Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 224

 

Ч.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 353 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаар магадлалтай, Ч.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулгын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1964 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Ч.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Э ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан 8 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Э -д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “...прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Э- д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, ...магадлалыг эс зөвшөөрч ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд... хууль бус шинжтэй боосон үйлдэл, уг үйлдлийн улмаас хүний амь насанд учирсан хохирол шалтгаант холбоотой тул....”, мөн Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр байна, зүйлчлэл тохирсон гэж үзсэн. Шүүгдэгч тал гэм буруутай огт маргаагүй, хүнийг алсан гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Харин хэргийн бодит байдалтай нийцээгүй, зүйлчлэлийн хувьд болгоомжгүй үйлдэл үү, санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан уу гэдэг асуудлаар маргадаг. Анхан шатны шүүх “Шинжээчийн дүгнэлтээр ...диссоциатив эмгэгтэй болсон байна, ...шинжээч Цэрэнмөнхийн ...мэдүүлснээс үзэхэд ... цочрон давчидсан нөхцөл байдал үүсээгүй бөгөөд амь хохирогчийн зүгээс шүүгдэгчийн санаа сэтгэлийг хүчтэй цочрон давчидахаар довтолгоо хийсэн үйл баримт тогтоогдоогүй болно” гэжээ.

Шинжээч нь шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвартай эсэхэд дүгнэлт гаргасан болохоос биш сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан эсэх асуудлаар дүгнэлт гаргаагүй болно. Тэгэхээр шүүх сэтгэл санаа нь цочрон давчидсан эсэх асуудлаар хууль зүйн дүгнэлт гаргаагүй шинжээчийн мэдүүлгийг үндэслэн шийдвэр гаргасан, мөн хохирогч ямар нэгэн довтолгоо хийгээгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, эргэлзээтэй, түүнийгээ тайлбарлаагүй. Сэтгэл санаа хүчтэй цочрон давчидах нь хууль зүйн ойлголт бөгөөд хэн нэгэн шинжээч тодорхойлох боломжгүй юм.

Мөн гэрчүүдийн зөрүүтэй мэдүүлгүүд Ж.Е, Ж.Х, С.О, Б.П, П.Б, О.А, шинжээчийн №130 дугаар дүгнэлт зэргээр үгүйсгэгдэж байгаа болно. Харин гэрч Ж.Ү-ийн мэдүүлэг эргэлзээтэй байна гэснийг шүүх үнэлэх боломжгүй гэжээ. Тухайн хэрэг учрал болох үед хэн хэн байсан, ямар үйл явдал болсон талаар Ж.Ү мэдүүлдэг. Ж.Ү-ийн өгсөн мэдүүлгийг /хх-103-104/ ямар үндэслэлээр үгүйсгэсэн, яагаад шүүх үнэлэх боломжгүй гэж үзсэн нь ойлгомжгүй. ...Мөн шүүгдэгчийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан талаар ихэнх гэрчүүд мэдүүлдэг боловч спиртийн агууламж илрээгүй /хх-117/.

Шүүгдэгч нь хохирогчийг алах субьектив санаа зорилго байгаагүй. Шүүгдэгч гагнуурын аппаратыг өгөхөөр очихдоо “танай хүү дахиад мөнгө дутаасан” гэж хэлснээс үүдэж хохирогч эхлээд шүүгдэгчийг барьж авсан, түүний гарыг нь тавиулах зорилгоор харилцан бие биенээ заамдсан байдаг. Хэн нэгэн дайрхад хэн ч байсан хариу үйлдэл хийх нь ойлгомжтой. Энэ хариу үйлдлийн улмаас амь хохирогч зүрхний өвчтэй байсан тул амьсгаа нь давчдаж амь хохирсон. ...Бодит байдалд хохирогчийн буруутай үйлдэл байсан тул ...аргагүй хамгаалалт байсан нь уу, болгоомжгүй үйлдэл байсан уу, санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан уу гэдэгт хоёр шатны шүүх ойлгомжтой дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын “...шударгаар ял оногдуулах, хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэх ёстой.

...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах байр суурьтай оролцсон боловч  шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзсэн. Шүүгдэгч талаас шинжээч болон гэрч Ж.Ү-г шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлд зааснаар шүүх бүрэн хангасан. Гэвч шүүх хуралдаанд гэрч Ж.Ү-г хүндэтгэн үзэх шалтгаантай гэдэг үндэслэлээр оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүгдэгч хангасан үндэслэлээр мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах зохицуулалтыг хэрэглээгүй. Үүнийг шүүх хэрэглэх боломжтой байсан.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасны дагуу ...шийтгэх тогтоол, ...магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.  

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Мөнхбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Ч.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль зүйн үндэслэл бүхий гарсан байна. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тохиолдол тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулгын гаргасан гомдлыг үндэслэн Ч.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ч.Э-г 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цаг 20 минутын үед Төв аймгийн Борнуур сум, ...тоот хашааны гадна иргэн Б.Ч-тай маргалдаж, улмаар түүний хоолойг боож алсан,

мөн тухайн өдөр, тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн П.Б-ийн нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдлуудыг шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг прокуророос шилжүүлсэн хүрээнд хянан хэлэлцэж, Ч.Э ыг “Хүнийг алах”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож үндэслэлтэй дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.    

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга “...Болгоомжгүй үйлдэл эсхүл санаа сэтгэл цочрон давчидсан үйлдэл эсэхэд шүүхүүд дүгнэлт өгөөгүй. Мөн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ял оногдуулах зохицуулалтыг хэрэглээгүй тул шийтгэх тогтоол, магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Аливаа болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл учирч болох нийгэмд аюултай хор уршгийг тухайн нөхцөл байдалд урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байснаараа хайхрамжгүй хандсан гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжилсон хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг бөгөөд шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус, ёс суртахуунгүй үйлдэлтэй холбоотой, хүлээгдээгүй нөхцөл байдалд үүсч, түргэн зуур болдог онцлогтойгоос гадна, гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэгт байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон гэмт этгээдийн сэтгэл зүй тодорхой цаг хугацаанд алдагдан тэсэрч, өөрийн үйлдэлд хяналт тавих чадваргүй болж сэтгэл санааны хүчтэй цочролд орсон байх нөхцөлийг шаарддаг.

Харин санаатай гэмт хэргийн тухайд, гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсч хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн байдгаараа дээрх гэм буруугийн хоёр хэлбэрүүдээс ялгагддаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд амь хохирогч, шүүгдэгч нар хоорондоо хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, Ч.Э  нь хохирогчийн амьсгалын замыг хүчээр, санаатай боож, үүний улмаас хохирогч механик амьсгал бүтэлтээр, тухайн цаг хугацаанд амь хохирсон байх бөгөөд Ч.Э ын үйлдлийг хохирогчийн амь насыг хохирооход шууд чиглэсэн санаатай үйлдэл гэж үзнэ.

Ч.Э ын хувьд өмнө нь болон тухайн цаг хугацаанд хохирогчид хүндээр доромжлогдсон, хууль бус, зүй бус үйлдлийн шууд нөлөөнд орсон, мөн аливаа болгоомжгүй үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.  

Өөрөөр хэлбэл амь хохирогчийн хоолойг боосон шүүгдэгчийн үйлдэл хор уршиг, үр дагаварт зориуд хүргэсэн байх тул Ч.Э ад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзлээ.

Түүнчлэн энэ хэрэгт шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шалгуулах үндэслэл бүхий нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдоогүйгээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл буюу ялын доод хэмжээнээс доогуур хөнгөрүүлж ял оногдуулах тухай зохицуулалтыг шүүх заавал хэрэглэх, үүрэг болгосон хэм хэмжээ биш, харин эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн хэрэглэх эсэхийг шийдвэрлэх шүүхийн эрх хэмжээнд хамаарах зохицуулалт тул уг хэм хэмжээг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулгын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 353 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулгын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН