Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0655/З |
Дугаар | 221/МА2018/0295 |
Огноо | 2018-05-21 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2018/0295
|
Б.М, Б.А нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийг
хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгч Б.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0198 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О нарын давж заалдах гомдлоор, Б.М, Б.А нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжийн Х.Э холбогдох хэсэг, Х.Э 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөр огноолсон ………… дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0198 дугаар шийдвэрээр:
“Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжийн Х.Э холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, Х.Э 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөр огноолсон ………. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүх хэргийг үнэн бодитоор тал бүрээс нь судалж, үнэлэлт, дүгнэлт өгөөгүй тул шүүхийн шийдвэр бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
1.Нэхэмжлэгч нарын эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэгч Б.М багын найз С.А маргаан бүхий газрыг буюу түүний ажиллуулж байсан дугуй засварыг тоног төхөөрөмжийн хамт худалдаж авсан гэдэг. Гэтэл С.А тухайн газрыг эзэмших эрх үүсээгүй байсан. Түүнчлэн нэхэмжлэгч Б.М орон нутгийн харьяалалтай тул өөрийн төрсөн дүү Б.А нэрээр маргаан бүхий газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан гэдэг боловч Б.А Б.М төлөөлж дүүргийн Газрын албанд өргөдөл гаргах итгэмжлэл байхгүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.А нь С.А ямар нэгэн гэрээ хэлэлцээр байгуулаагүй бөгөөд маргаан бүхий газрыг эзэмшихээр хүсэлт гаргах эрхтэй этгээд биш. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар тэдний ямар эрх, ашиг сонирхол нь сэргэх талаар дүгнэлт гаргаагүй, шүүхийн шийдвэртээ энэ талаар тусгаагүй.
2. Нотлох баримтыг тал бүрээс нь судалж, үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “Инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасныг дүүргийн Засаг дарга зөрчиж, Х.Э газар эзэмшүүлсэн 2014 оны А/585 дугаар захирамж нь хууль бус гэж дүгнэжээ.
Х.Э маргаан бүхий газрыг эзэмшихээр дүүргийн Газрын албанд зохих хүсэлтээ гаргахад тухайн газар нь инженерийн шугам сүлжээнд холбогдсон болох талаар хариуг хүргүүлсэн. Улмаар Х.Э Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газарт хандаж, тодорхой тогтоосон зайнд барилга байгууламж барих боломжтой талаар тодорхойлсон албан бичгийг хавсарган дүүргийн Газрын албанд дахин хүсэлтээ гаргаснаар шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс Газрын тухай хуулийн дээрх заалтыг үгүйсгээгүй боловч тухайн инженерийн шугам сүлжээ бүхий газарт тодорхой заасан хэмжээнд барилга барих боломжтой талаар холбогдох байгууллагын албан ёсны тодорхойлолт байгаа тул Х.Э маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй байна.
Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт зааснаар инженерийн шугам сүлжээ бүхий газрыг эзэмшүүлэх нь нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал боловч холбогдох байгууллагаас зохих тодорхойлолтыг авч, хүсэлтээ хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан тохиолдолд дүүргийн Засаг дарга шийдвэрлэж болохгүй гэсэн хуулийн нарийвчилсан зохицуулалт байхгүй байхад гагцхүү дээрх үндэслэлээр 2015 оны А/585 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй.
Хариуцагчийн зүгээс Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 7/1376 дугаар албан бичгийг нотлох баримтаар гарган өгч, уг албан бичгээр маргаан бүхий газарт барилга байгууламж барих боломжтой нь тогтоогдсон тул Х.Э газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн гэж удаа дараа тайлбарласан.
Гэвч анхан шатны шүүх уг баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж, дүгнэлт өгөөгүй. Түүнчлэн яагаад нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болох талаар дурдаагүй бөгөөд уг нотлох баримт болон хариуцагчийн тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгч, шийдвэрийн үндэслэх хэсэгтээ тусгах ёстой байсан гэж үзэж байна.
3. Шүүх хэт нэг талд үйлчилж хэргийг шийдвэрлэсэн. Дүүргийн Засаг даргын 2014 оны А/585 дугаар захирамж нь “...олон жил тогтвор суурьшилтай амьдарч буй хашааны газартаа болон шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ авахыг хүсч хүсэлтээ ирүүлсэн...” гэсэн 2 агуулга бүхий захирамж юм.
Гэтэл анхан шатны шүүх уг захирамжийг зөвхөн олон жил тогтвор суурьшилтай амьдарч байсан хүмүүст газарт олгосон мэтээр дүгнэж, Х.Э олгосон 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтыг үнэлсэн. Өөрөөр хэлбэл шүүх хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талд үйлчилсэн гэх эргэлзээг төрүүлж байна. Энэ бүхнээс үзэхэд дүүргийн Засаг даргын 2014 оны А/585 дугаар захирамжийн Х.Э холбогдох хэсэг нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй, шүүх нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, хэт нэг талд үйлчилж хэргийг шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Дөрөв. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Шүүхийн шийдвэрт Баянзүрх дүүргийн Засаг даргын “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” 2014 оны А585 дугаар захирамжийг хууль бус гэж дүгнэхдээ уг захирамж шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхгүй гэсэн нь үнэн байдалд нийцэхгүй байна.
Учир нь энэ асуудлаар өмнө нь Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албатай маргаан үүсгэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 477 дугаар шийдвэрт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн А/585 дугаар захирамж хүчин төгөлдөр байна гэж шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон асуудлыг шүүх зориудаар үгүйсгэн санаатайгаар өөр байдлаар шийдвэрлэх үндэслэл болгосон байна.
Дээрх шийдвэрээр кадастрын зурагт оруулах асуудлыг шүүх дүгнэхдээ газар эзэмших эрхийг хүчин төгөлдөр байдлыг шалгаж тогтоон дүгнэсэн нэгэнт тогтоогдсон баримт юм.
Нөгөө талаар Б.М, Б.А нар нь маргаж байгаа газрыг өөрсдийн эзэмшилд авахын тулд янз бүрийн хууль бус арга хэрэглэж холбогдох кадастрын зураг хорооны өрхийн бүртгэл гэх мэт баримтыг үгүй болгоход нөлөөлдөг хүмүүс юм билээ. Эдгээр зүйлтэй холбоотой нотлох баримт хэрэгт бүрэн авагдсан байхад шүүх тэдгээрийг нягтлан үзэхгүй харин маргаантай асуудалд бодитой үнэн зөв хандахгүйгээр шийдвэр гаргасан. Энэ газар нь шийдвэрт бичсэнчлэн шугам сүлжээ бүхий газар биш бөгөөд, хэрэгт авагдсан. Кадастрын зураг, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын 2014 оны 7/1376, 2017 оны 3/1042 дугаар албан бичгээр цэвэр усны хоолой нь маргаж байгаа газрын гадна байгаа болохыг нотолсон нотлох баримт болно.
Нөгөө талаас шүүхийн шийдвэрт инженерийн шугам сүлжээ бүхий газар болох нь тогтоогджээ гэсэн байх бөгөөд хэрэв энэхүү газар нь шугам сүлжээ бүхий газар юм бол агаар сансраас авсан зураг дээр хөрш айл, байгууллагуудын бүхий л газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газар болох нь илэрхий болж бүгд хүчингүй болох байтал зөвхөн Х.Э газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна.
Б.А, Б.М нар маргаж буй газарт ямар ч хамааралгүй, тэнд оршин сууж байгаагүй, эзэмших эрх үүсээгүй тухайн газарт Баянзүрх дүүргийн Газрын албанд өргөдөл хүсэлт гаргаж байсан нь нотлогдоогүй. Хожим нь Х.Э эзэмшлийн газрын кадастрын зургаар он, cap, өдөргүй, баталгаажаагүй 1, хувийн компаниар хийлгэсэн 1 кадастрын зургийг шүүх хуралдааны өдөр өгснийг хариуцагч галын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “удаа дараа газар эзэмших хүсэлт өгсөн гэж үзэхгүй хэмээн” няцааж байсан.
Захирамж нь Б.М, Б.А нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй, тэдгээр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш энэ талаар ч шүүх дүгнэлтдээ хэдийгээр нэхэмжлэгч Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших үүсээгүй ч түүний хүсэлт гаргасан газарт гэснээс тодорхой харагдана.
Нэхэмжлэгчдийн хүсэлт гаргасан газар нь Х.Э газар эзэмшиж буй газар гэдэг нь нотлогдож тогтоогддоггүй. Баянзүрх дүүргийн Газрын албаны архиваас 2010 онд гаргасан 1 хуудас хүсэлт гарч ирдэг ба маргаж буй газрын байршилд гэдэг нь тогтоогдохгүй байхад хүсэлт гаргаж байжээ гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн.
Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Газрын албанаас 2010 оны 12 сарын 21 өдрийн 1976 дугаар бүхий “Инженерийн шугам сүлжээ болон шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн байршилд шинээр газар эзэмшиж, ашиглахыг хүссэн тохиолдолд өгөх хариу”-г хүргүүлж байжээ гэсэн нь Х.Э эзэмшиж байгаа тухайн газар дээр зааж олгосон хариу гэдэг нь хавтаст хэргээс үзэхэд тогтоогддоггүй.
Б.М нь тухайн газар дээр амьдарч эзэмшиж байсан О.Б дээр 2014, 2015 оноос хойш удаа дараа ирж “Х.Э газрыг хүчингүй болгоод хамтраад зарчихъя, байрны мөнгө өгье” гэж хэлж байсан зэрэг нь Х.Э нэр дээр 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжийг гарсан байсныг мэдэж байсан. Ингэснээр засаг даргын захирамжийг хүчингүй болгох шаардлагын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
Мөн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 477 дугаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүүргийн Засаг даргын захирамжийн хууль ёсны байдлыг дүгнэж тогтоосон байтал тухайн шүүхийн шийдвэртэй зөрчилдсөн шийдвэр гаргалаа.
Энэ газрыг Х.Э нь өмнө нь эзэмшин сууж байсан хууль ёсны эзэмшигч О.Б дамжуулан өөр газар эзэмших өмчлөхөд нь зориулж 25 сая төгрөг өгч авсан газар юм. О.Б 2016 оны 3 дугаар сард нүүлгэж 4 дүгээр сараас тухайн газарт 18 машин шороо зөөж асган тэгшилж сэндвичэн барилгын суурийг ухуулан барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Б” ХХК-ийг сонгон 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулан 40 сая төгрөг шилжүүлэн дээрх ажлуудыг хийлгэж утасгүй интернетийн 2 антеныг холбогдох байгууллагуудад нь хандаж нүүлгэн шилжүүлэх гэх мэт ажлуудыг хийж, энэ газарт нийт 65 сая гаруй төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн болно. Энэ талаар шийдвэртээ дурьдсан атлаа гуравдагч этгээдийн эд хөрөнгийн хохирол хүлээж байгааг анхааран үзсэнгүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0198 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг гомдлын хүрээнд бус бүхэлд нь хянаж дараах үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гартал тодорхой хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн тухайд С.А дугуй засвар ажиллуулж байсан газрыг зохих үнэ төлж худалдан авсан гэж, гуравдагч этгээд Х.Э мөн л уг газрыг өмнө нь эзэмшин сууж байсан О.Б зохих үнээр худалдан авсан гэж тус тус тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд С.А болон О.Б аль алинд нь тухайн газрыг эзэмших эрх үүсээгүй байна.
Гэвч уг газрыг эзэмших тухай нэхэмжлэгч А.А гаргасан хүсэлтэд Баянзүрх дүүргийн Газрын албанаас 2000 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1976 дугаар албан бичгээр өгсөн хариундаа “…хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээтэй болон шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт хамаарах тул Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасны дагуу дүүргийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжгүй, мөн тус газар нь шинээр баригдах үерийн хамгаалалтын далангийн трасс дайрч байна” гэсэн атлаа гуравдагч этгээд Х.Э гаргасан хүсэлтийг үндэслэн маргаан бүхий захирамжаар уг газрыг түүнд эзэмшүүлсэн нь өөр хоорондоо зөрчилтэй болжээ.
Дээрхээс дүгнэхэд маргаан бүхий Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвш …………. тоот хаягт байрлах газрыг эзэмших хүсэл зориг өөр өөр цаг хугацаанд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн аль алинд байсан төдийгүй үүнийгээ ч илэрхийлж байсан байна.
Иймд дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий газрыг бусдад эзэмшүүлэх эрхтэй эсэхээс илүүтэй уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг харгалзан үзэх шаардлагатай.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 5/38 дугаар гомдлын хариу мэдэгдэх хуудаст “…уг газарт барьсан хашааг хэний хөрөнгөөр хэн барьсан, О.Б нь ямар шалтгааны улмаас, хэний зөвшөөрлөөр уг хашаанд буусан болохыг, өөрөөр хэлбэл Б.М, О.Б нарын хэн нь хашааг анх барьсан болохыг нэг мөр тогтоогоогүй байна…” гэснээс болон бусад нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгчийг одоогийн гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газрыг эзэмших эрхтэй гэж шууд дүгнэхэд учир дутагдалтай, гэхдээ дээр дурдсанчилан гуравдагч этгээдээс өмнө уг газрыг эзэмших хүсэл зоригоо илэрхийлж байсан болох нь нотлогдох тул давж заалдах гомдлын хүрээнд нэхэмжлэлийг шууд хэрэгсэхгүй болгох боломжгүй.
Нөгөө талаас бодит нөхцөл байдалд гуравдагч этгээд Х.Э Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн газартаа тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, цахилгааны болон инженерийн шугам сүлжээг зөөвөрлөсөн төдийгүй сендвичин барилга бариулахаар “Б” ХХК-тай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр төлсөн, барилгын суурийн газар шорооны ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Иймд шүүхээс нэхэмжлэлийг хангах, эсхүл хэрэгсэхгүй болгох бус харин хэргийн нөхцөл байдлыг хариуцагчийн зүгээс дахин тодруулж, Газрын тухай хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шинээр захиргааны акт гаргах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0198 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 33 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжийн Х.Э холбогдох хэсэг, Х.Э 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөр огноолсон ………. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг Баянзүрх дүүргийн Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагчаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актууд хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3”, 3 дахь заалтын дугаарыг “4” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН