2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/08694

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 14 191/ШШ2025/08694

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ................ тоот хаягт оршин суух, Д.Н /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...................-т байрлах, С ХХК /РД:000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2025.03.10-ны өдрийн 25Б/107 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С

Хариуцагчийн төлөөлөгч Д.М,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Д

Гэрч Ш.А, Т.Н, П.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч С ХХК-д холбогдуулан 2025.03.10-ны өдрийн 25Б/107 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. ...Миний бие нь С ХХК-д 2024.08 дугаар сард Цэрэг цагдаагийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай хүнийг албаны даргаар ажилд авна гэсэн зарын дагуу ерөнхий захирал Д.М-тэй 2 удаа уулзаж, 2024.08.26-ны өдрөөс эхлэн Улаанбаатар салбарын Захиргаа шуурхай удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд 3 сар туршилтын хугацаагаар сарын 1,800,000 төгрөгийн цалинтай ажиллаж, 2025.11.01-ний өдрөөс жинхэлж, сарын 2,200,000 төгрөгийн цалингаар тохирон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан.

Гэтэл гэнэтхэн 2025.03.10-ны орой 18:00 цаг болж байхад манай Улаанбаатар салбарын захирал П.Дэлгэрдалай 03.11-ний өдрөөс намайг ажлаас халсан тухай ерөнхий захирлын тушаалыг авчирч надад үзүүлсэн. П.Д захирал нь намайг ажлаас халж байгаа тухай өөрөө ч мэдээгүй, ерөнхий захирлаас намайг яагаад ажлаас чөлөөлж байгаа тухай нь асуухад Д.М захирал та дараа нь мэднэ ээ, одоохон энэ тушаалыг аваачиж танилцуул гэж хэллээ гээд гайхсаар уг тушаалыг авчрахад оффист байсан алба хаагчид юу болоод байна аа гээд гайхацгаасан. Ерөнхий захирлын 2025.03.10-ны 25Б/107 дугаартай тушаалд: ...Намайг удаа дараа хамтран ажиллагсадтайгаа бүдүүлэг, соёлгүй харьцаж, хамт олны эв нэгдлийг үл хүндэтгэж, ажлын цагийг баримталдаггүй зөрчил гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт, байгууллагын дотоод журмын 8.3.13 дугаар зүйлийг тус тус үндэслэн ажлаас халсан.

Би тус компанид ажиллах хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт нь хийж гүйцэтгэн, сар бүр ажлын тайлангаа тогтмол тайлагнаж, төвийн хүний нөөцийн дарга Э-т хүргүүлэн, нэг хувийг өөртөө архив болгон авч үлддэг, мөн дотоод журмыг ягштал биелүүлж, байгууллагын дотоод журмын 4.3.6-д заасан компанийн эрх ашигт харш аливаа асуудалтай эвлэршгүй байж, алдаа дутагдлыг арилгахын тулд хамт олондоо зарчимч шаардлага тавьж ажиллах гэсэн заалтыг чанд баримтлан ажиллаж ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй.

Учир нь би өөрөө хариуцлага сахилга баттай цагдаагийн албанд ажиллаж байсны хувьд өөрийн хувийн зохион байгуулалт сайтай хүн юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасан бөгөөд надад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зогсоох талаар мэдэгдсэн болон тайлбар авсан асуудал огт байхгүй. Хэрвээ би тушаалд заасан шиг ажиллах хугацаандаа удаа дараа хамтран ажиллагсадтайгаа бүдүүлэг соёлгүй харьцаж, хамт олны эв нэгдлийг үл хүндэтгэж, ажлын цаг баримталдаггүй зөрчил гаргасан бол энэ талаар байгууллагын ёс зүйн хорооны дүгнэлт гарсан байхыг хууль шаардаж байдаг.

Мөн намайг ажилд авахдаа тэтгэвэрт гарсан гэдгийг мэдэж байсан ба ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 145.3-т Ажил олгогч ахмад настны хүсэлтээр ажлын цагийг богиносгож, бүтэн бус цагаар ажиллуулж эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлэх асуудлыг хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна гэсэн байдаг.

Миний бие энэ компанид ажиллах 6 сарын хугацаанд албан өрөөнөөс 1 удаа л шинжилгээний хариу авах гэж хувийн ажлаар гарсан байдаг ба бусад бүх цаг хугацаанд ажлын өрөөндөө байнга байж цайны цагаар ч гэсэн гаралгүй өрөөндөө байдаг байсныг салбарын захирал болон хамт ажиллаж байсан хүмүүс мэднэ.

Энэ нь намайг байгууллагын ажил цалгардуулдаггүй, ажлын цагаар ажлын байрандаа байнга байдгийг нотолж байгаа юм. Ийм байхад ажлын цаг баримталдаггүй гэж тушаалд дурдсан ба цалин хасдаг тушаал болон аргачлал нь хууль зүйн үндэслэлгүй юм. Үүнийг салбарын захирал Д-д хууль зөрчиж байгаа талаар удаа дараа хэлдэг байсан ба салбарын захирал үүнийг маш сайн мэдэж байгаа.

Би хуульд заасны дагуу Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо /ХЭМЗГТХ/-нд өргөдөл гаргаж Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь 2 удаа хурал зарласан ч хариуцагч тал болох компанийн удирдлага хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүйгээс хуульд зааснаар 3 талт хороонд шийдвэрлэгдэх боломжгүй болж маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болсон.

ХЭМЗГТХ-нд компаниас ирүүлсэн тайлбар гэх бичгийн хамт Улаанбаатар салбарт ирүүлсэн ажлын цаг ашиглалтын талаарх мэдэгдэл цагийн бүртгэл, мөн надад 2025.02.11-ний өдөр 25Б/53 дугаартай Эд хөрөнгийн бүртгэлийг цаг тухайд нь үнэн зөв хийж гүйцэтгээгүй зөрчил гаргасан тул сахилгын шийтгэл оногдуулсан тухай тушаал гэх мэт надад өмнө нь огт танилцуулж байгаагүй баримтуудыг хавсарган ирүүлсэн. Энэ нь Хөдөлмөрийн гэрээний 3.4-т Сахилгын шийтгэлүүдийг захиргаанаас ногдуулахдаа үүрэг гүйцэтгэж байх хугацаанд гаргасан зөрчил дээр болон амралтын хугацаанд гаргасан зөрчилд үндэслэн өгөх бөгөөд зөрчил гаргасан ажилтанд бичгээр сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг танилцуулж гарын үсэг зуруулна. Хэрэв ажилтан гарын үсэг зурахаас татгалзсан бол хамт олных нь дэргэд сахилгын шийтгэл ногдуулсныг амаар мэдэгдэх, эсхүл тэмдэглэл үйлдэж баталгаажуулна гэсэн заалтыг зөрчсөн байна.

Мөн тайлбартаа надад цалин амралтын мөнгийг олгосон гэсэн нь намайг ажлаас халахдаа амралтын мөнгийг олгоогүй ба миний бие нягтлан З-д ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгийг олгох талаарх өргөдлийг мэйл рүү нь явуулсныг 03.25-ны өдөр З миний амралтын мөнгийг олгохдоо 213,995 төгрөгийг дутуу олгосон, би ахлах нягтлан Б-д утсаар хэлж дахин бодуулснаар дутуу олгогдсон дээрх мөнгийг 04.04-ний өдөр миний данс руу шилжүүлсэн.

2025.02.19-ний өдрийн 25/10 дугаартай мэдэгдэл нь Улаанбаатар салбарт хаяглан гаргасан байх ба өөрөөр хэлбэл Д.Н намайг ажлын цаг баримталдаггүй зөрчил гаргаж байгаа тухай тухайлан дурдаагүй, мөн энэ мэдэгдлийг бидэнд танилцуулаагүй бөгөөд үүнийг нөхөн гаргасан байна.

Тухайлбал: Надад Эд хөрөнгийн бүртгэлийг цаг тухайд нь үнэн зөв хийж гүйцэтгээгүй зөрчил гаргасан гэж сахилгын шийтгэл ногдуулсан 25Б/53 дугаартай тушаалд: Чухам ямар эд хөрөнгийг цаг тухайд нь үнэн зөв хийж гүйцэтгээгүй болон үүний улмаас байгууллагад ямар хор хохирол учруулсан нь тодорхой бус байна, миний бие албан үүргийнхээ хувьд Шуурхай бүлгийн автомашинд байвал зохих эд зүйлсийн бүртгэлийг гаргаж сар бүрийн 15, 30-ны өдрүүдэд санхүүд тогтмол хүргүүлдэг байсан.

Хэрэв би эд хөрөнгийн бүртгэлийг үнэн зөв хийж гүйцэтгээгүй зөрчил гаргасан бол байгууллагын дотоод журмын найм: Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага гэсэн бүлгийн 8.2-т зааснаар Сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчил гаргагчийн бичгээр гаргасан тайлбар, тухайн ажилтныг хариуцсан шууд удирдах ажилтны санал, илтгэх хуудсыг үндэслэл болгоно гэсний дагуу сонсох ажиллагаа хийгдэх байсан гэтэл дотоод журмын энэ заалтыг баримтлаагүй зөрчсөн байна.

Надад арга хэмжээ авсан гэх тушаалуудыг намайг шууд удирддаг салбарын захирал П.Д нь намайг ямар зөрчил гаргасан болон ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар огт мэдээгүй буюу мэддэггүй байсан нь дээрхи заалтыг зөрчсөн нь илэрхий байгаа юм. Миний энэ компанид хагас жил ажиллах хугацаанд нэг ч удаа надтай холбоотой ямар нэгэн гомдол, зөрчил дутагдлын талаар огт хэлэлцэж байгаагүй.

Иймд хөдөлмөрлөх эрхийг минь зөрчиж хууль зөрчиж гаргасан Ерөнхий захирлын 2025.03.10-ны өдрийн 25Б/107 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү... гэв.

 

2.Хариуцагчийн төлөөлөгч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай байгууллага нь нэхэмжлэгч Д.Н-тай 2024.11.01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Уг хөдөлмөрийн дагуу ажилтантай байгууллага Ёс зүйн гэрээ, Нууц хадгалах гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тус тус байгуулсан. Нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаанд ажилчид олноороо ажлаасаа гарч эхэлсэн бөгөөд шалтгааныг асуухад захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Н хүнийг өмссөн зүүснээр нь ялгаж харьцдаг, өөрийн ажил үүргээ гүйцэтгэж, байхдаа шан харамж авдаг. Чихэр шоколад авч өгөхгүй бол ажлаа хийхэд хүндрэлтэй, нөхцөл байдлыг үүсгэдэг гэх зэргээр маш олон зүйлийг хэлж өөрийн хүсэлтээр ажилчид ажлаа өгдөг байсан. Дээрх асуудлыг бид хүлцэн тэвчиж ажиллуулсаар байсан боловч 2025.02 дугаар сарын дундуур ажилдаа заавал хэн нэгнээр хүргүүлж ирдэг. Ирж авахгүй бол байгууллагын онц чухал объектын харуул хамгаалалт алдагддаг гэх зэрэг зүйл яригдаж байсан тул ажилласан цагийг нь санхүү бүртгэлийн албанаас авч шүүж үзэхэд 2025.02 дугаар сарын эхний байдлаар ажилдаа нэг ч өдөр цагтаа ирж байгаагүй байсан. Захиргаа удирдлагын дарга нь ажилдаа цагтаа ирэхгүй байхаар бусад ажилчид цагтаа ирэхгүй нь ойлгомжтой байсан. Бид дээрх асуудлаар өөрөөс нь тайлбар авах гэж үзэхэд үйлдлээ хүлээн зөвшөөрдөггүй. Ухаараасай ажлаа сайжруулаасай гэж сануулах сахилгын шийтгэлийг 2025.02.11-ний өдөр авч байсан.

Үүнээс хойш ажил үүргээ сайжруулах талаар 2025.02.19-ний өдөр мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байсан болно. Үүний дараа ч байгууллагын ажилчдаас ажлаас гарах өргөдөл удаа дараа ирж шалтгаан нь зөвхөн Д.Н-ын харилцаа хандлагын талаар асуудал гаргадаг байсан.

Дээрх асуудлыг тэсэхээ байж 2025.03.10-ны өдөр хүний нөөцийн мэргэжилтэн Н болон миний бие хамт яагаад ийм харилцаа хандлага гаргаад байдаг талаар асууж тайлбар авах ажиллагаа хийх гэсэн боловч би та нарт тайлбар бичиж өгдөг нь биш би цагдаагийн байгууллагад олон жил болсон та нарыг бол яах аа мэднэ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч бол миний найз та нар энэ нутаг дэвсгэрт байгаа цагт намайг барж иднэ гэж байхгүй шүү гэх зэргээр хэл амаар доромжилж ажилчдаас ирүүлсэн өргөдлийг ч хараагүй болно. Иймд ажилтны талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3.5-д заасан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй сөрөг хэл амаар доромжилсон, 4.6-д үйлчлүүлэгч, харилцагч, удирдах ажилтан болон хамтран ажиллагсадтайгаа бүдүүлэг соёлгүй харьцах, хэл амаар доромжилсон үйлдлийг ноцтой зөрчилд оруулан тооцохоор заасан байхаас гадна ажилтны ёс зүйн гэрээний 3.4-т ажилтны хүлээх үүрэгт байгууллага дотор чанга дуугаар маргалдах, өөрөөс ах болон удирдах ажилтантай хүндэтгэлтэй харьцах, хүч хэрэглэх ямарваа нэгэн үйлдэл хийх, бусдыг доромжлох, загнах, бусдад мэдээлэл дамжуулах, хүндэтгэлгүй биеийн илэрхийлэл гаргах гэх зэрэг үйлдлийг гаргасан тохиолдолд шууд ажлаас халсанд тооцно хэмээн тодорхой зохицуулж нэхэмжлэгч гарын үсэг зурсан талуудын хүсэл зоригийн нэгдэл бүхий хэлцэл байгуулагдсан байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан 2024.11.01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 4-8 х/,

-2024.11.01-ний өдрийн Ёс зүйн гэрээ /хх-ийн 9 х/,

-2024.11.01-ний өдрийн Нууц хадгалах гэрээ /хх-ийн 10 х/,

-2024.11.01-ний өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ, эд хөрөнгө хүлээлцэх акт /хх-ийн 11-12 х/,

-2025.04.30-ны өдрийн 29 дугаартай Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл /хх-ийн 13-14 х/,

-2025.04.21-ний өдрийн 25/37 тоот С ХХК-ийн албан бичиг /хх-ийн 15 х/,

-2025.04.30-ны өдрийн 25/42 тоот С ХХК-ийн албан бичиг /хх-ийн 16 х/,

-2025.03.10-ны өдрийн 25Б/107 дугаартай С ХХК-ийн ерөнхий захирлын Ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-ийн 17 х/,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 18 х/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 19 х/,

-Мессежүүд /хх-ийн 20-21 х/,

-2025.05.20-ны өдрийн 0173 бүртгэлийн дугаартай Ш.С-д олгосон итгэмжлэл /хх-ийн 25 х/,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 38 х/,

-Цалингийн жагсаалт /хх-ийн 53 х/,

-Голомт банкны дансны хуулга /хх-ийн 54-67 х/,

-тэмдэглэлийн дэвтрийн хуудаснууд /хх-ийн 169-174 х/ зэрэг баримтуудыг,

 

4.Хариуцагч С ХХК нь тайлбар татгалзалтайгаа холбогдуулан 2025.05.21-ний өдрийн 25/52 дугаартай Б.А-д олгосон итгэмжлэл /хх-ийн 28 х/,

-Улсын бүртгэлийн 00000000 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 32 х/,

-Ажилчдын тайлбар, тодорхойлолт /хх-ийн 70-75 х/,

-Хариу тайлбар /хх-ийн 76 х/,

-2025.02.11-ний өдрийн 25Б/53 дугаар С ХХК-ийн ерөнхий захирлын Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаал /хх-ийн 77 х/,

-2025.02.19-ний өдрийн 25/10 тоот С ХХК-ийн албан бичиг /хх-ийн 78 х/,

-2025.02.01-02.15-ны өдрийн оффисын ирц бүртгэл /хх-ийн 79 х/,

-2024.01.23-ны өдрийн 24А/01 дугаар С ХХК-ийн ерөнхий захирлын С ХХК-ийн удирдах ажилтнуудын цаг ашиглалтыг дүгнэж үнэлэх тухай тушаал, түүний хавсралт /хх-ийн 80-81 х/,

-2024.11.01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 93-97 х/,

-2024.11.01-ний өдрийн Ёс зүйн гэрээ /хх-ийн 98 х/,

-2024.11.01-ний өдрийн Нууц хадгалах гэрээ /хх-ийн 99 х/,

-2024.11.01-ний өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ, эд хөрөнгө хүлээлцэх акт /хх-ийн 100-101 х/,

-2025.09.24-ний өдрийн 25/21 дугаартай О.М-д олгосон итгэмжлэл /хх-ийн 112 х/,

-2024.10.14-ний өдрийн 24Б/425 тоот С ХХК-ийн ерөнхий захирлын Үүрэг даалгавар өгөх тухай тушаал, түүний хавсралт /хх-ийн 115-117 х/,

-Өргөдлийн маягт /хх-ийн 118 х/,

-2024.11.21-ний өдрийн 24Б/471 тоот С ХХК-ийн ерөнхий захирлын Цалин нэмэх тухай тушаал /хх-ийн 119 х/,

-2025.03.03, 2025.03.10-ны өдрүүдийн С ХХК-ийн Хүний нөөц, дотоод хяналтын менежер Х.Э-ийн Ерөнхий захирлаас өгсөн дотоод хяналтын хүрээнд доорхи нэр бүхий хүмүүсээс тайлбар авсан тайлангууд /хх-ийн 120-123 х/,

-2025.03.10-ны өдрийн ажлаас чөлөөлсөн тушаал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 124 х/,

-2025.02.11-ний өдрийн Ерөнхий захирлын тушаал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 126 х/,

-2025.02.11-ний өдрийн 25Б/53 дугаар С ХХК-ийн ерөнхий захирлын Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаал /хх-ийн 128 х/,

-2025.09.30-ны өдрийн Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-ийн 140-141 х/,

-2025.03.12-ны өдрийн 25Б/108 дугаар С ХХК-ийн ерөнхий захирлын Ээлжийн амралт эдлүүлэх тухай тушаал /хх-ийн 154 х/,

-2025.03.10-ны өдрийн Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх-ийн 158-159 х/ зэрэг баримтуудыг,

 

5.Зохигчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2025.07.03-ны өдрийн 191/ШЗ2025/28946 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжаар хариуцагчаас С ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 82-89 х/,

-Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 90-92 х/,

-2024.08.27-ны өдрийн 24Б/351 тоот С ХХК-ийн ерөнхий захирлын Туршилтын хугацаанд ажилд томилох тухай тушаал /хх-ийн 114 х/,

-2025.09.19-ний өдрийн 191/ШЗ2025/38771 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар хариуцагчаас Д.Н-ын 2024.09 сараас 2025.03 дугаар сарын дуусталх хугацааны цалингийн карт буюу цалин бодсон дэлгэрэнгүй тооцоолол /хх-ийн 125, 156-157 х/,

-2025.09.26-ны өдрийн 191/ШЗ2025/40071 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар Үзлэг хийсэн тэмдэглэл, түүний хавсралт /хх-ийн 144-153 х/-ыг шүүхийн журмаар тус тус бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.С ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Д.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч С ХХК-д холбогдуулан 2025.03.10-ны өдрийн 25Б/107 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Улаанбаатар салбарын Захиргаа шуурхай удирдлагын даргын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2.1. Миний хувьд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж, байгууллагын дотоод журам, ёс зүйн дүрмийг ягштал биелүүлж, хамт олны алдаа дутагдлыг арилгахын тулд зарчимч шаардлага тавьж ажилласан.

Намайг ажлаас чөлөөлсөн тушаалд хамтран ажиллагсадтайгаа удаа дараа бүдүүлэг, соёлгүй харьцаж, хамт олны эв нэгдлийг үл хүндэтгэж, ажлын цаг баримталдаггүй зөрчил гаргасан гэдэг. Гэтэл би хэн гэдэг хүнтэй, хэзээ зүй бус, бүдүүлэг харьцсан гэдэг нь тодорхой баримтгүй. Хамт олны эв нэгдлийг үл хүндэтгэсэн гэсэн байсан энэ бас тодорхойгүй байгаа. Мөн ажлын цагийг баримталдаггүй гэсэн байгаа. Цагийн бүртгэлийг яаж бүртгэдгийг би мэдэхгүй, манайд нүүр таниулах, хуруу даруулдаггүй. Хэрвээ ямар нэгэн бүртгэл хөтөлдөг байсан бол бидэнд танилцуулсан байх ёстой гэхдээ танилцуулж байгаагүй учраас ажлаас чөлөөлөх тушаал үндэслэлгүй гэж үзэж байна.

 

3.Хариуцагч нь ...нэхэмжлэгч нь ажлын цаг барих, албаны журмыг дагах, хамт олны эв нэгдлийг хангах үүргээ хэрэгжүүлэхгүйгээр ёс зүйн ноцтой зөрчил гаргасан. Байгууллагын зүгээс 2 удаа сахилгын арга хэмжээ ногдуулсан бөгөөд хамт олны зүгээс шоронд байгаа юм шиг байна, төрийн байгууллага юм уу хувийн компани юм уу Н даргатай цаашид хамтарч ажиллаж чадахгүй, элдвээр хэлж доромжлоод байна гэсэн гомдлыг удаа дараа гаргасан.

Дээрх зөрчил нь тогтоогдсон учраас Манай байгууллагад захирлын зөвлөл байдаг. Үүнд нягтлан, салбарын захирал, хүний нөөц бид нар хуралдсан. Насаа даргын гаргасан зөрчил нь миний тоолж байгаагаар 8-9 байсан боловч цаасан дээр буусан нь 3-4 байгаа. Тийм учраас энэ хүнийг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн, үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй,

154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй,

154.2.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Д.Н нь хуульд заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж гомдол гаргасан байх ба уг хорооны 2025.04.30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр ...талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр... ажиллагааг дуусгавар болгожээ. /хх-ийн 13-14 х/

 

Тэрээр дээрх хариуг авснаас хойш шүүхэд 2025.05.12-ны өдөр шүүхэд хандсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хянан шийдвэрлэх үндэстэй.

 

5.Нэхэмжлэгч Д.Н нь 2024.08.26-наас 2025.03.10-ны өдрийг хүртэл С ХХК-ийн Захиргаа шуурхай удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн гэрээ, ёс зүйн гэрээ, нууц хадгалах гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээнүүд, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон бөгөөд зохигч энэ талаар маргаагүй учраас шүүхээс маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй. /хх-ийн 4-8, 9, 10, 11-12 х/

 

6.Сахилгын зөрчил давтан гаргасан эсэх талаар

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажил үүрэгтэй хайхрамжгүй хандаж, эд хөрөнгийн бүртгэлийг цаг тухайд нь үнэн зөв хийж гүйцэтгээгүй, ажлын цаг тасалж 2025.02.11-ний өдөр сануулах арга хэмжээ авагдаж байсан гэж тайлбарлаж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэж тус тус заасан.

 

Талууд ажлын байрны тодорхойлолтыг бичгээр танилцуулаагүй, зөвхөн амаар танилцуулсан талаар маргаагүй боловч ажил олгогчийн зүгээс ажилтныг ажил үүрэгтэй хайхрамжгүй хандаж, эд хөрөнгийн бүртгэлийг цаг тухайд нь үнэн зөв хийж гүйцэтгээгүй, ажлын цаг тасалж хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг зөрчсөн гэж 2025.02.11-ний өдрийн 25Б/53 дугаартай тушаалаар сануулах арга хэмжээ авсан байх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул ажилтныг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэхгүй.

 

Харин нэхэмжлэгчийн ...Цагийн бүртгэлийг яаж бүртгэдгийг би мэдэхгүй, манайд нүүр таниулах, хуруу даруулдаггүй. Хэрвээ ямар нэгэн бүртгэл хөтөлдөг байсан бол бидэнд танилцуулсан байх ёстой гэхдээ танилцуулж байгаагүй... гэх тайлбарыг шүүх үндэслэл бүхий гэж үзлээ.

 

7.Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан эсэх, ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй эсэх талаар

Нэхэмжлэгч нь С ХХК-ийн ерөнхий захирлын 2025.03.10-ны өдрийн 25Б/107 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан бөгөөд ажилтанд сахилгын шийтгэл ногдуулж байгаа тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, тухайн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлтэй тохирч, хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой. Мөн ажилтныг ажилд эгүүлэн тогтоох эсэх үндэслэлийг бий болгож, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлага байхгүй.

 

Хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлүүдийг авч үзвэл:

-Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан,

-Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.3.13-т Компанитай хамтран ажиллаж буй гэрээт байгууллагуудын үйл ажиллагаанд санаатай болон санамсаргүйгээр саад учруулах, үйл ажиллагаанд доголдол үүсгэх, эд хөрөнгийг гэмтээх, хулгайлахыг завдах, ажил үүргээ гүйцэтгэж буй ажилтантай зүй бусаар харьцах зэрэг зохисгүй үйлдэл гаргасан,

-Ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон Ёс зүйн гэрээг тус тус үндэслэн ...ажиллах хугацаандаа удаа дараа хамтран ажиллагсадтайгаа бүдүүлэг соёлгүй харьцаж, хамт олны эв нэгдлийг үл хүндэтгэж, ажлын цагийг баримталдаггүй зөрчил гаргасан... гэжээ.

 

Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т Дараах зөрчлийг ноцтой зөрчилд тооцох бөгөөд тэдгээрээс аль нэгийг нэг удаа гаргасан тохиолдолд ажил олгогч ажилтны хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах эрхтэй. Үүнд гээд 4.3-аас 4.16 хүртэл зөрчлүүдийг нэрлэн заасан байна. /хх-ийн 4-8 х/

 

Тодруулбал ажилтан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6, 4.10-т ...удирдах ажилтан болон хамтран ажиллагчидтайгаа бүдүүлэг соёлгүй харьцах, үл хүндэтгэх байр сууринаас хандсан, хэл амаар доромжилсон бол, хамтран ажиллагчидтайгаа зүй бус харилцах, ... шахаж дарамтлахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор зохицуулжээ.

 

Ёс зүйн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.4-т ажиллах хугацаандаа дээд шатны удирдах албан тушаалтан, хамт олны эв нэгдлийг хүндэтгэж ажлын цаг, зохион байгуулалт, холбогдох чиглэл зааварчилгаануудыг дагаж мөрдөнө. Хэрэв эдгээр заалтуудыг дагаж мөрдөөгүй бол ажлаас чөлөөлөгдөхдөө гомдолгүй гэнэ, байгууллага дотор чанга дуугаар маргалдах, өөрөөс ах настай эсвэл албан тушаалаар илүү хүнтэй хүндэтгэлтэй харилцаж байна. Хүч хэрэглэх ямар нэгэн үйлдэл хийсэн бол /доромжлох, загнах..., хүндэтгэлгүй биеийн илэрхийлэл гаргах зэрэг тооцогдоно/ шууд ажлаас чөлөөлөгдсөнд тооцох... гэжээ.

 

Дээрх заалтуудаас үзвэл байгууллагын ёс зүйн гэдэг нь ажлын орчинд санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй /зөвшөөрөх, эс зөвшөөрөх/-г ёс зүйн үүднээс тодорхойлсон, зөрчлийг шийдвэрлэхээр байна.

 

Нэхэмжлэгч нь ...Намайг удаа дараа хамтран ажиллагсадтайгаа бүдүүлэг, соёлгүй харьцаж, хамт олны эв нэгдлийг үл хүндэтгэж, ажлын цагийг баримталдаггүй зөрчил гаргасан гэж ажлаас халсан. Би тус компанид ажиллах хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт нь хийж гүйцэтгэн, сар бүр ажлын тайлангаа тогтмол тайлагнаж, төвийн хүний нөөцийн дарга Э-т хүргүүлэн, нэг хувийг өөртөө архив болгон авч үлддэг, мөн дотоод журмыг ягштал биелүүлж, байгууллагын дотоод журмын 4.3.6-д заасан компанийн эрх ашигт харш аливаа асуудалтай эвлэршгүй байж, алдаа дутагдлыг арилгахын тулд хамт олондоо зарчимч шаардлага тавьж ажиллах гэсэн заалтыг чанд баримтлан ажиллаж ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Энэ хувийн компанид ажилладаг хүмүүс хууль, дүрмийг хүлээж авдаггүй юм шиг байсан. Би орж ирснээсээ хойш зүй ёсны шаардлага тавихад хүмүүс хүндээр хүлээж аваад дарамталдаг гэж яриад байдаг байсан... гэх тайлбараа баримтаар нотлох буюу гэрч асуулгах хүсэлт гаргаагүй учраас шүүх энэхүү тайлбарыг үнэн зөв гэж үзэж баримтаар үнэлэх боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохыг тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч дээрх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Д.Н нь хамтран ажиллагчидтайгаа бүдүүлэг соёлгүй харьцах, үл хүндэтгэх байр сууринаас хандсан, хэл амаар доромжилсон болох нь гэрч Т.Н-ийн ...Ш.А-д гарч ирээд энэ хүнтэй хамт ажиллаж чадахгүй гээд гарсан. Өөр хүмүүс ч Н даргаас болж ажлаас гарч байсан. Би байршил хянадаг. Ч гэдэг хүнийг 25 дээр зогсоод Н даргыг авах үед нь Н дарга руу залгаж та яагаад шуурхайг дур мэдэж хөдөлгөөд байгаа юм бэ гэж хэлж байсан... гэх, Ш.А-ын ...Халах солих, ажилд орох гэж ирсэн хүнийг голж шилдэг байсан. Настай хүмүүсийг өөрийн үзэмжээрээ авдаг. Хүний нөөцийг бүрдүүлдэггүй байсан. Хамт ажиллаж байгаа хүмүүсээ байнга элдвээр хэлж дарамталдаг. Хамт ажиллахад их хэцүү... гэх, гэрч П.Д ...Ер нь зан харилцааны талаар таарамжгүй, харилцахад хэцүү гэх гомдол гардаг байсан. Энэ талаар төвийн захиргааны албаны хүмүүс 2-3 удаа уулзаж сануулга өгч үүрэг чиглэл өгч байсан. Ялангуяа шуурхай албаны багаас их гомдол ирдэг байсан. Ямар нэгэн асуудал гаргахад ямар нэгэн тэмдэглэсэн зүйл байхгүй. Шуурхай албаны жолоочоор ажиллаж байсан 3-4 хүн байгаа санаж байгаагаар А гэж байсан, өөрийнх нь удирдлага дор ажиллаж байсан Д гэх хүн байсан тэр хүн шууд ажлаасаа гарсан тохиолдол байгаа. Н даргыг байгаа тохиолдолд би очихгүй гэж хэлж байсан. А-ыг биечилсэн хамгаалалтын менежер байхад Н ажиллуулж чадахгүй гэж хэлээд явуулсан байсан. Дараа нь А-ыг дуудаж авч ирээд нэг хүнээс болоод ажлаа хаяж болохгүй гэж хэлсэн учраас шуурхай албаны жолоочоор ажиллуулсан... гэх мэдүүлгүүд,

 

2025.10.01-ний өдрийн S шуурхай алба гэх фейсбүүк чат /мессенжер/-д П.Б гэх фейсбүүк хэрэглэгчийн үлдээсэн Заа Шуурхай бүлгий дарга насаа эгчээ та арай их хүний эрхэн халдаад байна шүү би ажил хийсэн болхоос шоронд ороогүй би гэрээ хийхдээ 24 48 гарна гэж гэрээ хийсэн тэгээд та болхоор хууль дүрэм яриж биднийг айлгана бидэнд хууль дүрэм гэрээ гэж байдаг Батсүх ах А ах бид 3 банк нь дээр гараад Ц гарахгүй гэхээр гаргадаггүй эрх тэгш харьц танийг эрснээс хойш бид байнга дуудагдаж гардаг болсон. Би тэмцээн орох гэж нэг гараа чөлөөлүүлсэн тэрийг байнга яриж барьцаална чи чөлөө авсан тэрийг чинь би зохицуулсан одоо чи гар гэнэ би чөлөө авахдаа 48 гараад буусан тэгээд нэг гараагаа чөлөө авсан 2 хоноод гарах байсан бол 3 хоноод гарсан тэгээл буугаал маргааш нь дахиад гар гэнэ би үнэхээр ядарж байна. Тэгээд гэнэтийн ар гэрийн асуудал гараад эгчээ би энгэсэн юмаа гээд өргөдөл бичээд өгөхөөр эмчийн бичиг авчирж өг гэнэ тэгээд эмчийн бичих аваад өгхөөр энийг чинь би ойлгохгүй байна гэнэ тэгээд одоо цалин хаацан. Та яг намайг яа гээд байгаан 30 хоногийн дотор шийдэн гэж байдаггүй шүү 14 хоногийн өмнө хэлээд шийдэж өгдөг зайлшгүй шаардага гарсан тохиолдолд шийдэж өгдөг шүү та арай дэндүү надад дарамт үүсгээд байна надад гэлтгүй Шуурхайн алба хаагчдад гэх үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбараар тогтоогдож байх тул Хөдөлмөрийн гэрээ болон ёс зүйн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн ажил олгогчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

 

Ажилтан хөдөлмөрийн гэрээний 4.6, 4.10-д заасан зөрчил гаргасан байх ба эдгээр зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцохоор заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлд хамаарна. Хэдийгээр ажил олгогчийн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг баримтлаагүй хэдий ч ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон, уг зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцохоор заасан байх тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагч байгууллагын захирлын 2025.03.10-ны өдрийн 25Б/107 дугаар тушаал хууль ёсны байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж заасан бөгөөд хариуцагчийн ...Бүдүүлэг, ёс зүйгүй гэдэг нь хамт ажиллагсдаа ялгаварлах, өөрт нь хамааралтай хүнд ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх, хамааралгүй хүнийг илүү цагаар ажиллуулах, үл хүндэтгэх, бүдүүлэг дээд өнгөөр харилцах, хараал хэлэх, албаны бус цагаар мессеж бичиж дарамтлах, ажлын цагаар оффис руу орж, гарахад нь ялгаварлах, удирдах ажилтнуудын тавьсан шаардлагыг эсэргүүцэх, шуурхай удирдлагын автомашинаар гэрээсээ авхуулах зэрэг үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээ, Ёс зүйн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан... гэх тайлбарыг бодит үнэнд нийцсэн гэж үзнэ.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Н-ын хариуцагч С ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

8.Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Н нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно.

 

9.Шүүх хэргийн 157, 158-159, 169-174 хуудсанд авагдсан баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй, эдгээр баримтууд нь зөвхөн нэг талын баримтууд байсан тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй гэдгийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан С ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай Д.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Н нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА