| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0554/э |
| Дугаар | 576 |
| Огноо | 2018-07-27 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 576
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
Улсын яллагч С.Мөнхгэрэл,
Хохирогч Л.Дамба,
Шүүгдэгч Б.Идэрхангай түүний өмгөөлөгч Б.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хугнууч овогт Бакаагийн Идэрхангайд холбогдох эрүүгийн 1709026730250 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт, Ховд аймгийн Дуут сум, 2 дугаар баг Хөх бэлчир багт оршин суух хаягтай, одоо Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 843 тоотод түр оршин суудаг гэх, урьд 5 удаа ял шийтгэгдсэн Үүнд:
- 2002 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн сум дундын шүүхийн таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эдлэх ялыг тэнсэн хянан харгалзаж шийдвэрлэсэн,
- 2005 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
- 2006 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсэн,
- 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн,
- 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сонгионохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2013 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Хугнууч овогт Бакаагийн Идэрхангай /РД:ПД85041270/
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Идэрхангай нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар байрны гадна иргэн Л.Дамбын өмчлөлийн “Хуавей” брендийн “ “Honor” загварын гар утас 220.000 төгрөг, иргэний үнэмлэх банкны картууд бүхий матрын арьсан түрийвч зэрэг эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар дээрэмдэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч нь Б.Идэрхангай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Хохирогч Л.Дамба шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгууллагын ажилчдынхаа шинэ жилийг тэмдэглэсэн. Тэгээд дуусгаад гэртээ харихаар такси барьсан. Гэрийнхээ гадаа ирэхэд жолооч надаас 6000 төгрөг нэхсэн. Би “энэ хооронд 3500 төгрөг л гардаг ш дээ” гэж хэлээд 3500 төгрөгөө өгөөд буусан. Гэтэл араас жолооч нь гарч ирээд уурласан. Тэгээд бид 2 маргалдаж би курткийг нь урчихсан. Түүндээ уучлал гуйгаад 10.000 төгрөг өгөөд гэр рүүгээ орохоор цааш явсан. Орц руу орох гэж байхад машины жолооч араас гүйж ирээд толгой руу цохиж намайг унагаасан. Тэгээд миний түрүүвч, утсыг аваад явсан. Би араас нь очсон боловч машиндаа суугаад зугтаасан. Одоо гомдол саналгүй. Нэхэмжлэх зүйлгүй…” гэв.
Эрүүгийн 1709026730250 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Идэрхангай нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Миний бие тухайн хэрэг гарсан гэх өдөр хохирогч Дамбатай таксины мөнгөнөөс болоод маргалдсан, тэгээд эхлээд намайг машин дотор сууж байхдаа надруу салаавч гаргаад доромжлоод байхаар нь буугаад зайл гээд би хэлчихсэн. Тэрнээс болоод л хохирогч гэх тэр залуу машинаас буугаад цонх нүдсэн, би буугаад очсон, бид хоёр барьцалдаж байх үед миний куртикны ханцуй урагдсан. Тэгтэл тэр залуу надад куртикны ханцуйны мөнгө гэж 10.000 төгрөг өгчихөөд цаашаа алхаад явсан. Тэгээд цаашаа алхаж яваад тэр залууг газарт унасан. Тэр залуу ямар ч мэдрэл байхгүй маш их согтсон байсан. Ингээд газарт уначихаад би яваад очсон, очиход газарт Хуавей маркийн Honor загварын гар утас, түрийвчтэйгээ цуг уначихсан байхаар нь би авчихсан. Миний бодлоор бол тэр залуу надад түрийвчээ уудлаж мөнгө гаргаж өгчихөөд халаасандаа ч хийж амжаагүй барьж яваад унахдаа газар унагаачихсан байх гэж бодож байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 117-118 дугаар хуудас/,
Хохирогч Л.Дамба нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би таксигаар СБД-ийн 11-р хорооны 52 дугаар байрны гадна хүргүүлсэн юм. Таксины мөнгө өгөхөөр болоод асуухад жолооч нь “6000 төгрөг гарсан байна” гэхээр нь би “3500 төгрөг гардаг” гэж хэлээд дээрх мөнгийг өгөөд машинаас буухад жолооч нь бууж ирээд “мөнгө нэмж өг” гээд бид хоорондоо барьцалдаж авсан юм. Тэгээд би тэр жолоочоос салаад явсан юм. Араас ирээд миний зүүн шанаа руу нэг удаа цохиод “миний куртик урагдсан байна” гэхээр нь би “уучлаарай” гээд түрийвчнээсээ 10.000 төгрөг гаргаж өгөөд цааш явсан юм. Гэтэл орц руу орох гэхэд нөгөө залуу араас гүйж ирээд барьж аваад толгой хэсэг рүү нэг удаа, эрүү хэсэг рүү нэг удаа цохиод би дээшээ харж унасан юм. Тэгээд би зууралдаж байхад миний баруун энгэрийн халааснаас түрийвч зүүн энгэрийн халааснаас гар утсыг аваад зугтаасан юм...гар утас маань HUAWEI брендийн HONOR гэсэн нэртэй утас байсан. Шаргал өнгөтэй дотроо 99906206 гэсэн дугаар ашиглагдаж байсан. Түрүүвч маань улбар шар өнгийн матрын арьсан түрүүвч байсан. Харин намайг суулгаж өгсөн эмэгтэй миний сууж явсан машины зургийг авсан байсан. Уг зурган дээр УБИ 2810 дугаартай приус маркийн машины зураг байсан. Эрүү хөндүүр, дух хэсэгт бага зэрэг хавдсан байна. Уруулын дотор талд язарсан байна. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Гэрч Н.Раднаарагчаа нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2017 оны 12 дугаар сарын 28-ны үеэр Идэрхангайтай холбогдож Идэрхангай ирж миний машины тэнхлэг тохиргоог хийж өгөөд явсан. Тэр өдөр Идэрхангай ирэхдээ шаргал өнгийн, камер нь босдог, Honor маркийн гар утас барьчихсан ирэхээр нь “чи юун гоё утас барьчихаа вэ, хаанаас авсан юм бэ” гэхэд найз охин Сансармаа Солонгосоос явуулсан гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч М.Дашнанжид мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай ажлын шинэ жилийн үйл ажиллагаа болсон. Өглөө 04:45 минутанд захирал Л.Дамбыг таксинд суулгаж өгсөн юм. Захирал Дамбыг суулгаж өгөөд машины ард талаас нь 2007.12.17-ны 04:47 минутанд 2810 УБИ улсын дугаартай машины зургийг дарж үлдээд захирлыг явуулсан. Маргааш өглөө 09:00 цагийн үед захирал Л.Дамба над руу залгаад миний суусан таксины жолоочийг санаж байна уу би түрүүвчтэй мөнгө, утсаа дээрэмдүүлсэн байна. Тэгэхээр нь машины дарсан зургаа явуулсан…” /хх-ийн 18 дугаар хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд:
“…таксинаас буугаад 52 дугаар байрны зүүн талаар гараад ертөнцийн зүгээр хойд талд байрлах орц руугаа орох гэж явахад таксины жолооч араас ирээд цохисон гэх бөгөөд 52 дугаар байрны зүүн хойд хэсэгт очиход саарал өнгийн малгай байх бөгөөд уг малгайг гомдол гаргагч миний малгай байна гэснийг гэрэл зургаар бэхжүүлэн түүнд буцаан өгөв. Үзлэгийн явцад ахмад Д.Энхбаяр 6 кадр зураг бэхжүүлэн авч, Стандарт 5 гэх метрээр хэмжилт хийв…” гэжээ /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...Б.Идэрхангайн зургийг 4 гэж дугаарлан байрлуулан таньж олуулахад хохирогч Л.Дамба нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зодож дээрэмдсэн гэх хүн энэ зурагны 4 дугаартай хүнтэй төстэй байна...” /хх-ийн 46-47 дугаар хуудас/
Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд:
“...Үнэлгээний дүн 406.800 төгрөг...” гэжээ /хх-ийн 51 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹6897 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
Гэрч П.Цолмонцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч Б.Дэлгэрмаагийн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, Б.Идэрхангайн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/, түр оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 94 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 148 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Идэрхангай нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар байрны гадна иргэн Л.Дамбын өмчлөлийн “Хуавей” брендийн “Honor” загварын гар утас, 220.000 төгрөг, иргэний үнэмлэх банкны картууд бүхий матрын арьсан түрийвч зэрэг эд хөрөнгийг авах зорилгоор түүний толгой, эрүүн тус газар нь цохиж хүч хэрэглэн дээрэмдэн авсан болох нь шүүгдэгч Б.Идэрхангайгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Дамбын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд удаа дараа өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчээс хохирогчийн эд хөрөнгийг илээр авсанаа мэдүүлсэн, хохирогчоос шүүгдэгчийн зүгээс биед нь хүч хэрэглэн эд хөрөнгийг авсаныг удаа дараа тогтвортой мэдүүлж, гэрчээс Б.Идэрхангайд хохирогчийн гар утас байсныг мэдүүлсэн, хохирогч өөрийг нь дээрэмдсэн гэх Б.Идэрхангайг таньсан болох нь тэмдэглэлд тусгагдаж, эд хөрөнгөнд хөрөнгийн үнэлгээ хийлгэж хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсаныг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Б.Идэрхангай бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэн авсаны улмаас 626.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилготой, зөв амьдрах, зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Б.Идэрхангайд ял оногдуулахад гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Л.Дамбад учирсан 626.800 төгрөгийн хохирлыг шүүхийн шатанд хүлээлгэн өгсөн ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч Б.Идэрхангайг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Идэрхангай нь хэрэг болсон үйл явдлын агуулгыг тодорхой мэдүүлж, түүний мэдүүлэг хэрэгт цугларсан нотлох баримтуудтай бодит байдлаараа нийцэж байгаагаас үзэхэд түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж шүүх дүгнэсэн болохыг тэмдэглэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хөнгөрүүлэх болон хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр ял оногдуулах боломжтой гэж үзэн түүнд 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шүүх шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгч Б.Идэрхангайн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй байна.
Шүүгдэгч Б.Идэрхангай нийт 114 хоног цагдан хоригдсон хоногыг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.