| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2307000000192 |
| Дугаар | 2025/ДШМ/739 |
| Огноо | 2025-06-12 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/739
2025 06 12 2025/ДШМ/739
С.Ст холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор В.Дэлгэрмаа,
шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлоор С.Ст холбогдох эрүүгийн 2307000000192 дугаар хэргийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овгийн С.С, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ****** жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;
С.С нь 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гордок явах замд Онцгой байдлын хэлтсийн гал унтраах зориулалт бүхий **-** улсын дугаартай Исүзү загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 4.2-р заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, эсрэг урсгалд явж байсан **-** улсын дугаартай Тоёота марк икс загварын тээврийн хэрэгслийн дээрээс унаснаас зорчигч О.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас С.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч С.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ст оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шүүгдэгч С.Сын битүүмжлэгдсэн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 11 дүгээр гудамжны 01 тоот хаягтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай Г-2207000373 бүртгэлийн дугаартай газрыг, Ү-2207005003 бүртгэлийн дугаартай хувийн сууцыг тус тус чөлөөлж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Саас нийт 11.674.625 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч О.Од 7.536.000 төгрөг, хохирогч О.Дд 2.243.625 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 1.895.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
1. С.Сын холбогдсон зам тээврийн осол 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд С.С онцгой байдлын хэлтсийн гал унтраах зориулалт бүхий **-** улсын дугаартай Исүзү загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа дуудлага авч албан тушаалын үүргээ биелүүлж, тусгай дуут болон гэрлэн дохиогоо ажиллуулж явсан нь хэргийн газрын анхны үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зургуудад маш тодорхой авагдсан.
Тодруулбал, хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөн А цэгийг маш үндэслэлтэй бэхжүүлж авсан байдаг. Жишээлбэл, 1 дүгээр хавтаст хэргийн 3 дугаар хуудасны ар талд дээрээсээ 14 дэх мөрөнд тэмдэглэсэн байдаг, мөн фото зураг, 12 дугаар хуудсанд байгаа схем зураг гэх мэтээр.
Ослын шалтгаан нөхцлийг тогтоохоор МТС-ийн эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй 2 удаа дүгнэлт гарч, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 05/44 тоот дүгнэлтээр С.Сын жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг 82.08 км/цаг гэж тогтоосон, шуурхай албаны тээврийн хэрэгслийн хувьд Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байдаг.
Дараа нь 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 07/65 тоот дүгнэлтээр Toyota маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгсэл Замын хөдөлгөөний дүрмийн 4.4 дэх заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн.
2. Шүүх анхны шүүх хуралдаан хийж 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 200 тоот захирамж гаргасан бөгөөд захирамжид 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 09 тоот прокурорын эсэргүүцэл бичсэнийг давж заалдах шатны шүүх хэлэлцээд 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 732 дугаар магадлалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Магадлалд хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтойгоор дүгнэсэн.
Гэтэл шүүгч Д.Чинзориг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийг зөрчин, биелүүлэхгүй дахин захирамж гарган А цэгийг тогтоолгохоор захирамжилсан.
Үүний дагуу үзлэг хийж, А цэгийг тогтоож схем болон фото зургаар бэхжүүлж авах авах анхны үзлэгийн А цэгтэй адил замын зорчих хэсэг дээр авсан. 103 дугаар хуудсанд байгаа схем зургаар нотлогддог. 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдаан дахин хийхэд шүүгч Д.Чинзориг А цэгийг худлаа авсан байна, үүнийг зөвтгөх нь зүйтэй гэж өөрийн санаанд нийцсэн цэгийг тавиулахаар чиглэл өгч, дахин шүүгчийн захирамж гаргаж, 2 жолоочийг оролцуулах шаардлагагүй гэж хэлж байсан, шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байдаг.
Шүүгчийн тухайн хэрэгт шууд хувийн сонирхлоор оролцож байгаа гэж үзэж, 2 удаа татгалзах хүсэлтийг гаргаж байсан.
... Тухайн хэрэг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр болсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. ... Гэмт хэрэг гарах үед үйлчилж байсан хуульд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах зохицуулалт байхгүй.
Мөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлын тухайд гэвэл, байгууллагыг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар татсан байхад хохирлын асуудлыг шүүх шүүгдэгчээс гаргуулахаар зааж эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж, эдгээр эргэлзээтэй шинжээчийн дүгнэлтүүдийг нэг мөр болгох нь зүйтэй.
Шүүгдэгч нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэх заалтыг зөрчөөгүй” гэв.
Шүүгдэгч С.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд өмгөөлөгчийнхөө байр суурийг дэмжиж байна” гэв.
Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Тухайн хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуульд заасан оролцогчдын эрхийг зөрчсөн буюу шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй, хязгаарласан нөхцөл байдал байхгүй. Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан, шүүгдэгч С.С Замын хөдөлгөөний дүрмийн 4.2 дахь заалтыг зөрчөөгүй гэсэн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, Замын хөдөлгөөний дүрмийн 4.2-т дуут дохиог ашиглаж буй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохдоо давуу эрхтэй гэж заасан боловч тухайн замын хөдөлгөөний дүрэм буюу захиргааны хэм хэмжээний актыг жолоочийн хувьд биелүүлэх үүрэгтэй. Анхан шатны шүүх хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн.
Тухайн хэрэг 2023 оны 05 дугаар сард үйлдэгдсэн байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлын тухайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. Үүний дагуу хэргийг шийдвэрлэх эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал. Прокуророос тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах тухайд тусгайлан гаргах санал байхгүй.
Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн хувьд, 600 /зургаан зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршигт тохирсон.
Шүүгчийг татгалзан гаргах санал гаргахад тухайн шүүгч өөрөө татгалзлыг шийдвэрлэсэн талаар ярьсан. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн тогтоолд заасан үндэслэлийн дагуу шүүгчээс ямар үндэслэлээр татгалзаж байгаа талаар тодорхой дурдаагүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.С нь 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гордок явах замд Онцгой байдлын хэлтсийн гал унтраах зориулалт бүхий **-** улсын дугаартай Исүзү загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 4.2-р заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, эсрэг урсгалд явж байсан **-** улсын дугаартай Тоёота марк икс загварын тээврийн хэрэгслийн дээрээс унаснаас зорчигч О.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч О.Дгийн “....Налайх дүүрэг орох замаар пост руу өгсөж явтал урдаас галын дуут дохиотой машин өөрийн урсгалд явж байсан машиныг гүйцэт түрүүлээд ороод ирсэн чинь манай нөхөр “зам чөлөөлөхгүй бол болдоггүй юм” гэж хэлээд замынхаа хөвөө рүү шахаад, хурдаа хасаад бараг зогсох шахуу зөөлөн явахад галын машин эвгүй дайвалзаад их хурдтай орж ирсэн. Тэгээд би нөхөртөө энэ ямар эвгүй орж ирж байна гэж хэлээд нөхөр лүүгээ хазайгаад харж байсан чинь гэнэт тас тас буугаад яваад өгсөн. Тэгээд би ухаан алдсан, нэг мэдэхэд эмнэлэг дээр байсан. …” /1хх 23-25/,
иргэний нэхэмжлэгч О.Огийн: “...2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр эхнэр О.Дгийн хамт ... Гордокод байх гэрээсээ Налайх дүүргийн төв орохоор 18 цагийн үед гарсан. Би машинаа жолоодоод, эхнэр хажуу талын суудалд суугаад төв зам руу ороод ... явтал хэсэг үзэгдэх орчин хязгаарлагдмал довцог даваад гараад иртэл урдаас галын машин дуут дохиогоо орилуулаад миний явж байгаа урсгалд машин гүйцэт түрүүлээд ороод ирэхээр нь би галын машин явж байна, зам тавьж өгөхгүй бол болохгүй гээд замын хөвөө хэсэг рүү гараад зөөлөн явж байтал урдаас ирж байсан галын машин хажуугаар өнгөрөх шиг болсон. Тэгээд би ухаан алдсан, нэг мэдэхэд би газарт хэвтэж байсан ба осол болсныг мэдсэн. ...” /1хх 28/,
гэрч С.Жын “...Тухайн цагаан суудлын машин урдаас ирж явах үед би замаа голлоод өөрийн эгнээнд байгаа бүрэн зам тавьж өгөөгүй тээврийн хэрэгслүүдийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд тухайн цагаан машинтай нилээн тулж орж ирээд өөрийн эгнээ рүүгээ шилжин ороход цагаан суудлын машин бас баруун гар тийш нь шахаад надад зам тавьж өгсөн. ...Дуудлагад явж байхад миний урдаас явж байсан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь манай машиныг хараад ойртоод шууд баруун гар тийш шахаж зам тавьж өсгөн. Зам тавьж өгөхдөө тухайн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь хурдаа хасаад замын баруун шороо хэсэг рүү шахаж замаа бүрэн чөлөөлж өгсөн. ...” /1хх 48, 2хх 24-25/ тус тус мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 5989 дугаартай “…О.Дгийн биед баруун шаант ясны далд хугарал, духанд язарсан шарх, дух, баруун нүдний алимын салст, зүүн нүдний зовхи, цээж, баруун бугалга, сарвуу, зүүн тохой, сарвуунд цус хуралт, зүүн тохой, сарвуу шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” /1хх 64-65/,
Техникийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 05/44 дугаартай “**-** улсын дугаартай Тоёота марк икс маркийн автомашины жолооч О.О нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. **-** улсын дугаартай Исүзү маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.С нь Замын хөдөлгөөний дүрмийн 4.2-р заалт буюу “Улаан, хөх, хөх-улаан, ногоон өнгийн тусгай гэрлэн дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд энэ дүрмийн ...10-17... дугаар бүлэг ...-ийн заалтыг мөрдөхгүй байж болно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. **-** улсын дугаартай Исүзү маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.С нь Замын хөдөлгөөний дүрмийн 4.2-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна. Исүзү маркийн автомашины жолооч С.С нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй нөхцөлд автомашины хурдыг тохируулан сонгож яваагүй бөгөөд улмаар эсрэг урсгалд орсон байна. **-** улсын дугаартай Исүзү маркийн тээврийн хэрэгслийн тоормосны мөрнөөс үзэхэд зүүн талын дугуйн тоормос эхэлж ажилласан байна. Энэ тохиолдолд автомашины хүндийн төвд, замтай перпендикуляр тэнхлэгт цагийн зүүн эсрэг чиглэсэн эхлүүлэх момент үүснэ. Энэ эргүүлэх моментын үйлчлэлээр автомашины урд хэсэгт зүүн тал руу шарвалт үүсэн эсрэг урсгалд орсон байх магадлалтай байна. Исүзү маркийн автомашины явсан байж болох хамгийн бага хурд 82.08 км/цаг юм” /1хх 110-111/,
Техникийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 07/65 дугаартай “...хавтаст хэрэгт авагдсан материалууд, тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн гэх “А” цэгийн байршлыг үндэслэн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах зориулалт бүхий **-** улсын дугаартай Исүзү загварын тээврийн хэрэгслийн жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн 4.2 дугаар заалтын “Улаан, хөх, хөх-улаан, ногоон өнгийн тусгай гэрлэн дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд энэ дүрмийн ... 10-17 ... дугаар бүлэг (11 дүгээр бүлгийн 3 заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”)...-ийн заалтыг мөрдөхгүй байж болно. Тусгай дуут дохиогоо хамт ажиллуулсан тохиолдолд давуу эрхтэй байх бөгөөд давуу эрх эдлэхдээ бусад хөдөлгөөнд оролцогч өөрт нь зам тавьж өгч байгааг мэдсэн байвал зохино...” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. ...” /2хх 72-75/,
Шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 46-11/17 дугаартай “...Хэргийн материалд авагдсан нотлох баримтууд болон 11 дугаартай гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мөн нөхөн үзлэг хийх үед авсан гэрэл зургийн үзүүлэлт болон үйлдсэн схем зурагтай танилцахад Isuzu CYZ51K маркийн **-** улсын дугаартай автомашины жолооч С.С Замын хөдөлгөөний дүрмийн 4.2 “Улаан, хөх, хөх-улаан, ногоон өнгийн тусгай гэрлэн дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд энэ дүрмийн 7,8 дугаар бүлэг (зохицуулагчийн дохиотой холбоотой заалтаас бусад), 10-17, 19, 20 дугаар бүлэг болон 1 ба 2 дугаар хавсралтын заалтыг мөрдөхгүй байж болно. Тусгай дуут дохиогоо хамт ажиллуулсан тохиолдолд давуу эрхтэй байх бөгөөд давуу эрх эдлэхдээ бусад хөдөлгөөнд оролцогч өөрт нь зам тавьж өгч байгааг мэдсэн байвал зохино. Энэ эрх нь дээрх тээврийн хэрэгслээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгслийн жолоочид мөн адил хамаарна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоуоtа Маrk X маркийн **-** улсын дугаартай автомашины жолооч О.Ог Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Isuzu CYZ51K маркийн **-** улсын дугаартай автомашины жолооч С.С Замын хөдөлгөөний дүрмийн 4.2 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.” /2хх 232-234/ тус тус дүгнэлтүүд,
хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 8-11, 2хх 18-20, 99-101/, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, /1хх 12, 2хх 21, 103/, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх 89-100/, Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /1хх 102-104/, мөрдөгчийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн магадалгаа /1хх 107/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч С.Сыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч С.Сын Онцгой байдлын хэлтсийн гал унтраах зориулалт бүхий **-** улсын дугаартай Исүзү загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч О.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү “... шүүгч өөрийн санаанд нийцсэн цэгийг тавиулахаар чиглэл өгч, шүүгчийн захирамж гаргаж, дахин шинжээчийн дүгнэлтүүдийг гаргуулсан нь тухайн хэрэгт шууд хувийн сонирхлоор оролцож байгаа гэж үзэж, 2 удаа татгалзах хүсэлтийг гаргаж байсан, ... тухайн хэрэг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр болсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. ... Гэмт хэрэг гарах үед үйлчилж байсан хуульд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах зохицуулалт байхгүй, ... хохирлын асуудлыг шүүх шүүгдэгчээс гаргуулахаар зааж эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан, ... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж, эргэлзээтэй шинжээчийн дүгнэлтүүдийг нэг мөр болгох нь зүйтэй, шүүгдэгч нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэх заалтыг зөрчөөгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад зайлшгүй нотлохоор хуульчилсны эрүүгийн эрх зүйн ач холбогдол нь гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон хүнийг эрүүгийн хариуцлагад татаж болох хэмжээ, хязгаарыг тодорхойлох, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон, оновчтой ял оногдуулах урьдач нөхцөл болохоос гадна цаашлаад гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болдгоор илэрхийлэгдэнэ.
Зам тээврийн осол гарах болсон үндсэн шалтгааныг тодруулах зорилгоор техникийн тусгай мэдлэгийн хүрээнд нийт 3 удаа техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулахад 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 05/44 дугаартай “…**-** улсын дугаартай Исүзү маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.С нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 4.2-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна…” /1хх 109-111/, 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 07/65 дугаартай “…**-** улсын дугаартай Исүзү загварын тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.2 дугаар заалтыг зөрчсөн гэж үзэж байна…” /2хх 72-75/, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 46-11/17 дугаартай “…**-** улсын дугаартай автомашины жолооч С.С Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.2 дугаар заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. …**-** улсын дугаартай автомашины жолооч С.С Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.2 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна…” /2хх 225-227/ гэсэн тус тус дүгнэлтээр жолооч С.С замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн, түүний урсгал сөрсөн үйлдэл зам тээврийн осол гарахад нөлөөлсөн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх нотлох баримт, үндэслэл тогтоогдоогүй болно.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч О.Дгийн “...урдаас галын дуут дохиотой машин өөрийн урсгалд явж байсан машиныг гүйцэт түрүүлээд ороод ирсэн чинь манай нөхөр “зам чөлөөлөхгүй бол болдоггүй юм” гэж хэлээд замынхаа хөвөө рүү шахаад, хурдаа хасаад бараг зогсох шахуу зөөлөн явахад галын машин эвгүй дайвалзаад их хурдтай орж ирсэн…” /1хх 23-25/, иргэний нэхэмжлэгч О.Огийн “...урдаас галын машин дуут дохиогоо орилуулаад миний явж байгаа урсгалд машин гүйцэт түрүүлээд ороод ирэхээр нь би галын машин явж байна, зам тавьж өгөхгүй бол болохгүй гээд замын хөвөө хэсэг рүү гараад зөөлөн явж байтал урдаас ирж байсан галын машин хажуугаар өнгөрөх шиг болсон, тэгээд би ухаан алдсан нэг мэдэхэд би газарт хэвтэж байсан ба осол болсныг мэдсэн…” /1хх 28/, шүүгдэгч С.Сын яллагдагчаар өгсөн “...эхний машин маань машин гүйцэж түрүүлэхээр нь би бас араас нь дагаад гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд ороод иртэл өөдөөс ирж явсан машин эхний машинд зам тавьж өгөөд буцаад зам руугаа ороод ирсэн ба би араас нь дагаад гүйцэж түрүүлсэн болохоор тэр машинтай мөргөлдөх гээд буцаж өөрийн урсгал руугаа дарж ороод тоормос гишгээд л тас түс буугаад явсан. Би яг юу болсныг сайн мэдэхгүй байна. Миний урсгалд ороод ирэх шиг болохоор нь би сандраад л тоормос гишгэсэн. Яг орж ирсэн эсэхийг бол мэдэхгүй байна...” /1хх 126/ тус тус мэдүүлгүүдээр тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан С.Сын гаргасан үйлдэл нөлөөлсний улмаас уг зам тээврийн осол гаргасан болох нь тогтоогдсон гэж үзнэ.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн талаар хууль зүйн зөв дүгнэлт хийхэд осол гарсан үндсэн шалтгааныг үндэслэлтэй зөв тогтоох шаардлага тавигддаг бөгөөд энэ үүргийнхээ дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын хоёр удаа шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулсны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн дүгнэлтийг хийсэн анхан шатны шүүхийн шүүгчийг өмгөөлөгчийн давж заалдах гомдол дурдсан “шүүгч өөрийн санаанд нийцсэн цэгийг тавиулахаар чиглэл өгч шүүгчийн захирамж гаргаж, дахин шинжээчийн дүгнэлтүүдийг гаргуулсан...” гэж үзэхгүй.
Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзвэл тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрт нэг бүрчлэн тусгаж, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийг зөв тогтоож, тэдэнд хуульд заасан эрхийг бүрэн эдлүүлэхээс гадна гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд бодитой хууль зүйн дүгнэлт хийж, гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн төрөл, хэмжээний ялыг сонгож оногдуулдаг.
Анхан шатны шүүх хохирогч О.Дд 2.243.625 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Од 7.536.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1.895.000 төгрөгийг тус тус шүүгдэгч С.Саас гаргуулан олгохоор заажээ.
Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол “бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг тодорхой заасан.
Тухайлбал, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын … эрүүл мэнд, … эд хөрөнгөд хууль бусаар … болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж,
мөн зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.” гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.С албан үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын эд хөрөнгөд хохирол, гэм хор учруулсан учраас иргэний хариуцагч болох Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газраар дээрх хохирол төлбөрүүдийг төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Түүнээс гадна, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлсэн тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,
2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлагын хэмжээг хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хүндрүүлсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгч С.Сын автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдэхэд хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн цаг хугацаа, хуулийг буцаан хэрэглэх үндэслэл, журмын талаар дүгнэлт хийлгүйгээр ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.
Анхан шатны шүүхээс С.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл журамд нийцүүлэхийн зэрэгцээ шүүгдэгчийн хувийн байдал, албан үүргээ гүйцэтгэж явсан нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчлөв.
Иймд анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг хэрэглээгүй орхигдуулсныг зөвтгөх, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж байгаатай холбогдуулан шүүгдэгчид оногдуулсан ялыг өөрчлөх, мөн гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг арилгуулах зорилгын хүрээнд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг хуулийн этгээдээс гаргуулах зэрэг өөрчлөлтүүдийг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ст тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 600 /зургаан зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,
6 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Саас нийт 11.674.625 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч О.Од 7.536.000 төгрөг, хохирогч О.Дд 2.243.625 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 1.895.000 төгрөгийг тус тус олгосугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т тус тус зааснаар Нийслэлийн онцгой байдлын газраас нийт 11.674.625 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч О.Од 7.536.000 төгрөг, хохирогч О.Дд 2.243.625 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 1.895.000 төгрөгийг тус тус олгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг хүчингүй болгосугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь шүүхээс оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай” гэсэн,
- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулсугай” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.
4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үдээж, шүүгдэгч С.Сын өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР