| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/01389/И |
| Дугаар | 103/ШШ2026/00004 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 103/ШШ2026/00004
| 2025 оны 12 сарын 23 өдөр | Дугаар 103/ШШ2026/00004 | Улаанбаатар хот |
2025 12 23 103/ШШ2026/00004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, .. дугаар байрны ... тоотод байрлах, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ............ мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, .. дүгээр байрны .тоотод оршин суух, .........л сургуульд .... багш ажилтай, ******* овгийн ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 47,066,025 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Ө.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47,066,025 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* нь 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр дугаар 616 тоот зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн. Гэрээний хугацаа дуусгавар болоход зээлдэгчид зээлээ хаахыг сануулахад зээлээ хаах боломжгүй байна гэж удаа дараа хойшлуулж зээлийн гэрээгээ сунгаж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөлт хийж зээлээ хаагаагүй байна. Ө.*******ай уулзаж эв зүйгээр шийдвэрлэхийг хүссэн, зээлээ төлөх хугацааг хангалттай олгосон, зээл авч төлж барагдуулна гэсэн боловч одоог хүртэл зээлээ хаахгүй, өнөөдрийг хүртэл ямар нэг шийдэлд хүрэхгүй байгаа учир зээлийн гэрээний 3.4 заалтын дагуу Монгол Улсын Иргэний хуулийн дагуу шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байна. Зээлийн гэрээний 1.6 заалтаар хугацаа дууссан тохиолдолд биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алдангийг хоног тутам төлөхөөр тохиорсон. 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон, хуулийн дагуу биелүүлээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн хуулийн заалтаар 15,688,675 төгрөгийн алданги төлүүлэхээр байна. Иймд үндсэн зээл 13,871,750 төгрөг, хүү 17,505,600 төгрөг, алданги 15,688,675 төгрөг, нийт 47,066,025 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "******* ******* *******" ХХКомпаниас 2021.06.08-ны өдөр 30.000.000 төгрөгний зээл авсан нь үнэн. Гэхдээ энэхүү зээлийг төлж явсаар нийт 32.028.000 төгрөгийг буцаан төлсөн. Энэ компанийн эзэн болох , Б.Уран******* нартай бид найз нөхдийн харилцаатай гэр бүлээрээ их дотно найзууд байсан. Ийм дотно харилцаатай байсан учраас миний хувьд тухайн үед яг гэрээ сунгах асуудал дээр огт ач холбогдол өгч байгаагүй. Энэ нөхцөл байдлыг Б.Уран******* сайн мэдэж байгаа, эднийх багрьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах эрхтэй байсан. Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа бол тусгай зохицуулалт буюу Иргэний хуулийн 286 дугаар зүйл заалт үйлчлэх ёстой. Хуульд хүүгээ харилцан тогтоож болно гэсэн болохоос алданги нэхэмжлэх талаар тусгагдаагүй, надаас алданги нэхэмжилж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Тиймээс алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэхүү төлбөрийг 1 жилийн хугацаанд график гарган төлж дуусгах саналтай байна гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Нарангарав өөрөө ломбардын үйл ажиллагаа эрхэлдэг байсан учраас зээлийн гэрээ, барьцааны гэрээний талаар маш сайн мэднэ. Манайх Ө.******* зээл өгөхгүй гэсэн байр суурьтай байсан. Яагаад гэвэл нөхөр нь найз нөхөд гээд ямар ч зээлийн гэрээ хийхгүй зээл аваад төлөхгүй явсаар байгаад шүүхэд хандсан боловч зээлийн гэрээ байхгүй гээд мөнгөө авч чадаагүй. ******* өөр хүнээр дамжуулж энэ зээлийг авсан. Анх зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлээ төлөөрэй гэж хэлэхэд одоохондоо төлөх боломжгүй байна гэсэн, дараа нь бид хоёр Солонгос явж ирээд төлье гэсэн, дараа нь Нарангарав сургуульд ажилд орсон, удахгүй цалингийн зээл аваад өгье гээд төлөөгүй. Нөхөр рүү нь залгахаар бид 2 очиж уулзана гэж хэлээд ирээгүй. Сүүлд залгахад бид 2 бизнесийн зээлтэй байгаа үүнийгээ цэгцэлээд танай зээлийг төлнө гэсэн боловч зээлээ авчихаад манай зээлийг төлөөгүй, ингээд утсаа авахгүй, холбоо барихгүй байгаа учраас шүүхэд хандсан. Зээлийн гэрээний сунгалт хийхдээ компанийн захирал тушаал гаргаад намайг зээлийн гэрээний сунгалт хийх эрх олгосон. Энэ талаарх баримт ганц хувь үйлдэгддэг учраас шүүхэд гаргаж өгөөгүй, тэрнээс манай байгууллагын баримтан дотор байгаа гэв.
4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар ******* ******* ******* ХХК-иас *******т олгосон итгэмжлэл, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 616 дугаартай зээлийн гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн ба хариуцагч талаас ямар нэгэн бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн хариуцагч Ө.******* холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 47,066,025 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шаардлагын үндэслэлээ: 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээг Ө.*******ай бичгээр байгуулж, 30,000,000 төгрөг зээлдүүлсэн, зээлийн гэрээнүүдийг хариуцагчийн хүсэлтээр тус бүр 5 удаа сунгасан, зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй учраас үндсэн зээл, хүү, алдангид 47,066,025 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Нийт 30,000,000 төгрөгийн зээлийг гэрээ байгуулж авсан нь үнэн. Уг төлбөрөөс 32,028,000 төгрөгийг төлсөн, одоо үндсэн зээлийн үлдэгдэл, түүний хүүг төлнө. алданги 15,688,675 төгрөгийг төлөхгүй, барьцаалан зээлдүүлэх газар алданги нэхэмжлэх хуулийн зохицуулалт байхгүй гэж тус тус тодорхойлон маргаж байна.
3.Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 616 тоот зээлийн гэрээ байгуулагдаж 30,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр, тогтоосон хугацаанд хүүгийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар, гэрээний хугацаа дууссан тохиолдолд 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурсан, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж 30,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн, зээлийн гэрээний хугацааг 5 удаа сунгасан, зээлийн төлбөрөөс зээлдэгч ******* нь үндсэн зээлд 16,128,250 төгрөг, хүүд 17,421,750 төгрөг, нийт 33,550,000 төгрөгийг төлсөн болох нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлт тооцоололоор тогтоогдож байх бөгөөд тухайн үйл баримтад талууд маргаагүй байна. /хх-ийн 5-13 дугаар тал/
4.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах эрхтэй болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа ба зээлдүүлэгч нь барьцаалан зээлдэх журмаар зээл олгосон байх тул уг зээлийн харилцаанд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн тухайн цаг хугацаанд буюу гэрээ байгуулах 2021 оны үед үйлчилж байсан нарийвчилсан зохицуулалт хамаарна. Талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч гэрээний дагуу мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн, харин хариуцагч нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчид хуульд зааснаар гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрх үүснэ. /хх-ийн 14 дүгээр тал/
5.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй. 286.3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч зээл, түүний хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдах эрхтэй байдаг. Хуульд барьцаалан зээлдэх журмаар олгосон зээлийн үүргийг нэн даруй биелүүлэх богиносгосон хугацааг, үүргийн гүйцэтгэлийг богино хугацаанд барьцаа хөрөнгөөр хангуулах боломжийг зээлдүүлэгчид олгосон.
6.******* Өсөх ******* ХХК нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй, зээлдэгчид барьцаагүйгээр зээл олгосон учраас 286.3 дахь заалт хэрэгжих боломжгүй нөхцөл байдлыг өөрөө үүсгэсэн, барьцаалан зээлдэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн хувьд 286 дугаар зүйл болон эрх бүхий этгээдээс баталсан холбогдох дүрэм журам стандартыг баримтлаагүй нь нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаатай холбоотой байна.
7.Иргэний хуулийн 286 дугаар зүйл бол зээлийн гэрээний тусгай зохицуулалт. Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчээс алданги нэхэмжлэх эрх нь 286.3-т зааснаар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулахаар мэдэгдсэнээс хойш 10 хоногийн хугацаанд хамаарна. Нэхэмжлэгч байгууллага барьцаагүйгээр зээл олгосон учраас дээрх зохицуулалт үйлчлэх боломжгүй учраас алданги нэхэмжлэх эрхгүй юм.
8.Нэхэмжлэгч байгууллагын захирал Б.Уран******* нь 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Ө.*******ай 616 дугаартай зээлийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход хугацааг 5 удаа сунгасан. Эхний 3 удаагийн хугацаа сунгалтын гэрээг *******, дараагийн 2 удаагийн хугацаа сунгалтын гэрээг Б.Уран******* хийсэн байна. Эхний 3 удаагийн зээлийн гэрээний хугацаа сунгасан хэлцлийг Компанийг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхой бус этгээд хийсэн байх тул уг хэлцлээр гэрээний үүрэг, хүү шаардах эрх үүсэхгүй бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 15,700,000 төгрөг, түүний 1 сарын хүүд 785,000 төгрөгийг л шаардах эрхтэй байсан. Гэхдээ хариуцагч ******* нь хүү 17,505,600 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн учраас үндсэн зээлд 13,871,750 төгрөг, хүүд 17,505,600 төгрөг нийт 31,377,350 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн болно. /хх-ийн 7-13 дугаар тал/
9.Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлдэгчийн эдийн засгийн байдал доройтож зээлийг эргэн төлөх чадваргүй нөхцөл байдал бий болсныг зээлдүүлэгч мэдсээр байж хуульд зааснаар зээлийг нэн даруй буцаан шаардах хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжит хугацаа байсаар байтал өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөртөө илтэд ашигтай байдал үүсгэн зээлийн гэрээг удаа дараа урт хугацаагаар сунгаснаас зээлдэгчид илтэд хохиролтой 13,871.750 төгрөгийг 47,066,025 төгрөг болгож эргүүлэн төлөх нөхцөл байдлыг бий болгосныг дурдах нь зүйтэй.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 393,280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31,377,350 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 314,837 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч ******* овгийн ******* 31,377,350 /гучин нэгэн сая, гурван зуун далан долоон мянга, гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгон, нэхэмжлэлээс 15,688,675 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 393,280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 31,377,350 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 314,837 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ.