Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2018\ШЦТ\165

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг, В.Билгүүн,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, Б.Энхтуяа,

Хохирогч байгууллагыг төлөөлж Дархан-Уул аймгийн Хонгор сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* *******ийн *******д холбогдох эрүүгийн 1718001610135 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******, *******ийн *******, 1975 оны 8 дугаар сарын 31-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Улаанбаатар хот БГД-ийн ******* тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр 1997 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 3-т зааснаар 50 000 төгрөгөөр торгох ялаар,

2.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.2-т зааснаар 1 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

3.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 227 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

4.Дархан- Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд Дархан- Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Их овоот толгой” гэх газарт хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч ******* нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Дархан- Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Их овоот толгой” гэх газарт хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт:

     Шүүгдэгч *******гийн өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн "Сайхан төгөл" нөхөрлөлийн гишүүд болох *******, *******,*******,*******,******* нартай бичил уурхай байгуулахаар “Өгсөө хайрхан” нэртэй нөхөрлөл байгуулж ашигт малтмал олборлох зорилгоор Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга Атархишиг, ИТХ, байгаль орчны улсын байцаагч Батхишиг нарт бичгээр хүсэлт гаргасан. Сайхан төгөл нөхөрлөлийн ахлагч нь би байгаа юм. Хүсэлт гаргасны дараа 2017 оны 7-р сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Өгсөө хайрхан нэртэй газар 2 гэр бариад 2017 оны 7-р сарын 12-ны өдөр 1 экскаватор, шороо угаах төхөөрөмж /усан буу/ авч очин хуучин ашиглаж байсан талбай дээр жоохон газар ухаж байсан чинь 2017 оны 7-р сарын 31-ний өдөр Хонгор сумын төлөөлөгч Баярмагнай, эрүүгийн цагдаа Зам гэх хүмүүс очиж шалгаад манай экскаваторын компьютерийг хурааж аваад явсан байсан би тухайн үед нь байгаагүй түүнээс хойш Аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч Навчгэрэл дахин шалгаад манайхыг 150 000 төгрөгөөр торгосон байгаа. Тэгэж цагдаа нар ирсэн цагаас хойш манайх огт ажиллаагүй экскаватор эвдэрчихсэн байж байсан чинь 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр дахин цагдаа нар болон аймгийн захиргааны ажилтан нар очоод хэмжилт хийгээд явсан гэсэн. Тухайн үед би бас байгаагүй тэнд нэг манаач нэг дизельчин байсан өөр хүн байгаагүй.

Бичил уурхай эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлтээ би өөрөө өгсөн нь үнэн. Бичигт хад 1 гэсэн хэсгийн газрыг би ухсан нь үнэн. Харин Бичигт хад 2, 3, 4 гэсэн хэсэг газруудыг өмнө нь алт олборлогчид ухсан байсан. Энэ талаар ******* гэх Хонгор сумын байгаль хамгаалагч сайн мэдэж байгаа. Их овоот гэх газрын ойр хавийн айлууд 5-6 сард Их морьт нэртэй алтны компани алт олборлож байгаад явсан талаар хэлж байсан. Би тэдгээр алт олборлож байсан хүмүүсийг явсны дараа очсон. Би их овоот гэх газарт ашигт малтмал олборлож байснаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна. Тухайн ашигт малтмал олборлож байсан газарт энэ хэргийг мөрдөж байсан мөрдөгч, үнэлгээний газрын шинжээч мөн Дархан-Уул аймгийн улсын байцаагч нарын хамт очсон. Би ашигт малтмал олборлож байсан талаар тэдгээр хүмүүст үнэнээ хэлсэн. Намайг Их овоотод очиход ихэнх газар ухагдсан байсан. Манай Сайхан төгөл нөхөрлөлийн баг тус газраас дээж авахаар очиход хохирлын үнэлгээ гарсан байсан. Хонгор сумын байгаль хамгаалагч, цагдаа, мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар манай ашигт малтмал олборлоход ашиглагддаг багаж, тоног төхөөрөмжийг битүүмжилсэн. Тэгээд намайг эзгүйд торгууль тавьсан байсан. Тэрнээс хойш манай нөхөрлөл ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй. 2017 оны 9 дүгээр сард шалгалт ирэхэд мөн л ашигт малтмал олборлох үйл ажиллагаа зогссон хэвээр байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид дахин ийм хэрэг хийхгүй гэдгээ хэлмээр байна. Би байгаль орчинд учруулсан хохирлыг төлсөн. Миний эрүүл мэндийн шалтгаан, бага насны хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг байдлуудыг харгалзан шүүхээс хөнгөн ял оноож өгнө үү гэх мэдүүлэг,  

     Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч *******ийн өгсөн: 2017 оны 7 дугаар сард би ээлжийн амралттай байсан. Тэгээд утсаар Их овоот гэх шинэ газар хууль бусаар ашигт малтмал олборлосон талаар мэдсэн. Энэ мэдээллийн дагуу Цагдаа, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагч нар шалгаад зөрчлийн хэрэгт бүртгэсэн байсан. Шалгалтаар Бичигт хад 1,2,3,4 гэсэн газар хөндөгдсөн байсан. Цагдаагийн байгууллага үзлэг шалгалтыг хийсэн. Бид нар хэргийн газар очиход газрыг ухаж байсан ажилчид байгаагүй. Харин 2 манаач газрыг хараад байж байна гэсэн байдаг. Тэрнээс хойш бид газрыг очиж үзээгүй. Байгаль орчинд 2 600 000 гаруй мянган төгрөгийн хохирол учирсан. ******* нь 2 сая төгрөгийг Хонгор сумын Төрийн сангийн дансанд төлсөн байна. Үлдэх төлбөрийг төлсөн тохиолдолд санал, гомдолгүй гэх мэдүүлэг,

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

            Гэрч *******ийн өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр *******, *******, ******* нарын хамтаар Хонгор сумын 2-р баг Хүйтэний эх гэх газарт Байгаль хамгаалагчийн хяналтын постыг засварлах ажлаар явж байхад малчид ирээд “Их овоот” гэх газарт хүмүүс ирээд ухаад байна гэж хэлсэн. Тэгээд бид нар очиж үзэхэд 3-4 гэр бариастай 2 хэсэг газар ухсан, 2-3 машин байсан. Тэгэхээр нь бид нар Байгаль орчны газраас явж байна та нарт ямар нэгэн үзүүлэх бичиг баримт зөвшөөрөл байна уу гэхэд бид сайн мэдэхгүй ажилчнаар ирсэн гээд хариуцаж байгаа хүнээ тодорхой хэлэхгүй байсан. Бид нар наад газартаа ухаж болохгүй гэж хэлээд ажлыг нь зогсоогоод явсан гэх мэдүүлэг /1-р хх 31/,

                        Гэрч*******ын өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр би Сугар гэх хүний хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Хүйтэний гол гэх газар алтны хайгуул хийх зорилгоор ирсэн. Намайг ирэхэд тухайн газар 1 ширхэг ковш, 1 экскаватор, генератор, хэдэн гэр барьчихсан 10 гаруй хүн байсан. Тус газар орон нутагт ямар нэгэн үйл ажиллагаа явуулж эхлээгүй байсан. Би хэсэг ухчихсан байсан нүхнээс дээж авч тус нүхийг үргэлжлүүлэн экскаватороор ухсан. Ухсан нүхээ багцаалдаж үзэхэд өргөн нь 20 гаруй, урт нь 30 гаруй метр, гүн нь 4 метр орчим гэж бодож байна. Цагдаа нарыг ирэхэд надаас гадна 3 хүний хамт угаалга аваад байж байсан. Тэгээд цагдаа нар үзлэг хийсэн гэх мэдүүлэг /1-р хх 239-240/,

            Гэрч *******ын өгсөн: Би одоогоос 7 хоногийн өмнө буюу 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс хойш тус газарт манаачаар ажиллаж байгаа. Би Улаанбаатар хотын хүн. Манай *******гэдэг дүү ирээд хэд хоног манаач хийгээд өгөөч гэхээр нь ирчихсэн байсан. Миний мэдэхийн ******* гэдэг хүн хариуцан ажиллуулдаг гэсэн. Би *******г хаана юу хийдэг талаар мэдэхгүй. Өмнө нь нэг л удаа уулзаж байсан гэх мэдүүлэг /1-р хх 21-23/,

            Гэрч *******ийн өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 04-нд Байгаль орчин, Мэргэжлийн хяналт, Цагдаа, Прокурор, Засаг даргын орлогч нарын бурэлдэхүүнтэй хяналт шалгалтаар очиход эвдэрсэн экскаватор нэг ширхэг эвдрээгүй экскаватор нэг ширхэг, усан буу нэг ширхэг, манаачаар нь хоёр залуу байсан. Намайг очиход дөрвөн эвдэрсэн газар байсан. Тэгээд Байгаль орчны улсын байцаагч, мэргэжлийн хяналтын газар, аймгийн засаг даргын орлогч бид хэд яриад эвдэрсэн гэх дөрвөн газрыг хэмжээд цагдаагаар шалгуулахаар болсон гэх мэдүүлэг /1-р хх 26/,

            Гэрч *******ийн өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 04-нд Байгаль орчин, Мэргэжлийн хяналт, Цагдаа, Прокурор, Засаг даргын орлогч нарын бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтаар очиход эвдэрсэн экскаватор нэг ширхэг, эвдрээгүй экскаватор нэг ширхэг, усан буу нэг ширхэг, манаачаар нь хоёр залуу байсан. Намайг очиход дөрвөн эвдэрсэн газар байсан. Тэгээд Байгаль орчины мэргэжилтэн, аймгийн засаг даргын орлогч бид хэд яриад эвдэрсэн гэх дөрвөн газрыг хэмжээд цагдаагаар шалгуулахаар болсон гэх мэдүүлэг /1-р хх  27/,

            Гэрч *******ын өгсөн: 2017 оны 7 сарын эхээр Хонгор сумын 2-р багийн нутаг болох Бичигт Хад гэх газар нь *******гийн ухсан гэх газраас цаахан талд байдаг. Яг *******гийн ухсан гэх газрынх нь нэршил нь Их овоот толгой гэдэг нэртэй газар байдаг. *******гийн гэр ажилчид нь 7 дугаар сарын эхээр ирсэн байсан. 2017 оны 7  дугаар сарын 17-ноос хойш *******гийн баригад ухаж эхэлсэн. *******гийн ухсан газар ямар нэгэн ашигт малтмал олборлож байгаагүй шинэ газар байсныг ******* ирж ухсан. 2017 оны 7 дугаар сарын 20-нд би *******, Батбилэг, ******* нарын хамтаар очиж үзэхэд 2-3 газар нүх ухсан байсан. Бид нар наад газартаа ухаж болохгүй гэж хэлээд ажлыг нь зогсоогоод явсан гэх мэдүүлэг /1-р хх 29/,

    Гэрч *******ний өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр манай найз Баярбат нь ******* гэх хүнтэй уулзаж Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн Хонгорын даваа гэх газарт очиж алт ухна намайг хамт явъя гэхээр нь би хамт ирсэн. Тэгээд тэр өдрөөс хойш энэ газарт ажиллаж байна. 2017 оны 7 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн үед*******, *******, ******* гэх хүмүүстэй ажилд гарч алт угаасан. Тэгээд алт угааж байхад цагдаа нар хүрч ирсэн. Намайг ирэхэд гэрээ барьж эхэлсэн. Үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй байсан гэх мэдүүлэг /1-р хх 241-242/,

    Шинжээч А.Цэрэндэжидийн өгсөн: Манай "Экосити" ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг Бичигт хад гэх газарт ******* гэх хүний хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх талбайд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр газар дээр нь очиж хэмжилт болон газрын хөрснөөс дээж авч экологи эдийн засгийн үнэлгээг тооцсон. Миний бие өөрөө дээрх хохирлын үнэлгээг тооцож ажилласан. Нийтдээ тухайн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Бичигт хад гэх газарт ухагдсан дөрвөн хэсэг талбайд хэмжилт хийж дээж аван тус тусад нь үнэлгээг тооцсон. Ингэж тооцохдоо Байгаль орчны хохирлын үнэлгээ тооцож байгаль орчны сайдын А/156 тушаалд заасан аргачлалын дагуу хохирлын үнэлгээг тооцсон. Хохиролд газрын нөөцөд учруулсан хохирол, газрын хэвлийд учруулсан хохирол, гадаргын усанд учруулсан хохирол, хөрсөнд учруулсан хохирол, ургамлын нөмрөгт учруулсан хохирол, ойн санд учруулсан хохирол, агаар мандалд учруулсан хохирол гэсэн 7 төрлийн хохирол тооцсон. Эхний Бичигт хад-1 гэх газрын хохирол 12 986 417 төгрөг, Бичигт хад-2 гэх газрын хохирол 4 242 145 төгрөг, Бичигт хад-3 гэх газрын хохирол 3 211 364 төгрөг, Бичигт хад-4 гэх газрын хохирол 1 419 280 төгрөг эдгээр дөрвөн газрын хохирол нийтдээ 21 859 198 төгрөг болж байгаа бөгөөд энэ бол шууд учруулсан хохирол нь байгаа юм. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, 3, 4, 5 дахь хэсэг, 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирлыг нэмж тооцохоор 61 750 799 төгрөг болж байгаа. *******гийн өөрийн ухсан гэж хүлээн зөвшөөрч байгаа газрын хохирлыг тусад нь тооцсон бөгөөд энэ газар нь Бичигт хад-1 гэх газар ухагдсан талбайд багтаж байгаа. *******н өөрийн ухсан гэж хүлээн зөвшөөрөөд байгаа талбайн экологи эдийн засгийн үнэлгээ нь 1 045 605 төгрөг болж байгаа бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар хохирлыг нэмж тооцохоор хохирлыг нөхөн төлөх хэмжээ нь 2 617 469 төгрөг болж байгаа гэх мэдүүлэг /хх 176-177/,

"Экосити" ХХК-ний гаргасан Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний тайлан /хх 43-79, 179-186/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-11/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-15/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******гийн тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд хууль бусаар халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан "тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох" гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул  гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас байгаль орчин түүний баялагт учруулсан хохирлыг гаргасан "Экосити" ХХК-ний үнэлгээний тайлан нь холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт зөрчөөгүй байх тул 61 750 799 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч нь 2 000 000 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь шүүх хуралдаанд өгсөн орлогын мэдүүлгээр тогтоогдож байх тул төлбөл зохих төлбөрөөс хасаж тооцогдохыг дурдах нь зүйтэй байна.    

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч ******* урьд нь 4 удаа ял шийтгэгдэж байсан болох нь хавтаст хэргийн 89-90-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 155-159-р хуудсанд авагдсан шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож сүүлд: Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэн тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан болох нь хавтаст хэргийн 83 дугаар хуудсанд авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь бүлэглэн, 2015 оны 9 дүгээр сарын 07-ний өдөр бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн бусдын биед нь халдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан үйдэлдээ 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдсэн тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан байна.

Шүүгдэгч ******* нь өмнөх гэмт хэргийн тэнсэж хянан харгалзан хугацаа дуусаагүй байхад буюу 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Их овоот толгой” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар танхайрах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т заасан гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 1-т заасан зохицуулалтад хамаарна.

Гэсэн хэдий ч шүүгдэгчийн танхайрах гэмт хэргийг үйлдэхдээ хүний эрүүл мэндэд бүлэглэн хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчлэгдэнэ.

 Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т заасан гэмт хэрэгт 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг нь хорих ялын төрөл байхгүй тул дээрх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.   

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос тодорхой хэмжээгээр төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд 2 жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчин түүний баялагт 61 750 799 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******гээс 61 750 799 /жаран нэгэн сая долоон зуун тавин мянга долоон зуун ерэн ес/ төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

            3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г 2 /хоёр/  жил хорих ялаар шийтгэсүгэй.   

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 2 000 000 /хоёр сая/ төгрөг нөхөн төлсөнийг төлбөл зохих 61 750 799 төгрөгөөс хасаж тооцохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.БАТЖАРГАЛ