| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2017/00632/И |
| Дугаар | 212/МА2018/00011 |
| Огноо | 2018-01-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 212/МА2018/00011
Б.О-ы хүсэлттэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 709 дүгээр шийдвэртэй, тус аймгийн Алтай сумын 5 дугаар баг, Бор бургас хэмээх газар оршин суух У овогт Б.О-ы хүсэлттэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Жанерке, хүсэлт гаргасан Б.О, түүний өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: БА,,,, регистрийн дугаартай, Ө овогт Лын Лыг эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай.
Хүсэлтэд: Миний бие А сумын иргэн БА00000 регистрийн дугаартай, Ө овогт И-ын Лтай 1992 онд албан ёсоор гэр бүл болсон. Гэр бүл болсноос хойш 3 хүүхдийг төрүүлсэн. Нөхөр бид хоёр тодорхой эрхэлсэн ажилгүй, нөхрийн маань тахир дутуугийн 150000 төгрөгөөс өөр гаднаас орох ямар ч орлогогүй. Амьжиргааны түвшин доогуур өрх юм. Нөхөр маань 2007 оны 9 дүгээр сард мориноос унаж тархиндаа гэмтэл авсан. Толгойдоо гэмтэл авснаас болж байнга татаж унадаг өвчтэй болсон бөгөөд өөрийнхөө үйлдлийг ухамсарлах чадваргүй болсон. Намайг Алтай сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А\81 дугаар захирамжаар И.Л-ын асран хамгаалагчаар тогтоосон. Нөхөр маань мориноос унаж гэмтсэн байдлыг мэргэжлийн эмч нь үзэж шизофрений хам шинжийн эмгэг өөрчлөлттэй өвчин гэж оношилсон бөгөөд байнга хэвтэж эмчлүүлж эмчийн хяналтад байдаг билээ. Гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс дээрх болон сэтгэцийн өвчний байдлыг дүгнэж 70 хувийн Хөдөлмөрийн чадвараа алдсан өвчтэй гэж тогтоосон. Бид ах дүү болон гэр бүлээрээ ярилцаж И.Лыг цаашид эмчлэгдэхгүй байдлыг харгалзан үзэж Иргэний хуульд заасан эрхийнхээ дагуу И.Лыг сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй болсныг тогтоолгохыг хүсэж байна. гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 709 дүгээр шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.3, 141 дугаар зүйлийн 141.1-г тус тус баримтлан РД:БА000 Өөлөг овогт И-ын Л-ыг эрх зүйн чадамжгүй гэж тооцуулахыг хүссэн хүсэлт гаргагч У овогт Б.О-ы хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар баг Борбургас гэдэг газарт оршин суудаг, БА:000 регистерийн дугаартай У овогт Б.О- би өмгөөлөгч С.А-гий хамтаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 709 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1.И.Лыг эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлтэд хүсэлт гаргагч үйл явдлыг тодорхой бичсэн байгаа. Осолд 2007 онд орсноос хойш И.Л сэтгэцийн өөрчлөлтөд орж улмаар өөрийн биеэ удирдах ямар ч чадваргүй болсон талаар дурдсан.
2. Шүүх хурлын явцад Б.О би Нөхөр И.Л маань 2007 онд архи олдвол уучихдаг агсам тавьдаг үе байсан. Одоо архи уудаггүй, уух ч чадваргүй гэж хэлсэн билээ.
3. Миний энэ үгийг шүүх нь өлгөн авч Архи уусан хүн Оы болон эрх зүйн чадамжтай. Та Цагдаад хандаж байхгүй яасан юм гэх мэтээр доромжлон басамжилж зовлонг минь хөндөж байсан.
4. Улмаар энэ байдлыг архи ууж зовоогоод олон жил болж байгаа мэтээр намайг хэлсэн болгож бичээд шийдвэр гаргахад шалтгаан болгож шүүх хуулийг болон болсон байдлыг буруугаар ойлгон, буруугаар тайлбарлаж буруу шийдвэр гаргалаа гэж үзэж байна.
5. Би нөхөртөө хайртай, хэдэн хүүхдүүдтэйгээ сайн сайхан аж төрөхийг хүсдэг. Гэхдээ хуульд заасан үндэслэлээр нөхрийнхөө эрх зүйн чадамжгүй байдлыг тогтоолгохыг хүсэж бичсэн хүсэлтээ бүх ах дүүс, хадамтайгаа ярьж зөвшилцөж гаргасан болохоор би нөхрийнхөө эрхэнд халдаж байгаа явдал биш юм. Шүүх намайг дураараа хүсэлт гаргаж шүүхээр И.Лын эрхэнд халдаж түүнийг эрх зүйн чадамжгүй болгох санаатай байж магадгүй гэж хардаж, өрөөсгөл ойлгож энэ шийдвэрийг гаргалаа гэж үзэж байна.
6. И.Лын эрх зүйн чадамжгүй байдлыг тогтоолгосноор түүний асран халамжлах асуудал, эмчилгээ, тэтгэмжийн байдлыг шийдвэрлүүлэх боломжтой болохоор шүүхэд хандсан тухайгаа ч анхан шатны шүүхэд хэлсэн байгаа. Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 709 дугаартай шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж хүсэлтийг хангаж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх Б.Оы БА000 регистрийн дугаартай, Өөлөг овогт Лын Лыг эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.3.-т зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж, хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна. Харин анхан шатны шүүхийн Иргэний хуулийн холбогдох заалтыг тайлбарлаж хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Б.О болон И.Л нар нэг гэр бүлийн гишүүн мөн болох нь II-А-05 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1.-т зааснаар эхнэр Б.О нь нөхөр И.Лыг сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагчаас И.Лыг эрх зүйн чадамжгүйд тооцуулах үндэслэлийг Мориноос унаж тархиндаа хүнд гэмтэл авснаас сэтгэцийн өвчтэй болсон, эмчилгээ хийлгэсэн боловч эдгэрээгүй, байнга татаж унадаг, өөрийнхөө үйлдлийг ухамсарлах чадваргүй гэж тайлбарлах боловч энэхүү байдал нь хэрэгт шүүхийн журмаар, хуульд зааснаар цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй.
Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.-т сэтгэцийн өвчний улмаас (1) өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, (2) өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон этгээдийг шүүх иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож, түүнд асран хамгаалалт тогтоохоор заасан байна. Гэтэл иргэн И.Лын хувьд хуульд тухайлан заасан дээрх хоёр урьдчилсан нөхцөлийн аль аль нь баримтаар тогтоогдоогүй, нотлогдоогүй.
Анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2613 дугаар шүүгчийн захирамж, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-н өдрийн 236 дугаар тушаалаар томилогдсон шинжээчдийн бүрэлдэхүүний 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 18 дугаар дүгнэлтэд И.Л нь гавал тархины гэмтлийн дараах тархины эмгэгшил, бие хүний зан төрхийн өөрчлөлттэй боловч өвчин сэдрэлгүй үед өөрийн хийж буй үйлдлээ зөв ойлгож, өөрийгөө удирдаж чадна гэж зааснаас үзвэл түүнийг сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон гэж үзэхээргүй байна. Харин уг дүгнэлтийн 3 дахь хэсэгт И.Л нь тархины гэмтлийн дараах зан төрхийн өөрчлөлт нь урьдчилан сэргийлэх эмээ тогтмол уухгүй байх, сэтгэл санаа тогтворгүй болох, гадны сөрөг нөлөөний үр дагавраар өвчин сэдэрсэн үед эрх зүйн чадамжгүй болдог. гэснийг үндэслэн уг иргэнийг шүүхээс эрх зүйн чадамжгүй гэж тооцох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/81 дугаар захирамжаар И.Лын асран хамгаалагчаар Б.Ог тогтоосон талаарх баримт хэрэгт авагдсаныг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн материаллаг хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй алдааг зөвтгөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хүсэлт гаргагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. Хуульд зааснаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 709 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, гэсэн нэмэлт оруулан өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
С.ӨМИРБЕК