2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 191/ШШ2025/09362

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 31 191/ШШ2025/09362

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ........... тоот хаягт оршин суух, У овогт Л.Б /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........... байранд байрлах, М-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 39,397,070 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

(Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч М-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 39,397,070 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. ...Л.Б би Төрийн албаны зөвлөлийн ......... аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан тушаалын тусгай шалгалтад орж тэнцэн, Салбар зөвлөлийн 2023.03.07-ны өдрийн 12 дугаар тогтоолын дагуу ........... аймгийн Засаг даргын Л.Б-ыг ажилд томилох тухай 2023.03.16-ны өдрийн 01/Б-15 дугаар захирамжаар ......... аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргаар томилогдон ажиллаж байсан. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдаас Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлсэн 2023.09.20-ны өдрийн Хүсэлт хүргүүлэх тухай 1а/4410 тоот албан бичгээр Монгол Улсын Их Хурлын 2023.07.07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийг шинэчлэн баталж, хууль 2023.08.03-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.18 дахь заалтын хэрэгжилтийг хангаж Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарыг өмнө нь томилсон шийдвэрийг 2023.09.25-ны өдрийн дотор цуцлан, шийдвэрийн хувийг тус яаманд ирүүлж хамтран ажиллана уу. гэсний дагуу ......... аймгийн Засаг даргын 2023.09.27-ны өдрийн Л.Б-ын ажил томилсон шийдвэрийг хүчингүй болгосугай 01-Б/27 дугаар захирамжаар намайг ажилд томилсон 2023.03.16-ны өдрийн 01/Б-15 дугаар захирамжийг 2023.09.26-ны өдрөөс эхлэн хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Миний бие ........... аймгийн Засаг даргын дээрх захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т заасан журмын дагуу Боловсролын ерөнхий хууль болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг илтэд зөрчсөн хууль бус шийдвэр хэмээн үзэж хүчингүй болгуулахаар 2023.10.12-ны өдөр гомдол гаргасан бөгөөд Засаг дарга гомдлыг хүлээн авч, 2023.10.25-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай 01-5/32 дугаар захирамжаар хууль, тогтоомжид нийцээгүй гэж үзэн хүчингүй болгож, уг захирамжийг ......... аймгийн Засаг даргын 2023.10.26-ны өдрийн 1-10/713 тоот Захирамж хүргүүлэх тухай албан бичгээр Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүргүүлсэн.

Гэтэл 2023.11.07-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны яамны салбарын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Л.Т-аар ахлуулсан ажлын хэсэг ......... аймагт хүрэлцэн ирж Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023.11.03-ны өдрийн Б/124 дүгээр тушаалыг танилцуулан ........ аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын ажлыг хүлээлцүүлсэн. .......... аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргаар томилсон шийдвэр хүчин төгөлдөр байхад шууд түр орлон гүйцэтгэгчээр өөр хүнийг давхар томилж, ажил хүлээлцүүлж байгаа нь илтэд хууль зөрчсөн хэмээн үзэж, Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023.11.03-ны өдрийн Б/124 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасны дагуу гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага болох Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.

Төрийн албаны зөвлөлөөс гомдлыг 2024.04.10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, 117 дугаартай тогтоолоор Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023.11.03-ны өдрийн Б/124 дүгээр тушаал Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль зөрчсөн болохыг тогтоож, уг тушаалыг хүчингүй болгохыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгаж шийдвэрлэсэн. Мөн уг тушаалын 4 дэх заалтаар ......... аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын ажлыг Л.Б надад хүлээлгэн өгөх арга хэмжээ авах зөвлөмжийг хариуцагчид хүргүүлсний дагуу .........-ын 2024.07.30-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар Л.Б намайг ......... аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалд 2024.07.30-ны өдрөөс эхлэн томилсон.

Миний бие хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас 2023.11.07-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, 2024.07.30-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн 2024.04.10-ны өдрийн 117 дугаартай тогтоол, .........-ын 2024.07.30-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар эргэн томилогдох хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 39,397,070 төгрөгөөр хохирч, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, тасалдаад байна.

Иймд Л.Б миний 2023.11.07-ны өдрөөс 2024.07.30-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин 39,397,070 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү... гэжээ.

 

2.Хариуцагч ..........-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Л.Б-ыг .......... аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалаас 2023.11.03-ны өдрөөс чөлөөлөх тушаал гарч, ажлыг 2023.11.07-ны өдөр хүлээлцүүлсэн. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 117 тоот тогтоолын дагуу иргэн Л.Б-ыг ......... аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалд 2024.07.30-ны өдөр томилсон. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа цалин хөлсний хэмжээг үнэн зөв тооцон шийдвэрлэж өгөхийг хүсье... гэжээ.

 

3.Нэхэмжлэгч шаардлагатайгаа холбогдуулан 2024.09.04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид 425,150 төгрөг төлсөн төлбөрийн баримт /хх-ийн 5 х/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 6 х/,

-Цалин хөлс авах тооцоолол /хх-ийн 7 х/,

-2024.07.30-ны өдрийн Б/07 дугаартай .........-ын Л.Б-ыг албан тушаалд томилох тухай тушаал /хх-ийн 8 х/,

-2024.04.17-ны өдрийн 02/765 тоот Төрийн албаны зөвлөлийн албан бичиг /хх-ийн 9 х/,

-2024.04.10-ны өдрийн 117 дугаартай Төрийн албаны зөвлөлийн Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай тогтоол /хх-ийн 10 х/,

-2024.06.12-ны өдрийн 02/1345 тоот Төрийн албаны зөвлөлийн албан бичиг /хх-ийн 11 х/,

-2023.11.13-ны өдрийн Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдол /хх-ийн 12-13 х/,

-2023.03.16-ны өдрийн 01-Б/15 дугаартай ........... аймгийн Засаг даргын Л.Б-ыг ажилд томилох тухай захирамж /хх-ийн 14-15 х/,

-2023.09.27-ны өдрийн 01-Б/27 дугаартай .......... аймгийн Засаг даргын Л.Б-ын ажил томилсон шийдвэрийг хүчингүй болгосугай захирамж /хх-ийн 16 х/,

-2023.10.26-ны өдрийн 1-10/713 тоот ........... аймгийн Засаг даргын албан бичиг /хх-ийн 17 х/,

-2023.10.25-ны өдрийн 01-Б/23 дугаартай ........... аймгийн Засаг даргын Захирамж хүчингүй болгох тухай захирамж /хх-ийн 18 х/,

-Давж заалдах гомдолд тэмдэгтийн хураамжид 2025.03.26-ны өдөр 272,360 төгрөг төлсөн баримт /хх-ийн 75 х/,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 99 х/,

-2023.07.05-ны өдрийн 43 дугаартай ......... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Аймгийн 2023 оны төсөвт тодотгол хийх тухай тогтоол, түүний хавсралт /хх-ийн 100-107 х/,

-2020.04.01-ний өдрийн А/452 дугаартай Нийслэлийн Засаг даргын Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох тухай захирамж /хх-ийн 108-109 х/-ийг тус тус бүрдүүлсэн байна.

 

4.Хариуцагчаас тайлбар татгалзалтайгаа холбогдуулан 2024.09.16-ны өдрийн 1/1009 тоот Ч.Б-д олгосон итгэмжлэл /хх-ийн 30-31 х/,

-2024.10.14-ний өдрийн 1/1537 тоот Ч.Б-д олгосон итгэмжлэл /хх-ийн 33 х/,

-Хариу тайлбар /хх-ийн 36 х/,

-2025.10.23-ны өдрийн 01/4913 тоот Ч.Б-д олгосон итгэмжлэл /хх-ийн 125 х/ зэргийг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. ..................-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Л.Б-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч ............-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 39,397,070 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2.1.Хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас 2023.11.07-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, 2024.07.30-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн 2024.04.10-ны өдрийн 117 дугаартай тогтоол, ..........-ын 2024.07.30-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар эргэн томилогдох хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 39,397,070 төгрөгөөр хохирч, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, тасалдсан... гэжээ.

3.Хариуцагч нь ... Л.Б-ыг .......... аймгийн ............. газрын даргын албан тушаалаас 2023.11.03-ны өдрөөс чөлөөлөх тушаал гарч, ажлыг 2023.11.07-ны өдөр хүлээлцүүлсэн. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 117 тоот тогтоолын дагуу иргэн Л.Б-ыг ........... аймгийн ..........-ын даргын албан тушаалд 2024.07.30-ны өдөр томилсон. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа цалин хөлсний хэмжээг үнэн зөв тооцон шийдвэрлэж өгөхийг хүсье... гэсэн тайлбар ирүүлж маргаагүй.

 

4.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан бол шүүх шууд хянан шийдвэрлэхээр зохицуулсан.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

5.1.Нэхэмжлэгч Л.Б нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын тусгай шалгалтад тэнцэж, ............ аймгийн Засаг даргын 2023.03.16-ны өдрийн 01-Б/15 дугаартай захирамжаар ............ газрын даргаар томилогдож, Боловсролын ерөнхий хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор 2023.09.27-ны өдрийн 01-Б/27 дугаартай ажилд томилсон шийдвэрийг хүчингүй болгох тухай... захирамжаар ажлаас чөлөөлөгджээ. /хх-ийн 14-15, 16 х/

 

Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу Л.Б нь ..........-ын 2023.11.03-ний өдрийн Б/124 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлд 2023.11.13-ны өдөр гомдол гаргасан байна. /хх-ийн 12-13 х/

 

Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Энэ хуулийн 75.1-д заасан төрийн албаны хүний нөөцийн удирдлага, мэргэшлийн шалгалттай холбогдон гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлөөс Л.Б-ын гаргасан гомдлыг хянаад 2024.04.10-ны өдрийн 117 дугаартай Зөрчил арилгах хугацаатай үүрэг өгөх тухай тогтоол гарч, ............-ын 2023.11.03-ны өдрийн Б.Ө-г түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай Б/124 дугаартай тушаалыг хүчингүй болгох шийдвэр гаргаж, биелэлтийг 2024.04.24-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлэхийг ............... /Л.Э-д/-д зөвлөжээ. /хх-ийн 10 х/

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай ажиллагааны улмаас 2023.11.07-ны өдрөөс хойш буюу ............-ын 2024.07.30-ны өдрийн Б/07 дугаартай Л.Б-ыг албан тушаалд томилох тухай тушаал гарах хүртэл хугацаанд цалин хөлсгүй байж хохирсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгааг буруутгах боломжгүй.

 

Хариуцагч ............ нь Л.Б-ыг үндэслэлгүйгээр ажлаас халсан болох нь хэрэгт авагдсан Төрийн албаны зөвлөлийн 2024.04.10-ны өдрийн 117 дугаартай Зөрчил арилгах хугацаатай үүрэг өгөх тухай тогтоол, 2024.06.12-ны өдрийн 02/1345 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, ...........-ын 2024.07.30-ны өдрийн Б/07 дугаартай тушаал зэрэг баримтуудаар дахин ажилд томилох хүртэл хугацаанд нэхэмжлэгчийг цалин хөлсгүй байсан явдалд шүүх хариуцагчийг буруутгах үндэслэлтэй.

 

5.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно заасан.

 

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь үндэслэлгүйгээр цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгохыг даалгасан Төрийн албаны зөвлөлийн 2024.07.30-ны өдрийн Б/07 дугаар тогтоолыг ажил олгогч биелүүлж ажилтныг урьд эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаанд ажилтны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгох үүргээс хариуцагчийг чөлөөлөх боломжгүй юм.

 

Харин Л.Б-ыг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр нь үндэслэлгүй болохыг Төрийн албаны зөвлөл тогтоож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлэхээр .............-ын Б/07 дугаартай тушаал гарсан 2024.07.30-ны өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг дээрх хуульд заасны дагуу хариуцагч нь нөхөн төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2023.11.07-ноос 2024.04.01-ний өдрийг хүртэл 1,757,000 төгрөгийн 2024.04.01-нээс 2024.07.30-ны өдрийг хүртэл 1,933,000 төгрөгийн үндсэн цалинтайгаас гадна, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 21 хувь, төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийн нэмэгдэл 28 хувь, орон нутгийн нэмэгдэл 40 хувь буюу нийт 89 хувийн нэмэгдэл авдаг болох нь ..............-ын 2024.07.30-ны өдрийн Б/07 дугаартай тушаалын 3 дахь заалт, Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023.07.05-ны өдрийн 43 дугаартай тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020.04.01-ний өдрийн А/452 дугаартай Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох тухай захирамж зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 8, 100-105, 108-109 х/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж,

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3, 2.3.5-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг ... тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэжээ.

 

Дээрх хууль болон журамд заасны дагуу шүүх дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх сүүлийн 3 сарын буюу нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн цалин, хөлс авах тооцоолол, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, нэмэгдэл олгох шийдвэрүүдийг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн дундаж цалинг ажилтны ажилласан өдөрт хувааж, нэг өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцох нь хуульд нийцнэ.

 

Л.Б-ын ажиллаж байсан нэг сарын дундаж цалин хөлсийг 2023.11.07-ноос 2024.04.01-ний өдрийг хүртэл үндсэн цалин 1,757,000 төгрөг дээр 89 хувийн нэмэгдэл нь 1,536,730 төгрөг /1,757,000 х 89 хувь = 1,563,730/-ийг нэмж тооцоход нэг сард авах цалин, хөлс нь 3,320,730 төгрөг,

2024.04.01-нээс 2024.07.30-ны өдрийг хүртэл үндсэн цалин 1,933,000 төгрөг дээр 89 хувийн нэмэгдэл нь 1,720,370 төгрөг /1,933,000 х 89 хувь = 1,720,370+/-ийг нэмж тооцоход нэг сард авах цалин хөлс нь 3,653,370 төгрөг болж байна.

 

Дээрх цалингаас 2023.11.07-ноос 2024.04.01-ний өдрийг хүртэл хугацааны нэг өдрийн дундаж цалин хөлс нь 158,130 /3,320,730 төгрөг : 21 хоног = 158,130/ төгрөг,

2024.04.01-нээс 2024.07.30-ны өдрийг хүртэл хугацааны нэг өдрийн дундаж цалин хөлс нь 173,970 /3,653,370 төгрөг : 21 хоног = 173,970/ төгрөг болох нь тогтоогдож байна. /хх-ийн 15, 76 х/

 

Иймээс 2023.11.07-ноос 2024.04.01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны буюу ажлын 101 хоног х нэг өдрийн цалин 158,130 төгрөгөөр тооцоход 15,971,130 төгрөг, 2024.04.01-нээс 2024.07.30-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны буюу ажлын 82 хоног х нэг өдрийн цалин 173,970 төгрөгөөр тооцоход 14,265,540 төгрөг, нийт 30,236,670 төгрөг (15,971,130+14,265,540)-ийг хариуцагч ................-с гаргуулан нэхэмжлэгч Л.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,160,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

6.Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

6.1.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5-д хууль бусаар ажлаас халагдсан хүн гэж заасан нь хариуцагч буюу ажил олгогчийн буруугаас учирсан хохирлыг шаардах эрхтэй этгээдийг илэрхийлж байна.

 

Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д Энэ хуулийн 7.2.5-д заасан хүний шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг шүүхийн шийдвэрт заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос, ... ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, буруутай этгээд нийгмийн даатгалын зохих санд нэг удаа төлнө,

33 дугаар зүйлийн 33.1.6-д Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, ... зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд гарсан зардлыг ажил олгогчоор төлүүлэх,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж ажил олгогчийн үүргийг тус тус тодорхойлсон.

 

Иймээс нэхэмжлэгч Л.Б-ын цалин хөлстэй тэнцэх олговор 30,236,670 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагч ..........-д даалгаж байна.

 

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Б нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, түүний 2024.09.04-ний төлсөн 425,150 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагчаас 379,333 төгрөг /30,236,670 төгрөгийн цалинд ногдох тэмдэгтийн хураамжид 30,236,670 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг баталгаажуулахыг даалгах шаардлагад 70,200 төгрөг/-ийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.2., 751.2.3-т зааснаар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийг үнийн дүнгээс үл хамааран шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан ч талууд хэргийн харьяаллын хувьд маргаагүй, мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.04.25-ны өдрийн 210/МА2025/00674 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025.02.12-ны өдрийн 191/ШШ2025/01294 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасны дагуу энэхүү хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч .............-с ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 30,236,670 төгрөг /гучин сая хоёр зуун гучин зургаан мянга зургаан зуун дал/-ийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,160,400 төгрөг /есөн сая нэг зуун жаран мянга дөрвөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 30,236,670 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож, нэхэмжлэгч Л.Б-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Б нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024.09.14-ний өдөр төлсөн 425,150 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож, хариуцагч .................-с 379,333 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА