| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 101/2016/05307/И |
| Дугаар | 210/МА2017/01915 |
| Огноо | 2017-08-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2017/01915
| 2017 оны 08 сарын 25 өдөр | Дугаар 210/МА2017/01915 |
О.Ганбаатарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02149 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч О.Ганбаатарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Р.Золзаяад холбогдох
Гэм хорын хохиролд 4 815 300 төгрөг гаргуулах тухай хэргийг
Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Ганбаатар, түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид, хариуцагч Р.Золзаяагийн өмгөөлөгч Я.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.
Нэхэмжлэгч О.Ганбаатарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Р.Золзаяа нь 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баян чандмань сумын нутаг дэвсгэрийн зам дээр О.Ганбаатар миний жолоодож явсан Тоёота карина маркийн 21-78 ТӨВ улсын дугаартай авто машиныг мөргөж, авто осол гаргасан. Тухайн үед би хуулийн дагуу явна, хохирлын үнэлгээ тогтоолгох хэрэгтэй гэхэд Р.Золзаяа нь Баян чандмань сумын автын байцаагчид машины хохирлыг бүрэн барагдуулна гэж баталгаа бичиж өгөөд 2 хоногийн дараа би чамд дүүгийнхээ машиныг өгье, харин чиний энэ машиныг би авъя гээд ачиж аваад явсан. 2015 оны 02 дугаар сарын 28-нд Бор нуур сумаас Улаанбаатар хот орж Р.Золзаяагийн санал болгосон машиныг очиж үзэхэд Тоёота рав маркийн машин үзүүлсэн. Тэр машин нь жолооч талын гүйдэг хаалга байхгүй, задалчихсан, дугуйнууд нь байхгүй машин үзүүлэхэд нь би уурласан. Тэрээр намайг өдсөн, доромжилсон байдалтай байсан. Дараа нь Р.Золзаяа өөрийн төрсөн ахындаа дагуулж очин Сонота-5 маркийн, зүүн талаасаа мөргүүлсэн, бүрэн бус машин үзүүлэхэд нь би аваагүй. 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр дахин ирж Р.Золзаяа болон түүний эхнэртэй нь хамт уулзаж машин өгч чадахгүй бол миний машиныг засаж, янзалж өг гэхэд тэд мал зараад, зээл авч, янзлуулж өгнө гэж амласан бөгөөд бид 1 цаг гаруй ярилцаад, тохиролцоод салсан.
Би 2015.04.06-ны өдөр хотод ирэхдээ Р.Золзаяатай ярьж миний машин байгаа айлд очиход мөргүүлсэн хэвээр байсан. Машиныг хэзээ засаж өгөх вэ гэтэл Р.Золзаяагийн хамаатан садан 10-аад хүмүүс хэрүүл маргаан болсон. Р.Золзаяаг би Баян чандмань сумын цагдаагийн газар очиж учраа ольё гэтэл ахынхаа гэрт орчихоод гарч ирээгүй. Дараа нь утсаа авахаа больсон, би ахыгаа явуулж машинаа харуулсан. Тэр үед ах Их нарангийн хашаанд машин байхгүй байна, айлаас нь асуухад бидэнд хамаагүй, Р.Золзаяатай очиж уулз гэж хэл амаар доромжлоод явуулсан байдаг ба тэр айлаас Р.Золзаяагийн хаягийг хэлж өгөөч гэхэд хэлж өгөөгүй.
Түүнээс хойш уулзаж чадаагүй удсан бөгөөд манайх хөдөө зусланд гарах ажил эхэлсэн, эхнэр төрсөн нялх хүүхэдтэй, надад ажил их байсан учир хот руу очиж чадаагүй удсан, машинаа эвдүүлсэн учир наашаа цаашаа явах боломжгүй болсон. Дараа нь би Баян чандмань сумын хэсгийн цагдаад хандан асуухад намайг Төв аймгийн шүүхэд ханд гэсний дагуу шүүхэд хандахад Р.Золзаяагийн харъяаллын шүүхэд хандаж хохирлоо нэхэмжил гэсэн. Ингээд Р.Золзаяагийн хаягийг тодруулж шүүхэд нэхэмжлэл гарган авто машиныхаа үнийг нэхэмжилсэн. Би уг авто машиныг 2013 онд н.Бүжинлхам гэдэг хүнээс худалдаж авсан бөгөөд тухайн үед иргэний үнэмлэхгүй байсан учраас дүү А.Доржбаатарын иргэний үнэмлэхээр түүний нэр дээр гэрээ хийж машинаа авсан юм. Энэ 21-78 ТӨВ Тоёота карина маркийн тээврийн хэрэгсэл дүү А.Доржбаатарын нэр дээр бүртгэлтэй байгаа боловч миний өмч юм. Р.Золзаяа нь 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд өөрийн гэм буруутай үйлдлээрээ миний эд хөрөнгөд хохирол учруулсан атлаа хохирлоо барагдуулаагүй, миний машиныг засаж өгөөгүй, оронд нь машин өгнө гэж хуурч мэхэлсэн. Тухайн авто ослын үед авто машинд учирсан эд ангид хохирлын үнэлгээ гаргуулах байтал үнэлгээ хийлгэх шаардлагагүй, машиныг машинаар төлнө гэж хуурч мэхлэн намайг төөрөгдөлд оруулж, авто машины хохиролд үнэлгээ гаргуулах боломжийг хаасан. Өнөөдөр эвдэрсэн машиндаа хохирлын үнэлгээ тогтоолгоход үнэлгээ бодитоор үнэн тогтоогдох боломжгүй байна. Учир нь тухайн үед дотор талд ямар эд анги эвдэрсэн нь тодорхойгүй болсон байна. Өөрсдөө машиныг засварлаж ойлгомжгүй байдлыг үүсгэсэн. Р.Золзаяа миний машиныг өнөөдрийг хүртэл засварлаагүй байгааг би нүдээрээ үзэж зургийг нь авсан.
Тиймээс Р.Золзаяагаас нийт 4 815 300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Р.Золзаяагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баян чандмань сумын нутаг дэвсгэрт авто зам дээр осол гаргасан. Тухайн үед би автомашиныг засч өгөх санал тавьсан боловч О.Ганбаатар нь шинэ машин авна гэсэн. Энэ асуудлаас хойш би 2-3 машин үзүүлсэн боловч аваагүй. Одоо би өөрийнх нь машиныг засчихсан, машинаа ав гэхэд авдаггүй. Тухайн үеийн ослын газрын актад дурдсан гэмтлийн дагуу автомашинд засвар хийсэн гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг баримтлан хариуцагч Р.Золзаяагаас 1 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Ганбаатарт олгож, нэхэмжлэлээс 3 015 300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заснаар хариуцагч Р.Золзаяагаас 140 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Ганбаатарт, 50 000 төгрөг гаргуулж шинжээч Форвард моторс ХХК-д тус тус олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Р.Золзаяагаас 43 750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Ганбаатарт олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Я.Баатарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн дүгнэлт нь Улсын Дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 27-р тогтоолын 5-р заалтад Тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн хэмжээг тодорхойлохдоо эд ангийн элэгдэл хорогдлыг хасч, эвдэрч гэмтсэнийг засан сэргээхэд шаардагдах эд анги, бусад материалын үнийг оруулан тооцно гэсэн тайлбарт харшилж байна. Нэхэмжлэгч О.Ганбаатарын эзэмшлийн Тоёота Карина маркийн 21-78 ТӨВ улсын дугаартай авто машин Төв аймгийн Баян чандмань сумын нутаг дэвсгэрт 2015.02.20-ны өдөр осолд opoод, хэргийн газрын үзлэгээр зүүн крыло, зүүн урд гупер, зүүн хаалга, хойд гэрэл, цахилгааны цээж утас гэсэн гэмтлүүд уг машинд илэрсэн тухай мөрдөн байцаагч н.Халиуны 2015.02.20-ны өдөр бичсэн тэмдэглэл, уг эвдрэлийг үнэлсэн шинжээч "Итгэлт Эстимейт" ХХК-иас 2016.08.29-ний өдөр гаргасан дүгнэлтээр шууд зардал 136 000 төгрөг, шууд бус зардал 153 000 төгрөг, нийт 424 500 төгрөгийн хохиролтой гэж үнэлэгдсэн баримт хэрэгт авагдсан байдаг. Эдгээр гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн Р.Золзаяагийн гэм буруутай үйлдлээс үүссэн болох нь дээр дурьдагдсан нотлох баримтаар тогтоогдсон учир Замын цагдаагийн байцаагч О.Халиун Захиргааны хариуцлагын тухай хуулиар, дүрмийн 2.6-д зааснаар асуудлыг шийдвэрлэсэн баримт хэрэгт авагдсан. Энэ ослын улмаас үүссэн хохирол нь гэмт хэргийн бүрэлдэхүүнийг дангаар бий болгох үндэслэл бүрдээгүй бол эрх бүхий албан тушаалтан жолоочид холбогдох зөрчлийг Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар шийдвэрлэх тухай Улсын Дээд шүүхийн тайлбарт нийцүүлэн хохирогч О.Ганбаатарын унаж явсан машин ослоос болж нийт 424 500 төгрөгийн хохирол үүссэн нь Эрүүгийн хуулийн 29-р зүйлд заасан "үлэмж" хэмжээнд хүрээгүй учир Эрүүгийн хэрэг үүсгэлгүй иргэний журмаар шүүхэд хандуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүйг харуулж байна. Гэтэл шүүх О.Ганбаатарын эзэмшлийн Тоёота Карина маркийн 21-78 ТӨВ улсын дугаартай авто машины хохирлыг шинжээчийн гаргасан 1 800 000 төгрөг гэж зах зээлийн үнэлгээг үндэслэж, үүнийг Р.Золзаяагаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хэргээр шалгагдаж тогтоогдсон осолд орсон машины эвдрэлийг 424 500 төгрөгийн хохиролтой гэж шийдвэрлэсэн цагдаагийн газрын шийдвэртэй зөрчилдөж, УДШ-ийн тайлбарын 12-р зүйлд заасан Зам тээврийн ослын улмаас иргэнд Эрүүгийн хуулийн 29-р зүйлд заасан "үлэмж" хэмжээнээс бага эд хөрөнгийн хохирол учирсан нь гэмт хэргийн бүрэлдэхүүнийг дангаар бий болгохгүй гэсэн заалтад харшилж байна. Шүүхийн 2016.05.09-ний өдрийн 101-р захирамжаар томилогдсон шинжээчийн 17/30 тоот дүгнэлтэд Тоёота Карина маркийн 21-78 Төв дугаартай суудлын автомашинд гидрийн шингэн, урд тормозны наклад, хөргөлтийн шингэн, аккумлятор, кундактор зэрэг эд анги байхгүй учир асааж үзэх боломжгүй байна. Эдгээр гэмтлүүд нь ослын дараа үүссэн гэмтлүүд байна гэж тогтоогдсон. Эдгээр гэмтэл нь ослоос болоогүй учир Р.Золзаяагийн гэм бурууд хамааралгүй байхад, шүүх дээрх хохирол болон осолд орсон машины эвдрээгүй эд анга, өөрөөр хэлбэл, машиныг бүхэлд нь төлүүлэхээр шийдвэрлэсэн нь УДШ-ийн тайлбарт нийцэхгүй байна.
Шүүхийн шийдвэрт ....Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нь автомашинаа өдөр тутам ашиглах боломжгүй болсон.. гэж бичсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт юм. Учир нь Р.Золзаяа осолд орсон машиныг засаж урдын байдалд нь оруулсныг харуулсан фото зураг, уг машин ослоос өмнө ямар гэмтэлтэй байсан, ослын дараа ямар гэмтэл учирсан байсныг харуулсан фото зургууд, хэргийн 41-43-р хуудсанд авагдсан байдаг. Мөн эвдэрсэн эд ангийг Р.Золзаяа худалдаж авсан баримтууд хэрэгт орсон. Энэ бол Р.Золзаяа нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, машиныг ослоос өмнөх байдалд нь оруулсныг нотолсон баримтууд юм. Үүнийг шүүх үнэлж үзэлгүй, зөвхөн нэг талыг барьсанд гомдолтой байна. Нэхэмжлэгч О.Ганбаатар нь зассан машиныг эргүүлж авахгүй, зөвхөн машиныг бүхэлд нь төлүүлэх сонирхолтойгоос болж уг машин удаан хугацаанд ашиглагдаагүй гэдгийг шүүх хурал дээр Р.Золзаяа тайлбарласан талаар шүүх хурлын тэмдэглэлд байгаа. Иймээс машин аваагүй, хөдөлгөөнд оролцохгүй удсан нь хоёр талын буруутай үйлдлээс болсон байхад шүүх ганцхан Р.Золзаяагаас болсон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
Шүүх гэм хорыг арилгуулах шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 228-р зүйлийг баримталсан нь хэргийн талаар цугларсан нотлох баримтад тулгуурлаагүй, хууль зөрчсөн гэж үзэж байна. Хэргийн 60-р хуудсанд байгаа Р.Золзаяагийн цагдаад бичиж өгсөн тодорхойлолт бол уг машины эвдэрсэн зүйлийг бүрэн төлж барагдуулна гэсэн утгатай байхад нэхэмжлэгч үүнийг машиныхаа бүх үнийг төлүүлнэ гэж буруугаар мушгиж шүүхэд 4 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Нэхэмжпэгч О.Ганбаатарын машинд учирсан гэмтэл нь сэргэх боломжгүй эсвэл их зардал гарах гэм хор биш. Ослоос болж уг машинд 424 500 төгрөгийн хохирол учирсан гэдгийг шинжээч үнэлж, хэргийн газрын үзлэгээр гэмтлүүдийг тогтоосон байдаг. Энэ гэм хорын хохирлыг Р.Золзаяа засаж хэвийн байдалд оруулсан баримт хэрэгт авагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөөр төлөх үндэслэлгүй билээ. Иймээс дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О.Ганбаатарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Миний бие Р.Золзаяагаас өөрийн өмчлөлийн Тоёота карина маркийн автомашины үнэд 3 400 000 төгрөг, дагалдан гарсан хохиролд 1 415 300 төгрөг, нийт 4 815 300 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэтэл шүүх Р.Золзаяагаас зөвхөн 1 800 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь Р.Золзаяа нь 2015 оны 02 сарын 20-нд Төв аймаг Баян чандмань сумын нутагт Тоёото Викорн маркийн автомашин жолоодож явахдаа ЗХД-ийн 8.2, 9.2-т заасныг зөрчснөөс миний жолоодож явсан 21-78 ТӨВ улсын дугаартай Тоёота карина маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргаснаас миний жолоодож явсан 21-78 ТӨВ Т.карина маркийн автомашины зүүн урд талын машины эд анги / гупер, кирло, цахилгааны цээж утас тасарч, урд салхины шил, дугуй салж унасан зэрэг эвдрэл / эвдэрч хөдөөгийн замд явах боломжгүй болсон. Баян чандмань сумын Замын цагдаад хандаж гомдол гаргасан.
Тухайн үед би автомашиныхаа эвдрэлийн хохирлын үнэлгээ тогтоолгох гэхэд Р.Золзаяа нь машиныг чинь машинаар сольж, ямар нэг эвдрэлгүй өгье, цагдаад гомдол гаргуулахгүй гэж гуйхад нь бид тохиролцоод Р.Золзаяа хэргээ хаалгасан. Р.Золзаяа Баян чандмань сумын замын цагдаад хандан "цагдаад дахин гомдол гаргахгүй, О.Ганбаатар хохирогчид хохирлыг бүрэн төлнө" гэж баталгаа бичиж өгөхөд Цагдаагийн ажилтан н.Халиун нь ЗХД-ийн 2.6-д зааснаар шийдвэрлэв 2015.02.21 гээд баталгаан дээр бичиж өгсөн. Хх-68 Р.Золзаяа нь хэргийн газраас миний машиныг машинаар сольж өгнө гэж Төв аймгийн Баян чандмань сумаас ачиж СХД-ийн 26-р хороонд нэг хашаанд авчирсан. Би тохирсон ёсоор машинаа авахаар очиход надад замын хөдөлгөөнд оролцоод явах боломжгүй эвдэрхий 3-н машин үзүүлэхэд нь би уурлаж маргалдаад явсан. Дараа нь Хархорин захын хойд талд цаг тохиролцоод очиж уулзахдаа Р.Золзаяад хандан машинаар сольж өгч чадахгүй юм бол миний машиныг засаад хуучин хэвэнд нь оруулаад өгчих гэхэд За гэж хэлээд утсаа авахаа больсон.
Би автомашинаа 2013 оны 01 сард 3 400 000 төгрөгөөр худалдаж авсан. Би машинаа хариуцагч Р.Золзаяагаар эвдүүлж эд хөрөнгөөрөө хохирч шүүхийн шийдвэрт заасан 1 800 000 төгрөгөөр машинаа тооцохоор болсонд гомдолтой байна. Надад учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй, эд хөрөнгөд учирсан хохирол өмнөх байдалдаа сэргээгдсэн гэж үзэх нөхцөл бүрдээгүй, зөрчигдсөн эрх сэргээгдээгүй, шүүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь зөв үнэлээгүй, зөвхөн Хөрөнгө эстимейт ХХК-ийн дүгнэлтийг баримталсан нь бодит байдалд нийцээгүй нэхэмжлэгч надад хохиролтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн, хохироосон шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн Р.Золзаяагийн буруутай үйл ажиллагаанаас эд хөрөнгөөрөө хохирсон дээр нь нэмэлт дагалдан гарсан 1 415 300 төгрөгийн хохирлыг шүүх дүгнэхдээ: "..хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн тооцоолох боломжгүйгээр бий болсон шууд хохирол гэж тооцох боломжгүй буюу хохирлын шууд шалтгаант холбоо бүхий үр дагаварыг үүсгэхгүй юм"... гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч нь ЗХД-ийн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаагүй бол, зөрчлөө хялбар аргаар шийдүүлчихээд надтай тохирсон тохиролцоогоо хугацаандаа барагдуулсан бол би Р.Золзаяаг эрж хайж бусдыг хөлсөлж тээврийн зардал төлөхгүй байсан. Мөн би 2015 оны 3 сард төрөлхийн өвчтэй төрсөн нярай охиноо УБ хот, Борнуур сум хооронд эмнэлэгт үзүүлэн удаа дараа авч нааш цааш явахдаа бусдад тээврийн зардал төлөхгүй байсан. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргаж тэмдэгтийн хураамж төлөх, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа хүсэж ажлын хөлс төлөхгүй байсан. Хөрөнгө үнэлгээний компанид үнэлгээ хийлгэсний төлбөр төлөхгүй байсан зэрэг Р.Золзаяагийн гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн хохиролтой холбоотойгоор дагалдан гарч байгаа хохирлыг шүүх буруу дүгнэж намайг хохироосон. Шүүх хуулийг хэрэглэсэн боловч хэрэглэх ёстой хуулийг хэргэлээгүй гэж үзэж байна. Тухайлбал, ИХ-ийн 229 дүгээр зүйлийн 229.2-д гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэмжээг харгалзан үзнэ" гэсэн заалтыг зөрчсөн. Миний бие 2013 онд уг автомашинаа худалдаж авсан, ямар нэг эвдрэл гэмтэлгүй байсан хот, хөдөөгийн хооронд явж амьжиргаагаа залгуулаад, цаг тухайд нь автомашины оношилгоондоо ороод явдаг байсан. Би эд хөрөнгөөрөө хохирсондоо гомдолтой байна.
Хариуцагч Р.Золзаяа миний эзэмшлийн 21-78 ТӨВ автомашиныг засварласан бэлэн болсон гэж шүүх хурал дээр худал ярьсан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогддог. Тухайлбал, Р.Золзаяа нь 150 000 төгрөгөөр цахилгааны цээж утас сольсон гэж зарлагын баримт өгсөн боловч бодит байдал дээр ослын үед тасарсан хуучин утсыг холбож лентээр ороож орхисон байсан, мөн нэг удаа очиход 4-н дугуйг нь аваад явсан байсныг фотогоор авч хэргийн материалд өгсөн. Мөн Итгэлт эстимейт ХХК-иас 2016.08.29-ний өдөр гаргасан дүгнэлтээр цахилгааны цээж утас засагдаагүй гэж дүгнэгдсэнээс харж болно. Зам тээврийн осол гаргаснаас хойш 2 жилийн хугацаанд миний 21-78 ТӨВ автомашиныг зассан биш харин зарим эд ангийг тонож авсан байдаг. Тухайлбал, урд тоормозны наклад байхгүй, мөн кундактор зэрэг эд анги огт байхгүй болсон байгаа нь "Форвард моторс" ХХК-ийн дүгнэлтээр нотлогдсон бөгөөд энэ авто машин хэвийн ашиглах боломжгүй гэж дүгнэгдсэн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг, мөн тогтоох хэсгийн 1 дэх заалтын нэхэмжлэлээс 3 015 300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгааг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Нэхэмжлэгч О.Ганбаатар нь хариуцагч Р.Золзаяад холбогдуулан гэм хорын хохиролд 4 815 300 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2015 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баян чандмань сумын нутагт хариуцагч Р.Золзаяа нь 96-19 УБН улсын дугаартай суудлын автомашиныг жолоодож явахдаа, нэхэмжлэгч О.Ганбаатарын жолоодож явсан 21-78 ТӨВ улсын дугаартай Toyota carina маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гарган нэхэмжлэгчид хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.
Хариуцагч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд мөнгөн төлбөр төлөхөөс татгалзаж, өөр автомашинаар сольж өгөхөөр тохиролцсон боловч биелүүлээгүй, автомашиныг нь засуулсан гэж тайлбар гарган маргаж байна.
Нэхэмжлэгчийн эзэмшлийн 21-78 ТӨВ улсын дугаартай Toyota carina маркийн автомашиныг хариуцагч нь өөр автомашинаар сольж өгөхөөр 2015 оны 2 дугаар сард авч явснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд буцаан өгөөгүй, уг автомашин замын хөдөлгөөнд оролцоогүй, удаан хугацаагаар ашиглагдаагүй байдал нь автомашиныг ердийн байдлаар ашиглах боломжгүй болсон, хэвийн байдалд оруулахад их хэмжээний зардал гарахаар байгаа нь зохигчдын тайлбар, шинжээч Хөрөнгө эстимэйт ХХК болон Форвард моторс ХХК-ийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна. /хх.147-153, 161-163/ Эдгээр нотлох баримтаар хариуцагчийн дээрх тайлбар няцаагдаж, үндэслэлгүй болох нь нотлогдсон болно. Иймд нэхэмжлэгч уг автомашиныг солиулах саналаасаа татгалзаж, автомашины үнийг шаардсаныг буруутгах үндэслэлгүй.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэм хор учруулснаас үүсэх үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна. Энэ талаар анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Р.Золзаяа нь осол гаргасан гэм буруутай учраас Иргэний хуулийн дээрх зүйлд заасны дагуу хариуцлага хүлээхээр байхад түүнийг тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчид гэм хорын хохиролд гэм буруутай эсэхээс үл хамааран хариуцлага хүлээлгэдэг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм.
Түүнчлэн гэм хор учруулснаас үүсэх деликтийн үүргийн хүрээнд эд хөрөнгөд учруулсан хохирлыг хэрхэн арилгах арга замыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тодорхойлсон нарийвчилсан зохицуулалт байхад гэм хорын хохирол арилгах ерөнхий зүйлийг барьсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болно.
Харин анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтээр гаргасан үнэлгээний хэмжээ буюу 1 800 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас автомашинаа өдөр тутам ашиглах боломжгүй болсонтой холбоотой гарсан бусад дагалдах хохирлуудыг гаргасан гэж холбогдох баримтуудыг хэрэгт өгсөн боловч эдгээр нь энэ гэм хорын хохиролтой шууд шалтгаант холбоотойгоор учирсан хохирол гэж үзэх боломжгүй байх тул анхан шатны шүүх дээрх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлэн нэхэмжлэлийн үндэслэлд хамааруулаагүй нь зөв байна.
Шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг үндэслэлтэй зөв дүгнэсэн боловч тухайн маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.
Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02149 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 228 дугаар зүйлийн 228.1, 499 дүгээр зүйлийн 499.1 гэснийг 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 750 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Б.НАРМАНДАХ