Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 241

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Хохирогч П.Баярмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Г.Мөнхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны тахимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Халиугчин Ганболдын Мөнхболдод холбогдох эрүүгийн 1818003740247 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Халиугчин Ганболдын Мөнхболд, 1985 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, ам бүл ганцаараа, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 18 дугаар байрны 57 тоотод оршин суух, Дархан Төмөрлөгийн үйлдвэрт кранист  ажилтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ТА85092071 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Г.Мөнхболд нь 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг Залуучууд театрын урд талбай дээр хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн харилцаа хамааралтай хүн болох П.Баярмаатай маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 6 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 39 дүгээр байрны 118 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн харилцан хамааралтай хүн болох П.Баярмаатай маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Мөнхболд нь 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг Залуучууд театрын урд талбай дээр хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн харилцаа хамааралтай хүн болох эхнэр П.Баярмаатай маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд тархи доргилт, зүүн гарын шуун дахь цус хуралт бүхий хөнгөн хохирол,

2018 оны 6 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 39 дүгээр байрны 118 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн харилцан хамааралтай хүн болох эхнэр П.Баярмаатай маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн гарын шуун дахь цус хуралт, хамар ясны битүү хугарал, баруун 8 дугаар хавирганы цууралт, хамар, баруун бугалга, зүүн шуу, зүүн гуяны цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

   Шүүгдэгч Г.Мөнхболдын өгсөн: Баярмаа бид хоёр 2009 оноос 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гэр бүл байсан. Одоо гэрлэлтээ цуцлуулсан. 2018 оны 6 дугаар сарын 08-ны орой гадуур ажлынхаа хүмүүстэй пиво ууж явж байгаад гэрийнхээ гадаа ирээд Баярмаа руу залгаад чи гэртээ ирэх юмуу гэхэд очино гэсэн. Тэгэхээр нь би ирэхдээ хоёр хүйтэн пиво аваад ирээрэй гэсэн. Баярмаа 3 шил Сэнгүр нэртэй пиво авчраад би хоёр шилийг нь уугаад Баярмаа нэг шилийг нь уугаад бид хоёр дэрээр нэгнийгээ цохиж тоглож байгаад санамсаргүй Баярмаагийн  хамар луу цохисон. Тэгсэн чинь хөхрөөд хавдчихсан байсан,

2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр охин Анужин Залуучууд театр дээр тэмцээнд оролцсон. Охины бүжгийн гутал урагдчихсан байхаар нь солихоор болоод машин дээр очоод пүүзийг нь аваад өмсүүлэх гэхэд халуун машин дотор суулгах гэлээ чиний ямбий халуун машинаас дээр гээд охиныг халуун сандал дээр суулгачхаад пүүзийг нь надаас шүүрч аваад намайг зайл гээд охины гутлыг өмсүүлэх гээд хагас суусан байхаар нь зэрэгцэж суухдаа мөрөөрөө мөрний орчим нь түлхэхэд бөгсөөрөө газар суугаад хойшоо налаад уначихсан гэх мэдүүлэг,  

 

            Хохирогч П.Баярмаагийн өгсөн: 2018 оны 5  дугаар сарын 06-ны өдөр 16:40 цагийн үед Дархан сумын 14-р баг Залуучууд театрын гадна охин Анужин тэмцээнд оролцоод гадаа тоглож байхдаа бүжгийн гутал нь урагдчихсан байсан. Тэгээд Мөнхболд машин дотор гутлыг нь өмсүүлэнэ гээд би халуун байна гадаа суулгаж байгаад гутлыг нь өмсгөнө гээд тонгойгоод гутлыг нь тайлаад байж байхад над руу хүрч ирээд чамд ямар хамаатай юм гээд миний мөр рүү хамаг хүчээрээ мөргөхөд нь би хойшоогоо савж унахдаа дагзаараа газар мөргөсөн. Би босож ирээд чи яаж байгаа юм бэ гэхэд охин бид хоёрт чиний хэрэг байхгүй болсон гэсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгөөд эмнэлэгт үзүүлчихээд ирсэн.

            2018 оны 6 дугаар сарын 08-ны шөнө 23:30 цагийн орчим Мөнхболд охин гэртээ байна, чамайг асуугаад байна, охинтойгоо нэг уулзчих, гэртээ хүрээд ир гэсэн. Тэгээд намайг яваад очиход Мөнхболд байрны гадаа орцны үүдэнд согтуу сууж байсан. Мөнхболдтой гэртээ ороход гэрт охин байгаагүй. Мөнхболд -чи өчигдөр намайг ярихад хуучин Дарханд байна гэсэн мөртлөө гэртээ 7 минутын дараа ирсэн. Чи хэнээр хүргүүлж ирсэн гэж асуухаар нь би таксинд суугаад ирсэн гэж хэлэхэд чи худлаа яриад байна чамайг хүргэж ирсэн хүнийг чинь олж байгаад ална гэж хэлээд ингээд бид хоёр маргаж эхэлсэн. Мөнхболд миний нүүр рүү дэрээр цохиод нүүрэн дээр дэрээр дараад байхаар нь Мөнхболдыг гараараа саваад миний нүүр лүү цохисон. Тэгэхэд миний хамарнаас цус гараад хамар хөхрөөд хавдаад эхэлсэн чинь Мөнхболд би албаар цохиогүй шүү гээд хамар дээр хүйтэн жин тавиад надаас уучлалт гуйсан. Тэгээд би өглөө эрт Улаанбаатар хот явсан. Улаанбаатар хотод байхад миний хавирга болон ер нь бүх бие хөндүүрлээд байхаар нь цээжний зураг авхуулахад баруун 8-р хавирга хугарсан байсан бөгөөд хамарны зургаа авхуулсан чинь хамар хугарсан байсан.

            Мөнхболд бид хоёр гэр бүл болоод 9 жил болж байна. Намайг урьд нь зодож байсан. Одоо бид гэрлэлтээ цуцлуулсан. Би хамраа эмчлүүлээгүй байгаа наадмын дараа эмчилгээ хийлгэхээр тохиролцсон гэх мэдүүлэг,

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

            Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 508 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.П.Баярмаагийн биед тархи доргилт, зүүн гарын шуун дахь цус хуралт тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.П.Баярмаад учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх 15/,

 

            Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 652 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.П.Баярмаагийн биед хамар ясны битүү хугарал, баруун 8 дугаар хавирганы цууралт, хамар, баруун бугалга, зүүн шуу, зүүн гуяны цус хуралттай тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх 66/,

 

Шинжээч Д.Туяагийн өгсөн: П.Баярмаагийн биед үүссэн тархи доргилт, зүүн гарын шуун дахь цус хуралтын гэмтэл нь хэрэг болсон хугацаа буюу 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчим үүссэн байх боломжтой гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

 

            Аюулын зэргийн үнэлгээ /хх 30-31/, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 726 дугаар шийдвэр /хх 74-76/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Г.Мөнхболд нь эхнэр П.Баярмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 "эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээд хамаарна", 6 дугаар зүйлийн 6.1.1 "бие махбодын хүчирхийлэл"-т заасан хуулийн үйлчлэлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн" гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Хавтаст хэргийн 28, 83-р хуудсанд авагдсан хохирогч П.Баярмаагийн "Г.Мөнхболд бид хоёр эвлэрсэн. Надад ямар нэг гомдол санал байхгүй тул хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү" гэх хүсэлтээр шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэн, хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн "хамар ясны битүү хугарлаа эмчлүүлээгүй байгаа наадмын дараа эмчлүүлнэ" гэх мэдүүлгээр эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Г.Мөнхболд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Г.Мөнхболдод ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Прокурор шүүгдэгч Г.Мөнхболдыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4-т заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал оруулж ирсэн байна.

Шүүх шүүгдэгч Г.Мөнхболдод торгох ял оногдуулах боломжгүй гэж үзлээ. Шүүгдэгч нь Г.Мөнхболд 2 удаагийн үйлдлээр эхнэр Баярмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгаагүй, шүүгдэгч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: хүний эрүүл мэндэд хохирол учруулахдаа санамсаргүй байдлаар учруулсан гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн нь шүүгдэгч Г.Мөнхболдыг үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй байх тул эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Халиугчин Ганболдын Мөнхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.Мөнхболдыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.Мөнхболдод оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Мөнхболд нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.  

             

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6.Хохирогч П.Баярмаа нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мөнхболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.БАТЖАРГАЛ