| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 319/2025/01017/И |
| Дугаар | 319/ШШ2025/01010 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 319/ШШ2025/01010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Буянт сумын ******* багт оршин суух, ******* овогт *******гийн *******ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: хүсэлт гаргагч Д.*******э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.*******э нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие нь 1982 онд 8 дугаар анги төгсөөд Буянт сумын тэжээлийн аж ахуйд галчаар 1984 оныг дуустал ажиллаад 1984 оны 06 дугаар сард цэрэгт 119 дүгээр ангид алба хааж 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдөр халагдаж 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Буянт сумын Тэжээлийн аж ахуйд хоньчин, үхэрчнээр тасралтгүй ажиллаж байсан болно. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул миний Ховд аймгийн Буянт сумын тэжээлийн аж ахуйд 1982 оны 09 сараас 1984 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал галчаар, 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:
2.1. Хүсэлт гаргагчаас: Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэн *******, ******* нарын тодорхойлолт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын лавлагаа, цэргийн алба хаасан лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мал тооллогын А данс зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.
2.2. Шүүхээс: Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Ховд аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн лавлагаа, ХААТР-1, 21 дугаар маягтууд, гэрч *******, ******* нарыг асуусан тэмдэглэл зэрэг нотлох баримуудыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Хүсэлт гаргагч Д.*******э нь Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох хүсэлт гаргаж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагыг тодруулж 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал \малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн.
4. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан дараах нотлох баримтыг үнэлж, хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:
Хил Хамгаалах Ерөнхий газрын Хилийн цэргийн төв архивын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаартай архивын лавлагаагаар Д.*******э нь 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдөр цэрэгт татагдаж, НАХЯ-ны 0119 дүгээр ангид цэргийн алба хааж, 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр цэргээс халагджээ.
Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын тамгын газрын архивын лавлагаа, малын А дансны хуулбар зэрэг нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Д.*******ийн нэр дээр 1995, 1996, 1997, 1999, 2000 онуудад мал тоолуулсан талаар бичигдсэн байна.. /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/
Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуй өөрчлөн байгуулагдаж, 1992 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Бүтээл” ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
Гэрч *******ын “Д.*******ийг 1987 оноос эхлэн мэднэ. Би Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд үхэр хариулж байхад Д.*******э нь 1987 онд цэргээс халагдаж ирээд надаас миний маллаж байсан тал үхрийг аваад малласан. Тэрээр 1997 он хүртэл надтай хамт ажилласан. Би 1997 онд аймаг руу орж ирсэн. Тэр үед Д.*******э үхэр маллаж байсан. Тухайн Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйн даргаар Чойжил, Баярсайхан нар ажиллаж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,
Гэрч *******гийн “Д.*******ийг 1982 оноос эхлэн мэднэ. Тэрээр 1982-1984 онд Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд галчаар ажиллаж байгаад 1984-1987 онд цэргийн алба хаасан. Цэргээс 1987 онд халагдаж ирээд Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар ажиллаж эхэлсэн ба тэрээр 1995 он хүртэл ажилласан. Тухайн үед Тэжээлийн аж ахуйн даргаар Чойжил гэх хүн ажиллаж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/ хэрэгт тус тус авагдсан байна.
5. Дээрх архивын лавлагаа, мал тооллогын А дансны хуулбар, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Д.*******э нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар, улмаар шинээр байгуулагдсан Бүтээл ХК-нд 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан нь тогтоогдсон гэж дүгнэлээ.
6. Гэрч *******, ******* нарын “Д.*******э нь малчнаар ажиллаж байсан” гэсэн мэдүүлгийн эх сурвалж нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдсон, мөн архивын лавлагаа зэрэг бичмэл нотлох баримтууд, гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлгийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн, нотлох баримтын шаардлагын хангасан гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
7. Шүүх хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж, хүсэлт гаргагч Д.*******э нь Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Бүтээл ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад зааснаар ******* овогт *******гийн *******ийн Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар, 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Бүтээл ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК