Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/45

 

  2025 оны  7 сарын  28                                                2025/ДШМ/45                       

 

 

Б.Н, Н.Х, Х.С нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                      Прокурор Д.Алимаа /цахимаар/,

                      Хохирогч О.М,

Шүүгдэгч, хохирогч Б.Н-ын өмгөөлөгч О.Баяраа /цахимаар/,

Шүүгдэгч Х.С-ын өмгөөлөгч Г.Гандөш /цахимаар/,

Шүүгдэгч, хохирогч Н.Х,

Шүүгдэгч Х.С,

Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалангийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч, хохирогч Б.Н-ын өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан гомдлоор Б.Н, Н.Х, Х.С нарт холбогдох эрүүгийн 2427001100138 дугаар хэргийг 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай
аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой,
малчин, ам бүл ***, *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** багт оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд Хархорин сум дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/101 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, *** овгийн Б.Н /РД: ***/,

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай
аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой,
малчин, ам бүл ***, *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** багийн “***” гэх газар оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд Хархорин сум дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 25000 төгрөгөөр торгох ялаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдсэн, *** овгийн Н.Х /РД: ***/,

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай
аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн *** сумын *** сургуулийн *** ажилтай, ам бүл *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** баг *** тоотод оршин суух хаягтай, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, *** овгийн Х.С /РД: ***/.

Б.Н нь 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** гэх газарт Н.Х, О.М нартай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж цохих үйлдлээр Н.Х-ийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, сарвууны эрхий хуруунд шарх, дээд уруул, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт, 11, 12, 13-р шүдний сулрал гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн О.М-ын биед тархи доргилт, зүүн шуунд шарх, зүүн эгэм, баруун, зүүн бугалга, баруун шуу, баруун, зүүн гуяны баруун өвдөгт цус хуралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Н.Х нь 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** гэх газарт Б.Н-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж өшиглөх үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Х.С нь 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** гэх газарт Б.Н-ыг ээж О.М, аав Н.Х-ийг зодлоо гэх шалтгаанаар өшиглөх үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймаг Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос: Б.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

Н.Х, Х.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт Х.С-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *** овогт Б.Н-ыг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, *** овогт Н.Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-ийг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Б.Н, Н.Х нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Б.Н, Н.Х нарын торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Н-аас хохиролд 350,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 3,300,000 төгрөг, нийт 3,650,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.М-д, мөн сэтгэцэд учирсан хохиролд 3,293,400 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Хэд олгохоор, шүүгдэгч Н.Х-ээс хохиролд 376,615 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 3,293,400 төгрөг нийт 3,670,015 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Н-т тус тус олгохоор, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар Н.Х-д Эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилсэн тусламж үйлчилгээний төлбөр 109,949 төгрөг, хохирогч О.М-д эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилсэн тусламж үйлчилгээний төлбөр 40,000 төгрөгийг тус тус шүүгдэгч Б.Н-аас, хохирогч Б.Н-т эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ үзүүлсэн төлбөр 472,316 төгрөгийг шүүгдэгч Н.Х-ээс нараас тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н, Н.Х, Х.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Д.Алимаа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.С-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход зөвхөн хохирогч Б.Н-ын мэдүүлэг хангалттай баримт болохгүй, гэм бурууг нотолсон баримт цуглараагүй, хэргийн нотолгоонд үндэслэл бүхий эргэлзээтэй нөхцөл байдлууд үүссэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасныг удирдлага болгон мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Х.С-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн шаардлагад нийцээгүй буюу хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Учир нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэмт этгээдийн шууд санаатай үйлдлийн үр дагаварт хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгч Х.С-ын санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг. Тодруулбал, хохирогч Б.Н шүүгдэгч Х.С-ын үйлдлийн талаар удаа, дараа мэдүүлэхдээ тогтвортой бөгөөд агуулгын хувьд зөрүүгүй буюу өөрт учирсан зүүн талын 4 дүгээр хавирганы хугарлыг Х.С учруулсан талаар мэдүүлсэн.

Мөн гэрч Ц.Д нь ... Н.С хэлэхдээ муу хулгайч аав, ээж хоёрыг дандаа дээрэлхэж байдаг юм би нэг өшиглөчихсөн юм гэж хэлсэн өөр бусад байдлаар зодож цохисон юм хэлээгүй ... гэж, гэрч Б.Г, Ж.М нар нь ... хохирогч Б.Н бас замд явж байх үедээ Н.С-д хандаж чи намайг өшиглөсөн биз дээ гэж хэлсэн ... гэж мэдүүлсэн.

Шинжээч эмчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 381 дүгээр дүгнэлтэд ... Б.Н-ын биед зүүн талын 4 дүгээр хавирганы хугарал, Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /1хх-ийн 42-43 хуудас/ болон шинжээч эмч Л.Амгалангийн өгсөн ... Б.Н-ын биед үүссэн байсан зүүн талын 4-р хавирганы хугарал нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна ... гэх мэдүүлэг /1хх-ийн 100 хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж Х.С-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

Гэтэл анхан шатны  шүүхээс дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бөгөөд дээрх нотлох баримтыг хэрхэн үгүйсгэж байгаа талаараа дүгнээгүй буюу Б.Н-ын биед учирсан хөнгөн хохирол болох зүүн талын 4 дүгээр хавирган хугарлыг хэн учруулсан эсэх, Х.С нь Б.Н-ын биед халдсан үйл баримт тогтоогдсон байхад тухайн үйл баримтад огт дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн байна. Мөн шүүгдэгч Х.С-тай нэгдмэл ашиг сонирхолтой этгээд болох түүний төрсөн ээж О.М, аав Н.Х нарын мэдүүлгийг хохирогч, гэрч нарын мэдүүлгээс илүү үнэлэх болсон талаар дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгч Х.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч, хохирогч Б.Н-ын өмгөөлөгч О.Баяраа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Н.Х, Х.С нар нь хохирогч Б.Н-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Хохирогч Б.Н-ын биед 4 төрлийн хөнгөн гэмтэл Н.Х, Х.С нар учруулсан болох нь шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 381 дүгээр дүгнэлт, шинжээч эмч Л.Амгалан, хохирогч Б.Н, гэрч Б.П Б.Г, Ц.Д, Ж.М нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад баримтууд болон яллах дүгнэлтэд дурдсанаар хангалттай нотлогдон тогтоогдож байхад анхан шатны шүүх илтэд нэг талыг барьж шүүгдэгч Х.С-ыг хохирогч Б.Н-ын мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох хангалттай баримт байхгүй гэж Х.С-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Д.Алимаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй. Учир хохирогч Б.Н-ын биед учирсан 4 дүгээр хавирганы хугарлыг шүүгдэгч Х.С учруулаагүй бол хэн, хэзээ, хэрхэн, яаж учруулсан талаар дүгнэлт хийгээгүй. Хохирогч Б.Н-т учирсан гэмтлийг хэн учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон.

Мөн хохирогч Б.Н-ын мэдүүлгийг үнэлээгүй шүүгдэгч, хохирогч Н.Х, шүүгдэгч Х.С нарын мэдүүлгүүдийг үнэлсэн. Энэ талаар шийтгэх тогтоолд дүгнэлт хийгээгүй.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хохирогч О.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай мал отроор яваад даарсан, ууланд яваад муудсан байсан. Б.Н манайхыг үхсэн малаа аваарай гэсэн. Бид Б.Н-тай хэрүүл, маргаан хийгээгүй. Тэр үед манай хүн адуундаа явсан байсан. Б.Н манай гэрийн зүүн талд хадтай ууланд намайг уургаараа шилбүүрдэж, зодсон. Тухайн үед манай хүн намайг чи зугт гээд намайг зугтахад Б.Н зодох гээд араас хөөгөөд байсан. Би Б.Н-ын хүргэн дээр очоод хадам ахыгаа аваарай гэхэд надад хамаагүй гээд хөдлөөгүй. Б.Н намайг зодож, хэл амаар доромжилсон, саравчны хананд шахаж байгаад толгой руу нүдэж, хавирга бөөр лүү өшиглөсөн. Би Б.Н-т зодуулсандаа үнэхээр их гомдолтой байна. Тухайн үед миний утас цэнэггүй байсан болохоор цагдаа дуудаж чадаагүй. Намайг зодчихоод дараа нь манай нөхрийг морьтой хөөсөн. Манай хүү ажил дээрээ байж байгаад цагдаа дуудаад ирсэн. Манай хүү Б.Н-ыг зодоогүй. Манай хүн ч гэсэн биеэ хамгаалсан. Б.Н үнэн зөв мэдүүлэг өгөөгүй гэв.

Шүүгдэгч, хохирогч Б.Н-ын өмгөөлөгч О.Баяраа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогч Б.Н-ын биед 4-н төрлийн гэмтэл учирсан. Энэ 4-н гэмтлийн талаар шинжээч эмч Л.Амгалан тодорхой мэдүүлсэн. Мөн хавирганы хугарлыг өшиглөсний улмаас учруулсан гэдгийг удаа дараа мэдүүлдэг. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Х.С-ыг өшиглөөгүй гэж дүгнэсэн. Тиймээс шүүгдэгч Х.С-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Шүүгдэгч Х.С-ын хувьд хохирогч Б.Н-ыг байнга хэл амаар доромжилж, хамт сууж байхдаа хүртэл ширээн доогуур хөлийг нь өшиглөсөн гэдэг. Б.Н өнхөрч байгаад хавирга нь хугарах ямар ч боломжгүй. Шүүгдэгч Х.С нь Б.Н-ыг ээж, аавыг нь зодсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Х.С-ын өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Х.С-ыг гэм буруутайд тооцох хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй. Учир нь хохирогч Б.Н-ын мэдүүлгүүд өөр хоорондоо харилцан зөрүүтэй бөгөөд үнэлэх боломжгүй. Тухайлбал хавтаст хэргийн 97 дугаар хуудсанд авагдсан гэрч О-ын мэдүүлэгт Б.Н ар араасаа хүнтэй хөөцөлдөөд яваад байсан гэдэг. Гэтэл шүүгдэгч, хохирогч Б.Н би О эгчтэй таарсан, нүүр ам, хавирга чинь яасан юм гэхээр нь зодуулсан гэж хэлдэг гэдэг боловч О би шүүгдэгч, хохирогч Б.Н-тай таараагүй гэдэг.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч, хохирогч Н.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гомдолтой байна. Б.Н намайг хадан дээр унагааж зодсон.

Манай хүү Б.Н-т гар хүрээгүй. Хэрэг болсон газар цагдаагийн мөрдөн байцаагч очиж үзээгүй. Аймаар шовх өндөр хад байсан гэв.

Шүүгдэгч Х.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед би очоогүй бол гэмт хэргийн хохирол өнөөдрийн энэ байдлаас ч илүү хүнд нөхцөл байдалд хүрэхээр байсан. Тухайн үед намайг ажлаа тараад гэртээ ирсэн байхад хөдөөнөөс ээж утсаар залгаж Б.Н аав, ээж хоёрыг нь зодоод хэцүү байна, алчих гээд байна, цагдаа дуудаарай гэж хэлсэн. Тэгээд би цагдаад өөрөө очиж дуудлага өгөөд дагуулж очсон. Би цагдаагаас 5 минут орчмын өмнө түрүүлж очсон. Тэгээд цагдаагийн 3-н албан хаагч араас машинтайгаа ирсэн. Намайг очиход Б.Н манай аавыг хайрга чулуунууд ихтэй, овоорсон газарт дээр нь гарсан зодож байгаа байдалтай байсан. Би тухайн үед гүйж очиж салгасан. Б.Н тухайн үед согтуу орилж чарлаад та нарыг шоронд хийнэ, чамайг шоронд хийнэ, аавыг чинь шоронд хийнэ гэж хэл амаар доромжлоод байсан. Сургуульд нийгмийн ажилтнаар ажилладаг. Нийгэмд болж бүтэхгүй байгаа хүчирхийлэлтэй холбоотой асуудлын эсрэг байр суурьтай ажилладаг учраас энэ хүнийг зодож болохгүй гэдгийг мэдэж байсан учраас би хүний биед халдаагүй. Б.Н над руу ч хүртэл дайрсан. Тэгээд уяагаар бугалгыг нь тойруулж уясан. Гарын буглагын хэсгээр нь уяагүй, цээж мөрөөр нь уясан. Б.Н-ын хөдөлгөөнийг саатуулах гэж ийм арга хэмжээ авсан. Тэгээд цагдаа ирээд энэ хүнийг аваад явсан. Харин эсрэгээрээ тухайн үед манай аав, ээж хоёр маш их хэцүү байдалд байсан.

Б.Н эхнээсээ бид нарыг харлуулах, хэрэг үүрүүлнэ, машинд хүртэл намайг янз бүрээр доромжилж, цагдаагийн дэргэд хүний эрх зүйн байдлыг дордуулах үг хэллэг их хэлж байсан.

Би ээж, аавыгаа хүн харгис хэрцгийгээр зодож байхад нь цагдаа дагуулж очоод салгасан байхад шүүх хуралдаанд яллагдагчийн байр сууринаас хуралд орж байгаадаа гомдолтой байна.

Энэ нь сэтгэл зүйн хувьд маш хэцүү байна. Бид үнэхээр их гомдолтой байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч, хохирогч Б.Н-ын өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Б.Н нь 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** гэх газарт Н.Х, О.М нартай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж цохих үйлдлээр Н.Х-ийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, сарвууны эрхий хуруунд шарх, дээд уруул, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт, 11, 12, 13-р шүдний сулрал гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн О.М-ын биед тархи доргилт, зүүн шуунд шарх, зүүн эгэм, баруун, зүүн бугалга, баруун шуу, баруун, зүүн гуяны баруун өвдөгт цус хуралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Н.Х нь 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** гэх газарт Б.Н-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж өшиглөх үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Н.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 18:00 цагийн үед би хурга ишгээ тавих гээд гэрээсээ гараад Б.Н гэх айлын гадна очсон юм. Тэгсэн чинь Б.Н гэх залуу морьтой манай хонийг хөөж байсан. Удалгүй Б.Н над дээр ирсэн. Тэгэхээр нь би Б.Н-т хандаж чи яаж байгаа юм бэ? Манай хонийг яагаад хөөгөөд байгаа юм гэсэн чинь л Б.Н надад хандаж чи муу малаа авахгүй яасан юм гэж хэлээд барьж явсан модоороо намайг тархи толгойгүй цохиод байсан. Дараа нь намайг мориноос татаж буулгаад миний нүүр амруу олон удаа гараараа цохисон. Ингээд байж байтал манай эхнэр О.М ирж бид хоёрыг салгасан. Тэгэхээр нь би мориндоо суугаад явж байтал Б.Н нь намайг явган манай гэрийг тойруулаад элдээд хөөгөөд байсан Тэгэхээр нь би Б.Н-ын өвөлжөө рүү морьтойгоо очсон. Очоод байж байтал Б.Н нь манай эхнэр О.М-тай хамт араас явган хүрч ирсэн. Би Б.Н-тай ойртохгүй гэж бодоод хол морьтойгоо зогсож байсан. Манай эхнэр О.М Б.Н-т хандаж чи яагаад настай хүнийг зодож байгаа юм гэсэн чинь манай эхнэрийг толгой түрүүгүй цохисон. Тухайн үед хажууд нь Б.Н-ын төрсөн дүүтэй суусан П гэх залуу зогсож байсан. Тэгэхээр нь би П-д хандаж наад хүнээ салгаад аваач ээ гэж хэлтэл П надад хамгаагүй гээд салгахгүй зогсоод байсан. Тэгээд болохоо байхаар нь би очиж эхнэр болон Б.Н хоёрыг салгасан. Манай эхнэр О.М шууд явган зугтаасан. Намайг Б.Н хөөхөөр нь би морьтой зугтаасан. Тэр үед Б.Н морьтой миний араас хөөгөөд чулуугаар 1 удаа цохичхоод буцаад давхиад яваад өгсөн ... гэх мэдүүлэг /1хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Хохирогч О.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ... Тэгсэн Б.Н нь тоосон шинжгүй намайг ширвэчхээд уургаараа биеийн баруун талын хавирга хэсэг рүү ороолгосон. Мөн манай нөхрийг хадан дээр барьж аваад нухаад байсан. Тэгсэн Б.Н толгойгоо хагалчихсан босоод ирсэн. Б.Н инээж босож ирээд хардаа ингээд танай хүн 4-5 жилийн ялтай болсондоо” гээд инээгээд босоод ирсэн. ... Б.Н нь морио юүлчихсэн манай хүний араас нь хөөгөөд л чулуу шидээд байсан. Б.Н гэрийн зүүн талын уулнаас намайг хөөсөөр байгаад гэрийнхээ гадаа хүртэл хөөсөн.Тэгэхэд Б.Н-ын эмэгтэй дүүтэй суусан П гэх залуу гэрийнхээ гадаа байж байсан, би түүнд хандаж энэ хүнээ миний дүү авчих гэж хэлсэн. П надад хамаагүй гэж хэлээд Б.Н-ыг авахгүй байсан. Удалгүй Б.Н намайг толгой түрүүгүй нүдэж эхэлсэн. Удалгүй манай нөхөр Н.Х ирж намайг Б.Н-аас салгасан. ...Тэгээд манай гэрийн гадаа очоод манай нөхрийг мориноос нь татаж буулгаад ноцолдоод байсан. Би айгаад очиж чаддаггүй. Удалгүй мотоцикл дуугараад манай хүү ашгүй ирсэн ... гэх мэдүүлэг /1хх-ийн 18-19, 125 дугаар хуудас/,

Гэрч Н.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ... Би *** сумын *** гэх газар эхнэр О.-ийн хамт байж байсан чинь 17 цаг өнгөрч байхад Н.Х ирсэн. Гэрийн гадна Н.Х надад хэлэхдээ Б.Н ирээд агсам согтуу тавиад намайг зодоод байна бас манай эхнэр бас Б.Н бид хоёрын дундуур ороод зодуулсан, Б.Н-ын аав, ээжийнх нь утасны дугаар байна уу гэж асуусан. Би тэр үед Н.Х-ийн гэр лүү буюу О.М руу утсаар залгаж юу болж байна, Н.Х манайд ирсэн байна гэхэд Н.Х миний утсыг авч ярьсан. Яриаг нь сонсоход Б.Н манайх руу ирж байна гэж О.М хэлсэн чинь Н.Х эхнэртээ хандаж чи нуугд аягүй бол чамайг ална гэж хэлээд морио унаад гэр рүүгээ яваад өгсөн. Манай гэрт Н.Х ирэх үед нүүр ам нь цус болчихсон байсан ... гэх мэдүүлэг /1хх-ийн 81 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 337 дугаар ... Н.Х-ийн биед баруун нүдний ухархай ясны хуучин хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, сарвууны эрхий хуруунд шарх, дээд уруул, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт, 11, 12, 13-р шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, сарвууны эрхий хуруунд шарх, дээд уруул, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт, 11, 12, 13-р шүдний сулрал гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Баруун нүдний ухархай ясны хуучин хугарал гэмтлийн үүсгэгдсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Баруун нүдний ухархай ясны хуучин хугарал гэмтлийн үүсгэгдсэн цаг хугацаандаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, сарвууны эрхий хуруунд шарх, дээд уруул, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт, 11, 12, 13-р шүдний сулрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...  гэх дүгнэлт /1хх-ийн 31-33 дугаар хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 336 дугаар ... О.М-ын биед тархи доргилт, зүүн шуунд шарх, зүүн эгэм, баруун, зүүн бугалга, баруун шуу, баруун, зүүн гуяны баруун өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /1хх-ийн 58-61  дүгээр хуудас/,

Хохирогч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ... Н.Х-д ахад сэгээ холдуулахгүй яасан юм бэ, дахиад 2-3 хурга шувуу идчихлээ ш дээ гэж хэлсэн чинь Н.Х ах “чам шиг чацга ингэхгүй ээ” гэж хэлээд барьж явсан 1 метр орчмын урттай хугархай бургас /уурга/-аар толгой, нуруу, мөр хаа дайрсан газар руугаа цохисон. Тэгэхээр нь “Та яаж байгаа юм О.М эгчид хэлнэ” гэж хэлээд л Н.Х ахтай хэрэлдээд Н.Х ахын гэрийн урд хамар дээр очсон чинь О.М эгч тэр хамар дээр зогсож байсан. Би О.М эгчид “Н.Х ах намайг цохичихлоо нөхрөө аваач” гэж хэлсэн. О.М эгч тэгсэн “Яадаг хар хүүр вэ?” гэж хэлсэн. Тэгээд Н.Х ах мориноосоо бууж ирээд бид хоёр ноцолдсон. Тэгсэн Н.Х ах том биетэй болохоор би дийлэхгүй О.М эгчийн араар орсон. Энэ хүртэл Н.Х ах нүүр бие рүү хаа таарсан газар руугаа шаагаад /цохиод/ байсан. Н.Х ах намайг О.М эгчийн араар орсон хооронд Н.Х ах намайг чулуугаар миний толгой руу цохисон. Чулуугаар цохиулсны улмаас миний толгой хагарч Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт 4-н оёо тавиулсан... Н.Х ахын гадаа очоод үнэндээ Н.Х ах бид 2 дахиад барилцаж аваад байж байтал Н.Х ахын банди Х.С ирээд намайг учир зүггүй нүдээд эхэлсэн. Намайг унагаж байгаад цээжин дээр дэвссэн, 2 шанаа, нуруу, цохиогүй газар ер нь байхгүй. Бараг 20-30 минут орчим зодсон. Энэ үед Н.Х ах “Наадахаа зодоод алчих, алчих” гээд хажуугаар яваад байсан. Ингээд Х.С намайг дээш нь харуулаад цээжин дээр суугаад 2 гар тэлээд барьж байтал О.М эгч “Наад хар хүүр чинь оройноос хойш зүгээр байхгүй байгаа юм гэж хэлээд гараараа миний баруун нүд рүү маш хүчтэй цохисон. Гал манараад л явчихсан Тэгээд Н.С намайг ээжийнхээ өгсөн уяагаар намайг хүлсэн ... гэх мэдүүлэг /1хх-ийн 23-24 дүгээр хуудас/

Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ... Би Хархорин сумын Сум дундын цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаа ажилтай. Тухайн өдөр ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан Ц.Д 70327102 утсаар надтай холбогдож хөдөөнөөс дуудлага мэдээлэл ирсэн талаар мэдэгдэж улмаар хамт *** сумын *** баг *** гэх газарт ойролцоогоор 15-20км орчим зам туулж Н.Х гэх хүний гэрт очсон. Гэрийн гадна Б.Н гэх хүнийг Н.Х гэх хүний хүүхэд Н.С цээж хэсгийг нь олсоор тойруулж хүлээд сөхрүүлж өвдөг дээр нь суулгасан байдалтай байсан. Б.Н-ын толгойноос цус гарч байсан. Н.С нь хэлэхдээ Б.Н нь аав Н.Х, ээж О.М нарыг зодоод болихгүй байхаар нь хүлчихсэн гэж хэлсэн. Б.Н нь бид нарыг очих үед өө ашгүй цагдаа ирлээ миний хүлээсийг тайлаад өгөөч гэж хэлсэн, би хүлээсийг нь тайлж өгөөд босгосон. Би юу болсон талаар асуухад “манай гэрийн урд Н.Х ах үхсэн малаа хаяад байсан учраас маргалдсан, Н.Х ахтай маргалдаж зодолдоод намайг Н.Х ах бараг алах шахлаа гэж байсан. О.М гэх хүн сүүлд хэлэхдээ Б.Н намайг нүүр нүдгүй зодлоо, салгах гээд дундуур нь орох үед л зодоод байсан гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /1хх-ийн 79 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 381 дүгээр ... Б.Н-ын биед зүүн талын 4 дүгээр хавирганы хугарал, баруун нүдний ухархайн дотор хана зөрөөгүй хугарал, баруун тал зулай, духанд зөөлөн эдийн гэмтэл, баруун чамархайд шарх, баруун нүдний алиманд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 3-аас дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /1хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Гэрч Ц.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ... Тийм ээ дуудлага мэдээллийг орой 20-21 цагийн орчим авсан. Зөрчил болсон гэх газар Өвөрхангай аймгийн *** сумын ***-р баг Нарийны ам гэх газар байрлаж байсан. Сумын төвөөс 15 км зайтай байсан. Зөрчил болсон гэх газарт 21 цаг 30 минутын орчим очсон. Очиход Н.Х-ийн гэрийн гадна талд Б.Н чулуун дээр бөгсөөр нь суулгаад шар билүү ногоон даавуун дээлийн бүсээр гарыг нь хойд талд нь нийлүүлээд суулгасан байсан. Яг дэргэд нь Н.Х түүний хүү Н.С нар зогсож байсан. Б.Н-ын хөмсөгнөөс нь юм уу хамраас нь юм уу цус гараад хатчихсан байсан. Яг машинаас буух үед Б.Н нь хэлэхдээ Н.С намайг зодчихлоо аав ээжийгээ өмөөрөөд гэж хэлсэн. Н.С хариуд нь Б.Н манай аав ээж хоёрыг өдөржингөө мориор хөөж аав ээжийг минь хэл амаар доромжилсон байна ална гээд морьтой хөөгөөд байсан байна. ...Зөрчил болсон гэх газраас буцаад нэг машинд Б.Н, Н.С эргүүлийн цагдаа нар сууж сумын төвд ирсэн. Яагаад Б.Н-ыг зодсон юм бэ гэж асуусан чинь Н.С хэлэхдээ муу хулгайч аав, ээж хоёрыг дандаа дээрэлхэж байдаг юм би нэг өшиглөчихсөн юм гэж хэлсэн өөр бусад байдлаар зодож цохисон юм хэлээгүй. Машинд Н.С, Б.Н хоёр хэрэлдээд л хулгайч гээд л маргаад яваад байсан. Б.Н хэлэхдээ Н.С намайг зодчихлоо гэж хэлсэн. Н.С ч машинд сумын төв явж байхад манай аав ээжийг өдөржин ална тална гээд хөөсөн байна дургүй хүрээд нэг удаа өшиглөсөн гэж хэлсэн. Яг хаашаа нь өшиглөсөн талаар юм хэлээгүй. Б.Н ч яг нарийн тодорхой зүйл хэлээгүй ... гэх мэдүүлэг /1хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

Гэрч Ж.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ... Б.Н бас замд явж байх үедээ Н.С-д хандаж чи намайг өшиглөсөн биз дээ гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /1хх-ийн 106-107 дугаар хуудас/,

Шинжээч эмч Л.Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ... Б.Н-ын биед үүссэн байсан зүүн талын 4-р хавирганы хугарал нь дангаараа хөнгөн зэрэг, баруун нүдний ухархайн дотор хана зөрөөгүй хугарал нь дангаараа хөнгөн зэрэг, баруун тал зулай, духанд зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, баруун чамархайд дээд үстэй хэсэгт 3 см урттай 4 ширхэг оёдолтой зах ирмэг тэгш бус шарх нь дангаараа хөнгөн зэрэг, баруун нүдний алиманд үүссэн улаан ягаан өнгийн цус хуралт дангаараа хөнгөн зэрэг, баруун нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх мэдүүлэг /1хх-ийн 110 дугаар хуудас/,

Гэрч Б.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би тухайн өдрийн үйл явдлыг санаж байна. 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш гэж санаж байна. Орой 17-18 цагийн үлд Б.Н бид хоёр ямаагаа хашаад төл малнуудаа тавьж байсан. Тэгсэн чинь Н.Х ах морьтой ирээд Б.Н-ыг дуудсан. Н.Х ах алд гарантай мод бариад явж байсан. Надаас тэр хоёр 20 орчим метрийн зайтай байсан. Би ишиг тавьж байгаад нэг харсан чинь Н.Х ах барьж явсан урт нарийн модоороо Б.Н-ыг нүдэж байсан. Б.Н шууд нүдүүлчихээд Н.Х ахын гэр лүү явган гүйгээд явчихсан. Араас нь Н.Х ах морьтойгоо явсан. Хэсэг хугацааны дараа Н.Х ах ганцаараа морьтойгоо давхиж ирээд би Б.Н-ын чинь тархийг хага цохиод алчихсан одоо чамайг ална муу пизда минь гэж хэлэхээр нь би зугтаагаад малын хашаа руу ороод та яагаад байгаа юм бэ? Гэж асуусан чинь яадаг юм та нар муу пиздануудыг алахад буруудах юм байхгүй гэж хэлсэн. Байж байтал О.М эгч Б.Н-ыг дагуулаад ирсэн Б.Н тархиа хага цохиулаад цустайгаа холилдсон ирсэн. О.М эгчээ наадах чинь яачихсан юм гэж асуусан чинь О.М эгч яахав яахав дөнгөж сая Н.Х чулуугаар цохиод хагалчихсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Н-ын зургийг нь дарсан. Н.Х ах, Б.Н, О.М эгч гурав манай гэрийн гадаа үлдсэн би мал руугаа явсан. Хонио хураагаад уулын энгэр дээр явж байсан чинь зүүн талаар *** өгсөөд нэг мотоциклтой хүн явж байгаа харагдсан. Би хонио хураагаад гэртээ ирсэн чинь Б.Н байхгүй байсан. Гэрээсээ гараад Н.Х ахын гэр лүү чиглээд хажуу талын хадтай энгэр давсан чинь Н.Х ахын хүү Н.С ирчихсэн байсан. Би тэр хэдээс 100 метрийн зайтай байсан айгаад очиж чадаагүй. Н.С Б.Н-ыг дэвсээд, Н.Х ах ал ал гээд өшиглөөд, О.М эгч цагаан мяндсан уяа гаргаж ирээд наад муу хүүрээ хүл гээд байсан. Б.Н-ыг Н.С хүлсэн. Би харж зогсож байгаад арай ч алчихгүй байлгүй дээ гээд буцаад гэртээ очсон. О.М эгч наадхаа ал ал хууль ямар үйлчлэх биш гээд л орилоод байсан ... гэх мэдүүлэг /2хх-ийн 151-152 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 857 дугаар ... Н.Х /РД: ***/-ийн сэтгэцэд 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид хор уршгийн арилгах сэтгэл зүйн эмчилгээ үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна ... гэх дүгнэлт /2хх-ийн 158-159 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 856 дугаар ... О.М-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас шалтгаалан дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид гэр бүл, хамт олны дэмжлэгт орчин болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна ... гэх дүгнэлт /2хх-ийн 164-165 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 855 дугаар ... Б.Н /РД: ***/-ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай ... гэх дүгнэлт /2хх-ийн 172-173 дугаар хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Н-ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, Н.Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Н-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Н.Х-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** овогт Б.Н-ыг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *** овогт Н.Х-ийг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн шүүгдэгч Б.Н, Н.Х нарын гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Прокурор Д.Алимаа ... шүүхээс дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан бөгөөд дээрх нотлох баримтыг хэрхэн үгүйсгэж байгаа талаараа дүгнээгүй буюу Б.Н-ын биед учирсан хөнгөн хохирол болох зүүн талын 4 дүгээр хавирган хугарлыг хэн учруулсан эсэх, Х.С нь Б.Н-ын биед халдсан үйл баримт тогтоогдсон байхад тухайн үйл баримт огт дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн байна. Мөн шүүгдэгч Х.С-тай нэгдмэл ашиг сонирхолтой этгээд болох түүний төрсөн ээж О.М, аав Н.Х нарын мэдүүлгийг хохирогч, гэрч нарын мэдүүлгээс илүү үнэлэх болсон талаар дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгч Х.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ... гэх агуулга бүхий эсэргүүцэл бичсэн.

Шүүгдэгч, хохирогч Б.Н-ын өмгөөлөгч О.Баяраа “... Хохирогч Б.Н-ын биед 4 төрлийн хөнгөн гэмтлийг Н.Х, Х.С нар учруулсан болох нь шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 381 дүгээр дүгнэлт, шинжээч эмч Л.Амгалангийн мэдүүлэг, хохирогч Б.Н-ын эрүүл мэндэд нь учирсан хохирлыг хэн хэн учруулсан талаар мэдүүлэг, гэрч Б.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүд, дуудлагаар хэргийн газарт очсон Цагдаагийн албан хаагч Б.Г, Ц.Д, Ж.М нарын өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан баримтууд, яллах дүгнэлтэд дурдсанаар хангалттай тогтоогдож байхад анхан шатны шүүх илтэд нэг талыг барьж шүүгдэгч Х.С-ыг хохирогч Б.Н-ын мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох хангалттай баримт байхгүй гэж үзэн Х.С-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

Прокурорын эсэргүүцэл, өмгөөлөгчийн гомдолд дурдсан гэрч Б.Г-ийн мэдүүлэгт /1хх-ийн 79 дүгээр хуудас/ шүүгдэгч Х.С нь хохирогч Б.Н-ыг зодсон талаар хэн нэгнээс нь сонссон гэх агуулга дурдагдаагүй. Мөн шүүгдэгч Х.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэх үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай хүрэлцэхүйц нотлогдон тогтоогдохгүй байх тул прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч, хохирогч Б.Н-ын өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан гомдлыг тус тус хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч, хохирогч Б.Н-ын өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч, хохирогч Б.Н-ын өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ЦЭРЭНПҮРЭВ

                                ШҮҮГЧИД                                 Н.ЭНХМАА

                                                                                                     Л.НЯМДОРЖ