| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 101/2023/04018/И |
| Дугаар | 191/ШШ2025/08848 |
| Огноо | 2025-10-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/08848
2025 10 17 191/ШШ2025/08848
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............. тоот хаягт оршин суух, БНСУ-ын иргэн U /паспортын дугаар: 000000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............... тоот хаягт байрлах, Д ХХК /РД: 000000/,
Хариуцагч: .............. тоот хаягт оршин суух, Ч.О /РД: 00000000/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад зориулж шилжүүлсэн 60,500 ам.доллар буюу 204,369,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д,
Хариуцагч бөгөөд хариуцагч Д ХХК-ийн төлөөлөгч Ч.О,
Хариуцагч нарын өмгөөлөгч П.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.
(Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О-ын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч .......-ын иргэн U-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О нь хариуцагч Д ХХК, Ч.О нарт холбогдуулан ................ тоот хаягт байрлах 91.39 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-0000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 60,500 ам.доллар буюу 204,369,000 төгрөг гаргуулахаар өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. ...........-ын иргэн О нь 2010 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалттай Ж ХХК-ийн үүсгэн байгуулагч нартай найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд Монгол улсад объект худалдан авах хүсэлтэй болохоо тухайн компанийн хувьцаа эзэмшигч Ш-т уламжилсны дагуу тэрээр өөрийн компанийн нягтлан болох Ч.О-ээр дамжуулан үл хөдлөх хөрөнгө худалдан авч өгөхөөр санал болгосон.
Тухайн үед нэхэмжлэгч О нь Монгол улсад тогтмол оршин суудаггүй байхаас гадна гадаад улсын иргэн тул Газрын тухай хууль тогтоомжийн дагуу газар эзэмших боломжгүй зэрэг нөхцөл байдлуудын улмаас дээрх шийдвэрт хүрсэн байдаг.
Ингээд 2011.06.27-ны өдөр 100,000 ам доллар буюу тухайн үеийн ханшаар 126,492,000 төгрөгийг Ж ХХК-ийн дансанд шилжүүлсний дагуу иргэн Д.Э-с 2011.07.08-ны өдөр ............. тоот хаягт байрлах ашиглах, эзэмших эрх бүхий 364 м.кв газар, түүний дээр байрлах 91.39 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 75,000,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулан Ч.О нь өөрийн үүсгэн байгуулсан Д ХХК-ийн нэр дээр худалдан авсан.
Тухайн үед худалдан авсан үл хөдлөх хөрөнгө нь үйлчилгээ явуулах боломжгүй, засвар хийх шаардлагатай байсан тул үлдэгдэл мөнгөөр нь хөрөнгөд засан сайжруулалт хийсэн гэж тайлбарлаж байсан. Нэхэмжлэгч О нь хариуцагч Ч.О-тэй цахимаар харилцан, аливаа мэдээллийг авдаг байсан бөгөөд газар ашигласны төлбөрүүдийг ч мөн тэрээр төлдөг байсан.
Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэн авахаар удаа дараа хүсэлт гаргаж байсан ч Монгол улсын хуулийн дагуу боломжгүй, мөн тухайн хөрөнгийг улс хураагаад авсан гэхчлэн шалтаг хэлж шилжүүлж өгдөггүй байсан.
2018.06.20-ны өдөр Ч.О нь өөрийн гараар тайлбар бичиж, нотариатаар батлуулан, дээрх хөрөнгө нь Солонгос улсын иргэн О-ийн өмч гэж тодорхойлж өгсөн ганц баримттай үлдсэн байдаг
Хэрэв О нь Ч. О-ийн Д ХХК-ийн нэр дээр түр худалдан авъя гэх санаачилгад нь итгэж 100,000 ам.долларыг шилжүүлээгүй бол тэрхүү мөнгөн хөрөнгөөрөө өнөөдөр өөр хэн нэгэн этгээдээр дамжуулан өөртөө хөрөнгө бий болгох боломжтой байсан, тэр хэмжээний цаг хугацаа, олох байсан орлого, ханшийн зөрүү зэрэг тооцоолох боломжгүй хохирол амсаад байгаа
Хэдийгээр үл хөдлөх хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч нь О хэдий ч тухайн хөрөнгүүд нь Д ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа тул өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаа өөрчилж, хариуцагч Д ХХК-иас 60,500 ам.долларыг 2024.03.03-ны өдрийн Монгол банкны хаалтын ханш 3,378 төгрөгөөр тооцож, 204,369,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хамтран хариуцагч Ч.О-ээс татгалзаж байгаа болно... гэжээ.
2.Хариуцагч Д ХХК-ийн төлөөлөгч Ч.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ үл хөдлөх хөрөнгийг Д ХХК өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр буюу 75,000,000 төгрөгөөр худалдаж авсан хөрөнгө юм. Энэ 75,000,000 төгрөгийг 4 хувааж төлж барагдуулсан. Хамгийн эхний төлбөрийг 2011.06.22-ны өдөр 35,000,000 төгрөг, 2011.06.28-ны өдөр 29,000,000 төгрөг, 2011.07.06-ны өдөр 6,000,000 төгрөг, гэрчилгээ 2011.07.09-ний өдөр гарсны дараа 5,000,000 төгрөг төлсөн. Хөрөнгийн эх үүсвэр Д ХХК-д байсан гэдэг нь 2011 оны санхүүгийн тайлангаас тодорхой харагддаг. 2011 оны жилийн эцэст 30,000,000 төгрөгийн бэлэн мөнгөний үлдэгдэлтэй гарсан нь тодорхой харагдаж байна. Энэхүү санхүүгийн тайлан бол аудитын компаниар шалгагдаж баталгаажсан дүүргийн санхүү татварт үлдэж баталгаажсан тайлан байгаа. Хугацааны хувьд тодруулаад үзвэл Ж компанийн Худалдаа хөгжлийн банкны дансанд О-ийн гэгдэх 100,000 доллар бол 2011.06.29-нд орж ирсэн байгаа. Энэ өдрөөс өмнө Д компани үл хөдлөх хөрөнгийн мөнгө, төлбөрийн ихэнх хувь хэсэг буюу 64,000,000 төгрөгийг төлсөн байгаа. Энэ нь Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн дансны хуулга мөн төлбөрийн төлөлтийг баталгаажуулж байсан баримтуудад заагдсан байгаа. Мөн одоо Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн Ж компанийн дансны хуулгаас харахад 06.29-ний өдөр 100,000 доллар орж ирсэн өдөр захирал Ш 50,000 доллар авсан байдаг. Энэ 50,000 доллар бол тухайн үеийн ханшаар 62,000,000 төгрөг юм. Тухайн үеийн Ж-ийн байдлыг хараад үзвэл одоо санхүүгийн байдал нь ......... суманд алтны уурхай эрхэлж байгаад 2010 он гэхэд маш их хэмжээний өр төлбөрт орсон байсан. 2011 онд О-ийн гэгдээд байгаа 100,000 доллар орж ирэхэд энэ компани төлбөрийн чадваргүй болсон байсан. 2010.05 сарын шүүхийн шийдвэрээр 14,000,000 төгрөг төлж чадахгүй байснаас захирал Ш, хувьцаа эзэмшигчийн захирлын дүү Ш овогт буюу 2 Ш байдаг. Ах дүү 2 Ш нар хилээр гарах эрх нь хаагдаад жил гаруй хугацаа болчихсон байсан ийм үе байсан. Мөнгө орж ирэнгүүт 50,000 доллар аваад хилийн хоригийн асуудлаа шийдвэрлүүлсэн байдаг. Энэ нь одоо хэрэгт авагдсан нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2011.07.06-ны өдрийн албан бичигт тодорхой бичигдсэн байгаа. Энэ байдлаас харахад мөнгө орж ирсэн 06.29-ний өдөр тухайн үеийн ханшаар 50,000 доллар нь 62,000,000 төгрөг болж байгаа. Тэгэхээр 7 хоногийн дотор хилийн хоригийн асуудлаа шийдвэрлүүлнэ гэдэг болбол 14,000,000 гаран төгрөгөө төлчхөөд цаана нь 40,000,000 гаран төгрөг үлдэж байгаа. 06.29-ний өдрөөс хойш банкнаас ирүүлсэн хуулгаас харахад Ж ХХК нь 08.17-ны өдрийг хүртэл дахин мөнгө аваагүй байдаг. Тиймээс О-ийн гэх мөнгөнөөс Д компани мөнгө огт аваагүй. Авах үндэслэл ч байхгүй байгаа нь Худалдаа хөгжлийн банкны данснаас тодорхой харагдаж байгаа. Миний хувьд Ж компанийн захирал Ш-д одоо залилуулж, хулхидуулаад 154,000,000 төгрөгөөр хохирсон хүн байгаа юм. 2011 онд О-ийн гэгдэх 100,000 доллар орж ирсэн байдаг. 2012 онд санхүүгийн маш хүндрэлтэй байдалтай байна гээд 2012 оны эхэнд мөнгө олж ирнэ, хөрөнгө оруулалт орж ирнэ гээд Солонгос руугаа явчхаад 900,000,000 төгрөгийн асуудлаар шалгагдаж байна. Очих боломжгүй байна. Намайг хилээр Солонгосоос гарах эрхийг хаасан. Би одоохон очно, мөнгө аваад очно гэдэг тэгээд л байсаар байгаад л 2016 он хүргэсэн юм. Одоохон очно, мөнгө аваад очно гэсэн болохоор тухайн үед байнгын харилцаатай байсан. Би мөнгө чинь яаралтай байна, ийм төлбөр чинь яаралтай хэрэгтэй байна гэхээр зэрэг л одоохон очно гэдэг байсан. Энэ төлбөрүүд компанийнх нь үйл ажиллагааны зардлууд болоод өөрийнх нь үнэ бүхий эд хогшил нь хадгалагдаж байсан, өндөр үнэтэй түрээсийн байр гэх мэтчилэн өөрийнх нь хувийнх нь зардлуудыг төлсөөр байгаад л би 150,000,000 гаруй төгрөгөөр хохирсон.Ж компанийн захирал Ш бол 2012 онд яваад тэндээ прокурорт шалгагдаж байна гээд 2016 он хүртэл ирээгүй. 2016 онд ирээд Монголын цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаад мэдэгдэхгүй алга болсон. Би өөрийнхөө шугамаар нэлээн хөөцөлдөж үзсэн, хориод жил Солонгос улсад барьсан дугаарыг өөрчлөөд амьдарч байсан хаяг дээрээ байдаггүй. Тэгээд би өөрийнхөө хохирлыг барагдуулж авах ямар ч боломжгүй, олж чадахаа больсон. Үүнийг ярьдаг учир нь О-тай танилцсан түүхээ ярих гэсэн юм. О бол 2011 онд үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан гэдэг. Тэгвэл би 2011 онд О-ийг таньдаггүй байсан. 2018 онд танилцсан. Намайг 2018 онд танилцуулахад Ж компанийн захирал Ш биш Ж компанийн 51%-ийн хувьцаа эзэмшигч Ю гэдэг хүн танилцуулсан байгаа юм. Энэ Ю гэдэг хүн Ж-ийн захирал Ш-д 900,000,000 төгрөгөө залилуулсан, хохирсон гэдэг хүн юм. Энэ 900,000,000 төгрөгийн асуудлаар шалгагдаад 2012 онд яваад 2016 онд ирсэн юм. О бид 2-г энэ Ю 2018 онд танилцуулсан. 2018 онд танилцуулахдаа Ж-ийн газрын өр төлбөрийг барагдуулахад туслаач гэсэн. Тэгэхээр нь Ш-тэй холбоотой юм бол би ажиллахгүй гэсэн чинь чи бид 2 адилхан хохирсон хүмүүс би Ж-ийн газрыг маш өндөр үнэтэй зараад тэгээд өөрийнхөө 51%-ийг бас шилжүүлчхээд ингээд би чи бид нар нийлээд хамтдаа хохирлоо барагдуулчих юм гэдэг саналыг 2018.03 сараас эхэлж тавьсан юм. Тэгээд 3 сараас эхлээд тодорхой хэмжээгээр мөнгө явуулаад Ж-ийн газрын төлбөрийг төлүүлсээр байгаад бага хэмжээний өр үлдсэн юм. Энэ өрийг төлөхөөсөө өмнө 2018.06 сард ирсэн. Ирэхдээ О-тай хамт ирсэн. О-ийг энэ бол том бизнесмен хүн, бизнесийн танил тал, хүрээлэл бол маш өндөртэй гэж танилцуулсан. Ингээд Ж-ийн газар бол үнэхээр том газар 7,000 хавьцаа метр квадрат газар энэ дээр орон сууцын хороолол баригдахаар зөвшөөрөл нь гарсан хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан тэд нарын хэлж байгаагаар 1, 2 тэрбум төгрөгийн үнэ бүхийн ийм ашигтай байрлалтай газар юм. Тэгээд О бол энэ газрыг зарж чадна, хэдүүлээ хамтраад хохирлоо барагдуулж чадна гэдэг том зорилго төлөвлөгөөтэй ирсэн юм. 900,000,000 төгрөгөөр хохирчхоод дээр нь маш их өр төлбөрийг төлсөн учраас зардал, мөнгөө гаргаад ирж байгаа энэ хүн өөрийнхөө 51%-ийг шилжүүлээд ингээд газрыг зарчихна гэдэг нь надад их итгэлтэй, найдвартай боломжийн санагдсан. Ингээд би ирээд ирсэн бүх ажилтанд тусалж өгсөн. Энэ үед О би адилхан хохирсон, чи надад Ш-ий мөнгөөр биш миний мөнгөөр авсан гэдэг бичгийг хийж өгөөч гэж хүсэлт тавьсан. Энийг орчуулагчийн хэлж байгаагаар бол Солонгостоо ашиглана, энэ бичгээр бол Ш-д мөнгөө өгсөн гэдгээ л батлах гээд байгаа юм гэдэг байдалтайгаар хэлсэн тэгээд би хүсэлтийнх нь дагуу бичгийг бичиж өгөхдөө энийг нь албан ёсны болгох үүднээс өөрийнхөө санаачилгаар нотариатаар батлуулаад бичиж өгсөн юм. Хэрвээ би энэ хүнийг луйвардаад, энэ хүний хөрөнгийг авах, үндэслэлгүйгээр завших гэсэн санаа бодолтой байсан юм бол яагаад ч ийм бичиг хийж өгөх шалтгаан байхгүй. Нөгөө газрыг 2018 онд зарж чадаагүй. 2018 онд зарж чадаагүй учраас 2019 оноос эхлэн газрын төлбөрийг нь төлөөгүй. Газрын төлбөр төлөгдөөгүй явсаар 2023 онд энэ газар нь улсад хураагдсан юм. 2019 онд газрын гэрээ нь дууссан. Огт төлбөр төлөгдөөгүй учраас 4 жилийн дараа газар нь хураагдсан юм. Тэгээд газар зарж чадаагүй. Одоо хамгийн эцсийн шатанд бол миний энэ бичгийг ашигласан байна гэж бодож байна. Миний өөрийнхөө хохирлыг барагдуулах гэсэн итгэл найдвар горьдлогыг минь ашиглаж бичүүлсэндээ л гэж бодож байсан. Гэтэл шүүх ажиллагааны явцад юу харсан, юу гэж таамагласан бэ гэвэл цахим 4 шуудангийн үзлэгийн асуудлаас тодорхой хэмжээний юм харсан. Юу гэхээр Шин болон О нар хоорондоо юу гэж харилцсан, ямар шуудан бичилцэж байсныг мэдэхгүй байсан. Гэтэл Ш миний буюу Д ХХК-ийн мэдээллүүдийг ашиглаж О-аас мөнгө авах гэсэн мэрийлт, чармайлт их гаргаж байсан юм байна гэж харсан. Жишээ нь 75,000,000 доллароор энэ байшинг авах гэж байгаа юм гэх мэтчилэн мөнгө авах мэрийлт гаргаж байсан байна. Хоёрдугаарт О-аас жишээ нь энэ байшинг чиний мөнгөөр авсан шүү гэж хэлснээс биш өөр ямар нэгэн энэ О-д, Д ХХК-д ийм мөнгө өгчихсөн байгаа юм гэдэг зүйл огт байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр цахим шуудангийн үзлэгээс юу харсан гэхээр ийм байшин авсан юм гэдэг зургийг бол явуулсан байдаг. Тэгэхээр О-ийг би одоогийн байдлаар бодохдоо тэр цахим шууданг зөвхөн амаар хийсэн тэр цахим шуудангийн мэдээллээ баталгаажуулах, баталгаажуулахад миний бичиж өгсөн бичиг нь ганц хэрэгтэй баталгаажуулах зүйл нь болжээ гэж одоогийн байдлаар таамаглаж байгаа. Нэмж хэлэхэд 2011 онд О Ж-д мөнгөө өгсөн. Гэтэл Ж-ээс 75 сая төгрөг дансны хуулгаас харахад ямар ч өгөх боломжгүй, өгөөгүй байгаа нь тодорхой байгаа. Гэтэл О яагаад 2011 онд мөнгөө өгчхөөд 2012 оны эхэнд Солонгост очоод 2016 он болтол гарч чадахгүй солонгостоо амьдарсан Ш-тай энэ асуудлаа шийдэж болоогүй юм бол, яагаад энэ мөнгөнийхөө асуудлыг Ш-тэйгээ шийдэж болоогүй юм бол гэдэгт би маш их гайхдаг. Үүнийг бас анхаарах асуудал гэж боддог. Ийм л шалтгаануудыг үндэслээд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа... гэв.
3.Нэхэмжлэгч шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2023.05.25-ны өдөр 532,950 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3-4 х/,
-Гадаад паспортын хуулбарын лавлагаа, гадаад паспортын бүртгэл, итгэмжлэл /хх-ийн 5-16 х/,
-2011.07.08-ны өдрийн Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 17 х/,
-2018.06.20-ны өдрийн Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах 2011.07.08-ны өдрийн гэрээнд хийсэн тайлбар /хх-ийн 18 х/,
-Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 19 х/,
-2023.05.12-ны өдрийн 101/ШЗ2023/12065 дугаартай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 20-23 х/,
-Гадаад валютын баримт /хх-ийн 42-51 х/,
-Гэр бүлийн хамаарлын тодорхойлолт /хх-ийн 52-53 х/,
-2018.06.28-ны өдрийн Баталгаа бичиг /хх-ийн 54-55 х/,
-Аж үйлдвэрийн банкны шилжүүлгийн баримт /хх-ийн 56-59 х/,
-2024.01.31-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 230-231 х/,
-Төрийн банкны western union гуйвуулгын баримтууд /хх-ийн 232-233 х/,
-Мессежүүд /хх-ийн 234-236 х/,
-Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай холбогдуулан тэмдэгтийн хураамжид 2024.03.04-ний өдөр 646,850 төгрөг тушаасан баримт /2-р хх-ийн 17 х/,
-2011.07.08-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ /2-р хх-ийн 55 х/,
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /2-р хх-ийн 5657 х/,
-Цахим шууданд үзлэг хийлгэх зөвшөөрөл олгох тухай 1477 дугаартай нотариатын гэрчилгээ, Солонгос хэлнээс Монгол хэл рүү хөрвүүлсэн орчуулга /2-р хх-ийн 72-77 х/,
-Нэхэмжлэгчийн ........... хаяг дахь мэйл болон Монгол хэл рүү хөрвүүлсэн орчуулга /2-р хх-ийн 78-91 х/,
-БНСУ-ын иргэн Ш-ийн Үнэн бодит байдлын баталгаажуулалт гэх нотариатын гэрчилгээ бүхий тодорхойлолт, түүний хавсралтууд /2-р хх-ийн 92-132 х/,
-Б компанийн нэр өөрчлөгдөн Э компани болсон талаарх баримт, орчуулгын хамт /2-р хх-ийн 156-161 х/ зэрэг баримтуудыг ирүүлсэн.
4.Хариуцагч нараас тайлбар татгалзалтайгаа холбогдуулан хариу тайлбар /хх-ийн 33-34, 38-39 х/,
-Улсын бүртгэлийн 0000000000 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 35 х/,
-Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 36 х/,
-2023.08.03-ны өдрийн 0589 дугаартай Л.О-т олгосон итгэмжлэл /хх-ийн 37 х/,
-2023.12.08-ны өдрийн 0790 дугаартай Б.Ө-д олгосон итгэмжлэл /хх-ийн 182 х/,
-2024.01.31-ний өдрийн 24/03 дугаартай Б.Ө-д олгосон итгэмжлэл /хх-ийн 240 х/,
-2024.03.29-ний өдрийн 24/08 тоот албан бичиг /2-р хх-ийн 40 х/,
-Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбар /2-р хх-ийн 41-43 х/,
-2011.06.22-ны өдрийн Хэлцэл /2-р хх-ийн 44-45 х/,
-Д ХХК-ийн 2011 оны жилийн санхүүгийн тайлан /2-р хх-ийн 46-49 х/,
-2018.10.02-ны өдрийн Улаанбаатар хотын банкны орлогын мэдүүлэг /2-р хх-ийн 50 х/,
-2018.03.05-ны өдрийн 03/05 дугаартай нэхэмжлэх /2-р хх-ийн 51 х/,
-2024.04.22-ны өдрийн 24/11 дугаартай Б.Ө-д олгосон итгэмжлэл /2-р хх-ийн 134 х/,
-Ж ХХК-ийн захирал Ш-ийн өмнөөс Ч.О-ийн хувиасаа хийсэн төлбөрийн жагсаалт, тайлбар /2-р хх-ийн 205-249, 3-р хх-ийн 1-96 х/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
5.Зохигчийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.30-ны өдрийн 101/ШЗ2023/25019 дугаартай Нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтууд /хх-ийн 81-174 х/,
-Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн баримтууд /хх-ийн 178 х/,
-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.11-ний өдрийн 101/ШЗ2023/29128 дугаартай Нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн баримтууд /хх-ийн 186-224 х/,
-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.31-ний өдрийн 101/ШЗ2024/03668 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн баримтууд /2-р хх-ийн 10-11 х/,
-Төрийн банкнаас ирүүлсэн баримт /2-р хх-ийн 11 х/,
-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.31-ний өдрийн 101/ШЗ2024/03668 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу гэрч С.Д-ийг асуусан тэмдэглэл /2-р хх-ийн 36-39 х/,
-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.01-ний өдрийн 101/ШЗ2024/09139 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу Төрийн банкнаас ирүүлсэн баримт /2-р хх-ийн 135-137 х/,
-Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн баримт /2-р хх-ийн 149-154 х/,
-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.29-ний өдрийн 101/ШЗ2024/12024 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу хийсэн үзлэгийн тэмдэглэл /2-р хх-ийн 166-173, 177-191 х/,
-Тус шүүхийн 2025.02.10-ны өдрийн 191/ШЗ2025/07334 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд татан оролцуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримт /3-р хх-ийн 209-211 х/,
-Тус шүүхийн 2025.05.30-ны өдрийн 191/ШЗ2025/23954 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу тус шүүхийн тамгын газраас ирүүлсэн баримт /3-р хх-ийн 220 х/ зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч .........-ын иргэн U-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О нь хариуцагч Д ХХК, Ч.О нарт холбогдуулан ......... тоот хаягт байрлах, 91,39 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023.05.26-ны өдөр шүүхэд гаргаж,
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024.03.04-ний өдөр хариуцагч Ч.О-д холбогдох шаардлагаасаа татгалзаж, 60,500 ам.доллар буюу 204,369,000 төгрөгийг хариуцагч Д ХХК-иас гаргуулахаар өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2.1. Д ХХК-ийн захирал Ч.О нь 2018.06.20-ны өдөр нэхэмжлэгчид ............ тоотод оршдог үл хөдлөх эд хөрөнгийг ........-ын иргэн Ж ХХК-ийн захирал S-ийн хүсэлтийн дагуу Д ХХК-ийн нэр дээр 75,000,000 төгрөгөөр буюу тухайн үеийн ханшаар 60,500 ам.доллароор 2011.07.08-ны өдөр худалдаж авсан. Энэ барилгыг ..........-ын иргэн U-ийн мөнгөөр худалдаж авсан болохыг баталж тодорхойлж байна гэж, мөн 2018.06.28-ны .........-ын иргэн U-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг татварыг төлөх ёстой гэх баталгааны бичгийг үйлдсэн байдаг тул уг хөрөнгийн үнийг шаардах эрхтэй гэж тайлбарласан.
3.Нэхэмжлэгч .........-ын иргэн U нь хариуцагч Ч.О-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
4.Хариуцагч Д ХХК нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Үүнд:
4.1............. тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай, 91,39 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг өөрийн хөрөнгөөр худалдаж авсан. Энэ нь санхүүгийн тайлангаар тогтоогдох тул нэхэмжлэгч нь 60,500 ам.доллар буюу 204,369,000 төгрөгийг шаардах эрхгүй гэж маргасан.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
а............-ын B Ltd нь 2014.03.05-ны өдөр хуулийн этгээдийн нэрээ H Ltd болгож, өөрчилсөн гэр бүлийн гишүүдийн хамтын хуулийн этгээд байх ба 2011.06.27-ны өдөр 100,000 ам.долларыг Ж ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 0000000 тоот дансанд шилжүүлсэн нь ...... дугаартай Үйлчлүүлэгчид очих баримт, Гэр бүлийн хамаарлын тодорхойлолт, Үнэн бодит байдлын баталгаажуулалт зэрэг баримтаар тогтоогдож байх тул үүнээс 60,500 ам.доллар буюу 204,369,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад зориулж шилжүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч ..........-ын иргэн U нь шаардаж байгааг буруутгах боломжгүй. /1 хх-ийн 44, 45, 52, 53, 232 х, 2 хх-ийн 157 х/
б.Мөн ..........-ын иргэн U нь 2018.06.29-нд 1,200 ам.доллар, 2018.07.05-нд 510,000 вон, 2018.10.01-ний өдөр 900,000 воныг тус тус Ч.О-д шилжүүлсэн байх ба зохигч энэ талаар маргаагүй тул шүүх маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй, нэхэмжлэгч нь энэхүү мөнгийг шаардаагүй болно. /1 хх-ийн 56, 58, 232 х, 2 хх-ийн 136-137 х/
6.Харин зохигчийн маргааны зүйл U-ийн өмнөөс ........-ын B Ltd-ийн 2011.06.27-ны өдөр Ж ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 000000000-USD тоот дансанд шилжүүлсэн 100,000 ам.доллароос Ж ХХК-ийн захирал S-ийн хүсэлтийн дагуу Д ХХК-ийн нэр дээр 75,000,000 төгрөгөөр буюу тухайн үеийн ханш /1$ = 1,239.66/-аар 60,500 ам.доллароор ............ тоот хаягт байрлах 91.39 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг газрын хамт 2011.07.08-ны өдөр худалдаж авсан эсэх хариуцагч Д ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх талаар байна.
а.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгүүлэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг хөрөнгийг эсхүл үнийг нь буцаан шаардах эрхтэй.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүсэхэд эд хөрөнгийг бусдын зардлаар олж авсан байх, хохирч буй талын эд хөрөнгө түүнээс тодорхой хэсэг нь гарсан тохиолдол хамаарна.
б.Нэхэмжлэгч нь 60,500 ам.доллар буюу 204,369,000 төгрөгийг шаардах эрхийн үндэслэлээ 2011.07.08-ны өдрийн Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээ, 2018.06.20-ны өдрийн Үйлчилгээний барилга худалдан авах 2011.07.08-ны өдрийн гэрээнд хийсэн тайлбар гэх баримтуудыг үндэслэдэг.
Гэвч B Ltd нь U-ийн өмнөөс 2011.06.27-ны өдөр 100,000 ам.долларыг барааны төлбөр гэсэн утгаар Ж ХХК-д шилжүүлсэн нь ........... тоот хаягт байрлах, 91,39 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-0000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг худалдан авах зорилгоор шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
в.Ж ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 0000000-USD тоот дансанд 99,982 ам.доллар орж ирсэн 2011.06.29-ний өдөр 50,000 ам.доллар чд-00000000000 S 319493 m0000000000, 2011.08.17-ны өдөр 3,000 ам.доллар АА00000000 ЧЕК S 0000000 m0000000, 20,000 ам.доллар свифтийн шилжүүлэг хийв, 2011.08.23-ны өдөр 3,000 ам.доллар EUNGSUEK SHIN М852081133 1777818-д олгов, 2011.10.06-ны өдөр чек аа0000000 E М00000000/ 0000000 зарлага гэсэн гүйлгээний утгатай зарлагууд гарчээ. /2 хх-ийн 149, 150, 151-154 х/
Дээрх зарлагын гүйлгээ хийх эрх бүхий этгээд нь зөвхөн Ж ХХК-ийн захирал .........-ын иргэн S байх ба тэрээр 2011.06.29-ний өдөр 50,000 ам.долларыг чд-000000000 S 319493 m852081133 гэх утгаар бэлнээр авч ........ руу шилжүүлсэн болох нь гэрч С.Д-ийн Хөрөнгө оруулалт гээд үе, үе мөнгө орж ирдэг байсан. 100,000 ам.доллар орж ирснийг мэдэж байгаа. Яагаад гэвэл Ш өөрөө банкнаас очиж авдаг байсан. Би байнга хамт явдаг байсан учраас мэдэж байгаа, Миний санаж байгаагаар мөнгө орж ирэхэд тодорхой хувийг нь Солонгос руу явуулчихдаг байсан. Тухайн үед 30-40 орчим мянган долларыг Ш нь Солонгос улс руу эхнэр лүүгээ явуулж байсан. Ер нь орж ирсэн мөнгийг ихэнхийг нь буцаагаад явуулчихдаг байсан, Би Ш захиралтай байнга цуг очиж мөнгө авдаг байсан. Гарын үсгээр би л авч чадна гэж Ш захирал надад хэлдэг байсан. Мөнгө авах болоход нь би хамт очиж авдаг байсан... гэх мэдүүлэг, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 01-120 дугаартай гэрчилгээ зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /2 хх-ийн 38, 154 х/
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ..........-ын иргэн U-ийн Ж ХХК-д шилжүүлсэн 100,000 ам.доллароос 60,500 ам.долларын үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д ХХК-ийн нэр дээр Ч.О нь худалдан авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
7.Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т зааснаар үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлөх үүрэг хүлээдэг.
а.Хариуцагч Д ХХК-ийн төлөөлөгч Ч.О нь U-тай 2018 онд анх танилцахад Ж ХХК-ийн захирал S нь энэ үл хөдлөх хөрөнгийг өөрийнх нь хөрөнгө оруулалтаар худалдаж авсан гэж хэлсэн учраас түүнд хууртагдаж, хохирсон тухайгаа надад мэдэгдэж, ........-д өөрийнхөө хохирлыг барагдуулахдаа миний хохирлыг ч хамт шийдвэрлүүлэх боломжтой. Энэ тайлбар бичгийг зөвхөн .......-д хохирлоо барагдуулах зорилгоор ашиглана гэж амлалт өгсөн учраас л би S-ийн мөнгөөр өөр компанийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө авсан тухай өөрийн гараар энэхүү тайлбар бичгийг бичиж өгсөн юм. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг би өөрийн компанийнхаа орлогоор худалдаж авсан гэх тайлбар нь үндэслэл бүхий байна.
б.Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.8-д хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна. Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан.
Д ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Ч.О болох нь 000000000 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмээр тогтоогдсон ба зохигч энэ талаар маргаагүй. /2 хх-ийн 35, 124-129 х/
в............... тоот хаягт байрлах, 91,39 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-00000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө нь 1999.02.11-ний өдөр анх иргэн Д.Н-ийн нэр дээр бүртгэгдэж, 2003.08.25-ны өдрийн Арилжааны гэрээ-ний дагуу Д.Д, Д.Э нарын нэр дээр, 2006.09.18-ны өдрийн Өв залгамжлах эрхийн гэрчилгээ-ний дагуу Д.Э, Д.Э нарын нэр дээр, 2011.07.08-ны өдрийн Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээ-гээр Д ХХК-ийн нэр дээр тус тус бүртгэгдсэн болох нь Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.11.09-ний өдрийн 1435 тоот албан бичгийн хавсралтаар тогтоогдож байна. /2 хх-ийн 81, 82-173 х/
............. тоот хаягт байрлах, 91,39 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Д.Э нь хамтран өмчлөгч Д.Э-ээс олгосон итгэмжлэлийн дагуу Ч.О-тэй 2011.06.22-ны өдөр Хэлцэл хийж энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг 75,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, энэ өдрөө 35,000,000 төгрөгийг төлж, үлдэх 40,000,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээ байгуулж нотариатаар батлуулсны дараа үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны орлогын албан татвар болон нотариатын хураамжийн хамт төлөх үүрэг хүлээж, 2011.06.28-ны өдөр барилгын үнийн хэсэгчилсэн төлбөрт 29,000,000 төгрөг, 2011.07.08-ны өдөр 6,000,000 төгрөгийг төлсөн байх ба иргэн Д.Э нь урьдчилгаа төлбөр болон гэрээний барьцаа баталгаа болгон үл хөдлөх эд хөрөнгө, газартай холбоотой баримтуудыг жагсаалт үйлдэж Ч.О-ийн мэдэлд хадгалуулж байжээ. /2 хх-ийн 44-45 хуудас мөн ар тал, 120 х/
г.Д ХХК-ийн 2011 оны жилийн санхүүгийн тайлангийн хавсралт Мөнгөн гүйлгээний тайлан-гаас үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн дүн 92,596,981 төгрөгөөс 75,000,000 төгрөгөөр хөрөнгө худалдаж авсан. 2011.06.28-ны өдөр гэхэд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дийлэх хэсэг буюу 64,000,000 төгрөг /35,000,000+29,000,000/-ийг төлсөн байх тул нэхэмжлэгчийн 2011.06.27-ны өдөр шилжүүлсэн 100,000 ам.доллар нь Ж ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 000000000-USD тоот дансанд 99,982 ам.доллароор орж ирсэн 2011.06.29-ний өдрөөс 1 хоногийн өмнө хийгдсэн байх тул маргаан бүхий эд хөрөнгийг бусдын зардлаар олж авсан байх үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх хуулийн зохицуулалтад хамаарахгүй байна. /2 хх-ийн 150 х/
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч .......-ын иргэн U нь Ж ХХК-д барааны үнэ гэх утгаар шилжүүлсэн 100,000 ам.доллароос 60,500 ам.доллароор нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Д ХХК-ийн нэр дээр худалдаж авсан гэх тайлбараа тус тус баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иймд хариуцагч Д ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад зориулж шилжүүлсэн 60,500 ам.доллар буюу 204,369,000 төгрөг гаргуулах тухай .........-ын иргэн U-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.
9.Шүүх хэргийн 2 дугаар хавтасны 72-91, 92-132, 166-174 хуудсанд авагдсан Солонгос, Орос хэлнээс Монгол хэлэнд тус тус орчуулагдсан, мөн орчуулгын үнэн зөв гэсэн нотариатын баталгаатай баримтууд болон 2024.05.07-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл-ийг тус тус нотлох баримтаар үнэлээгүй, эдгээр баримтууд шийдвэрийн үндэслэл болоогүй гэдгийг дурдах нь зүйтэй.
10.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:
а.Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.10.16-ны өдрийн 210/МА2024/01895 дугаар магадлалд Ж ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй нөхцөл байдлыг шүүхээс анхаарч үзээгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан гуравдагч этгээдийн ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн шилжүүлсэн 100,000 ам.долларыг Ж ХХК нь хүлээн авч, улмаар хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгөд зарцуулсан эсэх үйл баримтыг тогтооход Ж ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай байна... гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
Анхан шатны шүүхэд хэрэг буцаж ирснээс хойш нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн 2025.02.10-ны өдрийн 191/Ш32025/07334 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд татан оролцуулах тухай шүүгчийн захирамж гарч, Ж ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэж, 2025.02.12, 2025.03.11, 2025.06.06, 2025.09.16-ны өдөр тус тус хуулийн этгээдийн оршин байрлах хаягаар, мөн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Д.А-ийн оршин суух хаягийн дагуу шүүхийн мэдэгдэх хуудсыг тус тус хүргүүлсэн. /3 хх-ийн 208, 212, 221, 222 х/
Гэвч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Ж ХХК нь ............... тоот хаягт, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн болох Д.А нь иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа дээрх ............ тоотод тус тус бүртгэлгүй бөгөөд оршин байрладаггүй болох нь тогтоогдсон тул шүүхээс дуудан ирүүлэх боломжгүй болсон.
Мөн хариуцагчаар оролцож байсан иргэн Ч.О нь Ж ХХК-д ажиллаж байгаад 2016 онд гарсан. Үүнээс хойш хуулийн этгээдийн болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн мэдээлэл байхгүй, би өөрөө 150,000,000 төгрөгөө залилуулсан гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Ж ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтээсээ татгалзсан учраас магадлалд заасан ажиллагааг гүйцэтгэх боломжгүй болсон болохыг дурдах нь зүйтэй.
б. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн тухайд
.........-ын иргэн U нь төлөөлөгч М.О-т 2023.04.06-ны өдөр хуульд заасны дагуу нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгосны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. Энэ өдөр товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй, өөрийнхөө эзгүйд шүүх хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д-г оролцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар энэхүү хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
11.Шүүхээс хариуцагч Д ХХК-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад зориулж шилжүүлсэн 60,500 ам.доллар буюу 204,369,000 төгрөг гаргуулах тухай ........-ын иргэн U-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,179,800 төгрөг /2023.05.25-ны өдөр төлсөн 532,950 төгрөг + 2024.03.04-ний өдөр төлсөн 646,850 төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
12.Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй нь хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцээгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрхтэй тул 2011.06.27-ны өдөр Ж ХХК-д барааны төлбөр гэсэн утгаар шилжүүлсэн 100,000 ам.доллартой холбоотой асуудлаар нэхэмжлэгч ..........-ын иргэн U нь дахин нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй гэдгийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д ХХК-иас 60,500 ам.доллар буюу 204,369,000 төгрөг гаргуулах тухай ..........-ын иргэн U-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Ч.О-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч ..........-ын иргэн U-ийн татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,179,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.30-ны өдрийн 101/ШЗ2023/25018 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА