Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2026/00003

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2026/00003

Улаанбаатар хот

 




2025 12 23 103/ШШ2026/00003

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...... оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 21 настай, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт, Багануур дүүрэг 4 дүгээр хороо, Тогос-Уулын ... тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ....... оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, 24 настай, Улаанбаатар хот, Налайх дүүргийн 2 дугаар хороо, .... дугаар байрны .... тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад:

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч А.******* холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие 2022 онд ******* танилцан хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүү ******* төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан, зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалж цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2023 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжинд амьдарч өсөж торнисон. Одоо бид тус тусын амьдралтай, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. ******* нь хүүхэддээ хааяа 50.000-100.000 төгрөг өгдөг. Эрүүл мэндийн байдлыг нь харгалзаад 2026 оны 04 сараас эхлэн хүүхдийн тэтгэлгээ төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

2.Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид 2022 онд танилцаад, хамтран амьдраад бидний дундаас 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүү Г. төрсөн. Г. бол миний хүүхэд мөн, хүлээн зөвшөөрч байна. ******* бид хоёр хамтран амьдрах хугацаандаа Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Туулын 20-4 тоот хаягт айлын хашаа түрээслэн амьдардаг байсан. Бид 2024 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй. Учир нь ******* надаас салснаасаа хойш өөр хүнтэй суугаад хүүхэдтэй болсон. Би тусдаа амьдрах хугацаандаа хүү Г.даа шаардлагатай зүйлсэд нь тодорхой хэмжээгээр нэмэр болж, мөнгө шилжүүлж байсан. Сардаа 2 хуваагаад 100.000 төгрөг өгдөг. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Би одоо эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа, хааяа ажил олдохоороо хийдэг. Мөн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр амьдарч байсан Налайх дүүргийн 3 дугаар хороо, Дэнжийн ........... тоот хаягт байсан гэр маань шатаж, эд хөрөнгийн хохирол амссан, эрүүл мэндийн хувьд ходоодны шархтай эмчлүүлж байгаа. Дулаан орохоор ажилд орно, одоогоор хүнд ажил хийж болохгүй гэсэн эмчийн заавартай, ажилд ороод хүүхдийн тэтгэлгээ төлж эхэлмээр байна. Тиймээс тэтгэлэг төлөх хугацааг 4 сараас гэж тогтоож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Энх-Өрх өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Багануур дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, хариуцагчаас Налайх Эрүүл мэндийн төвийн *******ын ходоодны дурангийн дүгнэлт, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр гарсан тухай акт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б.******* хариуцагч А.******* холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч нь шаардлагаа Бид 2022 оноос эхлэн хамтран амьдарсан боловч гэрлэлтээ батлуулаагүй, хувийн таарамжгүй харьцааны улмаас 2023 оноос тус тусдаа амьдрах болсон, хүүхэддээ эцгээс нь тэтгэлэг гаргуулна гэж тодорхойлсон бол хариуцагч ******* нь миний хүүхэд мөн, хүүхэддээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй, биеийн эрүүл мэнд болон ар гэрийн гачигдалыг харгалзан үзнэ үү гэсэн хариу тайлбарыг шүүхэд өгсөн.

3.Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2022 оноос хамтран амьдарч байгаад хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2023 оноос тус тусдаа амьдарч эхэлсэн, хүүхэд эхийн асрамжид одоог хүртэл эрүүл саруул, өсөн бойжиж байгаа болох нь төрсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эмнэлгийн тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

4.Хүү г төрмөгц гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүйн улмаас хүүхдээ эх овоглож төрсний гэрчилгээ авсан байх бөгөөд хариуцагч ******* нь өөрийн хүүхэд гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

5.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хүү Г.г төрснөөр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагчид үүснэ.

6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг *******оос тэтгэлгийг гаргуулж хүүхдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

7.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар *******оос гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

8.Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.

9.Талууд гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хуульд заасан дээрх эрх, үүрэг зохигчдод хэвээр үлдэх бөгөөд эцэг эх тодорхой шалтгаанаар тус тусдаа амьдрах болсноор хүүхдийн эрх, ашиг сонирхол хамгийн ихээр хөндөгдөж, эцсийн үр дүнд хүүхэд хойд эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжих, төрсөн эцэг эхийн хайр халамжаар дутах, эцэг эхээ санагалзан бэтгэрэх, сэтгэл санааны хямралд орох, хичээл сурлагадаа муудах зэргээр хохирч үлддэгийг эцэг эх анхаарвал зохино.

10.Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн асрамжийн асуудлаар зохигчид маргах эрхтэй хэдий ч хариуцагч нь асрамжийн асуудлаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул нэхэмжлэгчээс гаргасан шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн болно.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч олгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн, 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн Г.г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/, болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг ******* овгийн ******* сар бүр гаргуулан олгосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч олгосугай.

4.Хариуцагч ******* нь биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас хүүхдийн тэтгэлгээ 2026 оны 04 сараас эхэлж төлөх хүсэлт гаргасныг нэхэмжлэгч Д.Ганцэцэг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ