Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/28

 

Д.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

    Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

     прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,

    Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/82 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн, Д.Д-д холбогдох, 2335000000231 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

        Монгол Улсын иргэн, Б овогт Д-ийн Д

1. Холбогдсон хэргийн талаар:

 

      Шүүгдэгч Д.Д нь эрүүгийн 2335000000188 дугаартай хэргийн оролцогч Ч.О-тэй өмгөөлөл хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа Увс аймгийн Улаангом сумын х багийн нутаг дэвсгэрт Б гэх газрын зам дагуу байрлах “х” ХХК-ний шатахуун түгээх станцын замын эсрэг талд саарал өнгийн “х” загварын х улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр эрүүгийн 2335000000188 дугаартай хэргийн гэрч Г.Т-г зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан,

     мөн үргэлжилсэн үйлдлээр Увс аймгийн Улаангом сумын х багийн нутаг дэвсгэрт байрлах Т төвийн нэг давхарт байрлах өөрийн ажлын өрөөнд 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр эрүүгийн 2335000000188 дугаартай хэргийн хохирогч Н.О-ийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

       2. Увс аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

       3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/82 дугаар цагаатгах тогтоолоор:

     - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн 2335000000231 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б овогт Д-ийн Д-г цагаатгаж,

        - шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

      - шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

       - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 2 /хоёр/ ширхэг CD диск, 1 /нэг/ ширхэг флаш дискийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

       4. Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

        Дээрх гэмт хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Д-г цагаатгаж шийдвэрлэсэн байна.

      Шүүгдэгч Д.Д нь Ч.О-ийн үйлдсэн Хүчиндэх гэмт хэрэгт өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх явцдаа тухайн хэргийн хохирогч Н.О, гэрч Г.Т нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон.

       Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дурдвал, гэрч Н.О-ийг эрүүгийн 2335000000188 дугаартай хэрэгт 2023 оны 08 дугаар сарын 29- ний өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг, мөн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дахин хохирогчоор өгсөн мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүгүй,”... Д.Д гэх өмгөөлөгч надад хандаж, чи Ч.О-ийг хэдэн жил ял авахыг мэдэж байгаа биз дээ дор хаяж 8-15 жил хоригдоно гэж хэлсэн. Тухайн үед би тэр талаар мэдэж байгаа гэж хэлсэн. Тэгтэл гэр бүлийнхэн талаар ярьж байгаад чи өөрийн өгсөн мэдүүлэг дээрээ өөрчлөлт оруулаад өг, адилхан залуу хүмүүс байж нэгнийгээ хохироож яах вэ гэж хэлсэн. Тухайн үед нь би хэрэг прокурорт шилжсэн гэж байсан мэдүүлэгтээ өөрчлөлт оруулах боломжгүй гэж хэлсэн. Тэгтэл надад прокурор дээр өргөдөл гаргаад мэдүүлгээс буцаж болно, чи мэдүүлэг дээрээ би тухайн үед ууртай байсан, уурандаа худлаа мэдүүлэг өгсөн гээд мэдүүлэг өгч болно гэж хэлсэн юм. Тухайн үед би одоо өнгөрсөн, би мэдүүлгээс буцахгүй гэж хэлээд гарсан юм. Тэгээд Ч.О нь намайг чи мэдүүлгээсээ буцаад өөр мэдүүлэг өгчих би хүссэн мөнгийг чинь өгнө гэж хэлсэн юм гэсэн мэдүүлгийг өгсөн байна.

      Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болох тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, Н.О-ийн хохирогчоор өгсөн 3 удаагийн мэдүүлгийг зөрүүтэй байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

        Хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж үзэхэд шүүгдэгч Д.Д нь эрүүгийн 2335000000188 дугаартай хэргийн холбогдогч Ч.О-р тухайн хэргийн хохирогч Н.О-ийг дуудуулж, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын х багийн нутаг байрлах “Т” төвийн 1 давхарт байрлах өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө гэсэн хаягтай өрөөнд уулзаж, урьд хохирогчоор өгсөн мэдүүлгээс буцах, мэдүүлгээ өөрчлөх талаар ятгасан байна.

       Хохирогчид хууль бусаар нөлөөлж, ятгасан нь хохирогч Н.О-ийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хохирогчоор дахин өгсөн мэдүүлгээр тодорхой болсон байх бөгөөд хяналтын камерын бичлэгээр шүүгдэгч Д.Д нь өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө гэсэн хаягтай өрөөнд оруулж уулзсан нөхцөл байдал тогтоогдсон.

      Гэтэл анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын Тодорхойлох нь хэсгийн “Б. Шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт” хэсэгт гэрч Н.О-ийн 2023 оны 08 дугаар сарын 03, 2023 оны 08 дугаар сарын 29, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд хохирогчоор удаа дараа өгсөн мэдүүлгээс өмгөөлөгч Д.Д-тэй уулзсан гэх хэсгийн дурдсан байх бөгөөд хохирогчид хэрхэн нөлөөлж, ятгасан хэсгийн дурдаж бичээгүй байна.

     Тодруулбал, анхан шүүх хохирогч Н.О-ийн дээрх 3 удаагийн мэдүүлэгт ноцтой ямар зөрүү гарсан болох тухайн мэдүүлгийн зөрүү нь хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгч Д.Д-г цагаатгах үндэслэл болсныг тодорхой, ойлгомжтой байдлаар дүгнэж чадаагүй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан. Гэрч Г.Т нь эрүүгийн 2335000000188 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байсан гэрч байсан бөгөөд дээрх хэргийг анхан шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Ч.О-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход гэрч Г.Т-ийн мэдүүлгийг үнэлж, дүгнэсэн байдаг.

      Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ гэрч Г.Т-ийн өгсөн “...би суутал 50 гаран насны эрэгтэй хүн байсан бөгөөд өөрийгөө өмгөөлөгч Д.Д байна гэж хэлсэн. Тэгээд Д.Д өмгөөлөгч чиний анхны өгсөн мэдүүлэг чинь 2 дахь мэдүүлгээсээ өөр байна, чи мэдүүлгээ буцаагаад дахин мэдүүлэг өгчих мэдүүлэг өгөхдөө Ч.О-ийг Н.О-тэй бэлгийн харьцаанд орсон эсэхийг мэдэхгүй байна гэж хэлээд мэдүүлгээ өг гэж гуйсан. Тэгэхээр нь би мэдүүлэг дахин өгөхгүй гэж хэлтэл чи 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр миний ажил дээр ирж уулзаарай гэж хэлсэн. ..” гэх мэдүүлгийг үнэлэхгүйгээр шүүгдэгч Д.Д, гэрч Г.Т нарын уулзсан цаг хугацааны хувьд зөрүүтэй, бичиг үсэг мэддэггүй болох нь тогтоогдсон, өөрийн өгсөн мэдүүлэг үнэн зөв тусгагдсан эсэхийг магадлах эрхийг хэрэгжүүлэх боломжийг олгоогүй гэсэн үндэслэлээр гэрчийн мэдүүлгийг үгүйсгэж, шүүгдэгч Д.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэлгүй байна.

       Дээрх үйл баримтуудад дүгнэлт хийхэд, гэрч Н.О, Г.Т, Ч.О, Д.Ш, Ж.Ө нарын мэдүүлгээр шүүгдэгч Д.Д нь Ч.О-ийн үйлдсэн Хүчиндэх гэмт хэрэгт өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх явцдаа тухайн хэргийн хохирогч Н.О, гэрч Г.Т нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон.

        Гэтэл шүүгч хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, харилцан хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэх, харьцуулан шинжлэн судлах, харилцан зөрүүтэй нотлох баримтыг зөв үнэлж дүгнэж чадаагүй байна.

     Шүүгдэгч Д.Д-ийн хууль бус үйлдлээс үзэхэд, Ч.О-ийн үйлдсэн Хүчиндэх гэмт хэргийн бодит байдлыг өөрчлөх зорилгоор гэмт хэрэг үйлдсэн Ч.О-р дамжуулан хохирогч Н.О-тэй өөрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх өрөөнд, гэрч Г.Т-тай тээврийн хэрэгсэл дотор уулзаж, улмаар урьд хохирогч, гэрчээр өгсөн мэдүүлгийн өөрчлүүлэхээр ятгасан идэвхтэй үйлдэл хийсэн байна.

       Шүүгдэгч Д.Д нь хуульч, өмгөөлөгч болохын хувьд өөрийн хийж буй үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж санаатайгаар хохирогч, гэрч нарт нөлөөлж ятгасан энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан болно.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д “хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрх, шүүхэд хандах хугацаа болон шүүхийн харьяаллын талаар” цагаатгах тогтоолын тогтоох хэсэг тусгана гэж заасан.

       Гэтэл анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт шүүдэгч Д.Дг хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрх, шүүхэд хандах хугацаа болон шүүхийн харьяаллын талаар тайлбарлаж дурдаагүй байна.

    Энэ нь анхан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байгааг дурдах нь зүйтэй.

     Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/82 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

       5. Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээ дэмжин оролцож байна.

      Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт Д.Д-тэй уулзсан гэх хэсгийг дурдсан байдаг. Харин хохирогч, гэрч нарт яаж нөлөөлж ятгасан хэсгийг дурдаж дүгнэлт хийгээгүй байгаа. Мөн О-ийн 3 удаагийн мэдүүлгийг зөрүүтэй мэдүүлсэн дүгнэсэн. Хавтаст хэргийн материалаас үзэхэд О-ийн мэдүүлэгт зөрүү огт байхгүй байгаа. Үүнээс дүгнэхэд шүүх хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийгээгүй байна гэж үзсэн. Шүүхээс, шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирогчтой хохирол нөхөн төлөх асуудлыг шийдвэрлэх зорилгоор уулзахыг хориглоогүй гэж дүгнээд хэргийг шийдэж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт зөрчигдсөн, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлага хангагдаагүй байна гэж эсэргүүцэл бичсэн. Мөн гэрч Г.Т-ийн мэдүүлгийг Ч.О-д холбогдох хэрэгт чухал ач холбогдолтой гэж үзэж, гэм буруутайд тооцоход үндэслэл болгосон атлаа энэ хэрэгт дүгнээгүй нь үндэслэлгүй байна гэж үзсэн. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч хохирогч, гэрч нар нь уулзаж, тэдгээрийн хооронд ятгасан нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан Н.О-ийн мэдүүлэг, гэрч Г.Т-ийн мэдүүлэг, бусад гэрч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгээр нотлогдон тогтоогдож байгаа. Эдгэр үйл баримтаар ямар цаг хугацаанд, хэзээ хаана, хэн, хэрхэн, хэнтэй уулзсан нөхцөл байдал нотлогдон тогтоогдсон. Тухайн үед уулзахдаа шүүгдэгч Д.Д гэрч, хохирогч нарт мэдүүлгээ өөрчлүүлж өгүүлэхээр ятгасан нөхцөл байдал хавтаст хэргийн хүрээнд нотлогдон тогтоогдсон.

      Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/82 дугаар цагаатгах тогтоол нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцүүлж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

     6. Шүүгдэгч Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр  нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, нотлох баримтыг тал бүрээс нь шалгаж, нягталсны үндсэн дээр үнэн зөв шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Прокурорын эсэргүүцлийн хувьд  шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлээр гаргасан байна.

       Хамгийн гол нь шүүх О-ийг 3 удаа мэдүүлэхдээ 3 өөр мэдүүлэг өгсөн байна, Д.Д өмгөөлөгч  ажил дээр нь очиж уулзсан юм шиг, эсхүл Д.Д, Ч.О-ийг өрөөндөө дуудаж уулзсан юм шиг, эсхүл бүр гэрт нь очиж уулзсан юм шиг өөр өөр зөрүүтэй байдлуудаар өгөөд байсан байна гэдгийг. Мөн тухайн үед Д.Д-г Н.О-тэй уулзах үед хажууд нь байсан гэрч Ч.О нь энэ талаар ямар нэгэн ятгасан зүйл байхгүй гэдгийг хэлсэн талаарх нөхцөл байдлуудыг үнэлээд О-ийн хувьд мэдүүлгүүд нь эргэлзээ бүхий байгаа учраас үнэлэх боломжгүй гэдэг байдлаас нь харсан гэж ойлгож байгаа. Харин гэрч Г.Т-ийн хувьд бичиг үсэг огт мэддэггүй болох нь өмнөх шүүх хурлуудын үед тогтоогдсон. Шүүх үүнийг дурдсан байна. Одоо байгаа хавтаст хэрэгт ч гэсэн Г.Т-д гэрчийн эрх үүргийг сануулахад би өмгөөлөгч авна гэдэг мэдүүлэг өгөөд байгаа. Гэтэл өмгөөлөгчгүйгээр ахиад бичиг үсэг мэддэггүй хүнийг байцаачихсан. Тийм учраас үүнийг үнэлэх боломжгүй байна гэж шийдсэн.  

       Ч.О-ийг анхан шатны шүүх гурван зүйл ангиар буруутгаж ял шийтгэсэн боловч давж заалдах шатны шүүх мөн адил 21.5-тай хэргийг хэрэгсэхгүй болгосныг улсын дээд шүүх 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 275 дугаар тогтоолоор баталгаажуулаад, өөрөөр хэлэх юм бол магадлал үнэн зөв гарсан байна гэж шийдсэн. Тийм учраас би прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна гэж үзэж байна.

       Тухайн нөхцөл байдлыг харахад Н.О-тэй уулзсаны дараа тэрээр шинжээч эмчтэй төрөл садны холбоотой болох нь тогтоогдож, үүнээс болж маргаан үүссэн. Яг энэ үед тухайн хэргийг мөрдөж байсан мөрдөгч нь миний үйлчлүүлэгчээс авлигал авсан гэдэг нь тогтоогдсон. Энэ 2 маргаан бүхий нөхцөл байдал үүссэн үед Н.О-с мэдүүлэг авсан. Энэ нөхцөл байдлуудаас үүдэн Н.О хувийн шинжтэй мэдүүлгүүд өгсөн. Мөн энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа  миний хууль ёсны эрх ашгийг маш ихээр зөрчсөн. Үүний нэг жишээ нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаас үзэхэд миний хэргийг 8 сарын 30-ны өдөр бүртгэлд авч шалгаж эхэлсэн, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код 202 дээр бүртгэлд авснаас хойш шалгах үйл ажиллагаа эхэлнэ гэж заасан байдаг. Гэтэл 8 сарын 30-нд бүртгэж байхад 8 сарын 02-нд миний өрөөний түрээсийн гэрээг авчихсан. 8 сарын 21-нд О-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгачихсан, өөрөөр хэлэх юм бол гомдол мэдээлэл албан ёсоор бүртгэлд орж шалгагдаагүй байхад надад холбогдуулан шалгах процесс үйл ажиллагаа нь явагдчихсан асуудлууд маш их байгаа.

        Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

        1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/82 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Д.Д-д холбогдох, 2335000000231 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав. 

      2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс шүүгдэгч Д.Д-г 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр эрүүгийн  2335000000188 дугаартай  хэргийн оролцогч Ч.О-тэй өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа уг хэргийн гэрч Г.Т-г зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан,

      - мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр эрүүгийн 2335000000188 дугаартай хэргийн хохирогч Н.О-ийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

      3. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, шүүгдэгч Д.Д нь  эрүүгийн хэргийн хохирогч, гэрч нарыг худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэн, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч давж заалдах журмаар эсэргүүцэл бичсэн байна.

       4. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, анхан шатны шүүхээс Д.Д-д холбогдох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

        4.1. Прокуророос шүүгдэгч Д.Д-г эрүүгийн 2335000000188 дугаартай  хэргийн яллагдагч Ч.О-тэй өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөлөгчөөр нь ажиллаж байхдаа уг хэргийн гэрч Г.Т, хохирогч Н.О нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэж ялласан байх ба хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан дүгнэхэд, Д.Д нь яллагдагч Ч.О-д холбогдуулан үүсгэсэн,  2335000000188 дугаартай эрүүгийн хэрэгт мэдүүлэг өгсөн гэрч Г.Т, хохирогчоор тогтоогдсон Н.О нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй байна.

        4.2. Хэргийн баримтаар, Ч.О нь 2335000000188 дугаартай  эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Н.О, гэрчээр мэдүүлэг өгсөн  Г.Т нарыг тухайн хэрэгт, өөрт нь хууль зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч Д.Д-тэй нэг, нэг удаа уулзуулсан үйл баримт тогтоогдсон. Тодруулбал, 2023 оны 08 сарын 03-ны өдөр хохирогч Н.О-тэй өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлын өрөөнд, 2023 оны 08 сарын 02-ны өдөр гэрч Г.Т-тай Улаангом сумын 2-р багийн нутаг  дэвсгэр Бор толгой гэх газар тус тус Ч.О-ийн хамт уулзсан болох нь тогтоогдсон байна.

     Ийнхүү үйлчлүүлэгчийнхээ хүсэлтээр гэрч, хохирогч нартай нэг удаа уулзсан өмгөөлөгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан  зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэмт хэргийн шинж хангагдаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна. Энэ талаар буюу шүүгдэгч Д.Д-ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцсэн байна.

       Хэрэгт авагдаж, прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан, яллах талын нотлох баримт болох гэрч Б.Т-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 72 дахь тал/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолгооны шаардлага хангаагүй буюу хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж цуглуулсан, мөн хохирогч Н.О-ийн, 2335000000231 дугаартай Д.Д-д холбогдох эрүүгийн хэргийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн /1-р хх-ийн 70-р хуудас/ мэдүүлэг, мөн прокурорын яллах дүгнэлтэд тусгасан, Ч.О-д холбогдох, 2335000000188 дугаартай эрүүгийн хэрэгт хохирогчоор 2023 оны 8 сарын 5-ны өдөр өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/, мөн тус хэрэгт хохирогчоор 2023 оны 11 сарын 15-ны өдөр  өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 221-222-р хуудас/-үүдэд тусгагдсан, өмгөөлөгчийн зүгээс өмнө өгсөн мэдүүлгээ өөрчлөхийг санал болгосон гэх агуулга бүхий мэдүүлгүүд нь  хоорондоо зөрүүтэй тул эдгээр баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байна.

      4.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2-т: “Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, шинжээчээр худал дүгнэлт гаргуулах, орчуулагчаар худал орчуулуулах, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлэх зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч үйлдсэн бол  ...” гэж тухайн гэмт хэргийн шинжүүдийг тодорхойлж заасан ба энэ нь гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхийн тулд гэм буруутай этгээд гэрч, хохирогчид ямар нэгэн идэвхтэй үйлдлээр хууль бусаар нөлөөлсөн байхыг шаардахаар хуульчилсан байна.          

     Шүүгдэгч Д.Д-ийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаагүй, хэрэгт цугларсан баримтууд нь шүүгдэгчийг энэ гэмт хэрэгт гэм буруутайд тооцоход хүрэлцэхүйц,  хангалттай бус байна. 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шүүгдэгчийн гэм бурууг тогтоох ажиллагаа нь зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэсэн байхыг шаардах бөгөөд энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байж болох бүхий л баримтуудыг цуглуулж бэхжүүлсэн байх боловч эдгээр нь шүүгдэгч Д.Д-г хохирогч, гэрч нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хангалттай, хөдөлбөргүй нотлоогүй байна.     

      4.4. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Хорин нэгдүгээр бүлэгт заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Д.Д нь  эрүүгийн хэргийн оролцогч Ч.О-д өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг буюу эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд санаатайгаар саад учруулах зорилгоор гэрч, хохирогчид хууль бусаар нөлөөлсөн үйлдэл хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.            

       5. Шүүх хэрэгт цугларсан буюу яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж, эдгээр нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтуудад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлтэй байх тул прокурорын “ анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзээгүй, яллах цагаатгах талын нотлох баримтыг харьцуулан судалж чадаагүй, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд үндэслэлгүйгээр ял завшуулж, хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах” агуулга бүхий   эсэргүүцлийг хангах үндэслэлгүй байна.

       6. Дээрх үндэслэлүүдээр, шүүгдэгч Д.Д-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/82 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                                       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.АЛТАН

                                     ШҮҮГЧИД                              Ж.ОТГОНХИШИГ        

                                                                                Н.МӨНХЖАРГАЛ