Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2025/ДШМ/847

 

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Амгалан,

хохирогч Б.Г-гийн өмгөөлөгч М.Жамъяндорж,

яллагдагч Д.Б-, түүний өмгөөлөгч Б.Оюунчимэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЗ/4051 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Өлзийжаргалын бичсэн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаар эсэргүүцэл болон хохирогч Б.Г-гийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Б-д холбогдох 2311003072008 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн Д-н Б, 1986 онд Орхон аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “С” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);

Д.Б- нь “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэдэг бөгөөд “...“Т” ХХК-ийн Хан-Уул дүүрэгт баригдаж буй “П” хотхоны Б5 блокт 550 ширхэг 448,984,350 төгрөгийн үнэ бүхий модон ком хаалга нийлүүлж, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэнэ” хэмээн хуурч, зохиомол байдлыг бий болгон, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр бараа бүтээгдэхүүн нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, уг гэрээгээр халхавчилж гэрээний урьдчилгаа төлбөрт 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 212,117,175 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч Б.Г-д их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газар: Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг бүрэн тогтоох шаардлагатай. Учир нь, хэрэгт авагдсан мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар “Т” ХХК болон “С” ХХК-ийн хооронд “Бараа, бүтээгдэхүүн нийлүүлж, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ”, “батлан даалтын гэрээ” байгуулагдаж, “Т” ХХК-аас “С” ХХК-ийн данс руу мөнгө, “Benz-300” загварын тээврийн хэрэгслийг урьдчилгаа болгон шилжүүлснийг талууд мэдүүлж, баримтуудыг гаргаж өгчээ.

“Т” ХХК болон “С” ХХК-ийн зүгээс гаргаж өгсөн “ТТ” үйлдвэр рүү мөнгө шилжүүлсэн, эсхүл урьдчилгаа төлбөр орж ирээгүй гэсэн хоёр өөр агуулга бүхий баримтуудын аль нь үнэн болохыг ялгах боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлага үүсэж байна. “ТТ” үйлдвэрийн эрх бүхий албан хаагчаас мэдүүлэг, энэ асуудалтай холбоотой гэрээ, бусад баримтуудыг гаргуулан авах нь чухал ач холбогдолтой тул “БНМАУ, БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”-ний үндсэн дээр тодорхой ажиллагааг хийлгэх нь зүйтэй.

2.“Т” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн хурлын 23/03/23-01 дугаар тогтоолоор Х.С, Д.Б- нарт холбогдуулан нээсэн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр “Т” ХХК-ийн захирал Б.Г-г томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд компанийг төлөөлөх эрхийг олгож, улмаар 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолоор Б.Г- гэх хүнийг тогтоож, мэдүүлэг авчээ.

Гэтэл тус урьдчилсан хэлэлцүүлэгт иргэн Р.Э-гээс гаргаж өгсөн хохирогчоор “Т” ХХК-ийг тогтоолгох, мөн тус компанийн 25/05/27-31 дүгээр албан бичигт Р.Э-г “Т” ХХК-ийг төлөөлж оролцох буюу тус компанийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлтийг тус тус гаргасан байна.

Иймд энэ хэргийн хохирогчоор тогтоогдвол зохих этгээд нь хувь хүн, эсхүл хуулийн этгээд аль нь болохыг зөв тогтоож, хохирогч нь хуулийн этгээд бол түүнийг төлөөлөх иргэнийг хууль ёсны төлөөлөгчөөр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй. ...” гэх үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Өлзийжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, яллагдагчийн гэм буруугийн хэлбэр тогтоогдсон бөгөөд яллагдагч Д.Б- нь анхнаасаа хариу төлбөр өгөхгүй байх санаа зорилгоор хохирогч “Т” ХХК-аас 212,117,175 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан.

Залилах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд яллагдагчийн хувьд хохирогчийн өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилгоо хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон нь яллагдагч Б.Бат-Эрдэнэ гэрээний нөхцөлийг хэлбэрийн төдий ч биелүүлээгүй буюу 3 жилийн хугацаанд хохирогчид нэг ширхэг ч хаалга нийлүүлээгүй үйл баримтаар тогтоогдсон.

Гэтэл шүүгчийн захирамжид заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй, яллагдагч нь гэрээгээр халхавчлан залилах гэмт хэргийн шинжийг хангасан, уг гэрээнд заасан үүргийг биелүүлэх боломжтой хангалттай цаг хугацаанд үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдон тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүх гэм буруугийн асуудлыг хэлэлцэх үндэслэлтэй гэж үзэж, мөн шүүгчийн захирамжид заасан уг мөрдөн шалгах ажиллагааг гүйцэтгэснээр хэргийн ямар үйл баримт нотлогдох, үгүйсгэгдэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээтэй байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд тухайн хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх үндэслэлтэй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч Б.Г- давж заалдах гомдолдоо: “...1.Гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дууссан. Д.Б-эс хаалгаа нэхэж, барилгын ажил саатаж байгаа талаар удаа дараа шаардахад хаалганы зураг, хуурамч бичиг баримт үзүүлж, хуурч явсаар 2022 оны 12 дугаар сараас хойш утсаа авахгүй, сураггүй болсон.

Манай компанийн барьж байгаа барилгын хаалга хугацаандаа ирээгүй тул хаалга захиалсан, төлбөр шилжүүлсэн гэх “ТТ” гэх хаалганы үйлдвэр рүү хүн явуулж уулзуулахад, манай компанийн хаалга нийлүүлэх захиалгын гэрээ хийгдээгүй, мөнгө шилжигдээгүй, төлбөр аваагүй, мөн Д.Б-ийн надад үзүүлсэн төлбөрийн баримтыг үзүүлэхэд “танай компанийн төлбөр биш, “С” ХХК-ийн өмнөх захиалгын үлдэгдэл төлбөрүүдийн баримт байна” гэж хэлсэн.

Д.Б- анхнаасаа урьд нь “ТТ” компанитай хийсэн гэрээний төлбөрийг төлөхийн тулд “барилгын компаниудад хаалга нийлүүлдэг” хэмээн “Токио таун” барилга дээр дагуулан очиж хаалга үзүүлэн, надад итгэл үнэмшил төрүүлж, төөрөгдөлд оруулан залилж манай компаниас их хэмжээний мөнгө авсан нь тогтоогдсон байхад зөвхөн Д.Б-ийн худал мэдүүлгээр хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй.

Түүнчлэн, шүүхийн захирамжид дурдсан “ТТ” компанийн талаарх ажиллагаанууд нь хэрэгт ямар ч ач холбогдолгүй, хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

2.Хэргийн хохирогчоор тогтоогдвол зохих хувь хүн, эсвэл хуулийн этгээд аль нь болохыг тогтоосон байхад буцаасан нь үндэслэлгүй. “Т” ХХК-ийн захирал Б.Г- намайг хохирогчоор тогтоосон бөгөөд манай компанийн төлөөлөгч Р.Э-г хохирогчийн төлөөлөгч биш гэж үзвэл оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах боломжтой байсан. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч М.Жамъяндорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт шүүгчийн захирамжид дурдсан нотолбол зохих байдлыг нотолсон баримт авагдсан. Уг баримтад “урьдчилгаа ороогүй, танай захиалга баталгаажаагүй” гэсэн байгаа нь тодорхой харагддаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Г- нь эрүүл мэндийн шалтгаантай байсан учраас өөр хүн томилж оруулсан. Одоо хурал зарлагдвал өөрөө оролцохоо илэрхийлсэн. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Д.Б- тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хятад улс руу ямар нэгэн захиалга хийгдэж, мөнгө шилжүүлсэн эсэхийг тогтоох, мөн хохирогчоор тогтоогдсон этгээд нь хувь хүн, хуулийн этгээд аль нь болохыг тодорхой болгох шаардлагатай гэсэн нь үндэслэлтэй. Хохирогч Б.Г- байгууллагыг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй. Шүүгчийн захирамжид дурдсан асуудлууд үндэслэл бүхий байна. БНМАУ, БНХАУ 1989 онд харилцан туслалцаа үзүүлэх олон улсын гэрээ хэлэлцээр байгуулсан. Уг хэлэлцээрийн дагуу цагдаагийн байгууллагаас даалгавар бичиж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой. Энэ талаарх хүсэлтүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж байсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэл, хохирогчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Д.Б-ийг “...“Т” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “П” хотхоны Б5 блокт 550 ширхэг 448,984,350 төгрөгийн үнэ бүхий модон ком хаалга нийлүүлж, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэнэ” хэмээн хуурч, зохиомол байдлыг бий болгон, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр бараа бүтээгдэхүүн нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, уг гэрээгээр халхавчилж гэрээний урьдчилгаа төлбөрт 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 212,117,175 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч Б.Г-д их хэмжээний хохирол учруулан залилсан...” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “...“Т” ХХК болон “С” ХХК-ийн зүгээс гаргаж өгсөн “ТТ” үйлдвэр рүү мөнгө шилжүүлсэн, эсхүл урьдчилгаа төлбөр орж ирээгүй гэсэн хоёр өөр агуулга бүхий баримтуудын аль нь үнэн болохыг ялгах боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагатай. Хохирогчоор тогтоогдвол зохих этгээд нь хувь хүн, эсхүл хуулийн этгээд аль нь болохыг зөв тогтоож, хохирогч нь хуулийн этгээд бол түүнийг төлөөлөх иргэнийг хууль ёсны төлөөлөгчөөр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй. ...” гэж дүгнэн, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

1.Эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдал буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой ба энэ нь шүүхээс оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээнд шууд нөлөөлөх тул тэдгээрийг заавал тогтоож тодорхойлох нь зүйтэй.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, үйлдлийн өрнөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйл явдалд хандах хандлага, гэмт санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус ажиллагааны зорилт юм.

Дээрх зорилтын хүрээнд мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй шалган тогтоох үүрэгтэй.

Хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж чадаагүй буюу хэрэгт цугларсан баримт нь хэргийн үйл баримтыг бодитой тогтоох, түүнд хууль зүйн дүгнэлт өгөх, гэм буруу, эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхэд учир дутагдалтай байна.

Тодруулбал, “С” ХХК болон “Т” ХХК нарын хооронд үүссэн маргаан нь гэмт хэргийн шинжтэй, эсхүл гэрээний маргаан эсэхийг зайлшгүй шалган тогтоосны эцэст Д.Б-ийг Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй.

Монгол Улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоонд эрүүгийн процесс нь мөрдөн байцаалтын (шүүхийн өмнөх үе), шүүн таслах ажиллагааны (шүүхийн шатны) гэсэн ялгаа зааг бүхий үе шатад хуваагдаж, хэргийн бодит байдал нь бүрэн дүүрэн хийгдсэн мөрдөн байцаалт, прокурорын хяналтын үр дүнгээс шууд хамаардаг.

Иймээс шүүгчийн захирамжид тодорхой дурдсан хэрэгт нэмэлт ажиллагаа хийх асуудал нь хэргийн бодит байдлыг тогтооход чиглэгдсэн, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны мөрдөн шалгах, прокурорын хяналт тавих чиг үүргийн хүрээнд хамаарч байна.

2.Шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгжих учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж зааснаар тус ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдах ёстой.

Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг “Хохирогч” гэх бөгөөд шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргаж, түүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулдаг.

Хохирогчийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд зөв тогтоож оролцуулснаар хохирогчоор тогтоогдсон этгээд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд нэрлэн зааснаас гадна тус хуулиар олгосон бусад эрхүүдийг эдэлж, хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах боломжоор хангагдана.

2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 23/03/23-01 дүгээр тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр тус компанийн захирал Б.Г-г томилж, улмаар түүнийг хохирогчоор тогтоон, мэдүүлэг авсан.

Гэтэл “Т” ХХК-аас 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “...тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Э.Т нь тус компанийг төлөөлөн оролцох болно” гэсэн бичиг ирүүлжээ.

Мөн “Т” ХХК-аас 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 25/05/27-31 дүгээр Төлөөлөгч томилох тухай “...Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Э нь тус компанийг төлөөлж оролцох талаар итгэмжлэл олгосон” бичиг ирүүлсэн байна.

Иймд хувь хүн, эсхүл хуулийн этгээдийн аль нь хохирогчоор тогтоогдвол зохих этгээд болохыг мөрдөн байцаалтын шатанд хийж, зохих ажиллагааг хуульд нийцүүлэн гүйцэтгэсний дараа хэргийг дахин шүүхэд шилжүүлэх нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал (гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал), гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэд шалгаж тогтоосны эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй бөгөөд мөн энэ хүрээнд хэргийн оролцогчийг зөв тогтоож ирүүлэх шаардлагатай гэж үзээд прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЗ/4051 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Өлзийжаргалын бичсэн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаар эсэргүүцэл болон хохирогч Б.Г-гийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН