| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0225/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/240 |
| Огноо | 2018-07-09 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/240
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 1818002830224 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* , 1981 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ******* суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ганцаараа Дархан-Уул аймгийн******* тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай******* регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод хамтран амьдрагч ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар өөртөө гэмтэл учруулах зорилгоор хутга авахад ******* нь хутгыг нь булааж авах үйлдэл хийх үед нь болгоомжгүйгээр хэвлийн тус газар нь хатгаж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн ******* тоотод хамтран амьдрагч ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар өөртөө гэмтэл учруулах зорилгоор хутга авахад ******* нь хутгыг нь булааж авах үйлдэл хийх үед нь болгоомжгүйгээр түүний хэвлийн тус газар нь хатгаж эрүүл мэндэд “хэвлийн хөндийд нэвтэрч сэмж, бүдүүн гэдсийг гэмтээн хэвлийн хөндийд цусан хураа үүсгэсэн байдал” бүхий хүнд хохирол учруулсан болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч ******* ын өгсөн: Би ******* гэж хүнтэй 2015 оны 2 дугаар сарын үед Арвиндалай гээд караокед бүхэл мөнгөө задлуулах гэж ороод танилцаж байсан. Ингээд түүнтэй 2 жилийн дараа буюу 2017 оны 6 сарын 27-нд байр түрээслэх гэж явж байхдаа ******* байрны гадаа ******* тааралдсан. Ингээд би түүнтэй дахин уулзаж ярилцаад хамтран амьдрах болоод хамт нэг гэрт орсон. Ингээд бид хоёр 2018.4.10-ны өдөр хүртэлх хугацаанд 10 сар гаруй хамт амьдарсан. 2018.4.10-ны өдөр ******* зах орно гээд өглөө 10 цаг гэхэд гараад явчихаар нь би ганцаараа байж чаддагүй учир ******* караоке руу танил ******* гээд эмэгтэй рүү очсон. Тэгээд ******* хамт Сэнгүр гээд жимстэй пиво уучихаад манай гэрт очъё гээд гэртээ орох гэхэд хаалганы цоожийг сольчихсон байсан. Тэгээд ******* руу залгаад яагаад сольчихвоо гэхэд чи манай гэрээс яваарай зайлаарай чи авьяасаараа онгойлгохгүй юу гээд байхаар нь би эвдээд орлоо шүү гэсэн чинь авьяасаараа орохгүй юу гэхээр нь хаалгаа түлхээд орчихсон. Тэгээд ******* манай гэрт пиво ууж сууж байгаад гараад явчихсан. Ингээд ******* г явсны дараа 2 цаг орчмын дараа ******* үзэм аяга барьчихсан ирэхээр нь үлдэгдэл мөнгөө яасан гэхэд архи уучихсан гээд байсан. Тэгээд намайг******* янхан минь яг одоо зайл гээд байхаар нь тэсэхээ байгаад Арвиндалай кафе руу ороод 100 грамм архи уусан. Мөн ******* кафе руу орж 100 грамм архи уусан. Ингээд буцаад гэртээ ирэхэд намайг******* бас л янхан гичий минь манай гэрээс зайл гээд байхаар нь бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан. Энэ үед байрны эзэн ******* эгч орж ирээд та хоёр битгий хэрэлдээд бай, учраа олоод эвлэр гээд байсан. Тэгсэн чинь ******* миний баруун чих рүү гараараа алгадахад нь би газар унаад уруул язарчихсан. Тэр үед ******* эгч гараад явчихсан байсан. Ингээд би ингэж байхаар ер нь үхчихье гээд үүдний хэсэгт байдаг аяга таваг тавьдаг саарал тавиурын дээр байсан шар иштэй хутгыг авсан чинь ******* миний гарт байсан хутгыг тавиулах гээд надтай булаацалдсан. Ингээд тэр хутгыг хоорондоо булаацалдаж байсан чинь ******* хутгалчихсан байсан. Би түүнийг бол хутгална гэж бодоогүй өөрийнөө амийг хорлох гэж тэр хутгыг авсан чинь******* тэр хутгыг тавиулах гээд надтай булаацалдаж байгаад ийм зүйл болсон. Тэгээд түүний гэдэснээс цус гараад байсан тул гэрт байсан түүний шар өнгийн футболкоор нь цусыг нь тогтоох гэж дарсан. Тэгээд 103 руу залгаж дуудлага өгсөн. Тэгсэн түргэн ирээд удаагүй араас нь цагдаа нар ирсэн. Түргэн болон цагдаа нарыг ирэхээс өмнө ******* чи яв цагдаа нар чамайг аваад явчихана гээд байхаар нь үгүй ээ би явахгүй гэсээр байгаад яваагүй гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч ******* ын өгсөн: ...Би орон дээрээ хэвтэж байхад ******* нэг юм яриад үүдний хажууд байдаг тавиур дээр байсан шар өнгийн иштэй хутгыг аваад нэг юм яриад байсан. Тухайн үед өөрийнхөө амийг хорлоно гэж ярьсан юм уу эсхүл намайг хутгална гэж ярьсан юм уу мэдэхгүй ээ. Би өөрөө чих муутай дүлий учир яг юу яриад байсныг нь сайн сонсоогүй. Ямар ч байсан уйлаад хутга барьчихсан юм яриад зогсож байхаар нь хутга аюултай, тоглоом биш гээд хутгыг нь булаагаад авчихмаар санагдаад байсан тул ******* ын зүүн мөрөн дээр нь алгадаад тэнцвэр алдахаар нь хутгыг нь булаацалдаж аваад тавиур дээр тавихад миний хэвлийгээс цус гоожиж байсан. Ингээд би өөрийгөө гэмтсэнийг мэдсэн. Тухайн үед би тэр хутгыг зүгээр л булаагаад авчихлаа гэж бодсон боловч миний хэвлийнээс цус гарч байсан. Надад тухайн үед хэвлий орчимд хутга нэвтэрсэн талаар ямар ч өвдөлт мэдэгдээгүй. Тэр үед ******* бид хоёр хутгаа булаацалдаж байгаад л болгоомжгүй байдлаас болоод л би гэмтсэн. Түүнээс ******* намайг ална тална гэж хутга барьж над руу дайраагүй. ...надад ******* гэж эмэгтэйд гомдол санал байхгүй. Би түүнээс нэхэмжилж авах юм байхгүй. Би эмчилгээнийхээ зардлыг өөрөө төлөөд дуусгачихсан тул ******* аас юу ч нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг /хх 18/,
Гэрч ******* өгсөн: 2018 оны 4-р сарын 10-ны өдөр 14 цагийн үед манай брак байрны өрөө түрээслэдэг ******* нар хэрэлдээд байсан бөгөөд тэднийх хэрүүл хийхээр манай гэрт чимээ сонсогдоод байдаг тул би гэрт нь тэр хоёрыг тайвшруулж битгий хэрүүл хийгээд байгаач ээ эвлэр гэж хэлээд гэртээ орсон. Ингээд орой 20-21 цагийн орчим манай хаалгыг манай брак байрны өрөө түрээслэгч ******* гээд өвөө тогшсон. Би түүнээс юу болсон талаар асуухад энэ ******* гэрт их муухай дуу хоёр удаа гарлаа орооч гэхээр нь ороход ******* орон дээрээ улбар шар өнгийн футболкоор хэвлийн тус газраа дараад сууж байсан. Хэвлийн тус газраа хутгалуулсан бололтой цус гараад байсан. Харин ******* хажууханд нь сууж байсан. Тэгээд цагдаа ирчихсэн байсан болохоор нь гэртээ орсон гэх мэдүүлэг /хх 23/,
Гэрч ******* өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Дархан сумын ******* 75 дуудлагын станцтай шөнийн эргүүлийн үүргийг 18 цагаас 02 цагийн хооронд дэд ахлагч ******* хамт үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдөр цагдаагийн газрын жижүүрээс 22:33 цагийн орчим Дархан сумын ******* тоотод яаралтай оч хүн хутгалуулсан мэдээлэл ирлээ гэхээр нь очиход ******* гэж хүн хэвлийн тус газраа шар өнгийн футболкоороо дарсан байдалтай орон дээрээ сууж байсан. Харин түүний эхнэр нь бололтой эмэгтэй хажууд нь сууж байсан. Тухайн айлд ороход шалан дээр нь цус бага зэрэг дуссан байдалтай байсан. Тэгээд би тухайн ******* гэж залуугаас юу болсон талаар асуухад энэ ******* гэх эмэгтэй миний хэвлийн тус газар хутгаар нэг удаа хутгалсан гэж ярьж байсан. Харин ******* гэж эмэгтэй би хутгалаагүй гээд байсан. Ингээд тухайн үеийн болсон асуудлын талаар ******* гэж залуугаас тодруулж асууж байхад тухайн брак байрны эзэн гэх эмэгтэй орж ирсэн. Би тухайн үед ******* гэж залуугийн хэвлийгээ дарсан байсан шар өнгийн футболкоо авдаа шархийг нь үзье гэхэд хэвлийн гол хэсэгт хутгалагдсан байдалтай байсан. Ингээд тухайн залуугаас та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна уу гэж асуухад би хэрэглээгүй гэж байсан. Харин хажууд нь байсан ******* гэх эмэгтэй бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илт мэдэгдэж байсан. Би ******* гэж залуугаас таныг ямар хутгаар хэн хутгалсан юм бэ гэж асуухад ******* гэж энэ эмэгтэй намайг хутгалсан. Намайг хутгалсан хутга нь үүдний хажууд байгаа тавиур дээр байгаа шар өнгийн иштэй хутгаар хутгалсан гэж заахаар нь тэр хутгыг нь харахад шар өнгийн ясан мэт иштэй хутга байсан. Ингээд би хэргийн газрын хамгаалалт аваад цагдаагийн жижүүртээ станцаар мэдэгдэж жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнийг яаралтай ирүүлэх талаар мэдэгдэж удалгүй цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ирж хэргийн газрын үзлэг хийж эхэлсэн тул би бүрэлдэхүүнд ажиллаж байгаа хүмүүст хэргийн газрыг болон ******* ыг хутгалсан гэх ******* гэх эмэгтэйгийн хамт хүлээлгэж өгөөд дараагийн дуудлагандаа явсан юм гэх мэдүүлэг /хх 25/,
Гэрч ******* өгсөн: Намайг ******* гэдэг зочид буудалд ресепшнээр ажилд орсноос хойш М.******* ыг таньж мэддэг болсон. Энэ эмэгтэй байнгын өвчин хэлж яриад архи дарс уучихсан ирээд миний ажилладаг зочид буудлуудаар орж гараад хоног төөрүүлж явдаг. ...байнгын архи уучихсан орж гараад явдаг гэх мэдүүлэг /хх 27-28/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 4 дүгээр сарын сарын 13-ны өдрийн 440 дугаартай дүгнэлт:
“1.******* ын биед хэвлийн хөндийд нэвтэрч сэмж, бүдүүн гэдсийг гэмтээн хэвлийн хөндийд цусан хураа үүсгэсэн шарх тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. 4.******* ад учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэжээ /хх 112/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-11/, улбар шар өнгийн футболка, шар иштэй хутга, цагаан өнгийн дугуй наалдамхай зүйл /скоч/ зэргийг эд мөрийн баримтаар хурааан авсан тухай мөрдөгчийн 2018.6.11-ний өдрийн тогтоол /хх 12/, ******* ын өвчний түүх, эмийн хуудас, мэс ажилбар хийлгэх зөвшөөрлийн хуудас /хх 32-110/, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний 4980 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 119/, 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 3335 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 122/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогч ******* ын мөрдөн байцаалтад өгсөн “******* гэж эмэгтэйд гомдол санал гээд байх зүйлгүй. Би түүнээс нэхэмжилж авах юм байхгүй“ гэх мэдүүлгээр /хх 18/ шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 134, 135 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* д ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хяналт тогтоон, тэнссэн 1 жилийн хугацаанд зан үйлээ засаж, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн улбар шар өнгийн футболка, шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, скоч зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгий хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* д ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3, 4-т заасныг баримтлан шүүгдэгч ******* д тэнссэн 1 жилийн хугацаанд зан үйлээ засаж, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн футболка, шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, скоч 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ