Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/238

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны тахимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч*******   холбогдох эрүүгийн *******    дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******   , 1991 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс*******   , бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эх, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн *******   тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, *******    регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч *******   нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 27-ны 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах хамтран амьдрагч*******    “гадуур хонон өнжин архи ууж явлаа” хэмээн хардалтын улмаас маргалдаж улмаар толгойн тус газарт нь олон удаа цохиж, хөл, нуруун тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч *******    нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 27-ны орой 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч *******    “гадуур хонон өнжин архи ууж явлаа” гэж хардан маргалдаж толгойн тус газар нь олон удаа цохиж, хөл, нуруу хэсэгт нь өшиглөж эрүүл мэндэд нь "тархи доргилт, баруун сарвууны 4-р хурууны 3-р шивнүүр ясны хугарал, нүүр, 2 чихний дэлбэн, цээж, нуруу, баруун сарвуу, зүүн бугалга, баруун бугалга, зүүн гуяны цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

            Шүүгдэгч*******  өгсөн: 2 018 оны 5 дугаар сарын 27-ний өглөө 08 цаг өнгөрч байхад Соёлын төвийн ард явж байгаад *******    нартай таарсан. Дэлгүүрээс 500 гр-ын Хараа архи, 2.5 литрийн Сэрүүн пиво аваад манай гэрт очиж уусан. Дээд давхарт байдаг *******    гээд ахынд ороод *******   нартай 3 ширхэг Сэрүүн нэртэй лаазтай пиво уусан. Пиво ууж байхдаа манай эхнэрийг харсан уу хэд хоног алга болчихлоо гэхэд *******    гээд ах танай эхнэр *******    айлд архи ууж байна лээ гэж хэлсэн. *******    ахыг дагуулаад айл руу явах гээд таксины зогсоол руу алхаж явтал *******    таарсан. Тэгэхээр нь хэд хоног хаашаа алга болчихдог юм одоо архиа боль гэр рүүгээ явья гэхэд уурлаад надтай маргалдаад байхаар нь алгадаад газар унаад босоод ирэхээр нь гэр рүүгээ дагуулаад явсан. *******    тоотод байх гэртээ ороод*******   ямар учраас архи уугаад байгааг асуухад надтай маргалдаад уурлаад байхаар нь би баруун хацарт нь нэг удаа алгадаж, нуруу хэсэгт нь өшиглөсөн. Тэр үед ээж *******    нар орж ирээд салгасан. Бусдын эрх чөлөөнд халдсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,  

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

                        Хохирогч *******    өгсөн: Би 2018 оны 5 дугаар сарын 27-ны орой 17 цагийн орчим *******   тоот гэрээсээ гараад 10 дугаар байрны доор үйл ажиллагаа явуулдаг зах орох гээд алхаад таксины зогсоолын хажууханд явж байсан чинь миний хамтран амьдрагч *******  нэг таксинаас гарч ирээд намайг хайгаад*******  явах гэж байсан одоо чамайг гэртээ аваачиж байгаад зодно гэж хэлэхээр нь би яасан юм бэ гэсэн чинь чамайг манай эгч *******  шөнө шар куртиктэй энд зогсож байсан гэж хэлсэн гэхээр нь би намайг андуурсан байх би зогсоогүй гэж хэлсэн чинь чи худлаа хэллээ манай эгч үнэн хэлдэг чи худлаа хэлдэг гээд уурлаад гараараа нүүр рүү цохисон.  Намайг газар унасан чинь нуруу руу өшиглөөд босоод ирсэн чинь гэр рүү явъя гэхээр нь хамт гэр рүү нь орсон чинь гэрт нь хэн ч байхгүй байсан. Тэгсэн манай эгч *******  надад тэгж хэлсэн гэж хэлээд нүүр рүү дахиад цохиод тонгойсон чинь нүүр, гэдэс, нуруу руу өшиглөж зодоод байж байхад гаднаас эгч *******  нар орж ирээд салгаад эх*******   нь гадна хаалга онгойлгож өгөхөөр нь би гэрээс нь гараад зугтаасан чинь араас хүрч ирээд намайг дагаад гэр рүү ор гэж хэлээд дагуулаад орцонд ороод нүүр рүү гараараа цохиод нуруу, гэдэс рүү хөлөөрөө өшиглөөд гэр рүү оруулаад миний гадна хувцсыг тайлаад орцонд гаргаад гэрийнхээ хаалгыг хаасан. Тэгсэн *******  тоотод байдаг эмэгтэй намайг гэртээ оруулаад утсаар нь Цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /хх 6/,

     Гэрч *******   өгсөн: Би 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байж байсан чинь манай том ах*******   тоот байр руу орлоо гэж хэлэхээр нь би *******   гэр рүү орсон чинь *******  толгойн тус газар нь цохиод дарчихсан байхаар нь чи одоо боль хэрэгт орно гэж хэлээд би *******   цамцных нь хормойноос бариад *******   гараад зугт гэж хэлсэн чинь гараад зугтаасан. *******   араас нь гараад 28 дугаар байрны хажуунаас баригдаад буцаад ирсэн. Тэгээд би *******  нартай хамт гэр рүү нь ороод хэрэлдэж маргалдахгүй би одоо яах ч үгүй гэж хэлэхээр нь би гараад гэр рүүгээ ороод ээждээ болсон асуудлын талаар хэлэхэд ээж *******  гэр рүү орсон. Удалгүй манай хүүхэд араас орж ирээд*******   ах *******   эгчийг гэрээсээ гаргачихсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 8/,

     Гэрч *******  өгсөн: *******   тоотод амьдардаг *******   гэх залуутай манай хадам эгч *******   2016 оноос хойш амьдарч эхэлснээс хойш миний мэдэхээр 2016 онд манай гэрт ирэхдээ уруул нь хавдсан, нүд нь хөхөрсөн байдалтай орж ирэхэд нь юу болсон талаар асуухад *******   архи ууж орж ирээд намайг зодсон гэж хэд хэдэн удаа хэлсэн. Ер нь *******  архи уусан үедээ намайг зоддог гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх 9/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 576 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.*******   биед тархи доргилт, баруун сарвууны 4-р хурууны 3-р шивнүүр ясны хугарал, нүүр, 2 чихний дэлбэн, цээж, нуруу, баруун сарвуу, зүүн бугалга, баруун бугалга, зүүн гуяны цус хуралт тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрхи гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.*******   учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх 14/,

 

            Аюулын зэргийн болон Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 30-36/, Дархан-Уул аймгийн *******  хамтарсан хурлын тэмдэглэл /хх 37/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч*******   нь хамтран амьдрагч*******   зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 "эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээд хамаарна", 6 дугаар зүйлийн 6.1.1 "бие махбодын хүчирхийлэл"-т заасан хуулийн үйлчлэлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн" гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Хавтаст хэргийн 58-р хуудсанд авагдсан хохирогч *******   бид хоёр эвлэрч надад ямар нэг гомдол санал байхгүй тул хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү" гэх хүсэлтээр шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч *******   нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч *******  нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 22/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 26-27/ зэргээр тогтоогдож байна. Энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.

Шүүгдэгч*******   ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч*******   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******   240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******  оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******   нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.  

             

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******   урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.БАТЖАРГАЛ