Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01567

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01567

 

 

Н.Б -гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01487 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Б гийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02060 дугаартай шийдвэрээр Н.Б гаас Д.Б-д төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхтэй холбогдуулан шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ гаргасан ба үнэлгээтэй холбоотой мэдэгдлийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гардан авсан. Шинжээч нь хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлэхдээ ижил үйл ажиллагаа явуулдаг объектуудтай харьцуулалт хийгээгүй, огт өөр зориулалттай объектуудтай харьцуулалт хийсэн. Мөн материалын зардал, ажиллах хүчний зардал ижил байдаг ч гол үзүүлэлт дотоод засал барилгын үнэ өртгийг илэрхийлдэг. Үнэлгээний багийнхан тухайн үед очиж байхад зоорийн давхарт засвар хийж байсан. Засварын ажил 70 хувьтай явж байсан бөгөөд шууд үйл ажиллагаа явуулах боломжтой байсан. Үүнийг хөрөнгийн үнэлгээнд тусгаагүй. Ковид-19-тэй холбоотойгоор орлогын мэдээллийг тооцоолох буюу өртгийн хандлагын тооцоо хийх боломжгүй байсан гэж хөрөнгийн үнэлгээнд бичсэн байна. Үүнийг өмнөх оны мөн үе юм уу бусад сарын тайлантай харьцуулсан байдлаар хөрөнгийн үнэлгээний тайлан гаргах боломжтой байсан. Гэтэл үүнийг гаргаагүй. Хамгийн энгийнээр сарын түрээсийн төлбөрийг тайлангийн 15 дугаар хуудсанд 3 500 000-4 000 000 төгрөг байдаг гэж мэдээлжээ. Барилгын 1.мкв үнэлгээ 2 200 000 төгрөг ба нийт 316 800 000 төгрөгөөр үнэлэх ёстой байсан бөгөөд 191 488 608 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 02060 дугаартай шийдвэрээр Н.Б гаас 312 000 000 төгрөгийг гаргуулан Д.Б ад олгохоор шийдвэрлэсэн. Н.Б д дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн ч төлбөрөө төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Н.Б гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2205033418 дугаартай Баянгол дүүргийн 3 дугаар хороолол, 3 дугаар хороо, 48 дугаар байрны зоорийн давхарт байрлах 144 м.кв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр битүүмжилж, хураасан. Төлбөр төлөгч Н.Б гаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хураасан үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг авахад талууд харилцан тохиролцоогүй тул 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч хөрөнгийн үнэлгээг 191 488 608 төгрөгөөр тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар талуудад 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр үнэлгээний тайланг мэдэгдэж, биечлэн гардуулан, гарын үсэг зурж тэмдэглэлээр баталгаажуулсан. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар бие даан худалдан борлуулах нэг сарын хугацааг санал болгоход нэг сарын хугацаа авахгүй талаараа хүсэлтээ төлбөр төлөгч гаргасан. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг Анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Б гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г давж заалдах гомдолдоо: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Н.Б гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Н.Б гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж албадан дуудлага худалдаанд оруулах 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4/11191 дугаарт мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгчээс гардан авсан. Тус барьцаа хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц бүх зүйлд ойр дөт бөгөөд нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээ маш ихтэй хэсэгт байрладаг. Гэвч дээрх мэдэгдэлд дурдсанаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, орон сууцны байрлах эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдал, хэмжээг тооцолгүй тогтоосон нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Н.Б нь эрх ашгийг зөрчиж барьцаа хөрөнгийг нь хэт доогуур үнэлсэн байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02060 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн мөн оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13789 дугаар захирамж, 1048 дугаартай гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Н.Б гийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж, 48 байр байр, зоорийн давхарт байрлах, 144 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хураан авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 16-19, 31-32, 34-35/ Энэ ажиллагаанд мөн дуудлага худалдаагаар худалдах дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн санал болгох доод үнийг тохиролцоогүй, үүний улмаас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн үйл баримтад талууд маргаангүй, дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгөд хийсэн шинжээчийн үнэлгээ хуульд нийцсэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ. /хх-47/

Хэргийн баримтаас үзэхэд шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК нь төлбөр төлөгч Н.Б гийн Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж, 48 байр байр, зоорийн давхарт байрлах, 144 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 191 488 608 төгрөгөөр үнэлсэн байна. /хх52/ Тэрээр шинжилгээ хийхдээ үнэлж буй хөрөнгөтэй жишиж болох буюу ижил дүүрэгт байрлах тус бүр 3 үл хөдлөх эд хөрөнгийг сонгон авч харьцуулан зах зээлийн хандлагын аргыг сонгон үнэлгээ тогтоон, дүгнэлт гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад тус тус нийцжээ.

Нэхэмжлэгч нь шинжээчийг эд хөрөнгийн эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдал зэргийг тооцолгүй зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн гэх үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгуулах гомдлоо нотолсон баримтаа шүүхэд цуглуулж өгөөгүй байх тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн шүүхийн дүгнэлт зөв.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01487 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД