Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 164

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.******* даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Баярмаа,

Улсын яллагч Д.Энхтуяа,

Шүүгдэгч Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х-ад холбогдох эрүүгийн 1818003100182 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х-, 1990 оны 7 дугаар сарын 02-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн******* тоотод оршин суух, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд: Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, - регистрийн дугаартай,

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Х- нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн стоотод гэртээ эхнэр *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг “Мини” цогцолборын орчим хувийн маргааны улмаас *******г цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхины няцрал, дээд зовхины унжилт, дух, хамар, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х- нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны шөнө 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн *******тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь "нүүрний шарх, цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг “Мини” цогцолборын орчим хувийн маргааны улмаас иргэн *******г цохиж эрүүл мэндэд нь "зүүн нүдний зовхины няцрал, дээд зовхины унжилт, дух, хамар, хүзүүний зулгаралт" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Х-ын өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байж байтал найз ******* гэрт ирээд бид хоёр хамт гадуур гараад дэлгүүрээс 500 граммын Хараа нэртэй архи аваад төмөр замд гэр нь байдаг*******гийн гэрт орж архи хувааж уусан. Урьд нь тэр хоёр архи уучихсан байсан. Тэгээд *******,******* хоёр нилээд согтоод уначхаар нь би гараад 11-р байрны гадаа ирэхэд нэгдүгээр орцны шатан дээр *******, *******, ******* нар суучихсан пиво ууж байсан. ******* адилхан ******* нэртэй найзтайгаа ирсэн чинь ******* босож ирээд *******тэй маргалдаад байхаар нь салгасан. ******* хоёулаа ийшээ гараад учраа ольё гээд намайг дагуулаад Мини цогцолборын хажууд очих гээд алхаж байхад би араас нь татаж унагааж байгаад нүүр лүү нь хэд хэдэн удаа гараараа цохьсон,   

2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ байж байгаад охиноо салхилуулах гээд гараад байрныхаа ойролцоо явж байсан чинь миний танил болох алтанд хамт явж байсан *******, ******* *******, *******, ******* нар сууж байхаар нь очсон чинь 750 гр архи уугаад сууж байсан. Тэгээд надад тэр архинаас нь хийж өгөхөөр нь би 2-3 уугаад эргээд гэртээ очоод байж байсан. Тэр үед гэрт аав ******* согтуу унтаж байсан. Тэгээд орой 19 цагийн орчим эхнэр ******* архи уучихсан орж ирсэн. Эхнэр бид хоёр эргэж гараад 0.33 граммын Ерөөл архи аваад гэртээ ирээд хувааж уусан. ******* надад хандаж ганц удаа гадуур гарч байхад чи хүүхдээ харсангүй архи уусан байна гэж хэлэхээр нь би уурласан чинь ******* над руу халбага сэрээнний сав аваад шидэхээр нь би босож очоод баруун зүүн хацар луу нь алгадаад би баруун гараараа зүүн нүд орчимд нь цохьсон чинь аав Амгалан сэрээд яагаад маргаан хийгээд байгаа юм гээд цагдаа дуудсан. Бид хоёр урьд нь гэр бүлийн мөнгө, ажлын асуудал, хардалтаас болж маргалдаж байсан ч зодолдож байгаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс талуудын хүсэлтээр:

Хохирогч *******гийн өгсөн: Би 2018 оны 4 дүгээр сарын 18-ний өдөр 17 цагийн үед найз *******огийн төрсөн өдрийг тохиолдуулж *******, *******, ******* нартай Хайрхан уулын өвөрт 6 лааз “боргио” нэртэй шар айраг уусан. Орой 19 цагийн үед гэр рүүгээ харьтал манай нөхөр Х-, хадам эцэг Амгалан нар согтуу гэрт байж байсан. Тэгээд би нөхөртөө хандан “ганц өдөр найзуудтайгаа гадуур гарахад хүүхдүүдээ харж байхгүй, согтуу байж байхдаа яадаг юм бэ” гэж хэлэхэд нөхөр Х- над руу “чи өдөржин хүүхэд хаяад алга болчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ганц удаа яадаг юм” гэж хэлээд уурлаад халбага, сэрээний сав аваад газарт шидсэн. Тэгтэл Х- босож ирээд миний хоёр хацар луу хавсарч алгадаад, баруун гараараа зүүн шанаа руу цохисон. Тэгээд миний нүд орчмоос цус гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/,

Хохирогч *******гийн өгсөн: ...Би найз Г.*******г гэрт нь оруулж өгчхөөд гараад явж батал Х- араас ирээд согтуурхаад юм яриад зогсож байсан. Тэгсэн хажуугаар 2 танихгүй хүн өнгөрөхөд Х- надад “чи энэ хоёр залуутай зодолдчих” гэж хэлэхээр нь би “зүгээр явж байгаа хүмүүстэй юу гэж зодолддог юм. Харин хоёулаа байрны ард очиж учраа олъё” гэж хэлсэн. Тэгээд би Х-ын урд явж байтал Х- гэнэт цамцнаас татаж намайг газарт унагаагаад нүүр лүү хэд хэдэн удаа цохиж өшиглөсөн. Тэгээд би босоод гэр лүүгээ явах гэтэл дахин зодох гээд дайрахаар нь би чулуу аваад Х-ыг айлгасан. Би Х-аас эмчилгээний зардалд 150 000 төгрөг бэлнээр авсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/,

Гэрч *******гийн өгсөн: ...манай хүү Х-, бэр ******* нар маргалдаад хоорондоо барьцалдаад байж байхаар нь цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

Хүний их эмч*******гийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “*******ын *******гийн хоёр хацарт цохиулж хөхөрсөн, зүүн нүдний доод зовхи дотор талд 2 см орчим язарч хавдаж хөхөрсөн шархтай, цус гарч хатсан, нүдэнд цус хурсан” гэх тэмдэглэл /хх-ийн 14/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 457 дугаартай “*******гийн биед нүүрний шарх, цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. *******д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15/,

Дархан-уул аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, ахмад *******ийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 12:10 цагт хийсэн “Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээгээр 4 оноо буюу бага түвшинд тогтоогдсон, *******г шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагатай” гэх үнэлгээ /хх-ийн 22-23/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэрч *******ийн өгсөн: ...14 дүгээр байрны гадна 7 дугаар байранд амьдардаг Х- ах ******* гэх хүнтэй хэрэлдэж, маргалдсан байдалтай, тэр хоёрын хажууд ******* гэх тэргэнцэртэй эгч байх шиг байсан. ******* нь Х-ыг хоёулаа үзэх үү зодолдъё гээд “Мини” цогцолборын зүг барьцалдаж, ноцолдоод явж байхаар нь би дүүгээ аваад гэр рүүгээ харьсан гэх мэдүүлэг /хх-ийн 72/,

Гэрч *******ийн өгсөн: Би ахтайгаа явж байхад Х-, ******* нар хэрэлдэж муудалцаад барилцаад байж байсан. Х- нь *******ий нүүрэн тус газар нь цохиход ******* газарт унасан. ******* эргээд босч ирээд Х-тай барьцалдаад “Мини” цогцолборын зүгт явсан гэх мэдүүлэг /хх-ийн 73/,

Хүний их эмч *******ийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Батчулууны *******ий зүүн нүдний хараа шалгах үзлэгт юм харахгүй, хараа алдагдсан, нүд хавдаж улайсан, хүзүү боогдсон оромтой, цээжинд маажуулсан, самардуулсан ором гарсан” гэх тэмдэглэл /хх-ийн 75/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 385 дугаартай “*******ий биед зүүн нүдний зовхины няцрал, дээд зовхины унжилт, дух, хамар, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн нэг буюу олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна. *******гийн биед дээрх цаг хугацаанаас өмнө нь авсан гэмтэл болох харааны мэдрэлийн хатингаршил тогтоогдсон болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Х-, хохирогч ******* нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь шүүгдэгч, хохирогч болон гэрч С.Амгалан нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Х-ын хохирогч *******г цохиж биед нь нүүрний шарх, цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэргийн шинжийг, хохирогч *******гийн биед зүүн нүдний зовхины няцрал, дээд зовхины унжилт, дух, хамар, хүзүүний зулгаралт бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******гийн биед хөнгөн хохирол учирсан боловч хохирогч ******* нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй болох нь түүний 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр бичсэн баталгаа /хх-ийн 49/-аар, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр бичсэн хүсэлт /хх-ийн 115/, мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би Х-аас 150 000 төгрөг бэлнээр авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 70/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

Иймд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байна гэж үзлээ.  

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Х- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Х- нь Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байгаа ба энэ байдал нь ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй боловч шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт юм.

     Шүүгдэгч Х-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх  болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил  хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж, түүнд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар нэмж нэгтгэж, нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

      Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан", Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Х- нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******, ******* нар нь санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

3.Шүүгдэгч Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч Х-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйчилгээний газарт эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Х-ад оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай. 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.*******