Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/765

 

      2025           06             19                              2025/ДШМ/765

 

Э.Хд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганзориг,

шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Б.Дагважанцан, Ө.Учрал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/1270 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Б.Дагважанцан нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Хд холбогдох эрүүгийн 2509000000362 дугаар хэргийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

************** овгийн Э.Х, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, **************** 4 дүгээр курсын оюутан, ам бүл *, эцэг, эх, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, ** дугаар баг, Рашаант ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух хаягтай, /РД:**00000000/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;

Шүүгдэгч Б.Э.Х нь цахим мөрийтэй тоглоом тоглох зорилгоор 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2 дугаар байранд хохирогч А.О, Т.Х нарын “зөөврийн компьютерыг нь түр ашиглачхаад буцаагаад өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч А.Оын эзэмшлийн “Делл” загварын зөөврийн компьютерыг барьцаалан зээлдүүлэх газар барьцаалж, 2.000.000 төгрөгийн хохирол, хохирогч Т.Хийн эзэмшлийн “Асер” загварын зөөврийн компьютерыг барьцаалан зээлдүүлэх газар барьцаалж, 3.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Э.Х үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.Хг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хг зургаа /6/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…би мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч, мөрдөгч, прокурор болон шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй ирсэн.

Мөн би эхнэр болон 10 сартай хүүхдийн хамт амьдардаг. Хамтын амьдрал зохион хашаа байшин зээлээр худалдан аваад 1 сар хүрэхгүй хугацаа өнгөрсөн. Эхнэр маань 10 сартай хүүхэдтэй учир ажил хийж зээлээ төлөх боломжгүй, гэртээ хүүхдээ хардаг. Би барилгын компанид дотор засал чимэглэлийн ажил эрхэлдэг, гэрийнхээ санхүүг би хариуцдаг. Анхан шатны шүүх хуралдаанд би өмгөөлөгчгүй оролцсон, хохирогч нарт хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.

Миний бие Э.Х гэм буруугаа маш сайн ойлгож, дахиж гэмт хэрэгт холбогдохгүй, маш их гэмшиж, ухаарч, цаашид зөв замаар явж ухаантай амьдарч чадна гэдгээ илэрхийлж байна. Энэ удаагийн явдлаас ямар муу үр дагаварт хүрдэгийг маш сайн ойлгож, гэмшиж ухаарсан тул миний хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. …” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагважанцан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Шүүгдэгч Э.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргахгүй.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээ байдаг тул дараах агууллагаар гомдол гаргаж байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Шүүгдэгч Э.Хн хувьд, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн үйлдэлдээ чин санаасаа гэмшиж байгаа зэрэг гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, харин гэмт хэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

Шүүгдэгч Э.Хн хувьд эхнэр хүүхдийн хамт амьдардаг, бага насны хүүхэдтэй буюу 10 сартай хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, ялыг хөнгөрүүлэн хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү…” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах шатны шүүх хуралдаанаас эхэлж шүүгдэгч Э.Хн өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч Э.Х болон түүний өмгөөлөгч Б.Дагважанцан нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид нэг удаа боломж олгож, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хариуцлагын зорилго нь цээрлүүлэхээс гадна нийгэмшүүлэхэд оршдог тул шүүгдэгч Э.Хд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч бага насны хүүхэдтэй. Энэ талаарх баримтаа анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй байсан.” гэв.

Прокурор Г.Ганзоригоос тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Хд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж буюу амар хялбар аргаар ашиг олох зорилгоор нэр бүхий хоёр хохирогчийн эд зүйлийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөртөө шилжүүлэн авсан байдлыг болон урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байсан нөхцөл байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн хувийн байдал болон үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Э.Х нь цахим мөрийтэй тоглоом тоглох зорилгоор 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2 дугаар байранд хохирогч А.О, Т.Х нарын “зөөврийн компьютерыг нь түр ашиглачихаад буцаагаад өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч А.Оын эзэмшлийн “Делл” загварын зөөврийн компьютерыг барьцаалан зээлдүүлэх газар барьцаалж, 2.000.000 төгрөгийн хохирол, хохирогч Т.Хийн эзэмшлийн “Асер” загварын зөөврийн компьютерыг барьцаалан зээлдүүлэх газар барьцаалж, 3.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А.Оын “…номын санд сууж хичээлээ хийж байх үед манай сургуулийн зүс таних ах над дээр ирээд “Зөөврийн компьютерыг чинь ашиглачихаад буцаагаад өгье, ворд дээр би тайлангаа хийчихээд өгье” гэхээр нь ... зөөврийн компьютероо өгсөн. … би хичээлээ тараад залгаж яриад, тухайн үл таних ахтай уулзтал “Ах нь арай болоогүй байна" гээд намайг дагуулаад 2 дугаар байр луу оронгуутаа өөрөө хичээлээ хийх гээд нэг анги руу орсон. Би коридорт нь хүлээнгээ хичээлээ хийгээд сууж байтал 16 цагт гарч ирээд “Манай найз чиний зөөврийн компьютерыг андуураад аваад явсан байна. Ах нь яваад ирье” гээд гүйгээд гарсан. Хэсэг байж байгаад би залгатал утсаа авахгүй байж байснаа над руу өөрөө залгаад “Таксинд суугаад явж байна. Танайх хаана вэ?, би гэрт чинь зөөврийн компьютерыг нь хүргээд өгье” гэхээр нь би хаягаа хэлж өгөөд 16:20 минутын үед хичээлдээ суугаад гарч ирээд явж байтал миний зөөврийн компьютерыг авсан ах нэг үл таних ахтай зогсож байсан. Би очоод юу болсон талаар нь асуутал миний зөөврийн компьютерыг ломбарданд тавьсан” гэж хэлсэн. …” /хх 10-11/,

хохирогч Т.Хийн “…сургуулийн нэг зүс таних эрэгтэй ирээд “зөөврийн компьютероо өгч байгаач, ах нь тайлангаа хамгаалаад 30 минутын дараа буцаагаад өгье” гэж хэлээд миний зөөврийн компьютерыг авсан. … тэр хавиар байж байсан чинь 4 давхраас буугаад ирсэн. Тэгээд бууж ирснээ надад “зөөврийн компьютерыг чинь цонхны тавцан дээр тавьсан байсныг манай найз аваад явчихсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би танай найзаас очоод авъя гээд сургуулиас гарсан. Сургуулиас гараад нөгөө залуу “би чамд маргааш аваад ирье” гээд байсан. Тэгэхээр нь би “чи надад үнэнээ хэлэхгүй бол цагдаа дуудлаа” гэхэд нөгөө залуу “ломбарданд тавьсан” гэж хэлсэн. …” /хх 49/

Онцгой үнэлгээ ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тайлан /хх 18-20/, “Ашидбилгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 56-60/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Э.Хг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Х цахим мөрийтэй тоглоом тоглох зорилгоор хохирогч А.О, Т.Х нарын “зөөврийн компьютерыг нь түр ашиглачихаад буцаагаад өгье” гэж хууран авч, улмаар зөөврийн компьютеруудыг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан хохирогч нарт нийт 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Э.Х “... нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү ... гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагважанцан “... хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү ... ” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан үздэг.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын цогц илрэл бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож чин санаанаасаа гэмших байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгодог нийгэмд ашигтай сэтгэл зүйн хандлага гэж үзэн ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлд тооцож болно.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн дөрвөн төрлийн ялаас хорих ялыг сонгож, 6 сараас 3 жилийн хугацаагаар хорих ялын хэмжээнээс 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг өөрчлөн хөнгөрүүлэх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Хавтаст хэргийн материалаас үзэхэд, шүүгдэгч Э.Х урьд өмнө нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхдээ энэ гэмт хэргийн үйлдсэн аргатай ижил төрлийн аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж, шүүхээс ял шийтгүүлсэн байх бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан “хийсэн үйлдэлдээ чин санаасаа гэмшиж байгаа” нөхцөл байдал тогтоогдоогүйн дээр шүүхийн шийдвэрээс гарах үр дүн бодит байдалд хэрэгжих боломжтой байх нь түүний заавал биелэгдэх шинжтэй холбоотой байдаг тул шүүгдэгч Э.Хд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Б.Дагважанцан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Э.Х шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 38 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/1270 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Б.Дагважанцан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 38 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                    Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                     Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР