Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2025/ДШМ/848

 

Л.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Амгалан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г-, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр,

шүүгдэгч Л.А-гийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/1370 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г-ын гаргасан давж заалдах гомдлоор Л.А-д холбогдох 2410043700231 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн Л-гийн А, 1969 онд Архангай аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, халаалт салхивчийн инженер мэргэжилтэй, “Ж” ХХК болон “Т” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эцэг, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 393 дугаар шийтгэх тогтоолоор “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн;

Л.А- нь “Ж” ХХК болон “Т” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 15 дугаар зүйлийн 15.1, 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.1.6, 28.1.8, 27 дугаар зүйлийн 27.2, 27.7, 17 дугаар зүйлийн 17.2.3, 17.3, 17.4, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, “Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам”-д заасан химийн бодис, бүтээгдэхүүнийг аюулгүй ашиглах шаардлага хэм хэмжээг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандарт”-ын 4.14, 4.16 дахь заалтуудыг тус тус зөрчиж, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас “Т” ХХК-ийн аж ахуй үйлчилгээний албаны туслах ажилтнаар ажиллаж байсан Т.Т- нь 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” ХХК-ийн арьс ширний үйлдвэрийн хашаанд ёмкость будах ажил хийж байх үедээ ухаан алдаж, бензол, тиофений хордлого буюу химийн бодисын хордлогын улмаас нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газар: Л.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Л.А-г “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-т зааснаар нас барагчийн сарын цалин хөлс 2,403,151 төгрөгийг 36 дахин нэмэгдүүлснээр тооцсон 86,513,464 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г-д нэг сарын хугацаанд нөхөн төлөх үүргийг Л.А-д хүлээлгэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардал болон бага насны хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Л.А-гаас нэхэмжлэх эрх нь нээлттэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.А-д хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ... тэнсэж болно” гэж хуульчилсан. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарах үед хохирол төлөөгүй байсан ба 5 хоногийн завсарлага авсан ч төлж барагдуулаагүй

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж тодорхой заажээ. Шүүгдэгч Л.А-гийн буруутай, хариуцлагагүй эс үйлдэхүйгээс болж миний нөхөр, хүүхдүүдийн аав, ээжийн хүү амь насаа алдсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан ч амь насыг аврах боломжгүй талаар шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Гэтэл анхан шатны шүүхээс түүнд тэнсэх нэрийдлээр сул чөлөөтэй явуулах боломжийг олгож байгаад харамсаж, их гомдолтой байна.

Иймд эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирохгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Л.А- өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн. Энэ хэрэгт мөн тэнсэн харгалзах албадлагын арга хэмжээгээр шийтгүүлсэн. Тэнсэн харгалзах албадлагын арга хэмжээ нь ял биш юм. Хүний амь нас хохирсон асуудал яригдаж байгаа. Өмнөх хэрэг болон энэ хэрэгт прокурор Б.Өлзийжаргал хяналт тавьсан нь хардах сэтгэл төрүүлж байна. Шүүгдэгч Л.А- хийх ёстой ажлаа хийгээгүйн улмаас хүний амь нас хохирсон байтал тэнссэн. Мөн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж, 5 хоногийн завсарлага авсан атлаа хохирлыг төлөөгүй. Эрүүгийн хариуцлагын зорилго биелэгдээгүй. Удаа дараа гэмт хэрэг үйлдсээр байтал эрүүгийн хариуцлага хүлээхгүй байгаа нь хуулийг зөрчиж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэрэг буюу болгоомжгүй үйлдэгдсэн хэрэг юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нийт 126,713,464 төгрөгийг төлж барагдуулсан. Хүний амь нас хохирсонд их харамсаж байна. Хор уршгийг арилгах боломжгүй. Шүүгдэгч Л.А- нь шинжээчийн дүгнэлт, гэм буруу дээр маргаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. ...” гэв.

Прокурор Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хүний амь нас эрсэдсэн харамсалтай зүйл болсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба түүнийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан гэсэн асуудал яригдсан ба нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгэл оногдуулна гэсэн зарчмын хүрээнд болгоомжгүй гэмт хэрэгт шүүх өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэсэн гэж үзэж байна. Прокурорыг татгалзан гаргах хүсэлт гаргах эрх нь тухайн үед нээлттэй байсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Л.А-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас “Т” ХХК-ийн аж ахуй үйлчилгээний албаны туслах ажилтнаар ажиллаж байсан Т.Т- нь 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” ХХК-ийн арьс ширний үйлдвэрийн хашаанд ёмкость будах ажил хийж байх үедээ ухаан алдаж, бензол, тиофений хордлого буюу химийн бодисын хордлогын улмаас нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Л.А-г “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Учир нь, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх буюу эрүүгийн хариуцлагыг хэрэгжүүлэх онцлог зохицуулалт болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг шүүх хэрэглэх тохиолдолд уг зохицуулалтыг сонгон хэрэглэх хууль зүйн үндэслэл, шалгуур, нөхцөлийг хэрхэн хангаж байгаа талаар тодорхой, бодитой дүгнэлт хийх нь тухайн шийдвэр хууль ёсны байх болон Эрүүгийн хуулийн зорилгыг хангахад чухал ач холбогдолтой.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

Хэдий ийнхүү Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид хуулиар олгосон эрх мэдлийн асуудал боловч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэхдээ Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохын зэрэгцээ шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхээс гадна шүүгдэгчийн хувийн байдлыг заавал харгалзах ёстой.

Шүүгдэгч Л.А- нь урьд мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас ажилтныхаа эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 393 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байжээ.

Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэдэг нь гэмт хэргийг нийгмийн аюулын хэр хэмжээ болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан түүнд хуульд заасан үндэслэлийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байхыг хэлнэ.

Гэмт хэрэг үйлдэгдсэн боловч нийгэмд учруулсан хор уршиг нь ялимгүй байх, нэгэнт үйлдсэн гэмт хэргийн нийгмийн учир холбогдол ноцтой биш болсон, эсхүл гэмт хэрэг үйлдсэн этгээд засарч хүмүүжсэн, бусдад учирсан хохирлоо нөхөн төлсөн зэргээр эрүүгийн хариуцлагыг зайлшгүй хэрэглэх шаардлагагүй болсон болон бусад шалтгаанууд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдог.

Ийнхүү эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн этгээд нь хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж, ухаарсан, хохирогчийн зөрчигдсөн эрхийг бүрэн сэргээсэн, Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэргийг дахин үйлдэхгүй байхыг хичээж, болгоомжгүйгээр бусдын эрүүл мэнд, амь насанд аюул занал учруулж болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, шаардлагатай бүх арга хэмжээг авах үүргээ бүрэн ухамсарлаж, мэдсэн байх учиртай.

Гэтэл Л.А- нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөний дараа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актуудыг биелүүлээгүйн улмаас дахин болгоомжгүй байдлаар бусдын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдсон байхад анхан шатны шүүхээс шүүгдэгчийн засарч, хүмүүжсэн эсэх хувийн байдалд дүгнэлт хийлгүйгээр хорих ял оногдуулалгүй тэнсэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчим хангагдаагүй байна.  

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болоод гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Иймд шүүгдэгч Л.А-гийн хувийн байдалд дүгнэлт хийлгүйгээр түүнд хорих ял оногдуулахгүй тэнсэж шийдвэрлэсэн нь шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” үндэслэлд хамаарах тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/1370 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2.Шүүгдэгч Л.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН