 2.925.878 төгрөг болгон багасгажээ. Шүүгдэгч Д.А нь хохирлын 2.925.878 төгрөгийг хохирогч С.Ут төлсөн байна. Хохирлын хэмжээг багасгасан нь үндэслэлтэй болжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Буянзаяагийн гомдлын зарим хэсгийг хангаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, З.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1052 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
“Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Аээс 1.342.367 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, З.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн өмгөөлөгч Д.Буянзаяагийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсан болохыг дурдсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР