Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/244

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгч *******   нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны тахимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч *******  холбогдох эрүүгийн 1818000000256 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******  1970 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн*******   суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ганцаараа, Дархан-Уул аймгийн *******   тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, Сүүлд:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 4 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих эдлэхээр шийтгэгдсэн,  хэрэг хариуцах чадвартай, *******   регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч *******   нь согтуурсан үедээ 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн орчим хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч *******   эрх чөлөөнд халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

 Шүүгдэгч *******   нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн *******   тоот өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч *******   эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь 2 хөмсгөн дэх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

            Шүүгдэгч *******  ы өгсөн: Би өөрийн гэм буруутай үйлдлийн талаар маргах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Яллах дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна гэх мэдүүлэг,  

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:     

           

            Шүүгдэгч *******  ы мөрдөн байцаалтад өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр *******   тоотод гэртээ байж байтал манай доод давхарын *******   тоотод оршин суух *******  орж ирээд бид хоёр хэсэг юм ярьж сууж байгаад гараад талбайн хажууд үйл ажиллагаа явуулдаг Апу дэлгүүрээс 750 гр Түмний хишиг нэртэй архи аваад эргэж манай гэрт очиж хувааж уусан. Би Батмөнхөд хандаж "чи намайг тоодоггүй бусад хүмүүст архи авч өгдөг тэд нартайгаа архи уудаг" гэж хэлсэн чинь "чи битгий олон юм яриад бай" гэж хэлэхээр нь би орон дээр сууж байгаад ууж байсан архины шилийг аваад толгойн тус газар нь цохисон. Цус гарахаар нь доошоо буугаад ээжид нь хэлээд хамт эмнэлэг явж оёдол тавиулсан гэх мэдүүлэг /хх 19-20/,

 

                        Хохирогч *******   өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 19-ний орой найз *******  тай хамт нэг шил Түмний хишиг нэртэй архийг *******   тоотод *******  ы гэрт нь хувааж уугаад архи дууссан. Тэгсэн *******   архины шилээр миний духан тус газар цохисон ямар шалтгаанаар цохисныг мэдэхгүй байна. Тэгсэн миний хөмсөгнөөс цус гараад *******  тай хамт эмнэлэг орж оёдол тавиулсан. *******   надад хохирлын 200 000 төгрөг өгсөн. Гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх 6/,

     Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын    22-ны өдрийн 675 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.*******   биед 2 хөмсгөн дэх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь хурц үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.*******   биед учирсан гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.*******   учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх 13/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч *******  ы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Хавтаст хэргийн 49-р хуудсанд авагдсан хохирогч *******   "*******   надад хохиролд 200 000 төгрөг төлсөн тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү" гэх хүсэлтээр шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч *******   нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч *******   нь урьд 4 удаагийн ял шийтгэлтэй бөгөөд сүүлд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 24-25/-аар тогтоогдож байна. Энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.

Шүүгдэгч *******  д ял шийтгэл оногдуулахад гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *******   *******  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******  ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******  д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******   нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.  

             

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******  д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.БАТЖАРГАЛ