| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2408031951822 |
| Дугаар | 2025/ДШМ/846 |
| Огноо | 2025-07-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/846
Б.Ц-ид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ундрах,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/1361 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Эрхэмбаярын бичсэн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаар эсэргүүцлээр Б.Ц-ид холбогдох 2408031951822 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Б-ын Ц, 1993 онд Төв аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, машин угаалгын газарт ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 423 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 411 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ял оногдуулахгүйгээр тэнсэж, 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон,
-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 482 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 2 жилийн ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ялын хугацаа 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон;
Б.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... зочид буудалд тухайн үед үүссэн маргаанд “хажуугаас н.Б-ийг өмөөрч над руу дайрлаа” гэх шалтгаанаар хохирогч Л.О-ийн нүүрэн тус газар нь алгадах, гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Б.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Ц-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Ц-аас 150,000 төгрөг гэмт хэргийн хохиролд гаргуулан хохирогч Л.О-т олгож, тэрээр гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Б.Эрхэмбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг зарлан явуулж, хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан атлаа шүүгчийн захирамж гаргасан нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй, тодорхойгүй буюу шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ тохиолдолд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана”, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж тус тус заасныг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарна.
Иймд Б.Ц-ид холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцээд, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн 1361 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон шийтгэх тогтоолтой танилцахад, хуульд заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 1361 дүгээр захирамжийг хүчингүй болгох саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Б.Ц-ид холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
-хохирогч Л.О-ийн: “...Б.Ц- манай найз залуутай маргалдаад эхлэхээр нь би “чи найз гэж уулзчихаад байнга маргалдаж байх юм, болиоч” гэж хэлэхэд “чамд хамаагүй” гээд миний баруун шанаа хэсэг рүү нэг удаа алгадсан. Би уурлаад түлхсэн чинь намайг олон удаа толгой руу алгадсан бөгөөд би “болиоч” гэж хэлээд гарыг нь болиултал миний зүүн нүд рүү гараараа нэг удаа хүчтэй цохисон. Манай найз залуу “чи эмэгтэй хүн зодлоо” гэхэд буудалд анх дуудсан залуу манай найз залууг зодоод байсан...” (хх 12-13),
-шүүгдэгч Б.Ц-ийн яллагдагчаар өгсөн: “...Би согтоод н.Б-той маргалдаж байтал Л.О- дундуур орж ирээд байхаар нь алгадаж, нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохитол Л.О- гараад явсан...” (хх 41-42) гэх мэдүүлгүүд,
-Л.О-ийн биед тогтоогдсон зүүн хоншоорын ясны урд болон ар хана, зүүн нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт /Le Porte II/, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамар, зовхи, хацар, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдсон талаарх Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10537 дугаар дүгнэлт (хх 17),
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх 4-5),
-хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоос татгалзсан тухай баримт (хх 14) зэргийг харьцуулан шинжлэн судлахад:
шүүгдэгч Б.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... зочид буудалд тухайн үед үүссэн маргаанд “н.Б-ийг өмөөрч над руу дайрлаа” гэх шалтгаанаар хохирогч Л.О-ийн нүүрэн тус газар нь алгадах, цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ц-ийн хохирогч Л.О-ийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн, бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний “халдашгүй байх” эрхийг ноцтойгоор зөрчиж, хууль бус аргаар халдан, хохирогчийн биед тогтоогдсон гэмтэл, түүнээс үүссэн эд, эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулж, ерөнхий хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээгээр буюу 15-30 хувиар тогтонги алдагдуулдаг хор уршигтай.
Иймд шүүгч өөрийн дотоод итгэлдээ тулгуурлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, гэмт үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа болоод хохирол төлбөр төлөгдөөгүй зэрэг хэргийн хүрээнд харгалзвал зохих бүхий л нөхцөл байдалд дүгнэлт хийсний эцэст нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэсэн нь Б.Ц-ийн үйлдсэн гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Прокуророос “шүүгдэгч Б.Ц-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ шүүгчийн захирамж гаргасан” хэмээн тус захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих гэдэгт хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар, эсхүл бусад хэлбэрээр шүүх хэргийг бүх талаар хэлэлцэх явцад саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн, нөлөөлж болохуйцаар хуулийн шаардлагыг зөрчсөнийг хамааруулан үздэг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь хянагдаж буй хэргийн тухайд шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болзошгүй шинж чанартай бол ноцтой зөрчилд тооцогдох бөгөөд үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд нэрлэн заасан зөрчлүүд мөн хамаарахаар хуульчилсан.
Анхан шатны шүүх прокуророос Б.Ц-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, улмаар түүнд тохирсон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж шийдвэрлэсэн байна.
Ийнхүү хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцүүлэн гаргасан шүүхийн шийдвэрээ бичгийн хэлбэрт буулгахдаа “Шүүгчийн захирамж”-ийн хэвлэмэл хуудас дээр хэвлэж, прокурорт гардуулсан нь шүүгдэгч Б.Ц-ийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр тодорхойгүй, ойлгомжгүй, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн гэх үндэслэлд хамаарахгүй.
Өөрөөр хэлбэл, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэлбэрийг болгоомжгүйгээр биелүүлээгүй тохиолдол бүр нь зөрчилд тооцогдох боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахгүй юм.
Хэрэгт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн “Шийтгэх тогтоол” байх төдийгүй дээрх шүүхийн захиргааны ажилтны техникийн буруутай үйл ажиллагааг анхан шатны шүүхээс залруулж, “Шийтгэх тогтоол”-ыг прокурорт дахин гардуулсан байна (хх 95-100).
Иймд Б.Ц-ид холбогдох эрүүгийн хэргийн тухай шийтгэх тогтоолыг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхөөргүй байх ба тус шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/1361 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Б.Эрхэмбаярын бичсэн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН