Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/36

 

2025/ДШМ/36

 

 

        

Б.Цд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор: Б.Тулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б

            Шүүгдэгч: Б.Ц

            Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Цгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Цд холбогдох 24120000000271 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.    

     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-нд А аймгийн Ө суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Ө сумын Д багийн Ц гэх газар оршин суух, урьд А аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, тус ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, А овогт Бын Ц/РД:0000/

 

Шүүгдэгч Б.Ц нь 2024 оны 04 дүгээр сард, А аймгийн Ө сумын Т багийн Ш гарам гэх газраас ижил сүргээсээ тасарсан, иргэн С.Бын өмчлөлийн 1 тооны хонгор зүсмийн хязаалан насны байдсыг А аймгийн Ө сумын Д багийн нутаг дэвсгэрт байх өөрийн адуунд нийлсэн байгааг мэдсэн боловч Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасанчлан “...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүргээ санаатайгаар биелүүлэхгүй байж, тус 1 тооны байдсыг шунахайн сэдлээр, А аймгийн Х сумын иргэн В.Э гэгчид төлөх ёстой байсан нэг “Портер” машин “хар мод”-ны төлбөртөө 700.000 төгрөгөөр бодон арилжиж, өөрийн хөрөнгө мэт захиран зарцуулснаар хохирогч С.Бт 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 А аймгийн Прокурорын газраас Б.Цд холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

                 А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч овогт Бын Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цг 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд оногдуулсан 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц А аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 26  дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч Б.Цгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1,200,000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий нас нийлсэн халтар зүсмийн 1 тооны морийг хураан улсын орлого болгож, Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч С.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг  нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Цд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Б.Ц давж заалдах гомдолдоо ... Би 2024 оны 04 сарын эхээр манай адуунд 1 тооны хонгор зүсмийн адуу нийлээд сар гаран болсон. Тэгэхээр нь би Эрдэнэбаярт түлээний өртөгт өгсөн. Энэ миний буруу. Би хулгай хийх гэж түүнийг олж авчраагүй. Манай адуунд нийлээд сар гаран болоод эзэн нь ирж авахгүй болохоор зарсан. Би хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Би одоо 50 настай. Ам бүл 6 , эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Миний 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өөр төрлийн ялаар сольж шийдэж өгнө үү. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Манай эхнэр Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байгаа. 3 хүүхэд хотод оюутан. Бага хүү Ө саманд сургуульд сурдаг одоо хичээлээсээ чөлөө аваад малаа түр харж байна. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна ... гэжээ.

 

            Прокурор давж заалдах шатны шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ ... Анхан шатны шүүхээс хэргийг зөв дүгнэж, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн буруу тайлбарлаж хэрэглээгүй болохоор анхан шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б давж заалдах шатны шүүх хуралд гаргасан саналдаа ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хорих ялыг тэнсэж эсвэл зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэсэн саналтай байна. Гэм буруу болон гэмт хэргийн зүйлчлэлтэй маргадаггүй ... гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Ц нь 2024 оны 04 дүгээр сард, А аймгийн Ө сумын Т багийн Ш гарам гэх газраас ижил сүргээсээ тасарсан, иргэн С.Бын өмчлөлийн 1 тооны хонгор зүсмийн хязаалан насны байдсыг А аймгийн Ө сумын Д багийн нутаг дэвсгэрт байх өөрийн адуунд нийлсэн байгааг мэдсэн боловч Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасанчлан ...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүргээ санаатайгаар биелүүлэхгүй байж, тус 1 тооны байдсыг шунахайн сэдлээр, А аймгийн Х сумын иргэн В.Э гэгчид төлөх ёстой байсан нэг “Портер” машин “хар мод”-ны төлбөртөө 700.000 төгрөгөөр бодон арилжиж, өөрийн хөрөнгө мэт захиран зарцуулснаар хохирогч С.Бт 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч  С.Бын ... Манайх 2024 оны 04 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө А аймгийн Ө сумын Т баг Ш гарам гэх газар адууны бэлчээр дээрээс хонгор зүсмийн хязаалан насны байдсаа хулгайд алдсан. Миний алдсан гэх байдас нь хонгор зүстэй, хязаалан настай, зөв талын гуяндаа саран дээр Ц үсгэн тамгатай, өөр содон шинж тэмдэггүй. Манай унаган адуу байсан бөгөөд бага насанд нь саран дээр Ц үсгэн тамгаар тамгалсан. Манай адуунууд зөв талын гуяндаа саран дээр Ц үсгэн тамгатай мөн 9 тоо тамгатай. Унаган адуу учир адуун сүргээсээ салж өөр баг, сум руу гүйх ямар ч боломжгүй. Алдах үедээ тарган байсан болохоор хулгай аваад явж байгаа юм. Мөн манайх байдсаа алдсан цагаас хойш эрэл сурал болж яваад олоогүй байж байгаад Улаанбаатар хот Эмээлтийн бойнд байхад нь олж авсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Ц ... Би 2024 оны  04 сарын 21-ний өдөр А аймгийн Х сумын Э ахаас хул хонгор байдсыг 650.000 төгрөг, мөн сартай зээрд шүдлэн үрээ хоёрыг худалдаж авч Улаанбаатар хотод СХД-ийн 0-р хорооны нутаг дэвсгэрт О ХХК-д тухайн адуугаа буулгаж хашаанд нь оруулж байхад эзэн нь гэх залуу хүрч ирээд би энэ хул хонгор байдсан гүүг 2024.03-р сард алдсан чинь чи маханд оруулах гээд авчирсан байна гэхээр нь тухайн гүүний эзэн нь гэх залууд Э ахын дугаарыг өгч явуулсан ... гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.Ө ... Манай эмээгийнх 2024 оны 04 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө А аймгийн Ө сумын Т баг Ш гарам гэх газраас хонгор зүсмийн хязаалан байдсаа хулгайд алдсан. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр би Эмээлт дээр явж байтал О гэх бойны хашаанд манай эмээгийн хулгайд алдсан хонгор зүсмийн байдас уяатай байсан. Би байдсан дээр яваад очтол саран дээр Ц үсгэн тамгатай хонгор байдас дүрээрээ байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Л ... Би А аймгийн Х сумын хэсгийн мөрдөгчөөр ажилладаг. В.Э гэх хүн манай адуунд зөв талын гуяндаа саран дээр Ц үсгэн тамгатай хонгор зүсмийн байдас ирсэн байна эзнийг нь олж өгч тусална уу гэж хандсан удаа байхгүй ... гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Ц ... Би 2024 оны 09 сарын 21-ний өдөр А аймгийн Х сумын Э ахаас хул хонгор байдсыг 650.000 төгрөг, мөн сартай зээрд шүдлэн үрээ хоёрыг худалдаж авч Улаанбаатар хотод СХД-ийн 0-р хорооны нутаг дэвсгэрт О ХХК-д тухайн адуугаа буулгаж хашаанд нь оруулж байхад эзэн нь гэх залуу хүрч ирээд би энэ хул хонгор байдсан гүүг 2024 оны 03-р сард алдсан чинь чи маханд оруулах гээд авчирсан байна гэхээр нь тухайн гүүний эзэн нь гэх залууд Э ахын дугаарыг өгч явуулсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Р ... Х сумаас Д буюу Э гэх хүнээс худалдаж авсан гэж хэлсэн. Тэгээд Ц Э гэх хүний дугаарыг авч холбогдон байдсыг асуухад эхэндээ манай адуу байгаа юм манайх бас саран дээр Ц үсгэн тамгатай гэж хэлэхээр нь манай эгчийн алдсан адуу байна энэ асуудлаар таныг цагдаад өгнө гэж хэлэхэд дээрх байдас нь 2024 оны хавар нэлээн туранхай байдалтай манай адуунд нийлсэн байсан. Үүнээс хойш манай адуун дунд явж байгаад мөнгөний хэрэг гарсан тул зарсан гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг, В.Эын яллагдагчаар өгсөн ... Би 2023 оны 10 дугаар сард А аймгийн Х сумын төвд байрлах өөрийн хашаанаас 1 портер хар модыг А аймгийн Ө сумын харьяат Б.Ц /Ц/-д худалдан борлуулсан бөгөөд харин өртгийг нь бага насны адуу өгөхөөр аман тохироо хийгээд ачаад авч явсан. Тэгээд 2024 оны 05 дугаар сарын эхээр санаж байна Ц нэг тооны хонгор зүсмийн шүдлэн байдсыг авчирч ирээд манай хашаанд уячихлаа гэж утсаар ярьж байсан би ямар байдлаар авчирч ирснийг мэдэхгүй байна. Тэгсэн зарсан ченж болох Ц утсаар над руу залгаад тухайн зарсан хонгор байдасны эзэн ирээд таниад байна яах вэ гэхээр нь би надаас авсан юм чинь миний дугаарыг өгчих гэж хэлсэн. Тэгээд эзэн нь надтай холбогдохоор нь манай адуу бас Ц үсгэн тамгатай гэж хэлэхэд та тамгаа үзүүлээрэй би цагдаад өглөө гэж хэлэхээр нь би Ц руу залгаад нөгөө чамаас авсан адуу Улаанбаатар хотод эмээлт дээр эзэн нь таниад над руу залгаад байна яах вэ гэхэд Ц миний хөгшин манай адуунд хавар нийлж ирсэн юм гэж хэлчих гэхээр нь би тэгж хэлээд мөн мэдүүлгээ энэ байдлаар өгсөн. Би Ц авчирч өгсөн болохоор л өөрийнх нь адуу гэж бодсон. Тэрнээс бол би хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Надад адуу дагаж ирсэн гэдгийг л хэлчих гээд гуйгаад байхаар нь би болох юм байх гэж бодоод мэдүүлэг өгсөн. Надад дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй  ... гэсэн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Д ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн АЦ-0-0 дугаартай дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээний Д ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн АЦ-0-0 дугаартай дүгнэлт,  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хохирогчоор алдагдсан гэх адууг таньж олуулсан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч Д.Цг бусдын малыг хулгайлсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн.

 Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын хувьд түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.

  Шүүгдэгч Д.Ц … Би 2024 оны 04 сарын эхээр манай адуунд 1 тооны хонгор зүсмийн адуу нийлээд сар гаран болсон. Тэгэхээр нь би Эрдэнэбаярт түлээний өртөгт өгсөн. Энэ миний буруу. Би хулгай хийх гэж түүнийг олж авчраагүй. Манай адуунд нийлээд сар гаран болоод эзэн нь ирж авахгүй болохоор зарсан. Би хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Би одоо 0 настай. Ам бүл 0 Эхнэр 0 хүүхдийн хамт амьдардаг. Миний 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өөр төрлийн ялаар сольж шийдэж өгнө үү. Би дахим гэмт хэрэг үйлдэхгүй. Манай эхнэр Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байгаа. 3 хүүхэд хотод оюутан. Бага хүү Ө саманд сургуульд сурдаг одоо хичээлээсээ чөлөө аваад малаа түр харж байна. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй Хийсэн хэрэгтээ магш их гэмшиж байна ... гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

 Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага  оногдуулсан нь үндэслэлтэй.

Мөн шүүгдэгчийн гомдолд дурдсан шалтгаан нь түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх хуульд заасан үндэслэл биш тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна

  Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

   Хэрэг давж заалдах шатны шүүхэд хэлэлцэх хугацаанд шүүгдэгч нь 58 хоног цагдан хоригдсон байх тул түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор шийдэв.

 

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Цгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цгийн цагдан хоригдсон 58 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.