| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2309033300361 |
| Дугаар | 2025/ДШМ/752 |
| Огноо | 2025-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Янжинлхам |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/752
2025 06 18 2025/ДШМ/752
О.Д, О.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Янжинлхам,
шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч К.Манлай,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/771 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Дын гаргасан давж заалдах гомдлоор О.Д, О.М нарт холбогдох эрүүгийн 2309033300361 дүгээр хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ***** овгийн О.Д, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, **************** ажилтан, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн * дүгээр хороо, Сансар хотхоны *-** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:**00000000/,
2. ***** овгийн О.М, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ********** мэргэжилтэй, ***** ажилтай, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хангайн * дүгээр гудамжны ** тоотод оршин суух хаягтай, /РД:**00000000/,
- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1251 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;
Шүүгдэгч О.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ревалушн” пабд үл ялих шалтгаанаар хохирогч Б.Лхагвадоржтой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохисноос эрүүл мэндэд нь дагзны хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, эрүү, баруун чихэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч О.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ревалушн” пабд үл ялих шалтгаанаар хохирогч Ц.Төгсбилэгттэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохисноос эрүүл мэндэд нь зүүн дээд 1, 2 дугаар шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас О.Д, О.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч О.М, О.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч О.Дыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М, О.Д нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Би хэрэг гарсан өдөр хохирогч Ц.Төгсбилэгтэд аливаа хэлбэрээр хүрээгүй бөгөөд түүнд гэмтэл учруулаагүй. Анхан шатны шүүхээс нотлох баримтын шаардлага хангаагүй, хуурамчааар үйлдсэн Титан гэх шүдний эмнэлгийн эмчийн гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн ял оногдуулсанд гомдолтой байна. Тиймээс хэргийг дахин хэлэлцүүлж, Титан гэх шүдний эмнэлгийн үзлэгийн баримт, Ц.Төгсбилэгтийн зүгээс хэзээ төлбөр төлсөн зэрэг асуудлыг шалгаж өгнө үү. … Хохирогч Ц.Төгсбилэгт гэх залуу 6 сарын дараа шүүх эмнэлэгт үзүүлж, дүгнэлт гаргуулсан. Үүнд гомдолтой байна. Надад Ц.Төгсбилэгтийг цохисон зүйл байхгүй. Би эхлээд гэрчийн мэдүүлэг өгөөд явж байсан. Дараа нь яллагдагч, шүүгдэгч болсондоо маш их гомдолтой байна. Би Тагнуулын ерөнхий газарт гүйцэтгэх ажилтан байсан. Тухайн хэргээс болж намайг ажлаас чөлөөлсөн. Миний амьдрал энэ хэргээс болж бүтэн эргэчихээд байна. Би төрийн тусгай хамгаалалтад 11 жил ажилласнаас сүүлийн 2 жил Тагнуулын ерөнхий газар ажилласан.” гэв.
Шүүгдэгч О.Дын өмгөөлөгч К.Манлай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч Ц.Төгсбилэгтэд учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт 2024 оны 6 дугаар сард буюу хэрэг учрал болсноос хойш 6 сарын дараа гарсан. “Титан” гэх шүдний эмнэлгийн 2023 оны 11 дүгээр сарын үзлэгт үндэслэсэн байсан. Үзлэг хийсэн эмч нь Ж.Баярмарт буюу “Титан” шүдний эмнэлгийн захирал байсан. 2024 оны 06 дугаар сард хохирогч Ц.Төгсбилэгтийн биед хохирол учирсан гэх дүгнэлт гарахад мөрдөгч шинжээч томилоогүй байсан. Өөрөөр хэлбэл, шинжээч томилсон тогтоол хэргийн материал авагдаагүй байсан. Ийм учраас шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 30 хоногоор хойшлуулж, холбогдох баримтыг бүрдүүлэхээр нэмэлт ажиллагаанд буцаасан боловч тухайн ирсэн баримт дунд “Титан” шүдний эмнэлгийн үзлэг хийсэн тэмдэглэлийн хуулбар нь байсан. Тэмдэглэл илт гараар зассан буюу үзлэг хийсэн огноо нь тодорхой бус байсан. Өмгөөлөгчийн зүгээс цуглуулсан нотлох баримт, нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх байр суурьтай анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Өнөөдрийн шүүх хуралдаанд дээрх байр сууриа дэмжиж, шүүгдэгч О.Дын гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. “Титан” эмнэлгийн үзлэг хийсэн тэмдэглэлд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж, үнэн зөв эсэхийг нь тодруулах шаардлагатай. Түүнчлэн хохирогч нь эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн бол аливаа хэлбэрээр төлбөр хийгдсэн байх ёстой. Эмчилгээний төлбөр хийгдсэн эсэх нь эргэлзээтэй. Анхан шатны шүүх хуралдааны явцад “Титан” шүдний эмнэлгийн захирал Ж.Баярмарт гэх хүнийг гэрчээр оролцуулж, мэдүүлэг авахад тэрээр асуултад эргэлзээтэй байдлаар хариулдаг. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээгүй. Иймд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг буцааж өгнө үү” гэв.
Прокурор Г.Янжиндулам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байгаа. Хохирогчийг биечлэн үзсэн. Хохирогчийн өөрийнх нь авчирсан “Титан” шүдний эмнэлгийн тодорхойлолтыг үзлэгийн тэмдэглэлдээ тусгаж өгсөн. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь хэрэг гарах үед үүссэн байх боломжтой гэж гарсан. Шинжээч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гэрчээр оролцож, мэдүүлэг өгсөн.
“Титан” шүдний эмнэлгийн тодорхойлолтын хувьд, тухайн хэрэг 2023 оны 10 дугаар сараас 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө болсон. Уг эмнэлэгт 11 дүгээр сарын 02-ны өдөр үзүүлсэн баримтыг шүүхийн шатанд ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, хохирогчийн 2 шүдийг чиг тавьж боосон тухай тэмдэглэл байдаг. Хэдий 6 сарын дараа дүгнэлт гаргасан гэдэг боловч шүд гэдэг зүйл эмчилгээ хийлгэхгүй бол өөрөө эмчлэгдэнэ гэж байхгүй. Шүд хөдөлгөөнтэй байсан талаар шинжээчийн дүгнэлтэд дурдсан. Иймд шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна.
Хоёрдугаарт, шүүгдэгч О.Дын хувьд би ямар нэгэн байдлаар хохирогчийн биед хүрээгүй гэж байгаа боловч хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлэг буюу хэрэг гарсан тухайн цаг хугацаанд байсан 5–6 хүний мэдүүлгээр шүүгдэгч нь хохирогч Ц.Төгсбилэгтийн нүүрэн тус газар цохих үед амнаас нь цус гарсан гэж мэдүүлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэв.
Прокуророос О.Мг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ревалушн” пабд үл ялих шалтгаанаар хохирогч Б.Лхагвадоржтой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
О.Дыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ревалушн” пабд үл ялих шалтгаанаар хохирогч Ц.Төгсбилэгттэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүхээс гэмт хэрэгт холбогдсон хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход уг шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь хуульд заасан арга хэрэгслээр цуглуулсан, бэхжүүлсэн байх, түүний эх сурвалж тодорхой байх бөгөөд нотлох баримтууд нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар нотолсон байх ёстой.
Шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт тус бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 7997 дугаар дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгожээ.
Хэрэгт буй уг шинжээчийн дүгнэлт нь 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр буюу гэмт хэрэг гарснаас хойш 8 сарын дараа “Титан” шүдний эмнэлгийн тодорхойлолтыг үндэслэн гаргасан болох нь шинжээч эмч Б.Баяртогтохын “...Ц.Төгсбилэгт нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Титан” шүдний эмнэлэгт үзүүлсэн тодорхойлолттой байсан ба уг тодорхойлолтод “ 21, 22 дугаар шүднүүд гэмтлийн улмаас дотогш чихэгдсэн байсныг татаж байранд нь оруулж чиг тавив, шүдний 3 дугаар зэргийн хөдөлгөөнтэй, ...” гэж тэмдэглэгдсэн байсныг үндэслэн шинжээч эмчийн хохирлын зэрэг тогтоосон дүгнэлт ... гаргасан ...” /1хх 151/ гэсэн мэдүүлэгт тусгагджээ.
Шинжээчийн дүгнэлт бүхэлдээ, эсхүл түүний зарим хэсэг хэргийн талаар бусад нотлох баримтаар тогтоогдсоноос илт зөрүүтэй, үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал дахин шинжилгээ хийлгэх үндэслэл бий болдог.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэж заажээ.
Хэрэгт авагдсан Титан шүдний эмнэлгийн эмчилгээ хийсэн тухай албан бичиг болон эмчийн үзлэгийн бүртгэл нь нотлох баримтын эх сурвалж болохгүй бөгөөд 7997 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэлд хамаарч байна.
Иймд дараах ажиллагааг нэмж хийх нь зүйтэй.
- Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанаас хойш 8 сарын дараа шинжээчийн дүгнэлт гаргасан шалтгаан нөхцлийг тогтоох,
- Хохирогч Ц.Төгсбилэгт нь 2024 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Титан шүдний эмнэлэгт үзүүлэхдээ ямар эмчийн үзлэгт орсон, тухайн үзсэн эмч нь ямар онош тавьсан талаарх эмчийн үзлэгийн тэмдэглэлийг хавсаргах,
- Хохирогч Ц.Төгсбилэгт нь 2024 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Титан шүдний эмнэлэгт үзүүлж, үйлчилгээ авахдаа ямар өвчний оношид хамаарах үнэлгээгээр төлбөр төлсөн талаарх санхүүгийн баримт, тухайн байгууллагын үзлэг, онош, үйлчилгээний үнийн жагсаалтыг хэрэгт хавсарах,
- Хуульд заасан үндэслэл үүссэн тохиолдолд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах,
Анхан шатны шүүх О.Д, О.М нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлах, шалгаж үнэлэхдээ хуульд заасан тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулах зэргээр нотлох ажиллагааны журмыг баримтлан үнэлээгүй, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, нотлох баримтын хүрэлцээтэй байдлыг хангалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгов.
Иймд шүүгдэгч О.Дын “Титан гэх шүдний эмнэлгийн эмчийн гаргаж өгсөн тодорхойлолтыг үндэслэн ял оногдуулсан гомдолтой байна, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа тул шүүгдэгч О.Д, О.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/771 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч О.Д, О.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР