Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/ма2020/01456

 

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/01456

 

А.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 104/ШШ2020/00177 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А.Б-ын нэхэмжлэлтэй хариуцагч Шүш-дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтангүл, гуравдагч этгээд Н.Амарбаясгалан нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Налайх дүүргийн 2 дугаар хороо, 1 дүгээр байр 13 тоотод байрлах орон сууцыг М- ХХК нь 34 560 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэхүү үл хөдлөх хөрөнгө Налайх дүүргийн А бүсэд хамаарах бөгөөд орон сууцны зориулалтай бус үйлчилгээний зориулалтаар ашигладаг үл хөдлөх хөрөнгө юм. М- ХХК нь үнэлгээг хийхдээ үйлчилгээний зориулалтаар бус орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгүүдтэй харьцуулан дундаж байдлаар зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн тул дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн дээрээс нь хамтран өмчлөгч Амарбаясгалан болон намайг үнэлгээ хийх явцад байлцуулаагүй, 2 тал байхгүй байхад үнэлгээг хийсэн. Үнэлгээг хийхдээ Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийсэн. М- ХХК-ийн 34 560 000 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 356 дугаар шийдвэрээр А.Б-оос 124 262 531 төгрөгийг гаргуулан Эрдэс холдинг ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээд шүүхийн шийдвэртэй холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцыг тухай бүр нь төлбөр авагч болон төлбөр төлөгчид мэдэгдсэн. Удаа дараагийн гаргасан гомдлын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хянагдаж 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Х.Алтангүлд уг хэргийг хариуцуулсан. Налайх дүүргийн 2-р хороо, 1 дүгээр байр, 13 тоотод байрлах хоёр хүний хамтран өмчлөлтэй, 32 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн Ү-220700236 дугаартай орон сууцыг 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хураасан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдэгдлийг А.Б- болон Амарбаясгалан нарт хүлээлгэж өгч, үнийн саналаа ирүүлээч гэсэн боловч тус хэлтэст хөрөнгийн үнэлгээний үнийн саналаа ирүүлээгүй. Иймд төлбөр авагч Эрдэс холдинг ХХК нь шинжээч томилох хүсэлтийг ирүүлсний дагуу шинжээч томилж 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр үнэлгээг хийсэн. Үнэлгээний тайланг 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр гардаж авсан ба энэ өдөр төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт мэдэгдсэн. Амарбаясгаланд үнэлгээний тайланг шуудангаар явуулсан. Мөн гар утас руу нь мэдэгдэл явуулан хариуг баталгаажуулан авч хувийн хэрэгт хавсаргасан.

Үнэлгээ хийгдсэн эд хөрөнгөний хувьд хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд тусгаснаар Налайх дүүргийн 2 дугаар хороо 1 дүгээр байр 13 тоотод байрлах, 1965 онд ашиглалтад орсон, тоосгон материалтай, 32 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууц юм. Энэхүү орон сууц нь Соёлын төвийн зүүн талд хүн амын нягтралттай нэгдүгээр бүсэд байрлалтай, төв зам дагуу, хатуу хучилттай замаар холбогдсон, цэвэр бохир ус, халаалт цахилгааны хувьд төвийн системд холбогдсон орон сууц болно. Уг орон сууц том жижиг 2 өрөөтөй, ариун цэврийн өрөөтөй. Одоогийн байдлаар зориулалтыг нь өөрчлөн үйлчилгээний чиглэлээр тохижуулан ашиглаж байгаа. Коридор болон том өрөөний тусгаарласан ханыг авч нэгтгэн нэг заал болгон зассан. Жижиг болон ариун цэврийн өрөө чулуун болон паркетан шалтай вакум цонхтой, энгийн сайн засалттай орон сууц болно. Энэхүү байрыг зах зээлийн ханшаар, бусад адил төстөй орон сууцтай харьцуулан 34 560 000 төгрөгөөр үнэлсэн нь үндэстэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.7.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон Амарбаясгалангийн Б-ын Налайх дүүргийн 2 дугаар хороо, 1 дүгээр байр 13 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг нийт 34 650 000 төгрөгөөр үнэлсэн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 29/Ш дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар нэхэмжлэгч А.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Б-од олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн 01120004 дугаар гэрчилгээтэй М- ХХК-ийн шинжээч Б.Эрдэнэбаатарыг шинжээчээр томилж хуульд заасан эрх үүргийг танилцуулсан. Шинжээч нь үл хөдлөх хөрөнгийг 34 650 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдсэн. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.Б- нь хариуцагч Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан Налайх дүүргийн 2 дугаар хороо, 1 дүгээр байр 13 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн Ү-220700236 дугаартай орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 104/ШШ2017/00356 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 172 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2018/00695 дугаар тогтоолоор А.Б-оос машин тоног төхөөрөмжийн захиалгын гэрээний үүргийн биелэлтэд 123 487 145 төгрөг гаргуулж Эрдэс холдинг ХХК-д олгохоор шийдвэрлэснийг хариуцагч байгууллага нь 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 170 дугаартай гүйцэтгэх хуудсаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж, 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдрөөс төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол үйлдэж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгч, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэж төлбөр төлөгчөөс тайлбар авчээ. /хх 13, 24, 25, 63/

Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг хийсэн 18310281/03 дугаартай акт үйлдэж, маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгөд үзлэг хийж, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 18310281/04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор үл хөдлөх хөрөнгийг хураасан. Төлбөр авагч, төлбөр төлөгч нарт үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн нь хуульд нийцжээ.

Төлбөр төлөгч А.Батогтох үнийн санал гаргаагүй, төлбөр авагч Эрдэс холдинг ХХК 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр албан бичгээр хөрөнгийн үнийг шинжээч томилон тогтоолгохоор хүсэлт гаргажээ. /хх77/

Хөрөнгийн үнэлгээгээр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 1 дүгээр байр 13 тоот, 1965 онд ашиглалтад орсон, 2 давхар, орон сууцны зориулалттай, тоосгон барилгын 2 дугаар давхрын 32 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өртгийн хандлагаар нийт дүнг 3 700 000 төгрөг гэж, зах зээлийн харьцуулалтын үнэлгээнд 100 хувийн ач холбогдол өгч эцсийн үнэлгээг 34 650 000 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрсөн байна.

Талуудад үнэлгээний талаар мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч А.Б- нь үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасан хугацаанд гаргасан, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

Төлбөр төлөгч А.Б- нь үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнээр үнэлсэн, үнэлгээ хийхдээ төлбөр төлөгчийг байлцуулаагүй гэсэн үндэслэлээр гомдол гаргасан.

Анхан шатны шүүхээс үнэлгээг хүчингүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Бизнесийн үйл ажиллагааны чиглэлээр тоноглож тохижуулсан, тодорхой хэмээний ашиг олдог обьектыг орон сууцны зориулалттай хөрөнгөтэй шууд жиших боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 104/ШШ2020/00177 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД