| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2306001732114 |
| Дугаар | 2025/ДШМ/687 |
| Огноо | 2025-06-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 18.6.1., |
| Улсын яллагч |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/687
2025 06 02 2025/ДШМ/687
Ц.А, Д.С нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Ц.А, Д.С,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/905 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Аын гаргасан давж заалдах гомдлоор Ц.А, Д.С нарт холбогдох эрүүгийн 2306001732114 дүгээр хэргийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ***** овгийн Ц.А, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сум, ** дүгээр баг, Хайрхан * дугаар гудамжны * тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод түр оршин суух, /РД:**0000000/,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/691 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;
2. ******* овгийн Д.С, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн * дугаар хороонд байрлах “****” сүлжээ дэлгүүрт ажилладаг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт, Ховд аймгийн Жаргалант сум, ** дугаар баг, Цамбагарав ** дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, **** тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:**00000000/,
Шүүгдэгч Ц.А нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансар шатахуун түгээх станцын урд талд байрлах түргэн үйлчилгээний цэгээр үйлчлүүлсэн хохирогч С.Эын эзэмшлийн Хаан банкны 5025409101 тоот дансны дугаар бүхий картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар уг данснаас 840.000 төгрөгийг авсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Д.С нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансар шатахуун түгээх станцын урд талд байрлах түргэн үйлчилгээний цэгээр үйлчлүүлсэн хохирогч С.Эын эзэмшлийн Хаан банкны 5025409101 тоот дансны дугаар бүхий картыг шүүгдэгч Ц.А хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар уг данснаас 840.000 төгрөгийг бэлнээр гарган авсан гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэгт,
мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 20 минутад Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мэдүүлэг авах 103 тоот өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...нойлын цаас аваад ир гэж хэлсэн, гарахад ШТС-ын хойд автобусны буудал дээр зогсож байсан. Би яагаад нойл ороод ирье гэж хэлчихээд хойд автобусны буудал дээр байгаа юм бол гэж бодсон...” гэж бодит байдлыг нууж, мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад учруулж, зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ц.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Д.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аыг оршин суух Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Д.Сг оршин суух Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус гарахыг хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.А, Д.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Д.С нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Ааас 420.000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч С.Эад олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…1. Манайх ам бүл 5, 1-4 насны 2 хүүхэд, нөхөр, нөхрийн дүүгийн хамт амьдардаг. Манай нөхөр У.С.Э “Эко алтжин” ХХК-нд ачигч хийдэг, би ажилгүй, гэртээ хүүхдүүд болон нөхрийн дүүг асардаг. Манай том хүү Э.Буяннэмэх 2022 оноос тархиндаа уйланхайтай гэсэн оноштойгоор Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эх нялхаст хяналтанд эмчлүүлдэг. Мөн тархины үйл ажиллагаа хааяа алддаг тул юмаа мартдаг, ярих чадвар нь сааталд ордог байснаас 103 түргэн тусламжаар дүүргийн эмнэлэг, эх нялхаст хэвтэж эмчлүүлдэг, төрөлхийн рахиттай, агаар салхинд тогтмол байлгахгүй бол хоолой нь боогдоод хүчилтөрөгч гуурсаар амьсгалуулж эмчийн хяналтанд эмнэлэгт байнга хэвтдэг. Мөн бронкиттой, агаар дутагдах, хурц үнэрээс болж хоолой нь боогддог учраас байнгын 103 дуудаж эмнэлгийн тусламж авч, байнгын асаргаатай, хараа хяналт шаардлагатай байдаг.
2. Манай нөхрийн дүү Ариунболд нь манайд 2024 оны 12 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Ээж нь нас барсан, аав нь хөл муутай, өндөр настай хүн тул хүүхдээ асарч чадахгүй болоод манайд байгаа. Ариунболд нь тархины наалдангитай, төрөлхийн ийм оноштой төрсөн бөгөөд байнгын 7 хоногт 4-5 удаа татаж, ухаан алдаж унадаг, өндөр тунтай таталтын эсрэг эм өдөрт 2 удаа уудаг, хажууд нь байнга хүн байхгүй бол байгаа газраа ухаан алдаад унадаг, амь нас, эрүүл мэнд нь хохирч болзошгүй хүн. Би байнгын хажууд нь байж гэртээ болон эмнэлэгт нь хамт явж үзүүлэх, харах шаардлагатай байдаг.
3. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо бүрэн төлнө, миний ар гэрийн байдал, хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх бусад үндэслэлүүдийг харгалзан үзэж надад оногдуулсан 01 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарласныг хөнгөрүүлж өөрчлөн доод хэмжээгээр буюу 06 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотоор хязгаарлаж өгч тусална уу, би том хүү, нөхрийн дүүгээ эмнэлгээр байнга үзүүлж хотын нутаг дэвсгэрээр зайлшгүй зорчих шаардлага үүсдэг тул энэ бүх аргагүй байдлыг харгалзан үзэж хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Д.С тус шүүх хуралдаанд “давж заалдах гомдолтой холбоотой тайлбар байхгүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.А нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансар шатахуун түгээх станцын урд талд байрлах түргэн үйлчилгээний цэгээр үйлчлүүлсэн хохирогч С.Эын эзэмшлийн Хаан банкны 5025409101 тоот дансны дугаар бүхий картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар уг данснаас 840.000 төгрөгийг авсан гэмт хэрэг,
шүүгдэгч Д.С нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансар шатахуун түгээх станцын урд талд байрлах түргэн үйлчилгээний цэгээр үйлчлүүлсэн хохирогч С.Эын эзэмшлийн Хаан банкны 5025409101 тоот дансны дугаар бүхий картыг шүүгдэгч Ц.А хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар уг данснаас 840.000 төгрөг авсан гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч С.Эын “…Би 2022 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сансарын ШТС-ын урд талын ТҮЦ орж 2 ширхэг кола, нэг “change esse” тамхи, 9.400 төгрөгийн юм авсан. … Би картаа уншуулах үедээ гар утсаар давхар ярьж банкны нууц үгээ 3077 гээд чанга хэлсэн. … Удалгүй тэр үед надад “таны данснаас 840.000 төгрөгийн зарлага гарлаа” гээд мессеж ирсэн. Би Хаан банкны 5025409101 гэсэн дансныхаа картыг Сансарын ТҮЦ-д үлдээснээ санаад 100 айлын гэрлэн дохиогоор буцаж машинаа эргүүлж ТҮЦ-д ирсэн. ... Картаа асуусан чинь тэр ТҮЦ-ийн худалдагч охины /80458583 Туул гэх/ хэлж байгаагаар нэг охин нь таны гарт бариулсан гэж хэлээд байгаа. … Миний картаас мөнгө авсан хүн “Их засаг ОУИС-ын тэнд байх” Хаан бакны АТМ-ээс авсан байна гэж Хаан банкнаас хэлсэн. ...” /хх 19-20/,
шүүгдэгч Ц.Аын яллагдагчаар өгсөн “…тэр ах Хаан банкны ногоон өнгөтэй карт надад өгч уншуулсан. Би картыг нь уншуулчихаад буцааж өгөхдөө өөрийн нөхөр С.Эын Хаан банкны картыг сольж өгөөд явуулсан. …Би автобусны буудал дээрээс такси бариад Их засаг их сургуулийн урд байх Хаан банкны АТМ ороод картнаас нь 840.000 төгрөг гаргаж авсан. …” /хх 76-77/,
шүүгдэгч Д.Сгийн яллагдагчаар өгсөн “…Би Ц.Аын хулгайлж авсан мөнгөнөөс нь нэг зуу гаруй мянган төгрөг авсан, бас 3 хоног хамт идэж ууж буудалд орсон. …” /хх 85/
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 7-9/, Хаан банкны 29/10264 дугаартай албан бичиг, 5025409101 тоот дансны хуулга /хх 66-68/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ц.Аыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн”, шүүгдэгч Д.Сг “гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ц.Аын хохирогч С.Эын эзэмшлийн Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар АТМ машин ашиглан уг данснаас 840.000 төгрөг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Сгийн хохирогч С.Эын Хаан банкны картыг шүүгдэгч Ц.А хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 840.000 төгрөг авсан гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол ...” гэж заажээ.
Шүүгдэгч Д.С нь хохирогч С.Эын Хаан банкны картыг шүүгдэгч Ц.А гэмт хэрэг үйлдэж буюу хулгайлан авч, улмаар АТМ ашиглан 840.000 төгрөг авсныг тэр даруй мэдсэн атлаа картаа авахаар очсон хохирогч, хохирогчийн өгсөн дуудлагын дагуу ирсэн цагдаагийн албан хаагч нараас гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нуун дарагдуулж, улмаар дээрх мөнгөнөөс 100.000 төгрөг бэлнээр өөртөө авсан, түүнчлэн Ц.Атай санаа зорилго нэгдэн зочид буудалд байрлан төлбөрийг төлсөн, дэлгүүрээс эд зүйл авч хамтран ашигласан үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Шүүгдэгч Ц.А “…надад оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарласныг хөнгөрүүлж өөрчлөн доод хэмжээгээр буюу 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотоор хязгаарлаж өгч тусална уу, … би том хүү, нөхрийн дүүгээ эмнэлгээр байнга үзүүлж хотын нутаг дэвсгэрээр зайлшгүй зорчих шаардлага үүсдэг…” гэсэн агуулга бүхий давж заалдх гомдол гаргажээ.
Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан үздэг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн гурван төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, 6 сараас 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээнээс 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг өөрчлөн хөнгөрүүлэх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Түүнчлэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Шүүгдэгч Ц.А нь давж заалдах гомдолдоо “хүүхэд, нөхрийн дүүгээ эмнэлэгт байнга үзүүлдэг” гэж дурдсан боловч зайлшгүй зорчих шаардлага үүсдэг талаарх нотлох баримт байхгүй байх бөгөөд шүүгдэгч Ц.А нь нотлох баримтаа бүрдүүлэн энэ талаарх хүсэлтээ тухай бүр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх боломжтойг дурдаж байна.
Иймд шүүгдэгч Ц.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/905 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР