Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2018/0234

 

 

 

 

 

 

 

   

 

 

Н.О нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0053 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О давж заалдах гомдлоор, Н.О нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 522 дугаар захирамжийн Н.О холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-г хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0053 дугаар шийдвэрээр:

“Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1 болон 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Н.О Сүхбаатарын дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 522 дугаар захирамжийн Н.О холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг гуравдагч этгээдэд уг газар түрүүлж олгогдсон байна тийм учраас Засаг дарга өөрийнхөө захирамжийг хүчингүй болгосон нь хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн. Гэвч гуравдагч этгээдэд А.М маргаан бүхий газрыг 2003 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 131 дүгээр захирамжаар 5 жилийн хугацаатай олгосон бөгөөд гуравдагч этгээд нь хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлт болон, олгосон 400 м.кв талбайг 700 м.кв болгох талаар албан ёсны хүсэлт гаргаж байгаагүй байдаг.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт А.М газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар хүсэлт гаргах явцад өөрийн эзэмшлийнх нь газрыг иргэн Н.О давхардуулан эзэмшүүлсэн асуудлаар 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандсанаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 522 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасан үндэслэлээр дүүргийн Засаг дарга 2008 оны 70 дугаар захирамжийн Н.О холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна гэж хийсвэрээр дүгнэсэн байна. Гуравдагч этгээд А.М газар эзэмших эрхийн хугацаа дуусах буюу 2008 оноос хойш шүүх хуралдааны өдөр хүртэл газар эзэмших эрхийн хугацаа сунгах болон хэмжээг нэмэгдүүлэх талаар хүсэлт гаргаж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Газрын албаны 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 11/1287, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11/1363 дугаар албан бичгүүдээр тодорхой харагддаг.

Мөн нь гуравдагч этгээдийн 2003 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 131 дүгээр захирамжаар олгосон 400 м.кв талбай бүхий газартай гуравдагч этгээдийн гаргаж өгсөн 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 500 м.кв газрыг зуслангийн зориулалтаар ашиглах гэрээ холбоогүй байхад шүүх ямар үндэслэл хамаарлаар уг хоёр баримтыг хамааруулан ойлгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана”, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусаад сунгуулах хүсэлт гаргаагүй бол” газар эзэмших эрх дуусгавар болно гэж заасан. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг 2008 оноос өнөөдрийг хүртэл гаргаагүй байх тул гуравдагч этгээдийн хууль ёсны ямар эрх хөндөгдсөн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасан нөхцөл бол хариуцагчийн захирамж гаргах буюу 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар тогтоогдохгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний 128/ШШ2018/0053 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Цаг хугацааны хувьд гуравдагч этгээд А.М газар эзэмших эрх нэхэмжлэгчээс түрүүлж үүссэн, тухайлбал Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 131 дүгээр захирамжаар тус дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн аманд 400 м.кв газрыг түүнд эзэмшүүлсэнтэй холбогдуулан гэрчилгээ олгогдож, тухайн үед эзэмшил газраа бусдаас тусгаарлаж хашаалсан байсан гэх гуравдагч этгээдийн тайлбар гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдээгүй байна.

Дээрх захирамжийн 1 дэх заалтаар зөвхөн А.М төдийгүй нийт 640 иргэн, аж ахуйн нэгжид зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлсэн байх бөгөөд газрын хэмжээг бүгдэд нь 400 м.кв-аар олгожээ.

Зөвхөн энэ захирамж гэлтгүй зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн бусад захирамжаар ч ийнхүү газрыг хэмжээг нийтэд нь 400 м.кв гэх байдлаар олгодог байсан ч  бодит байдалд 700 м.кв хүртэл хэмжээгээр хашаалсан тохиолдол элбэг байдаг.

Тухайлбал хавтаст хэргийн 167 дугаарт талд авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын зурган мэдээллээс үзэхэд ч гуравдагч этгээдийн эзэмшил газрын эргэн тойронд мөн л 700 м.кв орчмоор бусад иргэд газар эзэмшиж байгаа нь тодорхой харагдана.

Иймд нэгэнт өмнө нь бусдын эзэмшил үүссэн газарт нэхэмжлэгч Н.О 2008 оны 2 дугаар сарын 18-ны гаргасан хүсэлтийг үндэслэн дүүргийн Засаг даргын 2008 оны 70 дугаар захирамжаар 700 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцаагүй байна” гэсэнтэй нийцээгүй байх тул хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд одоогийн маргаан бүхий актыг гарган, 2008 оны 70 дугаар захирамжийн Н.О холбогдох хэсгийг хүчингүй болгосныг буруутгах боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Газрын мэдээллийн нэгдсэн санд нэгж талбарын 186473209145106 дугаартайгаар гуравдагч этгээд А.М нэрээр бүртгэгдсэн газартай нэхэмжлэгч Н.О эзэмшүүлсэн 700 м.кв газар бүхэлдээ давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1/1707 дугаар албан бичгийн хавсралтаар тогтоогдох тул Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” зохицуулалтыг хангах үүднээс маргаан бүхий захирамжийг гарчээ гэж дүгнэх үндэслэлтэй.

Харин 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн газар ашиглах гэрээний 1.1-д зааснаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 184 дүгээр захирамж нь энэхүү гэрээг байгуулах үндэслэл болсон, мөн гэрээний 2.1-д зааснаар ашиглах эрх бүхий нийт газрын хэмжээг 500 м.кв гэж заасан байх боловч энэ нь А.М газар эзэмших эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл зуслангийн зориулалтаар гэр бүлийн хэрэгцээнд олгогдсон газрыг Газрын тухай хуульд зааснаар анх эзэмшүүлсэн хугацаа дууссан, эсхүл сунгуулах хүсэлт гаргаагүй тул газар эзэмших эрх дуусгавар болсон гэх мэтээр тухайн газрыг бусдад эзэмшүүлэх нь учир дутагдалтай.

Үүнийг ч хариуцагчийн зүгээс харгалзан үзэж, нэгэнт гуравдагч этгээдэд түрүүлж эзэмшил үүссэн газрыг нэхэмжлэгчид давхцуулан эзэмшүүлсэн алдаагаа өөрөө засч, А.М гаргасан гомдлын хүрээнд маргаан бүхий акт гаргасан нь Газрын тухай хуульд нийцжээ.

Маргаан бүхий газарт ямар нэгэн барилга байгууламж баригдаагүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Харин шүүхийн шийдвэрт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 522 дугаар захирамжийн оныг “2003” гэж алдаатай бичсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0053 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Сүхбаатар дүүргийн Засаг даргын “…2003 оны…” гэснийг “…2013 оны…” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН