| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2410037381369 |
| Дугаар | 2025/ДШМ/767 |
| Огноо | 2025-06-19 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Е.Хулан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/767
2025 06 19 2025/ДШМ/767
М.Од холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Е.Хулан,
шүүгдэгч М.Оын өмгөөлөгч Э.Эрдэнэбулган,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/959 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулганы гаргасан давж заалдах гомдлоор М.Од холбогдох эрүүгийн 2410037381369 дүгээр хэргийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овгийн М.О, **** оны * дугаар сарын **-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ариутгалын ажил хийдэг, ам бүл *, эцэг, эх, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, *** Рашаант хотхон, * дүгээр хэсгийн **-** тоотод оршин суух хаягтай, /РД:**0000000/;
Шүүгдэгч М.О нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өвөр Зайсангийн ам /Күйветийн ам/ гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал болох хуш модны самарыг үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нийт 2433 кг хуш модны самарыг худалдан авч, хадгалсан, 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өвөр Зайсангийн ам /Күйветийн ам/ гэх газраас Өлзийтийн шалган нэвтрүүлэх цэг хүртэл “Бонго-3” маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслээр 1143 кг хуш модны самарыг тээвэрлэж, байгаль экологи, ургамлын аймагт нийт 1.704.283.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас М.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М.Оыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үр эрхтэнийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Од оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Од оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухайн шүүгчийн захирамж гаргахыг шүүгдэгч М.Од мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч М.Од мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвд хадгалагдаж байгаа 2433 килограмм Сибирь хушны үр самарыг зохих журмын дагуу худалдан борлуулж, үнийг Байгаль орчин уур амьсгалын санд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь Байгал орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 1009000013040 тоот дансанд 2.000.000 төгрөг шилжүүлж нөхөн төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч М.Оаас 1.702.283.500 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оаас Kia Bongo-3 маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 7.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, шүүгдэгч М.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулган давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүх М.Оыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үр эрхтнийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Оаас 1.702.283.500 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уурь амьсгалын санд олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.
Учир нь, М.Оын тээвэрлэсэн, хадгалсан хуш модны самрыг Цагдаагийн байгууллага хураан авч шинжилгээ хийлгэсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2995 дугаар шинжээчийн дүгнэлтийн 4-т “...таримал эсвэл байгалийн ургамал аль нь болохыг тогтоох боломжгүй”, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2885 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 3-т “...Хуш модны самар нь таримал эсвэл байгалийн зэрлэг ургамал болохыг тодорхойлох боломжгүй” гэж тус тус дүгнэсэн. Үүнээс гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Оын хадгалсан, тээвэрлэсэн хуш модны самрыг хаанаас, хэдийд түүсэн болохыг тогтоох ажиллагаа хийгдээгүй. М.Оын тээвэрлэсэн, хадгалсан хуш модны самрыг байгалиас түүсэн гэдгийг нотлоогүй, хаанаас түүснийг тогтоогоогүй байхад Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнээс хохирол гаргуулж шийдвэрлэсэн нь буруу юм.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, М.Оаас хураан авсан хуш модны самрын зах зээлийн үнэлгээгээр түүнээс хохирол гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү…” гэв.
Прокурор Е.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд томилолтоор оролцож байна. Хэргийн материалтай танилцах боломж байгаагүй. Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолтой танилцсан. Шүүх шинжилгээний ерөнхий газрын хоёр шинжээчийн дүгнэлт гарсан байна. Уг 2 дүгнэлтэд хор уршгийн хэмжээг тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцох гэж заасны дагуу шүүгдэгч М.Оаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Сибир хуш нь хуульд зааснаар ойн дагалдах баялагт хамаардаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.О нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өвөр Зайсангийн ам /Күйветийн ам/ гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал болох хуш модны самарыг үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нийт 2433 кг хуш модны самарыг худалдан авч, хадгалсан, 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өвөр Зайсангийн ам /Күйветийн ам/ гэх газраас Өлзийтийн шалган нэвтрүүлэх цэг хүртэл “Бонго-3” маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслээр 1143 кг хуш модны самарыг тээвэрлэж, байгаль экологи, ургамлын аймагт нийт 240.623.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Байгаль орчин уур амьсгалын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилын “... тухайн жилд бүс нутгийн хуш модны самрын ургацын байдалд дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх эсэхийг тогтоож өгдөг. ... Энэ жилийн хувьд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/723 тоот тушаалаар иргэнд зөвшөөрсөн хэмжээгээр түүж бэлтгэхээр болсон байдаг. Байгалын ургамлын тухай хуульд “Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д Сибирь хуш нь багтсан байдаг. Энэ ургамал нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол оронд ургадаггүй. Уг ургамлын үр идээ болох хуш модны самар нь ч мөн адил Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан. Хуш модны самарны үнэлгээг 2022 оны 12 сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн байна. Хуулийн дагуу хохирлыг барагдуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд хийлгүүлж шийдвэрлүүлэх болно. … Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ажуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар эохицуулсан байдаг.
... Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой байдаг. ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/450дугаар тушаалын хавсралтаар баталсан Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд зааснаар хуш модны үр идээ болох самрыг тухайн жилийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх боломжтой. Гэвч тухайн жилд бүс нутгийн хуш модны самрын ургацын байдалд дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх эсэхийг тогтоож өгдөг. Нийслэлийн ногоон бүсээс хувь хүн ахуйн хэрэгцээнд самар бэлтгэхийг хориглосон учраас Ойн дагалт баялаг бэлтгэх зөвшөөрлийг олгохгүй байгаа. ...Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжилнэ. 176.600x5x1290=1.139.070.000 төгрөгийг нэхэмжилж байна” /1хх 53-54, 234-236, 2хх 61/,
иргэний нэхэмжлэгч Д.Ц “...Бонго-3 маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би Төв аймгийн Лүн сумын малчин танил дүү Мөнхбаатараас худалдан авч байсан. Тухайн үед 4.5 сая төгрөгөөр бэлэн өгөөд машиныг авсан, харин нэр дээрээ шилжүүлж авч чадахгүй байна. Бид хоёр өөр суманд байдаг малчин хүмүүс болохоор нэр дээрээ шилжүүлж чадаагүй байна. Би 9 дүгээр сарын 7-ны өдөр машинаа Мөнхзулд өгсөн. Миний машиныг Мөнхзул мал ачих, малд очих хэрэгтэй болсон үедээ хааяа гуйж аваад буцаагаад өгөөд байдаг. Тэр өдөр буюу 9 сарын 7-ны өдөр надаас машинаа өгөөч, юм ачаад буулгаад маргааш өгье гэж хэлээд Мөнхзул аваад явсан. ...” /1хх 58-59/,
гэрч Т.Цийн “2024 оны 9 дүгээр сарын 08-ны өглөө гэртээ унтаж байхад 05:00 цагийн орчим зүс таних Чимэдлхам 8056хххх утаснаас 9915хххх дугаар руу залгаад эхнэрийн машин нь Төв аймгийн зам дээр дугуй нь хагарсан, машин нь асахгүй болчихсон гэнээ, чи очоод асаагаад, янзлаад өгөөч, би өөрөө хол байгаад байна, надад эхнэр дээр очих машин алга байна гэсэн. Тэгээд замын унаагаар Төв аймгийн наад талд байх давааны доор очсон чинь **-** улсын дугаартай цагаан өнгийн, Бонго Жи-3 маркийн бүхээгтэй машины хойд талын дугуй нь хагарсан, эхнэр нь ганцаараа байсан. Би очоод дугуйг нь сольж өгөөд машиныг нь асаагаад Улаанбаатар хот руу найзын эхнэр Мөнхзултай явж байгаад Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах пост дээр цагдаа шалгасан. Машинд 38 ууттай самар ачсан байсан учраас саатуулаад, цагдаагийн хэлтэс дээр ирсэн. …” /1хх 11-12/,
гэрч Х.Чын “…Тухайн үед миний хадам дүү М.О зөвшөөрөлгүй самар худалдаж аваад эхнэр бид хоёрын таньдаг Цэдэндамбын Бонго 3 маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж яваад Хан-Уул дүүргийн Өлзийтийн постоор орж байгаад саатуулагдсан байсан. М.О наймаа хийнэ гээд эхнэрээс мөнгө авсан байна лээ, тэгээд эхнэр Мөнхзулаас ачаа ачих машин олоод өгөөч гээд гуйгаад байхаар нь мал хааяа зардаг, танидаг Цэдэндамба ахын Бонго 3 маркийн машиныг түрээс байдлаар аваад М.Од хүргэж өгсөн байсан. М.О уг машиныг унаж самар ачаад Өлзийтийн постоор орж ирэхдээ 2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр баригдаж Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст саатуулагдсан. Энэ талаар хадам дүү М.О надтай ярьж “би таныг миний нөхөр гээд хэлээд таны дугаар өгсөн байгаа, та самар би авхуулсан, миний машин гэж хэлээд тэр түрээсийн машиныг аваад өгөх хэрэгтэй байна” гэж над руу 9 сарын 13-ны өдөр яриад гуйгаад байхаар нь би Цэдэндамба ахын машиныг нь авч өгөхгүй бол болохгүй байх гэж бодоод Хан-Уул дүүргийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид байцаалт өгөөд машинаа аваад баталгаа бичиж өгөөд Цэдэндамба ахын Бонго 3 маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь унаж хүргэж өгсөн. ...” /1хх 17-18, 66-67/,
гэрч М.Мын “…Дүү М.О 2024 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр над руу залгаад “та юм ачихаар тэвштэй машин олоод өгөөч” гэхээр нь би танил Цэдэндамба ах руу яриад “та Бонго 3 машинаа надад өгөөч, юм ачаад өгье” гэж гуйж авсан. Тэгээд М.О руу залгаад машин олчихлоо гэхэд та наадах машинаа хүргээд өгөөч, Богд уулын Куветын амны ойролцоо хүрээд ир гэхээр нь би жолоодож очоод Богд уулын баруун талд Куветын амны ойролцоо ирэхэд М.О зогсож байсан. Тэгээд би эндээс юм ачих юм гэж хэлээд машин аваад явсан. Би машинаас буугаад замын унаанд суугаад хот руу орж харьсан. Би юу ачих гэж байгаа талаар асуугаагүй” /1хх 68-69/,
гэрч Б.Аын “…миний бие тухайн өдөр томилгооны дагуу Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Түргэний гол дахь Өлзийт шалган нэвтрүүлэх пост дээр эргүүл, хяналт, шалгалтын чиглэлээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байхад 11 цаг 30 минутын үед Бонго-3 маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад зөвшөөрөлгүй 38 шуудай цайруулсан самар тээвэрлэсэн байсан ба Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож байсан хүн нь эрэгтэй хүн байсан ба хажууд нь нэг эмэгтэй хүн самрын эзэн нь гээд явж байсан. …” /2хх 64-65/,
шүүгдэгч М.Оын яллагдагчаар өгсөн “…Миний бие сүүлд гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Төрсөн эгчээсээ 22 сая төгрөг бэлнээр зээлж Богд уулын баруун тал Куйветийн амны дээд хэсэгт 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр майхан саваа аваад ганцаараа гараад тэндээ Богд ууланд самар түүж байгаа хүмүүсээс 1 кг цайруулсан самрыг 5000-5500 төгрөгийн хооронд худалдаж авсан. Ойролцоогоор 65 шуудай 2 тонн 400 кг цайруулсан самар бөөгнүүлж байгаад 2024 оны 09 дүгээр сарын 07-ны орой эгч Мөнхзулаас түрээсийн тэвштэй машин олоод өгөөч гэж гуйгаад тэр өдөр **-** улсын дугаартай Бонго-3 маркийн машиныг өдрийн 200 мянган төгрөгөөр түрээслэж авсан гээд Мөнхзул эгч над руу дөхүүлэхээр болсон. Би уг самар авч байсан газартаа 65 шуудай самраа түр үлдээгээд уулнаас доош бууж замын унаад суугаад Куветийн амны ойролцоо эгч Мөнхзул машин унаж ирээд надад **-** улсын дугаартай “Бонго-3” маркийн цагаан өнгийн машиныг өгсөн. Би дээш машинаа унаад самар авсан газартаа очоод самар түүж байгаа 5 залуучуудаар 38 шуудай самар ачуулаад тэр орой Улаанбаатар хот руу орохоор хөдөлсөн. Тэгээд шөнө Куветийн амнаас доош засмал зам руу дөхөж байхад миний машин хойд дугуй хагарч хийгүй болсон тул тусламж гуйж эгч Мөнхзул руу шөнө дунд залгахад би нэг хүнтэй яриад явуулъя гэж хэлсэн. Тэгээд тэр шөнө нөгөө хүн нь утсаа авахгүй байна, утсаа авахаар чам руу явуулъя гэж хэлсэн. Гэтэл өглөө 8 цагийн үед эгчийн найз миний зүс таних Цэнд-Аюуш гэх хүн ирсэн. Тэгээд миний машины арын дугуйг тайлж запас дугуй хийгээд Цэнд-Аюуш ах жолоодоод хөдөлсөн. Хэсэг явж байгаад Өлзийтийн пост дээр ирэхэд цагдаа нар зогсоож шалгаад надаас самар тээвэрлэх тусгай зөвшөөрөл байгаа эсэхийг асуухад би байхгүй гэдгээ хэлэхэд саатуулж Хан-Уул дүүргийн 2 дугаар хэлтэст авч ирж машинтай нь хураасан. Тэгээд маргааш нь ачсан самрыг машинаас буулгаад хэмжиж жинлээд самрыг хураасан. ...Ер нь бол тухайн газарт худалдан авсан самар маань нийт 65 шуудайнд 2 тонн 433 кг болсон байна лээ. Учир нь, би самраа хоёр хувааж хот руу оруулах гэж байгаад цагдаад баригдсан ба анхны 38 шуудай самрыг жинлэж үзэхэд 1143 кг болсон. Харин дараагийн 27 шуудай самрыг мөрдөгч Алтантулга жинлэж хэмжихэд 1290 кг цайруулсан самар болсон. Самар жинлэж хэмжихэд нь би аль алинд нь хамт байсан. Нийт 2433 кг цайруулсан самар болсон. ...” /1хх 125-128, 172-173/ тус тус мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2995 дугаартай “Шинжлэгдсэн дээж нь Сибирь Хуш-Pinus sibirica-ны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр. Сибирь Хуш-Pinus sibirica нь Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал. “Ойн дагалт баялаг”-т хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь Хуш-Pinus sibirica Du Tour-ийн үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Сибирь Хуш-Pinus sibirica нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн ургамлын аль нь болохыг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 23.93% байх тул нойтон байна. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд чанар байдлаа хурдан алдаж мөөгөнцөртөх, муудах боломжтой. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу самрын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 98.900x1,143кг=113.042.700 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоолж үзэхэд 113.042.700х3=339.128.100 төгрөг байна. “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 113.042.700х5=565.213.500 төгрөг байна” /1хх 75-78/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2885 дугаартай “Шинжилгээнд ирсэн нийлэг ууттай зүйл нь Сибирь нарс (Хуш)- Pinus sibirica Du Tour-ний самар байна. Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс (Хуш)- Pinus sibirica Du Tour самрын түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Сибирь нарс (Хуш)- Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Хуш модны самар нь таримал эсвэл байгалийн зэрлэг ургамал болохыг тодорхойлох боломжгүй. Шинжилгээнд ирсэн самрын дундаж чийг нь 16.6% байх тул хуурай байна. Хуш-(Pinus sibirica Du Tour) модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Тус стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд чанар муудах боломжтой. Стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд жин, хэмжээ, чийгшилд өөрчлөлт орох боломжтой. Хугацааг нь тогтоох боломжгүй. 1 кг хуурай Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 176.600 төгрөг байна. 176.600х1290кг=227.814.000
-1290 кг Хуш модны самрын ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 176.600x5x1290кг=1.139.070.000 төгрөг байна. Ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 176.600хЗх1290кг=683.442.000 төгрөг” /1хх 216-222/ тус тус дүгнэлтүүд,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 6-9, /, эд зүйлд үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 29-39, 191-206/, Хас үнэлгээ ХХК-ийн шинжээчийн тайлангууд “” /1хх 106-110, 95-97/, мөрдөгчийн магадлагаа /1хх 111/, утасны дуудлаганд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 67, 71-79/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /1хх 237-241/, Хаан болон Голомт банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 80, 83, 85-88/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч М.Оыг үргэлжилсэн үйлдлээр “Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үр эрхтэнийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч М.Оын зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал болох хуш модны самарыг үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нийт 2433 кг хуш модны самарыг худалдан авч хадгалсан, 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Өлзийтийн шалган нэвтрүүлэх цэг хүртэл 1143 кг хуш модны самарыг тээвэрлэж, байгаль экологи, ургамлын аймагт нийт 240.623.700 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулган “…хадгалсан, тээвэрлэсэн хуш модны самрыг хаанаас, хэдийд түүсэн болохыг тогтоох ажиллагаа хийгдээгүй, …М.Оын тээвэрлэсэн, хадгалсан хуш модны самрыг байгалиас түүсэн гэдгийг нотлоогүй, хаанаас түүснийг тогтоогоогүй байхад Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнээс хохирол гаргуулж шийдвэрлэсэн нь буруу, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, М.Оаас хураан авсан хуш модны самрын зах зээлийн үнэлгээгээр түүнээс хохирол гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү…” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хууль тогтоогч энэ төрлийн гэмт хэргийн объектив талын шинжийг “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” хэмээн хэлбэрийн бүрэлдэхүүнтэйгээр хуульчилсан тул шүүгдэгч М.Оын хувьд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох хуш модны самрыг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч М.Оын анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал, бага насны хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Од оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан нь үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 94-64 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 7.000.000 төгрөгийг түүнээс гаргуулж, улсын орлого болгох, мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2433 кг Сибирь хушны үр самарыг худалдан борлуулж олсон орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан нь хуульд нийцжээ.
Хууль тогтоогч байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулахдаа экологи–эдийн засгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу өсгөн нэмэгдүүлж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлнэ.
Гэтэл анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасныг баримтлан шүүгдэгчээс нийт 1.704.283.500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.
Суурь хуулийн хэм хэмжээнд тулгуурлан байгалийн тодорхой төрлийн объектод хамаарах харилцааг холбогдох салбар хууль, эрх зүйн бусад актуудаар нарийвчлан зохицуулдаг онцлогтой.
Тухайлбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “ургамал” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, доод ургамал хамаарна.
Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн:
1/ “байгалийн ургамал” гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйл ургамлыг;
2/ “байгалийн ургамлын нөөц” гэж тухайн зүйл ургамлын тархац нутаг дахь нийт хэмжээг тус тус ойлгохыг зааснаас гадна мөн хуулийн 3 дугаар зүйлд ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан нэн ховор, ховор, элбэг гэж ангилсан бөгөөд ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг ойлгохоор хуульчилжээ.
Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-ын 355-д “Нарсны төрлийн модны үр” гэж заасан бөгөөд тус тогтоолд 2015 оны 410 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулахдаа “Нарсны төрлийн модны үр” /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/ буюу сибирь хушны үр, идээг ховор ургамалд хамааруулсан байна.
Ойн тухай хууль нь Монгол Улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн:
3.1.1. “ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг;
3.1.2. “ойн сан” гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг;
3.1.11. “ойн баялаг” гэж ойн модны нөөц, түүний дагалт баялгийн нөөцийг;
3.1.12. “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар ... зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг” гэсэн хуулийн нэр томьёог тус тус хуульчилснаас үзэхэд Сибирь хушны үр идээ /самар/ нь ойн дагалт баялаг мөн боловч хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж буй ховор ургамалд давхар хамаарч байна.
Ойн тухай хуулиар тухайн байгалийн ургамлууд ургаж буй ойн бүсчлэлийг тогтоож улмаар тус бүcчлэлийн хүрээнд ургамлуудыг хэрэглээнийх нь шинж чанараар мод ба бусад дагалдах баялаг хэмээн зөвхөн ойн баялгийн нөөцийг ерөнхийлсөн байдлаар тодорхойлсон байх тул дээрх хууль тогтоомжуудын хооронд зөрчилдөөн байхгүй гэж үзнэ.
Байгалийн ургамлын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалын хавсралтаар Сибирь хушны нэг килограмм самрын экологи, эдийн засгийн үнэлгээг 98.900 төгрөгөөр тогтоосон болно.
Анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд, шүүгдэгч М.О өөрөө 2433 кг Сибирь хушны үр идээ /самар/-ыг ойгоос хууль бусаар түүж бэлтгэсэн үйл баримт тогтоогдоогүй, харин бусдад зарж борлуулах зорилгоор Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өвөр Зайсангийн ам /Күйветийн ам/ гэх газраас самар зарж буй хүмүүсээс худалдан авч, хадгалж, тээвэрлэсэн үйлдэлд гэм буруутайд тооцогдсон байхад түүний үйлдлийг хууль бусаар ойгоос самар түүж бэлтгэсэн үйлдэлтэй адилтган үзэж, түүний дээрх үйлдлийн улмаас ургамлын аймагт 1.704.283.500 төгрөгийн хохирол учирсан гэж экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин өсгөн нэмэгдүүлж дүгнэсэн хэсэг нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Хууль тогтоогч Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж хуульчлан заасан бол “Байгаль орчныг хамгаалах тухай хууль” болон ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан “Байгалийн ургамлын тухай” хуульд ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлийг тухайн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж ургамлын аймаг, эсхүл ойн санд шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэх, улмаар тухайн ургамлыг худалдан авсан хүнээс уг ургамлын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлүүлэх агуулга бүхий заалт байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч М.Оын үйлдсэн гэмт хэргийн хохирлын хэмжээг 2433х98.900=240.623.700 төгрөгөөр тооцож, уг үнийн дүнгээс шүүгдэгчийн төлсөн 2.000.000 төгрөгийг хасаж, зөрүү 238.623.700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулганы гаргасан “…М.Оаас хураан авсан хуш модны самрын зах зээлийн үнэлгээгээр түүнээс хохирол гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү…” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/959 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
8 дахь заалтын “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь Байгал орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 1009000013040 тоот дансанд 2.000.000 төгрөг шилжүүлж нөхөн төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч М.Оаас 1.702.283.500 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.” гэснийг “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь Байгал орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 1009000013040 тоот дансанд 2.000.000 төгрөг шилжүүлж нөхөн төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч М.Оаас 238.623.700 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулганы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР