Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 601

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга В.Бадмаагарав,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,  

Шүүгдэгч Ч.Энх-Амар /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Чимэддоржийн Энх-Амарт холбогдох эрүүгийн 1803004680257 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, Тексаэдр клауд" ХХК-нд цахилгаанчин ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 3-45 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Тайж овгийн Чимэддоржийн Энх-Амар, /РД: УК89042934/

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ч.Энх-Амар нь Сүхбаатар дүүргийн 11-р хороо "Зөгийн үүр" дэлгүүрийн баруун талын замд 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 40 минутийн орчимд Тоёота марк-2 маркийн 24-34 УНС улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Саруулмааг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Энх-Амар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Эрүүгийн  1803004680257 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Ч.Энх-Амар нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 5 сарын 27-ны өдрийн 14.40 минутын орчим хувийн Т.Марк-2 маркийн 2434УНС дугаарын машиныг жолоодон 100-айлын “Зөгийн үүр” худалдааны төвийн баруун талын замаар урдаасаа хойшоо чиглэлтэй явж байтал урд талд хавтан ачсан машин урд явж байсан. Хавтан ачсан явсан эмэгтэй хүн ард нь түшээд явж байсан. Тэгээд тэр машин зүүн тал руугаа шахаад зогссон, замын хажуу талаар машинууд тавьчихсан зам нарийн байсан тэгтэл өөдөөс нэг машин ирэхээр нь зам тавьж өгөөд хөдлөөд явж байтал хажуу талд машин цохигдох чимээ дугарахаар нь тэр дороо зогсоод буугаад иртэл машины зүүн урд дугуйн хэсэгт хүн уначихсан зүүн хөлөө барьчихсан байсан. Тэгээд “юу болов” гэж асуугаад өөрийнх нь машинд суулгаад “эмнэлэг явах уу” гэхэд тэр эгч “би их ажилтай байнаа гайгүй бол явчихмаар байна” гэхээр нь жаахан хүлээсэн. Тэгээд тэр эгч хөл нь өвдөөд байна гэхээр нь эмнэлэг явж үзүүлээд гэрт нь хүргэж өгөөд явсан. Тэгээд би тэр өдрөө цагдаад дуудлага өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

            Хохирогч Ж.Саруулмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... Би 18 оны 5 сарын 27-ны өдрийн 14.40 минутын орчим Сүхбаатар дүүргийн 11 хороо 100-н айлын Зөгийн үүр дэлгүүрийн баруун талын барилгын мужааны цехийн гадаа зогсоол дээр машинаа хүнээр бариулж очоод урдаасаа хойшоо харуулж тавьчихаад би машинаас буугаа ачаан дээр байсан 2 ширхэг хавтанг цехийн хүмүүс аваад орохоор нь би ачаан дээр дэвссэн байсан хивсээ аваад зүүн тийшээ эргэтэл урд талаас Т.Марк-2 маркийн 2434 УНС дугаарын машин орж ирээд зүүн хөлийн тавхай хэсгийг машиныхаа зүүн урд дугуйгаар нэдрээд явангуут би машиныхаа баруун хойд тал руу унасан. Тэгээд хажууд машин барьж явсан ах хүрээд ирсэн. Тэгтэл машин зогсоод жолооч нь хүрээд ирсэн тэгээд жолооч “намайг аваад гэмтэл явья” гэхээр нь “жаахан харзанья” гээд байж байгаад өөрийнхөө машиндаа суусан. Тэгээд тэр жолооч машинаа чөлөөлж зогсоод хүрээд ирсэн. Тэгэхээр нь би “ажлаа амжуулаадхая жаахан харья” гээд цаг гаран болсоны дараа хөл өвдөөд байхаар нь жолоочтой хамт гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд гэртээ хүргүүлсэн тэгээд жолооч орой 23:00 цагийн орчим утасдаад  цагдаад мэдэгдчихлээ болохгүй юм шиг байнаа гээд ирээд намайг аваад ослын газарт очиж хэмжилт хийлгээд харьсан …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23, 24 дүгээр хуудас/,

Гэрч С.Мөнхжаргал нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би 18 оны 5 сарын 27-ны өдрийн 14.40 минутын орчим хөрш Саруулмаагийн Х.Элентра маркийн 1725 УНЭ дугаарын машиныг жолоодон 100-ийн Зөгийн үүрийн баруун талын хавтан зүсдэг газрын үүдэн дээр урдаасаа хойшоо харж зогсоод би машинаас буугаад дээр байсан 2 хавтанг зүсүүлэхээр уяатайгаа тайлаад эвхэж байтал 2 залуу ирээд хавтанг зүсэхээр аваад явсан. Тэгтэл машины эзэн Саруулмаа машин дээр байсан хивсээ буулгаж байсан.Тэгтэл “ёоё” гэхээр нь хартал Саруулмаа машиныхаа баруун хойд талд уначихсан. Тэгтэл урд талаас ирж явсан машин зогсоод жолооч нь буугаад ирсэн. Тэгээд хартал Саруулмаагийн зүүн хөлийн өмд нь газраас ЗОсм шороо болчихсон байсан. Тэгээд жолооч бид 2 өргөөд өөрийнх нь машинд оруулж суулгасан. Тэгээд захиалсан хавтангаа зүсүүлээд дуусаад би гэр рүү машинтай явсан Саруулмаа жолоочийн машинд суугаад гэмтэл рүү явсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

Гэрч Э.Оюундарь нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би 18 оны 5 сарын 27-ны өдрийн 14.40-ны минутын орчим найз залуу Энх-Амарын жолоодож явсан Т.Марк-2 маркийн 2434УНС дугаарын машины урд суудалд суугаад 100-айлын Зөгийн үүр худалдааны төвийн баруун талын шороон замаас асфальтан зам руу орохоор урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан. Тэгтэл урдаас машин ирж явсан. Тэр машиныг өнгөрөөд зөрөөд орсон, замын 2 талаар машинууд зогсож байсан. Тэгтэл надад хүн харагдаагүй тэгтэл машины зүүн талын урд цонхын харалдаа хүн унаж байгаа харагдсан.Тэгтэл хүмүүс “хүн мөргөчихлөө” гэсэн.Тэгэнгүүт манай найз залуу машинаа зогсоосон.Тэгээд манай найз залуу буугаад тэр эгчийг босч чадах нь гэхэд босч чадахгүй байна гэсэн тэгэхээр нь “гэмтэл аваад явья” гэхэд тэр эгч өөрөө “аягүй их ажилтай байна гайгүй юм шиг байна” гэсэн.Тэгтэл машинууд явах замгүй болсон байсан учир бид 2 замаа чөлөөлж зогссон.Тэгээд манай найз залуу тэр эгчийг машинд нь суулгаж өгөөд “ажлаа амжуулаадхая” гэхээр нь хүлээсэн.Тэгээд дуусаад тэр эгчийг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг явж зургийг нь авхуулахад зүүн хөлийн шагайны яс хугарч цуурсан гэсэн.Тэгээд гипсдүүлээд гэрт нь хүргэж өгөөд удаад байхаар нь гэрт нь орсон.Тэгтэл тэр эгч “2 сар гэртээ байна 1 сарын цалингийн хэмжээний мөнгө өг” гээд маргалдаад байхаар нь “эмчилгээний төлбөрийг өгье, одоо шүүх эмнэлэг орье” гэхээр нь ядраад бие өвдөөд гарч чадахгүй гэсэн тэгэхээр нь бид 2 яваад орой нь цагдаад мэдэгдсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

                    Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд:

                    -“…Осол болсон газар нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зөгийн үүр худалдааны төвийн баруун замд бетон болон шороон хучилттай, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэггүй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 2 эгнээ, явган хүний замгүй хашлагагүй, хайсгүйзам байв. Осол гарсан замын зорчих хэсгийн өргөн 10.70 метр байв. Осол хэргийн газарт үлдээсэн мөр байхгүй. 7 кадр фото зураг авч  бэхжүүлэв…” гэжээ /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

                    Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

                    Эд мөрийн баримтаар тооцох тогтоолд:

                    “…1 ширхэг цагаан өнгийн Сидиг эд мөрийн баримтаар тооцов…” гэжээ /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

                    Ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл:

                    -“…14:41:36 секундэд Т.Марк-2 машин хөдөлж уг эмэгтэйн хажуугаар зөрж өнгөрөхдөө машиныхаа зүүн урд хэсгээр 14:41:36 секундэнд мөргөхөд уг эмэгтэй газар сууж унаж харагдав…” гэжээ /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

                    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹6827 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Ж.Саруулмаагийн биед зүүн шилбэн ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэжээ /хх-ийн 34 дүгэрэ хуудас/,

            Замын Цагдаагийн албаны Техникийн шинжээчийн ¹367 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...

  1. Т.Марк-2 маркийн 2434 УНС дугаарын автомашины жолооч Чимэддоржийн Энх-Амар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авсан гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  2. Явган зорчигч Жүншийн Саруулмаа нь Монгол
    Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна…” гэжээ /хх-ийн 36 дугаар хуудас/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн №28509 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...1. Уг автомашиныг Швед Улсад үйлдвэрлэгдсэн ЕШ94060 маркийн тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, зогсоолын тоормос стандартын шаардлага хангаж байна. Мөн автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 0,2мм/м буюу тохиргоо хэвийн байна. Зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр, хол дээрээ стандартын шаардлага хангахгүй байна. Автомашины ерөнхий байдлын хувьд урд хоёр оврын гэрэл стандарт бус цэнхэр өнгийн гэрлийн чийдэнтэй, зүүн гар талын оврын болон тоормосны гэрлийн чийдэн асахгүй байв. 2. Зүүн болон баруун гар талын их гэрлийн цайр бохирдож муудсаны улмаас тусгалын чадал ойр, хол дээрээ стандартын шаардлага хангахгүй байна. 3 ба 4. Шинжилгээ хийлгэх тогтоолын 3 ба 4 дүгээр асуултанд нэгтгэж хариулахад: Уг зам тээврийн осол нь их үдийн 14 цаг 40 орчим болсон байх тул урд хоёр их гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байгаа эвдрэл, гэмтэл нь осол хэрэг гарахад нөлөөлөхгүй.  5. Уг автомашин нь хий шингэн дамжуулгатай, АВЗ тоормосны системтэй байна. 6. Тоормосны системийн ажиллагаа хэвийн, тоног төхөөрөмөөр шалгаж үзэхэд ажлын болон зогсоолын тоормос стандартын шаардлага хангаж байна…” гэжээ /хх-ийн 38-44 дүгээр хуудас/,

Ч.Энх-Амарын иргэний үнэмлэхийн лавлагаа, хорооны тодорхойлолт /хх-ийн 51, 53 дугаар хуудас/, оюун өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ч.Энх-Амар нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо "Зөгийн үүр" дэлгүүрийн баруун талын замд 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 40 минутийн орчимд “Тоёота марк-2” маркийн 24-34 УНС улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Саруулмааг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ч.Энх-амарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Саруулмаагийн мэдүүлэг, гэрч С.Мөнхгариг, гэрч Э.Оюундарь нарын мэдүүлэг, Замын Цагдаагийн албаны Техникийн шинжээчийн ¹367 дугаартай шинжээчийн дүгнэлт,  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6827 дугаартай дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийн агуулгаар Ч.Энх-Амар нь автомашин жолоодон явахдаа Ж.Саруулмааг мөргөж гэмтээсэн үйлдлийг тус тус мэдүүлсэн, гэмт хэрэг гарсан газар, нөхцөл байдал нь Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцсон камерын дүрс бичлэг бүхий сиди, тэмдэглэл зэрэгт тусгагдаж, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсныг шинжээчийн дүгнэлтээр, Ч.Энх-Амар нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн болохыг техникийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Ч.Энх-Амарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж шүүгдэгч хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Ч.Энх-Амар нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар зөв дадал хэвшээгүй байдал нөлөөлсөн гэж үзнэ. 

Шүүгдэгч Ч.Энх-амарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан зэргийг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ч.Энх-Амарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт авагдсан хохирогч Ж.Саруулмаагаас бичгээр гаргасан хүсэлтэд “эмчилгээний зардалд 2.000.000 төгрөгийн авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” /хх-82/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 595583 дугаартай жолооны үнэмлэхийг хууль ёсны эзэмшигчид нь олгож, шүүгдэгч Ч.Энх-Амар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.