Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/38

 

2025/ДШМ/38

 

 

        

М.Жд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор: М.Гансүх

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Мөнх-Эрдэнэ

            Шүүгдэгч: М.Ж

            Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Ж гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч М.Жд холбогдох 2412002320082 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.    

     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 190 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, 0 настай, эмэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, нөхөр, 0 хүүхдийн хамт А аймгийн Э сумын 0 дүгээр баг Б хорооллын 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Мын Ж/РД:0000/

 

Шүүгдэгч М.Ж нь А аймагт үйл ажиллагаа явуулдаг Б ХХК-ны худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 01-ны хооронд итгэмжлэн хариуцуулсан барааны мөнгийг өөрийн мэдэлд шилжүүлэн авч захиран зарцуулж, хохирогч Б ХХК-д 36.140.335 төгрөгийн хохирол учруулсан хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 А аймгийн Прокурорын газраас М.Жд холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Б овогт Мын Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жыг 6/зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух А аймгийн Э сумын нутаг дэвсгэрээс явахыг 6/зургаа/ сарын хугацаанд хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч М.Жас 7,000,000/долоон сая/ төгрөг гаргуулан хохирогч Б ХХК-д олгож,  Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч М.Ж давж заалдах гомдолдоо ... Миний хувийн байдал ам бүл 4, нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр Зам тээврийн хөгжлийн төвд төлбөр хураагчаар ээлжийн ажил хийж 24 цаг гарч 72 цаг амардаг бөгөөд амрах хугацаанд хот хооронд жижиг оврын ачааны машинаар тээвэр хийдэг, үүнд миний бие ачаа, тээш олох, бүртгэж авах, хөтлөх, хаягаар очиж авах, хот хооронд тээврийн хэрэгсэл ээлжлэн жолоодох зэргээр хамтран хөдөлмөрлөж, орлого олж амьдралын хэрэгцээгээ хангах, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлж дуусгахад шүүгдэгч надад хүлээлгэсэн зорчих эрхийг хязгаарлах ял хүндрэл үүсгээд байна. Миний бие хохирлоо сайн дураараа төлж барагдуулж байгаа, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Энэ гомдлоор дамжуулан байгууллагын удирдлага, ажилчдаас уучлал хүсэж байна. Иймд  А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү ... гэжээ.

 

            Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Шүүгдэгч М.Ж хувьд хохирлын дийлэнх хувийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 7 сая төгрөгийг төлөх эх үүсвэрийг сонслоо хохирогчийн гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хариуцлага өөрчлөх боломжтой ... гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М давж заалдах шатны шүүх хуралд гаргасан саналдаа ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйл 1 дэх хэсгийн аль нэгийг хэрэглээд өгөөч гэсэн саналтай байна ... гэв.

 

Шүүгдэгч М.Ж давж заалдах шатны шүүх хуралд гаргасан тайлбартаа ... Зорчих эрх хязгаарлах ялаа торгуулийн ялаар сольж өгнө үү. Би хоёр удаа жирэмсэн байж байгаад зулбасан. Сэтгэл санаа тайван бус байхаар ийм явдал болсон. Манай нөхөр ээлжийн ажилтай байдаг. Ажлаасаа буугаад бид хоёр тээвэрт явж хүний бараа, дайвар авч мөнгө олдог. Үлдэгдэл 7 сая төгрөгөө хурдан олоод өр төлбөргүй болохгүй бол сэтгэл санаа тайван бус маш их хэцүү байна. Иймд зорчих эрх хязгаарлах ялыг торгуулийн ялаар солиод өгнө үү ... гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад  шүүгдэгч  М.Ж нь А аймагт үйл ажиллагаа явуулдаг Б ХХК-ны худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 01-ны хооронд итгэмжлэн хариуцуулсан барааны мөнгийг өөрийн мэдэлд шилжүүлэн авч захиран зарцуулж, хохирогч Б ХХК-д 36.140.335 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батдуламын ... Би “Донгой буян дэлгэрэх” дэлгүүрээс “2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн актыг явуулахад тухайн тооцоо нийлсэн акт дээр 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 6.709.120 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр авсан барааны үнийг бэлэн өгсөн” гэж тухайн акт дээр бичсэн байхаар нь гар утсаар холбогдож асуухад өгсөн талаар хэлэхээр нь М.Жтай уулзаж асуухад “тиймээ би авсан” гэж хэлсэн. Тэгээд 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр М.Жтай уулзаж өөрөөр нь байгууллагад учирсан хохирлыг төлж барагдуулах талаар бичгээр 2024 оны 04 дүгэр сарын 25-ны дотор төлж барагдуулахаар болсон. Тэрнээс хойш болон өмнө асуудлууд нь гарч ирсэн бөгөөд одоогийн байдлаар 35,561,985 төгрөгийн харилцагчийн тооцоо хувьдаа авч ашигласан. Үүнээс 2024 оны 4 дүгээр сараас 05 дугаар саруудын М.Ж цалин болох 3.658.487 төгрөгийг хасаж 31.903.498 төгрөгийн харилцагчийн тооцоон дээр гарын үсэг М.Ж хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Үүний дараа хагас жилийн санхүүгийн тайлан тооцоог гаргахаар харилцагч нараас тооцоо нэхэмжлэхэд дахин М.Жтай тооцоо хийсэн талаар харилцагч хэлэхээр би М.Жыг утсаар дуудаж уулзсан. Мөн дансны хуулгаар нь тооцоог авсан талаар харагдаж байсан. Тэгэхэд М.Ж тухайн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй тооцоо дууссан байгаа гэж хэлж байсан. Тэрнээс хойш гар утсаа авахгүй манай байгууллагад мөнгө хийсэн зүйл ч байхгүй байна ... гэсэн мэдүүлэг, гэрч М.Хийн ... 2024 оны хавар Б нээлт дээр худалдааны төлөөлөгчөөр дамжуулан барааг хүргүүлэн авах боломжтой гэхээр нь би 2 удаа бараа хүргэлтээр авсан юм. Тэрнээс бол би өөрөө аймаг явж бараагаа худалдан авч байсан. Б ХХК-ны нягтлан бодогч нь гээд нэг эмэгтэй залгаад асууж байсан тэгэхээр нь би бэлэн өгсөн талаар хэлэхэд тэрнээс хойш над руу залгаагүй ... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Гийн ... Би өнгөрсөн хавраас хойш худалдан авалт хийдэг байсан бөгөөд худалдан авалтын өртгийг дансаар болон бэлэн мөнгөөр хийдэг байсан бөгөөд М.Ж бичиж өгсөн хувийн дансанд шилжүүлж байсан одоо бодоход өөрийн хувь дансыг өгдөг байсан юм билээ ... гэсэн мэдүүлэг, гэрч Л.Зын ... 2023 оны зун 06, 07 сарын үеэр тус хүнээр дамжуулан Б ХХК-аас 2-3 удаа бараа бүтээгдэхүүн худалдан авч байсан. Би байнга дансаар шилжүүлж байсан. 2023 онд нэг удаагийн хүргэлтээр би төлбөрөө зээлээр биш бэлэн төлөхөөр болтол М.Ж нь "тэгвэл энэ данс руу шилжүүлчих гэсэн ба уг данс нь хувийн буюу М.Ж өөрийнх нь данс байсан тухайн данс руу 7 сая гаруй төгрөг шилжүүлж байсан санагдаж байна. Надаас 2 удаа мөнгө зээлээч гэж гуйж байсан. Би түүнд мөнгө зээлээгүй. Нэг удаа Б ХХК-аас над руу залгаад та тооцоогоо хийгээч гэхээр нь би юу яриад байгаа юм тухайн үед нь тооцоогоо хийчихсэн ш дээ гэж хэлсэн. Дараа нь М.Ж над руу залгаад та энэ сардаа багтаагаад тооцоогоо хийчихнэ гэж хэлээд өгөөч тэгэх үү гэхээр нь би "чамтай нийлж худлаа хэлэхгүй" гэж хэлж байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч С.Пүрэвдоржийн ... Харин нэг удаа 2024 оны 4 сард санагдаж байна М.Ж нь өөрийнхөө данс руу 3 сая гаруй төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс өөр бол өөрийн данс руугаа авч байгаагүй. Тэгээд манай байгууллагын нярав байхгүй байгаа миний данс руу хийчих гэхээр нь би М.Ж данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд өөрөө би маргааш өглөө няравт өгнө гэж байсан ... гэсэн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээчин А.Бын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 73  дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч М.Ж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд  үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.

 

  Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

 

 Мөн анхан шатны шүүх хэрэгт цугларсан хохиролтой холбоотой баримт, шинжээчийн дүгнэлт зэргийг зөв дүгнэж хохирлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ ... гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тхайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ... гэж шүүхийн эрх хэмжээг хуульчилжээ.

 

Шүүгдэгч М. Жд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь хөнгөн гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч М.Ж нь хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо ихэнх хэсгийг төлж, үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлсэн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Иймд. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.  

 

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч М.Жыг 2 жилийн хугацаагаар тэнссүгэй гэж, 3 дахь заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй гэж, 4 дэх заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалт зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй гэж тус тус өөрчилж, тогтоох хэсэгт 41 шүүгдэгчид хяналт тавих үүргийг А аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж нэмж,  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                            ШҮҮГЧИД                                       Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                     Ч.ЭНХТӨР