| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00939/И |
| Дугаар | 103/ШШ2026/00012 |
| Огноо | 2025-12-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 103/ШШ2026/00012
| 2025 оны 12 сарын 26 өдөр | Дугаар 103/ШШ2026/00012 | Улаанбаатар хот |
2025 12 26 103/ШШ2026/000012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ..... онд төрсөн, эмэгтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын ... дүгээр баг, Хивсний хороолол ......1 тоотод оршин суух, ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....онд Ховд аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарангийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, ******* ******* ******* *******,
.... онд Ховд аймагт төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарангийн .... дугаар гудамжны .. тоотод оршин суух, ******* ******* ******* нарт холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 27,656,946 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: /цахимаар/
Хариуцагч: Э.*******, Н.
Хариуцагчийн өмгөөлөгч: /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Э.*******, Н. нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 27,656,946 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Б. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагдаа: Б. миний бие нөхөр хамт Дорнод аймгийн Баянтүмэн суманд мал аж ахуй эрхлэн амьдардаг байсан. Бид 2023 оны 08 дугаар сард өөрийн өмчлөлийн хонь ямаа нийлсэн 406 толгой бог малаа нийт 41,000,000 төгрөгөөр тооцон худалдахаар болсныг Э.******* түүний эхнэр нар нь таньдаг хүнээс сонсоод худалдан авахаар ярьж тохирсон. Ингээд тохирсон ёсоор 8 сардаа малаа хүлээлгэн өгсөн. Бид сайн танихгүй боловч эдгээр хүмүүс нь тухайн үед Баянтүмэн сумын 3 дугаар багт мал маллаж байсан ба 2023 оны 12 дугаар сард малын үнэ болох 41,000,000 төгрөгийг бүрэн өгөхөөр тохирсон. Тохирсон ёсоор 2023 оны 12 сард мөнгөө өгөхгүй гэрээгээ биелүүлэхгүй нэхүүлэн байж 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 13,500,000 төгрөгийг нөхөр 5.................1 тоот ХААН банкны харилцах дансанд шилжүүлсэн. Түүнээс хойш өдийг хүртэл үлдэгдэл тооцоогоо хийхгүй янз бүрээр шалтаг тайлбар тоочин зайлсхийх болсон. Бид гэр бүлээрээ уулзаж, ярьж байгаад наймаа тохирч хийсэн. Бид Э.Ганболд, Н. нартай оршин суугаа газарт нь биечлэн очиж уулзах зорилгоор 2024 оны 08.17-19-ний өдрүүдэд өөрсдийн машинаар бензин зардлаа хийж очин уулзахад 156,946 төгрөг гарсан. Энэ үед үлдэгдэл болох 27,500,000 төгрөгийг 2024 оны 10 сард өгнө гэж тохирсон. Энэ үүргээ биеүүлэхгүй утсаа ч авахгүй байна. Иймд Э.*******, Н. нараас мал зарсаны үлдэгдэл 27.500.00 төгрөг, очиж уулзасны зардал 156,946 төгрөг нийт 27,656,946 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хариуцагч нар нь тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагын 27,656,946 төгрөгнөөс 7,000,000 төгрөгийг төлнө, үлдэх 20,656,946 төгрөгийг төлөхгүй гэж маргасан байна. Үүнийгээ нэхэмжлэгч нараас хүлээн авсан малаа байгалийн гамшиг зуд, давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж үхэж хорогдсон, ийм учир төлөхгүй гэдэг тайлбар гаргаж байгаа нь үндэслэл болохгүй. Хариуцагч нар нь нэхэмжлэгч Б. болон түүний нөхөр нараас 2023 оны намар тэдний өмчлөлийн 406 толгой бог малыг нийт 41,000,000 төгрөгт үнэлж зээлээр худалдан авсан гэдгээ уг хариу тайлбартаа болон мөн 2024.08.22-ны өдрийн аман болон бичгийн гэрээндээ тусгаснаар маргах зүйлгүй нотлогдож байгаа болно. 2024.08.22-нд биечлэн 4-үүлээ уулзах үед ч өвөл нь зээлээр худалдан авсан малыг нь зуданд үхүүлсэн тухай асуудал хөндөөгүй гэдэг нь энэ өдөр бичгээр хийж өгсөн аман болон бичгийн гэрээнд огт тусгагдаагүйгээр нотлогдож байгаа. Ийм байтал хариуцагч нар ичих нүүргүй, санаа зовох ч зүйлгүй бусдыг ингэж хохироож болохгүй. Нэхэмжлэгч нь уг хариуцагч нараас малын үлдэх үнэ төлбөр болох 27,000,000 төгрөгөө хугацаандаа авч чадахгүй байгаагаар уг мөнгийг амьдралынхаа нэн чухал хэрэгцээнд зориулахаар төлөвлөсөн байсан төлөвлөлт ч хангагдахгүй давхар хохироод өнөөдрийг хүрч байна. Хариуцагч нар нь малыг нь өөрсдийн арчаагүй байдлаас шалтгаалж үхүүлсэн үү, аль эсвэл залилж малыг нь зээлээр худалдан аваад зарж борлуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх нь хамаагүй тул хариуцагч Э.*******, Н. нараас малын үнэ 27,500,000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 156,946 төгрөгийг бүхэлд нь гаргуулж нэхэмжлэгч Б.т олгож хохиролгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Э.*******, Н. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Б. болон түүний нөхөр нараас 2023 оны 9 дүгээр сарын 10-ны орчим 400 толгой бог малыг 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр зээлээр худалдан авсан. Малын үнэ болох 40,000,000 төгрөгийг дараа жил буюу 2024 онд 2 тасалж, ноолуур гарах үеэр 4 дүгээр сарын орчим ноолуурын мөнгөнөөс боломжоороо төлөөд, үлдсэн мөнгийг нь мал төллөөд тарга тэвээрэг авсны дараа өгье гэж ярилцаж тохиролцсон. Мөнгө буцаан төлөх дүнг нарийвчилж тохироогүй. Гэтэл тэр жилдээ буюу 2023 оны 11 дүгээр сараас эхлэн цас их орж, цасан шуурга өдөр бүр шахуу шуурч мал хотноос гарах боломжгүй, зам хаагдаж, зудын байдалтай болсон. Малаа бүгдийг үхүүлж өр ширэнд орохоос сэргийлж авсан бог малаа зарахаар шийдсэн. Тухайн үед мал турсан, хурга ишиг худалдан авах хүн газар олдохгүй байсан учир арай тарга тэвээрэг сайтай том малуудыг зарж мөнгө болгоод, зарсан мөнгөнөөсөө мал ажиллуулсны хөлс 1,440,000 төгрөг, машины тээврийн хөлс 1,000,000 төгрөгийг төлж, үлдсэн 13,500,000 төгрөгийг данс руу шилжүүлсэн. Зарагдаагүй үлдсэн хурга ишиг голдуу туранхай малыг тэжээж малласаар байгаад манайд байсан нийт бог малаас 170 орчим нь үхэж хорогдсон. Үхсэн малыг албан журмаар устгасан. Зуд болсон учир төл авч чадаагүй. ээс авсан малаас зуднаас үлдсэн нь 70 тооны бог байсан. Бид 1 малыг 100,000 төгрөгөөр тооцож худалдан авсан учир 70 тооны малын үнэ буюу 7,000,000 /долоон сая/ төгрөгийг төлнө. Шаардлагын үлдэх хэсэг буюу 20,656,946 төгрөгийг төлөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь биднээс үл шалтгаалах байдлаар буюу байгалийн гамшиг зуд, давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж зээлээр худалдан авсан мал маань үхэж хорогдсон. Аман болон бичиг гэрээ гэдгийг 2023 оны 8 сард ирээд бид нараар хүчээр бичүүлж гарын үсэг зуруулсан, бид нар өөрийн хүсэл зоригоор бичээгүй гэжээ.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023, 2024 оны тооллогын бүртгэл, малын гэрэл зурагууд, НӨАТ-ын баримт, худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулсан баримт, С. ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг, хариуцагч талаас Дорнод аймгийн Баянтүмэн сум 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, Үхсэн, хорогдсон малд олгох тодорхойлолт зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх зохигчдын хүсэлтээр Дорнод аймгийн Баянтүмэн сумын мал эмнэлгийн тасгийн тодорхойлолт, Дорнод аймгийн Онцгой байдлын газраас албан бичиг, Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс зудын эрсдэлийн үнэлгээ, Хүнс хөдөө аж ахуйн газраас тодорхойлолт, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын А/22 дугаартай захирамж, Дорнод аймгийн Прокурорын газраас Мөрдөгчийн тогтоол, холбогдох банкуудаас хариуцагч Н., Э.******* нар данс эзэмшдэг эсэх лавлагаа, данснуудын хуулга, малчны зээлийн гэрээ зэргийг нотлох баримтаар шаардан гаргуулсан, иргэн гэрчийн мэдүүлэг авсан байна.
Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Б. нь шаардлагын үндэслэлээ: 406 толгой бог малаа нийт 41,000,000 төгрөгөөр тооцон худалдах худалдах авах гэрээг амаар болон бичгийн хэлбэрээр байгуулж хариуцагч нарт малаа хүлээлгэн өгсөн. 41,000,000 төгрөгөөс 13,500,000 төгрөгийг төлсөн, үлдэх 27,500,000 төгрөг, бусад зардал 156,946 төгрөг нийт 27,656,946 төгрөгийг нэхэмжилнэ гэж, хариуцагч Н., Э.******* нар нь Нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөгийг төлнө, үлдэх 20,656,946 төгрөгийг төлөхгүй, худалдаж авсан мал биднээс шалтгаалахгүйгээр байгалийн гамшгийн улмаас үхэж хорогдсон тул төлөхгүй гэж тус тус тодорхойлон маргаж байна.
3.Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
а/.Нэхэмжлэгч Б. түүний нөхөр нар нь хариуцагч Н., Э.******* нарт 2023 оны 08 дугаар сард хонь, ямаа нийлсэн 406 толгой бог малыг 41,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, худалдагч талаас 406 толгой бог малаа хүлээлгэн өгсөн, худалдан авагч тал малыг хүлээн авч 2023 оны 12 сард мөнгийг төлөхөөр тохиролцсон, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 180 толгой малыг зарж 13,500,000 төгрөгийг нэхэмжлэгчийн гэр бүлийн хүн болох С. Хаан банкан дахь 5.............1 дугаарын данс руу хариуцагч Н.гийн Хаан банкан дахь 57,,,,,,,,,,,,,,,,дугаарын данснаас шилжүүлсэн болох нь талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хариуцагч нарын нэхэмжлэгчид бичиж өгсөн Аман болон бичиг гэрээ, шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 8-9, 15 дугаар тал/
б/.Хариуцагч нар нь 406 толгой малыг 400 толгой мал, 41,000,000 төгрөгийг 40,000,000 төгрөг гэж янз бүрээр тайлбарлан маргадаг бөгөөд шүүх хуралдаан дээр шүүгчээс асуусан Худалдаж авсан бог малаа тоо толгой, хонь ямаа, хурга ишгээр нь ялгаад хэл дээ гэсэн асуултанд хариуцагч Э.******* нь 250 хонь, 100 ямаа, 105 хурга, 50 ишиг гэсэн зөрүүтэй хариултыг өгсөн. Хариуцагч нэхэмжлэгч нарын шүүх хуралдаан дээр өгсөн тайлбар, Аман болон бичиг гэрээ, шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээс харахад талууд 406 толгой малаа хонь, ямаа, хурга, ишиг тус бүр тэдэн толгой, тус бүр тийм үнэтэй гэж ялгаагүй нийтэд нь 41,000,000 төгрөгөөр тохиролцжээ гэж үзэхээр байна.
в/.Хариуцагч нар нэхэмжлэгчээс 406 толгой бог мал худалдан авсан, үүнээс 180 толгой малыг зарж борлуулан мөнгийг нэхэмжлэгч нарт өгсөн, 156 толгой мал зуданд үхэж үрэгдсэн, 70 толгой мал үлдсэн, 70 толгой малыг нэг бүрийг 100,000 төгрөгөөр тооцон 7,000,000 төгрөг төлнө, зуданд үхэж үрэгдсэн малын үнийг төлөхгүй гэж маргадаг.
г/.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, 101 дүгээр зүйлийн 101.7-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл, түүний үр төл, үр шим устсан, гэмтсэний эрсдлийг өмчлөгч хариуцна, 247 дугаар зүйлийн 247.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж тус тус хуульчилснаар 406 толгой бог мал худалдан авагч Н., Э.******* нарын өмчлөлд шилжсэн, өмчлөх эрх нэгэнтээ үүссэн байх тул дээрх хуулийн зохицуулалтуудаар гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл болох 156 толгой бог мал зуданд үхэж үрэгдсэний эрсдэлийг худалдан авагч Н., Э.******* нар хариуцах учиртай. Иймд хариуцагч нараас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 27,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
д/.Нэхэмжлэгч нар нь бензины зардалд 156,948 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилсэн боловч шүүхэд өгсөн баримт нь хэдэн сарын хэдний өдрийн баримт болох, хэдэн төгрөгний бензин авсан гэдэг нь тодорхойгүй, баларсан, очсон 76,946, буцсан 80,000 гэж баримтан дээр балаар бичсэн, нотлох баримт гаргах, цуглуулах хуульд заасан шаардлагыг хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
е/.Хариуцагч нар нь 400 толгой малыг 40,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэдгээ баримтаар нотлоогүй, хуульд заасан Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй болно.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,235 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 27,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 295,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* ******* *******, ******* ******* ******* нараас 27,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.т олгон, шаардлагаас 156,946 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,235 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 27,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 295,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.т олгосугай.
3.2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 103/ШЗ2025/00...4, 03 дугаар сарын 24-ний өдрийн 103/ШЗ2025/00.....8 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжуудыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ