Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 243

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгч А.Кенже нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Найман Алданышийн Кенжед холбогдох эрүүгийн 1818000000255 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Найман Алданышийн Кенже, 1999 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 19 настай, яс үндэс казак, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрлөг угсрагч мэргэжилтэй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Шарын гол сум Хайрхан багийн 22-09 тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ТЯ99031279 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч А.Кенже нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 20 дугаар байрны гадна хувийн маргааны улмаас иргэн Э.Дөлгөөний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Кенже нь 2018 оны 6 дугаар сарын 21-ний орой 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 20 дугаар байрны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Э.Дөлгөөнийг мөргөж эрүүл мэндэд “нэг шүдний хугарал, нэг шүдний хөдөлгөөнтэй байдал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

     Шүүгдэгч А.Кенжегийн өгсөн: Би 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн үед өөрийн найз Тамираа, Бөөдий, Бэкүүнээ, Дөлөө нарын хамтаар Хонгор сумын 2 дугаар баг Зулзага гэх газар руу зугаалганд яваад пиво уусан. Тэгээд 2018 оны 6 дугаар сарын 21-ны орой 17 цагийн үед Зулзага зуслангаас ирээд сумын урд байдаг гол дээр өөрийн найз нарын хамт 2.5 литрийн 7 ширхэг Нийслэл нэртэй пиво уусан. Тэгээд орой 20 цагийн үед эгч Еркегүлийнд очоод орон дээр нь суусан чинь нөхөр нь пизда минь босооч гэж хэлэхээр нь би уурлаад маргалдсан чинь эгч Еркегүль хажуунаас нөхрийгөө өмөөрөөд би тэр хоёртой маргалдаад гэрээс нь гарсан. Гадаа Еркегүльтэй маргалдаад байж байхад хажууд урд өдөр нь надтай хамт явсан Дөлгөөн байж байхаар нь "чи яагаад шөнө мотоцикль унаад хаяаад явчихсан юм" гэхэд над руу гарын салаавч өгөхөөр нь уурласан чинь Э.Дөлгөөн миний 2 гарыг барьчихаар нь би толгойгоороо шүдэн тус газар нь нэг удаа мөргөчихсөн юм гэх мэдүүлэг,

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

            Хохирогч Э.Дөлгөөний өгсөн: Би 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өөрийн найз Кенже, Бекүүнээ, Батбаяр, Бөөдий, Тамираа, Баатарбек нарын хамтаар Хонгор сумын 2 дугаар баг Зулзага гэх газарт очиж зугаалсан. Орой том 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво уугаад сууж байгаад 20 цагийн үед гэр рүүгээ явмаар санагдаад байхаар нь Кенжегийн мотоциклийг асаагаад сумын төв рүү яваад гэртээ ирээд унтсан. Тэгээд маргааш өглөө буюу 2018 оны 6 дугаар сарын 21-ны орой 20 цагийн үед төмөр замын 15 дугаар байрны гадаа сууж байсан чинь найз Кенже байрны ойролцоо хүмүүстэй маргалдаж муудалцаад байсан. Тэгтэл түүний эгч Еркегүль ирээд чи Кенже найзыгаа аваач ээ гэж хэлэхээр нь би очиж салгаад 21 дүгээр байрны гадаа авчраад суулгасан.Тэгсэн хэсэг байж байснаа чи өчигдөр яагаад бид нарыг хаяаад явчихсан гэхээр нь гэр рүүгээ явмаар санагдаад явсан гэж хэлсэн чинь хуц лалар минь гэж хэлээд цохих гээд байхаар нь би 2 гарыг нь барьсан чинь май лалар минь гэж хэлээд шүд рүү мөргөөд хугалчихаар нь би Кенжег тавиад гэр рүүгээ орсон. Одоо миний шүдийг янзлуулж өгч байгаа надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх 5/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 674 дугаартай дүгнэлт:

 

“1.Э.Дөлгөөний биед нэг шүдний хугарал, нэг шүдний хөдөлгөөнтэй байдал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Э.Дөлгөөний биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр буюу 5 хувиар алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэжээ /хх 12/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч А.Кенжегийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Хохирогч Э.Дөлгөөний  мөрдөн байцаалтад өгсөн “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй “ гэх мэдүүлгээр /хх 47/ шүүгдэгч А.Кенже нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч А.Кенже нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас тогтоогдож байна.  

Шүүгдэгч А.Кенжед ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрт ногдох эд хөрөнгө, тогтсон орлогогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Найман Алданышийн Кенжед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч А.Кенже нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

            3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Кенжег 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч А.Кенжед оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Кенже нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.  

           

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Кенжед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.БАТЖАРГАЛ