Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 57

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Д.Ганчимэг Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Д.Өл- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Өл-д холбогдох 1823000610056 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны ******* өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн. 42 настай, эмэгтэй. Халх ******* боловсролтой, малчин, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Д-ийн Өл-, Регистрийн дугаар: ИК********

Шүүгдэгч Д.Өл- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу иргэн Б.Ба-ын алдсан 69 тооны хонийг алдуул мал гэдгийг мэдсээр байж завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 2018 оны 04 дүгээр сарын 12-13 нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын Баяндавс гэх газраас иргэн Б.Ба-ын 69 тооны хонь сүргээс тасарч Ба-ын эзэмшлээс гарсан болох нь: Энэ талаар мэдүүлсэн хохирогч Б.Ба-ын “...2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хонин дотор байсан шар халзан хуц алга болсон. Тэгээд 14-ний өдөр танай хонины имтэй адилхан хонь Улаан гэдэг айлын хонинд нийлсэн байна гэж сонсоод яваад очтол манай шар халзан хуцтай 11 тооны хонь байсан. Тэгэхэд 3 эм хонь, бусад нь шүдлэн хонь байсан. Тэгээд бусад 69 тооны хонь байхгүй байхаар нь Хүйтний ар, Их булаг, Ойдов, *******, Сонгино, Зүүнхангайн айлуудын хоттой хонинд шүүж мөн гэрийн ойролцоо Өлз-, Өл- нарын хониор орж хонио шүүж, сураглахаар мэдэхгүй, манай хонинд тийм хонь байхгүй гэж хэлсэн. Манайх 03 дугаар сарын 20-ны өдөр хонио тоолоход 721 хонь байсан. Улаанайгийнхаас 11 тооны хонио авч ирээд тоолоход 641 хонь болсон. Энэ хугацаанд 09 хонь үхэж, 2 хонь би өөрөө зарсан. Одоо нийт 69 тооны хонь дутаж байна. Хонь өөрсдөө салаад явах боломжтой. Д.Өл- нь 41 тооны хонийг 02 удаа ачиж авч ирсэн гэж ярьсан. Тэгээд би хонин дотор нь орж үзэхэд өөрийн хонио им, тэмдэг зүсээр нь таньсан. Надад одоо хохирлыг гаргаад өгчихвөл гомдол санал байхгүй. Миний 69 тооны хонийг тэр хүн авсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг, Б.Ба-ын сүргээсээ тасарсан 69 тооны хонийг Д.Өл- бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсан болох нь шүүгдэгч Д.Өл-ын “...2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ******* гэдэг манай багийн малчин залуу над руу яриад манай дээр байгаа хэдэн борлонгоо ав гэсэн тэгээд би гараад явсан. Тэр өдөр тэнгэр бүрхэг байсан орой намайг гараад явтал цасаар шуураад ямар ч юм харагдахаа байсан... тэгээд харанхуй болсон байсан би төөрчихлөө гээд явж байтал нэг өвөлжөө дайралдахаар нь айл байж магадгүй зам асууя гээд яваад очтол ямар ч айл байхгүй тэнд хэдэн хонь буланд нь хурчихсан байсан. Тэгээд ойр хавьд нь айл байхгүй байхаар нь чоно идчих байх ачиж авч очоод маландаа хийчихье гэж бодоод хэдэн хонийг нь барьж ачсан тэр хонь айлын муу малнаас тасарсан бололтой дандаа төлөг байсан... *******гийнд очоод манай ээжийн хэдэн хонь Ургамалд айлын хонинд байсан бас ав гээд аваад явж байна. Түр танай хонинд хийчихээд хэд хоногоос би ирж авъя одоо дахиад хэд байгаа би тэрийг аваад ирье гэсэн чинь *******гуай удаахгүй аваарай үхвэл би хариуцахгүй шүү угаасаа муудчихсан мал байна харин өөрийнхөө хэдэн борлонг одоо ав гэсэн.. нуруун дээрээ хар, хөх, улаан будагтай байсан бараг бүгдээрээ 2 чих нь хойноосоо ухам эмтэй байсан. Содон гэхээр бор толгойтой төлөг байсан. Би 41 тооны хонийг ******* гуайнд тавьсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ч.*******ын “...Манай дээр Өл-ын 08 тооны борлон байсан үхэх гээд болохгүй болохоор нь ирж ав гээд Д.Өл- руу утасдсан чинь Д.Өл- шөнө 23 цагийн үед хүрч ирсэнээ манай ээжийн хэдэн бог Ургамал дээр байдаг байсан чинь тэр айл нь ирж ав гээд аваад явж байна танайд хэд хонуулчихаад удаахгүй авна гээд гуйгаад байсан. Тэгээд хэдэн тооны хонь юм гэсэн чинь 41 төлөг байгаа гэсэн. Тэгээд “би буцаж очоод үлдсэн хонио аваад ирье” гээд маргааш өглөө нь 06 цагийн үед үлдсэн хонио авч ирж нийт 41 тооны хонь манайд тавьсан..” гэсэн мэдүүлэг, Гэрч О.Ос-ийн “...2018 оны 04 дүгээр сарын 12-13 ны үед манайх Майхан улаан гэдэг газар хаваржиж байсан. Тэгээд өвөлжилт хүнд байсан болохоор хавар ишиг борлонгууд хачиг хувалзанд баригдаад үхээд болохгүй байсан. Манай дээр Өл-ын 8-н тооны борлон байсан үхэх гээд болохгүй болохоор нь ирж ав гээд Өл- руу утасдсан чинь Өл- шөнө 23 цагийн үед хүрч ирсэнээ манай ээжийн хэдэн бог Ургамал дээр байдаг байсан чинь тэр айл нь ирж ав гээд аваад явж байна танай хонинд хэд хонуулчихъя, би удахгүй авна гээд гуйгаад байхаар нь “удаахгүй бол одоо тэг” гэсэн. Тэгээд хэдэн тооны хонь юм гэсэн чинь 41-н тооны төлөг байгаа гэсэн. Тэгээд “би одоо буцаж очоод үлдсэн хонио ачаад ирье” гээд яваад маргааш өглөө 06 цагийн үед үлдсэн хонио авч ирж нийт 41-н тооны хонь манайд тавьсан..” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдож байна. Хохирогч, гэрчүүдээс хуульд заасан журмаар мэдүүлэг авсан, тэд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенийхээ мэдүүлгийг нотолсон, хэрэг гарах үеийн үйл баримтанд шууд хамааралтай байх тул шүүх дээрх мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлсэн болно. Шүүгдэгч Д.Өл-ын үйлдлийн улмаас хохирогч Б.Ба-т 3.840.00 төгрөгний хохирол учирсан болох нь Завхан аймгийн ******* сумын Үнэлгээний комиссын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн эд зүйлийг буюу иргэн Б.Б-ын алдсан гэх 69 тооны хонийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хэрэгт хамааралтай байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Б.Ба-ын эзэмшлийн 69 тооны хонийг алдуул мал гэдгийг мэдсээр байж завшсан болохоо мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдож байна. Иймд шүүгдэгч Д.Өл-ыг бусдын эзэмшлийн 69 тооны хонийг алдуул мал гэдгийг мэдсээр байж завшсан гэдгээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болголоо. Түүнчлэн шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирлоо нөхөн төлсөн, улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Д.Өл- нь Монгол Улсын Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “ алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн засаг захиргааны буюу Цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу Цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд үүргээ биелүүлээгүй нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Д.Өл-ыг алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирогч Б.Ба- нь шүүгдэгчэээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болно. Шүүгдэгчийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Д.Өл-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй Шүүгдэгч Д.Өл- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.5, 1.6, 1.7, дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Д-ийн Өл-ыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өл-ыг 500 / таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Өл-д оногдуулсан 500 / таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 01/нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгчийн торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгчид 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Д.Өл-ийн хувьд ногдох хөрөнгөнөөс эд зүйл битүүмжлээгүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Mazda proceed маркийн улаан өнгийн **-** ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

8. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА