| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0228/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/242 |
| Огноо | 2018-07-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 2018/ШЦТ/242
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой,******* мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, эгч, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн******* тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч ******* нь "******* " ХХК-ны хүнсний дэлгүүрт худалдагчаар 2018 оны 3 дугаар сарын 04-нөөс 2018 оны 4 дүгээр сарын 07-ныг хүртэл ажиллах хугацаандаа дэлгүүрээс 716.050 төгрөгний хүнсний бараа бүтээгдэхүүн хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "******* " ХХК-ны хүнсний дэлгүүрт 2018 оны 3 дугаар сарын 04-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 07-ныг хүртэл худалдагчаар ажиллах хугацаандаа дэлгүүрийн хүнсний бараа бүтээгдэхүүнээс 2 удаагийн үйлдлээр хууль бусаар авч 716 050 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч ******* ын өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 24 цагийн ******* хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилд орсон. Би 24 цаг гараад 48 цаг амардаг байсан. Миний ээж ******* группт байдаг болохоор мөнгө хэрэгтэй болоод 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 24 цагаар ээлжинд худалдагчаар гарч байхдаа хүнсний барааг авч сагсанд хийгээд агуулахын хаалгаар оруулаад дэлгүүрийн арын хаалгаар гаргаж хогийн цэгийн наахан талд аваачиж цаасан хайрцагт хийж тавьсан. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 29-ний өглөө ажлаасаа буугаад хулгайлж авсан бараагаа Шинэ захын хүнсний бараа зардаг лангууны урдуур явж худалдагч нарт нь зах зээлийн үнээс доогуур үнээр өгсөн. Би хулгайлж авсан бараагаа зарахдаа хүнсний компанид борлуулагч хийдэг гэж хэлээд зарсан. Би 2 удаагийн үйлдлээр нийт 716 050 төгрөгийн бараа авсан. Би хамгийн сүүлд 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ажил дээрээ хонож байхдаа дахин хүнсний бараа хулгайлж агуулахын хаалгаар гаргаад хогийн цэгийн наахан талд будааны шуудайд хийж тавиад маргааш өглөө нь буюу 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өглөө авч гарах гэж байгаад камерын бичлэг шүүгээд баригдсан. Манай дэлгүүрийн ажилтан ******* чамайг Цагдаагийн байгууллагад өгнө гээд дагуулаад явах гэж байхад нь айгаад хулгайлсан хүнсний бараагаа гаргаж өгсөн. Би хохирлыг төлж барагдуулсан, өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин хулгайн хэрэг үйлдэхгүй гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч ******* өгсөн: Би 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүнсний дэлгүүрийн бараандаа тооллого хийсэн. Тэгээд тооллогоор манай дэлгүүрээс 900 000 төгрөгийн хүнсний бараа материал дутагдсан. Манай байгууллага сар бүрийн 1-ний өдөр тооллого хийдэг. Тэгэхэд ингэж их хэмжээгээр бараа материал дутдаггүй. Тэгээд гайхаад дэлгүүрийнхээ камерыг шүүж эргүүлж үзсэн чинь 2018 оны 3 дугаар сарын эхээр манай байгууллагад худалдагчаар ажилд орсон ******* гэдэг эмэгтэй хүнсний заалны тавиур дээрээс хүнсний бараануудаас хэсэгчлэн аваад хайрцганд хийгээд аваад гаргаж байгаа бичлэг хадаглагдсан байсан. Манай хүнсний дэлгүүрийн камерын бичлэг нь 15 хоногийн хугацаатай хадаглагддаг. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс өмнөх бичлэгийг эргүүлэн үзэх боломжгүй болсон байсан. Тооллогоор нэг ширхэг зэргийн хүнсний зүйл дутагдсаныг дутагдалд авч үздэггүй. Их хэмжээгээр, үнэ ихтэй дутагдсан бараа нь 12 нэр төрлийн нийт 620 850 төгрөгийн хүнсний бараа материал дутагдсан байсан. Мөн 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өглөө ээлжнээсээ буух гэж байхдаа дэлгүүрээс хүнсний зүйл шуудайнд хийгээд авч явах гэж байсан тухайгаа өөрөө хэлж гаргаж өгсөн. Тэдгээр зүйлүүд нь 95 200 төгрөгийн хүнсний бараа байсан гэх мэдүүлэг /хх 20/,
Гэрч ******* өгсөн: Дархан сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг 24 цагийн ******* хүнсний дэлгүүрт 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ажилд орсон. Түүнээс хойш одоог хүртэл ажиллаж байна. Миний ажиллаж байгаа ******* хүнсний дэлгүүрт 2018 оны 3 дугаар сарын 04-ны өдөр******* эж хүүхэн худалдагчаар ажилд орсон. Миний ажиллаж байгаа дэлгүүр сар болгон тооллого хийдэг. Би ажилчдын хамт 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тооллого хийхэд 620 850 төгрөгийн бараа материал дутсан. Түүнээс болоод бид нарын цалин хойшлогдоод байсан. Шинээр ажилд орсон ******* надтай хамт нэг ээлжинд гардаг байсан. Би кассчнаар харин ******* худалдагчаар нэг ээлжинд гардаг байсан. Манай байгууллагын нягтлан ******* гарч байхдаа хяналтын камер шүүж дутсан барааны учир ол гэж хамгаалагч нарт үүрэг болгосон. Би 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өглөө ажилдаа ирэхэд хамгаалагч ******* надад шинээр ажилд орсон ******* бараа хулгайлж байсан юм байна лээ гэж хэлээд надад бичлэгийг харуулсан. Би бичлэгийг харахад 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр бараа материал хулгайлж сагсанд хийгээд агуулах руу орж байгаа бичлэг байсан. Би тухайн өдөр ******* хамт гарч байсан. Би Болорыг хулгай хийж байсан талаар ерөөсөө анзаараагүй гэх мэдүүлэг /хх 23/,
Гэрч ******* өгсөн: Би Дарханд 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг 24 цагийн хүнсний дэлгүүрт 2014 оны 2 дугаар сард ажилд орсон. Түүнээс хойш одоог хүртэл ажиллаж байна. Миний ажиллаж байгаа хүнсний дэлгүүрт 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ******* гэж хүүхэн худалдагчаар ажилд орсон. Миний ажиллаж байгаа дэлгүүр сар болгон тооллого хийдэг. Би ажилчдын хамт 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тооллого хийхэд 620 850 төгрөгийн бараа материал дутсан. Бид нар дэлгүүрийн хамгаалагч ажилтай ******* оор дэлгүүрийн камерыг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны шөнө шүүж үзэхэд худалдагчаар шинээр ажилд орсон ******* нь 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр бараа материал хулгайлж сагсанд хийгээд агуулах руу орж байгаа бичлэг байсан. Бид нар агуулахын камер шүүж үзэхэд өглөө ******* нь хог гаргаж байхдаа хулгайлж авсан бараагаа торонд хийгээд дэлгүүрээс гаргаж байгаа бичлэг байсан гэх мэдүүлэг /хх 24/,
Гэрч А.******* ын өгсөн: Би "******* " ХХК-ний 24 цагийн хүнсний дэлгүүрт 2017 оны 9 дүгээр сарын 01-нд камер хянагчаар ажилд орсон. Одоог хүртэл ажиллаж байна. 2018 оны 4 дүгээр сарын 01-нд манай дэлгүүрийн 3 дугаар сарын тооллого болсон. Тооллогоор их хэмжээгээр бараа дутагдсан. Манай захирал, нягтлан нар дутагдсан барааны учрыг олохгүй бол ажилчдын цалин өгөхгүй гэж хэлсэн. Тэгээд намайг камер шүүж үз гэж нягтлан хэлсэн. Тэгээд би 2018 оны 4 дүгээр сараас 06-наас эхлэн камерыг 2 өдөр шүүж үзэхэд 2018 оны 3 дугаар сарын 26-нд байна уу 27-ны өглөө 9 цагийн үед камер хянагч ажлаасаа буусаны дараа манайд худалдагчаар ажилд ороод удаагүй байсан ******* гэдэг худалдагч лангуунаас бараа аваад хайрцганд хийгээд агууулах руу авч орж байгаа бичлэг байсан. Тэгээд би кассан дээр ажиллаж байсан хүндээ болон нягтландаа хэлээд буусан юм гэх мэдүүлэг /хх 27/,
Гэрч ******* өгсөн: 2006 оноос хойш Дархан зах дээр хүнсний бараа зарж байна. Намайг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өглөө лангуун дээрээ зогсож байхад урд өмнө нь зүс харж байсан охин ганцаараа ирээд эгчээ шоколад бөөний үнээр авах уу гэж хэлсэн. Би нөгөө охиноос шоколадыг аваад үзэхэд хугацаа нь дуусаагүй байхаар нь 6 ширхэг шоколадыг 9600 төгрөгөөр авсан. Мөн тэсэрдэг шоколад 3 ширхгийг 9900 төгрөгөөр худалдаж авсан. Тэр охин өөрийгөө нэг компанид борлуулагч ажилтай гэж хэлэхээр нь худалдаж авсан гэх мэдүүлэг /хх 25/,
Гэрч ******* өгсөн: Би бирж дээр олон жил наймаа хийж амьдарч байна. Намайг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өглөө Шинэ захын хүнсний лангуун дээр байж байхад танихгүй охин гартаа шоколад барьчихсан бөөний үнээр нь авах уу гээд ганцаараа явж байсан. Миний хажуугийн лангууны эгч Нэргүй худалдаж аваад байхаар нь тэр охиноос 10 ширхэг шоколадыг 16 000 төгрөгөөр худалдаж авсан гэх мэдүүлэг /хх 26/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 15/, хохирогчийн гаргаж өгсөн 02, 3 дугаар сарын тооллогын хуудас, дутагдсан бараа материалын жагсаалт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-14/, "Капитал зууч" ХХК-ны үнэлгээний тайлан /хх 29-30, 35-36/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* ын дээрх үйлдэл нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.******* гийн "хэргийн материалтай танилцлаа. Нийт 716 050 төгрөг ******* оос бүрэн авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй" гэх тэмдэглэлээр /хх 70/ шүүгдэгч ******* ыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт 6 сар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,
1.Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 3 жил хорих ялаар шийтгэн тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
2. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хорих ялаар шийтгэн тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан. Энэ нь шийтгэх тогтоолын хуулбар /хх 55-60/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 49/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь сүүлд буюу Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хорих ялаар шийтгэгдэн тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх бөгөөд тэнсэж хянан харгалзсан хугацаа дуусаагүй байхад буюу 2018 оны 3 дугаар сарын 04-нд дахин гэмт хэрэг үйлдсэн байна.
2002 оны Эрүүгийн хуулиар хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж, хянан харгалзсан этгээдийн тэнссэн хугацааг 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд дүйцүүлэн хасах талаар тухайлан зохицуулаагүй тул шүүгдэгч ******* ыг Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь өмнөх хулгайлах гэмт хэргийг "******* зочид буудал зэргээс эд зүйл хулгайлсан байх бөгөөд өөрөөр хэлбэл орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн нь шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээ нэмэгдсэн тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан ялын хэмжээнд дүйцүүлэн багасаж тооцогдохгүй болно.
Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т "ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно" заасныг баримтлан шүүгдэгч ******* т энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хорих ялаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн "******* " ХХК-ний хүнсний дэлгүүрийн камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* ыг 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч ******* т энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан хорих ялаас 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* т оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн "******* " ХХК-ний хүнсний дэлгүүрийн камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ