Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/01769

 

 

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/01769

 

 

Б.Удвалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 31ий өдрийн 182/ШШ2017/01244 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Удвалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Бямбадорж, Б.Бямбасүрэн нарт холбогдох

 

Амралтын газар худалдан авахад зориулсан 10 000 000 төгрөг, ахуйн хэрэглээний материал авахад зарцуулсан 3 000 000 төгрөг, нийт 13 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Хариуцагч Б.Бямбасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бат-Отгон, хариуцагч Б.Бямбасүрэн, өмгөөлөгч Ш.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Удвалын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2014 оны 2 дугаар сард хүргэн ах Б.Бямбасүрэн нөхөр бид хоёртой уулзаад Мойлтын тохойны орчимд амралтын газар байна, хамтарч амралтын газар худалдаж аваад, бүх зардлаа 50х50 хувиар хувааж гаргаад, хамтран эзэмшихээр худалдаж авахаар тохирсон. Б.Бямбасүрэн ах, түүний эхнэр, бид нар Л.Бямбадорж гэдэг хүний амралтын газартай очиж танилцсан. Очиж үзэхэд амралтын газрын хашаа нь маш том, гэртэй байсан. Амралтын газар, гэрүүдийг нь үзээд авахаар тохиролцоод явсан. 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр манай нөхөр утасдсан. Би Налайх дүүрэгт Б.Бямбасүрэн, Л.Бямбадорж нартай хамт байна, амралтын газрын эрхийн бичиг гаргаж өгөхөд 10 000 000 төгрөг өг гэж байна гээд эхлээд 5 000 000 төгрөг шилжүүлчих гээд би 5 000 000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь дахин утастаад 5 000 000 төгрөгийг цаг гаруй зайтай нийт 10 000 000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө өгч авахад нь хамт байсан үгүйг нь хараагүй гэсэн. Газрын асуудал дээр маргаан гарч худалдаж авахаа больсон, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өвчний учир манай нөхөр нас барсан. Энэ хүмүүсээс удаа дараа мөнгөө авахаар утасдаж шаардсан боловч миний мөнгийг өгөөгүй. Би Налайх дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл гаргахад эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй, иргэний журмаар шийдвэрлүүлэх тухай албан бичиг өгсөн. Би амралтын газар худалдаж авахад өгсөн 10 000 000 төгрөг, гэр ахуйн хэрэглэл авахад өгсөн 3 000 000 төгрөгөө нэхэмжилж байна.

Тухайн үед Б.Бямбасүрэн, Л.Бямбадорж нар нь Г.Дашнямын нэр дээр газрын гэрчилгээ гаргана, худалдах, худалдан авах гэрээ хийгдэнэ гэж ойлгуулаад 10 000 000 төгрөгийг авсан байдаг. 10 000 000 төгрөгөөр худалдаж авна гээд шилжүүлсэн. Г.Дашнямын нэр дээр гэрчилгээ гараагүй тул нэхэмжилж байна. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн гэж үзэж байна. Тухайн үед тэгж ойлгуулсан атлаа Г.Дашнямын нэр дээр гэрчилгээг гаргаагүй байдаг.

Гэрийн хувьд манай нөхөр таньдаг хүнээсээ авсан. Гэр авсан хүндээ 1 000 000 төгрөгийг өгсөн. Үлдсэн 500 000 төгрөгийг өгөөгүй байгаа. Хөнжил гудас, гэрийн бүрээс, амралтын газрын ахуйн хэрэглэлүүд авсан. Гэрийн мөнгө бол тусдаа юм. Гэр авахгүй. 3 000 000 төгрөгөө бүтнээр нь авна. Л.Бямбадорж мөнгө өгөхийн хувьд мөнгө өгсөн. Бэлнээр авч өгсөн байхад аваагүй гэж байгааг ойлгохгүй байна. Нөхөр надад хэлэхдээ газрын бичиг гаргах гэж байна, газар томруулна, урьдчилгаа мөнгө өгөх гээд байна гэж хэлсэн" гэжээ.

 

Хариуцагч Л.Бямбадоржийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Би Мөнхөд бадамлах гэдэг амралтын газрыг 2006 онд хамтран эзэмшигч н.Тунгалагийн хамт 15 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалттай байгуулсан. Амралт, сувиллын зориулалттай 2006 онд "Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар 4000 м.кв газар эзэмшүүлэх зөвшөөрөлтэй авсан. Дээр нь 200 м.кв талбайтай барилга барьсан. 7 гэртэй, 40 ортой сувилал байгуулсан. 2013 онд Б.Бямбасүрэн манай амралтад ирж амрахдаа анх танилцсан. Энэ хүний зуслан нь манай амралтын газрын ойролцоо байдаг. Би өөрөө төрийн албанд ажилладаг учир хөрөнгө оруулагч, эзэмшигч байж, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан, зарсан ч яахав гэдэг зүйл яригдсан. 2013 оны өвлөөс худалдаж авах талаар яриа гарч Б.Бямбасүрэн эхнэртэйгээ ажил дээр, манай амралт дээр ирээд худалдаж авахаар ярилцсан. 4 дүгээр сард манай амралтын газрыг Б.Бямбасүрэн, Г.Дашням нар нь үзэж хараад худалдаж авахаар тохирсон. Б.Бямбасүрэнтэй гэрээ байгуулсан. Энэ үед газрыг том гэж худлаа ярьсан зүйл байхгүй. Гэрчилгээн дээр 4000 м.кв гэж байгаа. Газрыг томруулах боломжтой, энэ асуудал дээр тусалъя гэж хэлсэн. Энэ газрыг дүүтэйгээ хамтарч ажиллуулах гэж байгаа гэж хэлж байсан. Гэхдээ яг гэрээ хийхэд Г.Дашнямыг шууд оролцуулж хийгээгүй. Гүйцэтгэх захирлын эрхийг Б.Бямбасүрэнд шилжүүлж өгөхөөр болсон. 4000 м.кв газрын хөрөнгө зарцуулах эрхийг түүнд шилжүүлэхээр болсон. Газрын гэрчилгээ шилжиж гарч ирсний дараа газрыг томруулах ажлыг хамтарч хийхээр болж, үлдсэн 110 000 000 төгрөгийг шилжүүлсний дараа компанийн хувьцааг шилжүүлж өгөхөөр гэрээ байгуулсан. Газрын гэрчилгээ 7 сард гарсан. 10 000 000 төгрөгийн урьдчилгааг Б.Бямбасүрэнгээс би авсан. Г.Дашнямаас аваагүй. Г.Дашнямаас яаж авсныг би мэдэхгүй. Тухайн үед мөнгөө бүрэн өгсний дараа хувьцааг шилжүүлэхээр гэрээг хийсэн. Компанийн бүх хөрөнгө, гэрчилгээг Б.Бямбасүрэнд хүлээлгэж өгсөн. 7 сард гэрчилгээ гараад газрыг томруулах асуудал дээр хамтарч хөөцөлдөнө гэж ойлгосон. Гэрчилгээг компанийн нэр дээр биш, Б.Бямбасүрэнгийн нэр дээр гаргасан. Гүйцэтгэх захирал солигдсон учир Б.Бямбасүрэн гэж ойлгогдож байгаа боловч компани дээр гарах ёстой байсан. Газрын гэрчилгээ, компанийн гэрчилгээг одоо болтол өгдөггүй. 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хийсэн гэрээн дээр газар томруулахаар газрын гэрчилгээ өгсөн бол би хөөцөлдөх байсан. 12-ны өдөр нотлох баримт өгөхөд гарын үсэг минийх биш байна гэж хэлсэн. Тэр өдөр гэрээ хийж байхдаа гараараа зурсан гарын үсэг мөн. Криминалистикийн шинжилгээ хийхэд нотлогдоно. Гэрээг зөрчөөд компанийн эд хөрөнгийг 3 жил ашигласан байж дүүгээс нь мөнгө авсан юм шиг надаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Гэрийг ашиглаж байдаг. Энэ компанид 10 000 000 төгрөгийн хөрөнгө зарцуулсан гэж байна. Энэ мөнгийг яаж зарцуулсан гэдгийг мэдэхгүй. Би бүх хөрөнгөө хүлээлгэж өгсөн. 2 жил амралтын газар ажиллуулсан. Гэрийг нь өөр газар аваачиж бариад ажиллуулж байдаг. Г.Дашнямаас мөнгө авсан зүйл байхгүй. Энэ хоёрын хооронд ямар асуудал болсныг мэдэхгүй. Б.Бямбасүрэнд холбогдуулж дахин шүүхэд нэхэмжлэл гаргах бодолтой байгаа гэжээ.

 

Хариуцагч Б.Бямбасүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Л.Бямбадоржийн амралтын газартай ойролцоо манай зуслангийн газар байдаг. Мойлтын тохойн амралтын газар байна гээд дүүтэйгээ хамтарч ажиллахаар болсон. Б.Удвал, түүний нөхөр, би, эхнэртэйгээ очиж үзсэн. Л.Бямбадорж газраа дагуулж явж үзүүлсэн. Анх үнээ хэлэхдээ 170 000 000 төгрөг гэж байсан. Манай дүү 155 000 000 төгрөгт өгчих гэж хэлсэн. Л.Бямбадорж тохирсон гээд дагуулаад явсан. 1,8 га газар байгаа юм бол авна гэж ярилцсан. Компаниа шилжүүлнэ, хэн нь захирал болох юм бэ гэсэн. Манай дүү компанийн захирал болохгүй, би өөрөө машин засдаг, та бол гэсэн. Улсын бүртгэл дээр очиж нэг хүнтэй уулзаад миний нэр дээр болгосон. Налайхад очсон. Газрын хэмжээг тодруулахад 1,8 га биш, 4000 м.кв газар байсан. Ийм бага газар бол наймаагаа буцаая гэхэд наймаа буцахгүй гэсэн. Л.Бямбадорж 10 000 000 төгрөг өгчих, газрын алба, Засаг даргын орлогч нартай ярилцаж байгаад 7 хоногийн дотор газрыг томруулж өгнө гэсэн. Манай дүү, би, Л.Бямбадорж бид 3 хамт байсан. Манай дүү эхнэр Б.Удвал руу яриад мөнгө шилжүүлж авсан. Эхний 5 000 000 төгрөгийг банкинд байж байгаад өгсөн. Дараагийн 5 000 000 төгрөгийг бэлнээр машин дотор тоолж өгсөн. Энэ бол урьдчилгаа биш, газар томруулна гэж өгсөн. Газрыг нь томруулаагүй. 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрчилгээ гарсан. Би 13 000 000 төгрөг, дүү 3 000 000 төгрөгөөр амралтын газрыг тохижуулсан. Дүү бид 2 ярилцаж байгаад зочид буудлын зураг хүртэл гаргасан. Тэр зун нь Л.Бямбадорж утсаа авахгүй алга болсон. Манай дүү бид хоёр 10 000 000 төгрөгөө буцааж авах гээд нэхэхэд хүүхдийн бие муу байгаа гэж хэлээд өдийг хүрсэн. Урьдчилгаа гэж өгсөн мөнгө биш, газар томруулах гэж өгсөн мөнгө. Одоог хүртэл газар томруулахыг хүлээж байна. Газар нь бид хоёрын нэр дээр биш, н.Тунгалаг гэдэг хүний нэр дээр байдаг. Газрыг томруулаад авчихвал цаашид өөр үйл ажиллагаа явуулна гэж хүлээж байсан. Тэр жил Л.Бямбадоржид үзүүлэх гэж гэрийг нь бариатай өнжүүлсэн. Дараа жил нь гэрүүдийг нь харах хүнгүй болохоор хадам эгчээрээ цалин өгч харуулж байгаа. Тэр намар нь хураагаад өөр газар зуслангийн байшиндаа хураасан байгаа. Л.Бямбадоржийг амралтаа буцааж ав гэж хэлсэн. Манай дүү нас бараад, газар нь ч томрохгүй байгаа. Гэрчилгээ нь миний нэр дээр гарсан. Би гэрчилгээг нь буцааж өгөх гэхээр 10 000 000 төгрөг аваагүй байгаа болохоор буцааж өгөх боломжгүй байна.

Амралтын газрыг засахаар болж би 13 000 000 төгрөг гаргасан. Дүү 3 000 000 төгрөг гаргасан. Тухайн үед хөнжил, гудас авсан. 1 500 000 төгрөгийг бэлнээр өгөхөд татгалзах зүйлгүй. 1 500 000 төгрөгөөр авсан гэр нь байгаа. Тэр гэрийг нь өгнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3-т
заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Бямбасүрэнгээс 12
700 000 төгрөг
гаргуулж, нэхэмжлэгч Б.Удвалд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 300
000
төгрөгийн шаардлага болон Л.Бямбадоржид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй
болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Удвалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бямбасүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 218 150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Удвалд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Бямбасүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Л.Бямбадорж нь Г.Дашням, Б.Бямбасүрэн нарт амралтын газрын зориулалттай 4000 м.кв газрын хэмжээг 7 хоногийн дараа 1,8 га газар болгон өөрчилж өгнө, ингэхэд 10 сая төгрөг хэрэгтэй байгаа тухайгаа хэлсэн. Энэ нь хоёр талын тохиролцоогоор хэн нэгэн этгээдэд үүрэг бий болдог буюу Л Бямбадоржид үүрэг үүсгэгдсэн нь Иргэний хуулийн 39-р зүйлд зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Г.Дашням нь газрын хэмжээг томсгох зорилгоор 10 сая төгрөгийг Л.Бямбадоржид өгөх хэрэгтэй болсноо эхнэр Б.Удвалд утсаар хэлж өөрийн дансандаа 10 сая төгрөгийг 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 5 саяаар 2 удаа шилжүүлэн данснаасаа авч Л.Бямбадоржид өгснөөр Иргэний хуулийн 43-р зүйлд заасны дагуу хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, хэлцэл хийснийг нотолсон дансны хуулга зэргээр нотлогдож байгаа нь хүсэл зоригийн илэрхийллийг Л.Бямбадорж түүнийг хүлээн авснаар хэлцэл хүчин төгөлдөр болсон гэж үзэж байна.

Л.Бямбадорж нь 10 сая төгрөгийг хүлээн авч 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр "Мөнхөд Бадамлах" XХК-ийн 2006-2014 онуудын газрын төлбөр 1 360 000 төгрөгийг Газрын албаны дансанд тушаасан ба газар эзэмших ашиглах гэрээг дүгнэж газрын төлбөр тооцоо нийлсэн 42 дугаартай актыг 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөр үйлдэн газар эзэмшигчээр Б.Бямбасүрэнгийн нэрийг оруулан бичиж гарын үсгийг дууриалган зурж хуурамч баримт үйлдсэн байна. Гэтэл 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн 1-р хороо Туул голын модон гүүрний баруун талд байрлах 1000 м.км тапбай бүхий газар эзэмших эрхийг С.Тунгалаг нь Б.Бямбасүрэнд газар эзэмших гэрээгээр үнэ төлбөргүй шилжүүлсэн байдаг.

Нэхэмжлэгч Б.Удвалын тайлбар, нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад газрын хэмжээг 1.8 га газар болгон өөрчлүүлэх үүргийн гүйцэтгэх хангахаар 10 сая төгрөгийг өөртөө авсан. Л.Бямбадоржид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2017/01244 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

 

Нэхэмжлэгч Б.Удвал нь хариуцагч Л.Бямбадорж, Б.Бямбасүрэн нарт холбогдуулж амралтын газар худалдан авахад зориулсан 10 000 000 төгрөг, ахуйн хэрэглээний материал авахад зарцуулсан 3 000 000 төгрөг, нийт 13 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Б.Бямбасүрэн, Л.Бямбадорж, С.Тунгалаг нар 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Компанийн хувьцаа болон үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, "Мөнхөд Бадамлах" ХХК-ийн хувьцааг Б.Бямбасүрэнд 15 120 000 төгрөгөөр, 200 м.кв палкан байшинг 100 000 000 төгрөгөөр, гүний худгийг 4 880 000 төгрөгөөр, нийт 120 000 000 төгрөгөөр дээрх үл хөдлөх хөрөнгийг Б.Бямбасүрэнд худалдахаар талууд харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтууд /хх.25/ болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

С.Тунгалаг нь 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Б.Бямбасүрэнтэй Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, Налайх дүүрэг 1 дүгээр хороо, Туул голын модон гүүрний баруун талд байрлах 4000 ам дөрвөлжин метр талбай бүхий газрыг Б.Бямбасүрэнд үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцсон /хх.26/ байх бөгөөд уг гэрээний дагуу Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/278 дугаар захирамж, түүний хавсралтаар "Мөнхөд бадамлах" ХХК-ийн 4000 м.кв талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг Б.Бямбасүрэнгийн нэр дээр шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар нотлогдсон.

 

Г.Дашням, Б.Бямбасүрэн нар нь амралтын газар худалдан авах, цаашид хамтран ажиллуулахаар харилцан тохиролцож, хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан гэрээний үндсэн шинжид нийцсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгч Б.Удвал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Б.Бямбасүрэн, Л.Бямбадорж нар худалдан авсан амралтыг дангаар өмчилж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан тул гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгөө буцаан гаргуулна гэж шаардаж байх бөгөөд шүүх Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1, 480 дугаар зүйлийн 480.2.3-т тус тус зааснаар шаардах эрхтэй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

 

Б.Удвал /Г.Дашням/ нь Б.Бямбасүрэнтэй амралтын газар байгуулахаар тохирч, 10 000 000 төгрөг шилжүүлэн өгсөн талаар зохигчдын хэн аль нь маргахгүй байх ба уг мөнгийг Л.Бямбадоржид өгч улмаар амралтын газрыг Б.Бямбасүрэнгийн нэр дээр компанийн нэр шилжиж ирснээр амралтын газрыг ажиллуулж байгаа үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж үзнэ. Б.Удвал нь хөрөнгө оруулалт болгож 2 700 000 төгрөгийн эд хөрөнгө буюу мөнгийг оруулсан талаар хариуцагч маргахгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Б.Удвал, Л.Бямбадорж нарын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй байх тул Л.Бямбадоржид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болно. Энэ талаарх хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Бямбасүрэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31ий өдрийн 182/ШШ2017/01244 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218 150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Б.НАРМАНДАХ